Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
БНМАУ-ЫН Наркологийн тусламжийн өнөөгийн байдал, хэтийн төлөв
( Судалгааны өгүүлэл )

Л.Эрдэнэбаяр, Ш.Доржжадамба

Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх улсын клиникийн эмнэлэг

 

Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагын мэдээгээр наркотик дон, архины архаг хордлого нь олон орны судлаачдын аыхаарлыг татсан эмнэлэг-нийгмийн томоохон асуудал болж байна. Одоогоор дэлхий дээр архины архаг хордлогод нэрвэгдэгсдийн тархалтын байдал 1000 хүн амд 6-10 байна. Ардын хувьсгал ялахаас өмнө манай оронд амьдарч байсан гадаадын хүмүүс, дотоодын баяд ноёдын дунд архаг архичин наркотик донтой хүмүүс цөөнгүй байсан юм. 1929 оны 11 дүгээр сард засгийн газрын шийдвэрээр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийг тусгаарлан 15 ортой „Хий судлалын больниц" байгуулсан нь архаг архичин наркотик донтой хүмүүсийг эмчлэх боломжтой болжээ. Сэтгэл мэдрэлийн эмнэлгийн тусламжийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж, архаг архичин, наркотик донтой хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх үйлст 1931-1935 онд ажиллаж байсан зөвлөлтийн эмч эрдэмтэн И. В.Стрельчук, A. В.Ильин нар асар их үүрэг гүйцэтгэсэн юм.

1942 онд архины архаг хордлоготой хүмүүсийг архи жигшээх болзолт рефлекс тогтоох эмчилгээг зөвлөлтийн эмч Н. А.Анисимова боловсруулж, 1956 оноос Ж. Аюушжав, архи зохихгүй болгох антабус эмчилгээг 1969 оноос Ш.Доржжадамба, 1975 онд сэтгэл засал эмчилгээг Е.Рожнов нар тус тус практикт нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ.

Анх 1959 онд сэтгэл мэдрэлийн больницод архаг архичинг эмчлэх тусгай өрөө нээж 1975 оноос тусгай тасаг болгон өргөтгөж эмчилгээ үйлчилгээг хийх боллоо. 1976 оноос сэтгэл мэдрэлийн диспансерт наркологийн кабинет мөн энэ онд Ерөөд архаг архичдыг албадан эмчлэх Хөдөлмөр эмчилгээний газрыг тус тус ажиллуулсан нь архины архаг хордлоготой хүмүүсийг эмчлэн эдгэрүүлэх тусламжийн зохион байгуулалтын эх үүсвэр болсон юм. Одоо манай улсад Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх улсын клиникийн эмнэлгийн наркологийн 60 ортой тасаг, клиникийн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн диспансерийн наркологийн кабинетэд архаг архичдад архи зохихгүй болгох архийг жигших болзолт рефлекс тогтоох, хөдөлмөр эмчилгээ, сэтгэл засал зэрэг эмчилгээний аргыг хэрэглэн эмчилж бай­на. 1978 оноос эхлэн архины даамжирсан архаг хордлоготой 195 өвчтөнд „спираль" суулгах эмчилгээ хийж, эмчилгээний дараа хяналт тогтоох аргыг хэрэглэсэн нь үр дүнгээ өглөө. (Ш.Доржжадамба, Д.Батжаргал) Дархан хот, Дорнод, Архангай, Ховд аймгийн сэтгэл -мэдрэлийн аймаг, дундын диспансерт архаг архичинг эмчлэх эрүүлжүүлэх ажил эхлэлийн төдий байгааг тэмдэглэх хэрэгтэй. Бид 1969 оноос хойш Сэтгэл-мэдрэлийн больниц, диспансерт архины архаг хордлоготой гэж эмчлүүлсэн хүмүүсээс 719-г сонгон авч өвчтөний түүхийн материалд судалгаа хийлээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 45,6% нь Улаанбаатар хотоос үлдсэя хувь нь аймгуудаас ирсэн байв. Эдгээр хүмүүсийн дотор 5-15 жил архийг архаг байдлаар хэрэглэсэн 53,2%, 20-29 насны залуу хүмүүс 40,7%, эрэгтэйчүүд 99,3%; бага дунд боловсролтой хүмүүс 59,5% зонхилж байв. Эмчилгээний дүнд эдгээр өвчтөний 54,2% нь дөрвөөс дээш жил архи уухгүй засарсан байна. Гэтэл ихэнх нь архины архаг хордлогын II-III үедээ эмчилгээнд орсон учир дахин архи ууж архины янз бүрийн солиоролд орж 2-оос дээш удаа давтан эмчилгээ хийлгэсэн байна. Архаг архичны зарим нь архийг эмгэг байдлаар шунан ууж янз бүрийн хэрэг зөрчил үйлджээ. Бидний. хийсэн судалгаанаас үзэхэд хулгайн хэргийн 55,8% нь, дээрмийн хэргийн 79,9% нь, улс нийгмийн өмчид халдсан хэргийн 69,3% нь согтуу байдалд үйлджээ. Иймээс манай улсад наркологийн тусламжийг анхaaран өргөтгөж, архаг архичин хүмүүст хатуу хяналт тавин, эмчилгээг тогтмолжуулах, архидалттай шинжлэх ухааны үндэстэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг боловсруулах шаардлагатай байна. Нам засгаас архаг архичдыг эмчлэн эдгэрүүлэх, өсвөр залуу үеийг архийг жигших үзлээр хүмүүжүүлэх талаар дэс дараатай олон чухал ажил зохион байгуулж байна.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны 174 дүгээр тогтоолд заасан аймгуудын нэгдсэн эмнэлгийн сэтгэл мэдрэлийн кабинетууд чухал үүргийг гүйцэтгэнэ. Гэтэл одоо Булган, Завхан, Дундговь, Сүхбаатар, Дорноговь аймгууд уг кабинетыг байгуулаагүй байна. Иймд нийт аймаг, хотууд уг кабинетыг батлагдсая дүрэм, нормативын дагуу бүрэн байгуулан түүнийг архины эмчилгээ хийдэг архины эсрэг суртал ухуулгын цэг болгон зохион байгуулах шаардлагатай байна. Бид ЗХУ-ын Томск, Эрхүү хотуудад наркологийн тусламж хэрхэн зохион байгуулсныг судалж өөрийн орны нөхцөл байдалд тохируулан авч хэрэглэх нь зүйтэй юм. Архины архаг хордлого, наркотик донг эмчлэх урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцсан наркологийн нэгдсэн төвийг Сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх улсын клиникийн эмнэлгийн дэргэд байгуулах шаардлагатай байна.

Энэ төв нь аймаг дундын 4 диспансерийн наркологийн тaсаг, аймгуудын сэтгэл мэдрэлийн кабинетын наркологийн тусламжийн үйл ажиллагааг удирдаж, архаг архичинг эрт илрүүлэх, змчилгээний дараах хяналтыг сайжруулах, архины эсрэг суртал нэвтрүүлэг хийх зэрэг өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулах юм.

Мөн энэ төвд тархины цахилгаан бичлэг, удам судлал,  нейрогистологийн лаборатори, зөвлөлгөө өгөх кабинетуудыг байгуулах нь зүйтэй.

Манай улсын хэмжээгээр улс олон нийтийн байгууллагуудад „Архи уудаггүй хамт олон болох", „Архи уудаггүйчүүдийн нийгэмлэг" байгуулах, аливаа тэмдэглэлт үйл явдлыг согтууруулах ундааны зүйлгүй тэмдэглэж занших зэрэг нийт олныг хамарсан хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй байна. Наркологийн тусламжийн бодит хэрэгцээ шаардлага өсч, уг тусламжийн хүрээ өргөсөж байгаа байдлыг харгалзан үзэж мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж наркологийн тусламжийн зохион байгуулалт, архины архаг хордлогын үр дүнтэй эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа шинжилгээний ажлыг нэн даруй төлөвлөн хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Дээрх арга хэмжээг ойрын ирээдүйд бүтээлчээр хэрэгжүүлснээр манай улсад наркологийн тусламжийн бүхэл бүтэн систем бий болж архидалт, архины архаг хордлогын тархалт буурч, архаг архичдын хөдөлмөрийн чадвар алдах хугацаа багасах болно.

Ном зүй

1. Г. М.Энтин - Лечение алкоголизма и организация наркологической помощь. 1979.
2. Ю.Лисицын, Н.Копыт - Алкоголизм (социально-гигиенические аспекты) 1978 ,
3. В. Я.Семке, Е. Д.Красик, Ю. И.Прядукин - Осоверщенствовании работы наркологических учреждении. Сов здравоохр 1985, № 2, 32—33
4. Ю. А. Строгонов - Функции и структура наркологической помощи городскому населению. Журн. им. Корсокова. 1979, №3, 337—339
5. Ш.Доржжадамба, С.Нацагдорж - „Архаг архидалттай хүмүүст үзүүлэх эмнэлгийн тусламжийн зарим асуудал\\\" Сэтгэл мэдрэлийн алба байгуулагдсаны 50 жилийн ойн онол практикийн хурлын материал. 1979.
6. Ш.Доржжадамба, Д.Батжаргал - „Архины архаг хордлоготой хүмүүсийг спираль суулгах аргаар эмчилсэн дүн\\\" Онол-практикийн бага хурлын материал. 1981.
7. Ш.Доржжадамба, Д.Батжаргал - „Хронический алкоголизм среди городского населения\\\". Материалы I съезда психиатров сбц. стран. М., 1985
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 835
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК