Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Монгол улсын эмч нар эрүүл мэндийн тусламж үзүүлэхэд нотолгоог хэрхэн ашиглаж байгааг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Б.Бурмаа1, Н.Амардулам2, О.Байгаль2

1Эрүүл мэндийн яам, 2Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

There isn’t enough research data on the evidence usage of physicians including newly published scientific works, clinical methods, standards and directives about treatment, diagnosis and prevention works introduced into their clinical practice.

Goal. To estimate the evidence usage of physicians for health care delivery in Mongolia.

Materials and Methods. 5-8 percents of total physicians worked at the major clinical hospitals, district health centers, family groups and private hospitals within Ulaanbaatar city and western region 5 provinces are involved in this survey for researching how physicians use scientific works, citations, standards and directives related to the treatment, diagnosis and prevention method within their practice.

Result. 68.6-82.1 percents of these physicians use professional magazines and publications for source material of treatment and diagnosis.

There are several problems on ordering professional health newspapers and magazines such as high price of publications, insufficient information about related publications and its’ ordering, unsatisfactory to the up-to-date needs, lack of finance and equipment, late arrival of publications in rural areas, internet usage and bad organizational arrangements.
Dominants of involved physicians from Ulaanbaatar city are complying with related standards and regulations on their daily affairs. Consequent to the rarity and high price of health standards and directives and unavailability of comprehensive standards on treatment, diagnosis and prevention of some crucial diseases, physicians are unable to take advantage of using standards and directives within their practice.
Most of these physicians are suggesting to improve currently exercised standards and directives and to develop the standards of certain diseases.
In order to provide the physicians with professional publications in a comprehensive way, every organization shall create the integrated procedure of ordering the professional health publications, establishing libraries, making easy to access to internet for public, providing the health organizations and physicians by new technologies of prevention, diagnosis and treatment and finally making a report on how to introduce them into their own activity.

Key words: evidence, health care, health standards, diagnosis and treatment methods.
Pp.30-34, Figures 4, References 7

Судалгааны үндэслэл. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход эмч мэргэжилтнүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа дэлхий дахины болон өөрийн орны мэргэжлийн хэвлэл, мэдээлэл, шилдэг эмч нарын арга туршлагаас байнга суралцаж, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлж байх нь нэн чухал ач холбогдолтой юм. Эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр шинээр гарч буй эрдэм шинжилгээний бүтээл, арга, аргачлал, стандарт, удирдамжуудыг эмч нар үйл ажиллагаандаа хэрхэн ашиглаж байгаа талаарх судалгааны тоо, баримт хангалтгүй байна.

Зорилго. Эрүүл мэндийн технологийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эмч нарын эрдэм шинжилгээний бүтээл, ишлэл, мэдээлэл болон эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан стандарт, удирдамжуудыг хэрхэн ашиглаж байгааг судлан цаашид сайжруулах талаар санал боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ.

Зорилт:

1. Эрдэм шинжилгээний бүтээл, ишлэл, мэдээлэл болон эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан стандарт, удирдамжуудыг эмч нар тусламж, үйлчилгээндээ ашиглаж байгаа байдлыг судлаж дүгнэх

2. Эрдэм шинжилгээний бүтээл, ишлэл, мэдээлэл болон эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан стандарт, удирдамжуудыг практикт үр дүнтэй ашиглах талаар санал, зөвлөмж боловсруулах

Судалгааны арга зүй, хамрах хүрээ

Судалгаанд Улаанбаатар хотын клиникийн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэг, хувийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа эмч нарын 5-8%-ийг санамсаргүй түүврийн аргаар, баруун бүсийн зөвөлгөөнд оролцсон Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Баян-Өлгий аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумын эмнэлгийн эмч нарыг хамруулсан бөгөөд эмч нарын эрдэм шинжилгээний бүтээл, ишлэл, мэдээлэл болон эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр гарсан стандарт, удирдамжуудыг практикт ашиглаж байгаа байдлыг асуумжийн аргаар судаллаа.

Судалгааны дүн

1. Улаанбаатар хотод хийсэн судалгааны дүн: 

Нотолгоо ашиглалтын судалгаанд Улаанбаатар хотоос нийт 18 эмнэлгийн байгууллагын 172 эмчийг санамсаргүй байдлаар сонгон авсан бөгөөд 13.37% нь 1-р шатлал, 26.16% нь 2-р шатлал, 60.47% нь 3-р шатлалын эмнэлгээс хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан эмч нарын дундаж нас нь 42, үүнийг бүлэглэж үзвэл 12.8% нь 24-30 насны, 34.88% нь 31­40 насны, 34.3% нь 41-50 насны, 16.28% нь 51-ээс дээш насны эмч нар хамрагджээ.

Их, дээд сургууль төгссөн хугацааг авч үзвэл 8.14% нь 1967-1980 онд, 27.91% нь 1981-1990, 34.88% нь 1991-2000, 13.37% нь 2001 оноос хойши төгссөн бөгөөд 49.4% нь 1-10 жил, 26.2% нь 11-20, 21.5% нь 21-30 жил, 2.9% нь 31-ээс дээш жил эмнэлгийн байгуулагад ажилласан эмч нар байна.

Судалгаанд ерөнхий мэргэжлийн эмч (126) 73.2%, мэс заслын эмч (11) 6.3%, хүүхдийн эмч (7) 4.1% хамрагдсан бөгөөд бусад мэргэжлийн эмчээс дийлэнхи хувийг эзэлж байна. Эмч нарын мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтад хамрагдсан байдлыг үзвэл мэргэжил олгох сургалтад нийт эмч нарын 130 нь буюу 75.6% нь үүнээс 86.15% нь 1 удаа, 12.31% нь 2 удаа, 1.54% нь 3-4 удаа тус бүр хамрагдаж үлдсэн 24.4% нь хамрагдаагүй, харин мэргэжил дээшлүүлэх сургалтад нийт эмч нарын 107 нь буюу 62.2% нь үүнээс 82.24% нь 1удаа, 16.82% 2 удаа, 0.94% нь 3-5 удаа тус бүр хамрагдсан бол үлдсэн 37.8% нь мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаагүй байна.

Мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтад хаана хамрагдсаныг тодруулахад 61.05% нь дотоодод, 13.95% нь гадаадад хамрагдсан бол хугацааны хувьд 46.71% нь 3 сарын, 30.26% нь 6 сар, 27.63% нь 1 жил, 21.05% нь 2 жил, 2.6% нь 2-оос дээш жилийн хугацаатайгааар сургалтад хамрагдсан бол 4.6% нь асуултад тодорхой хариулаагүй байна.

Судалгаанд хамрагдсан эмч нарын эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр хэвлэгдэн гардаг хэвлэлүүд (сонин, сэтгүүл, гарын авлага)-тэй хэрхэн танилцаж мэдээлэл авдаг талаар тодруулахад нийт судалгаанд хамрагдсан эмч нарын 68.6% нь өөрийн мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гардаг хэвлэлээс тогтмол захиалдаг, үүнээс 54.2% нь 1 төрлийн, 33.9% нь 2 төрлийн, 11.9% нь 3-4 төрлийн мэргэжлийн хэвлэлийг хугацааны хувьд 72.9% нь 1-10 жил, 8.5% нь 11-20 жил, 5.9% нь 21-30 жил, 2.5% нь 31-ээс дээш жилийн хугацаанд тогтмол захиалж уншиж байна гэж хариулсан бол 10.2% нь хичнээн хугацаанд захиалж байгаа талаараа хариулаагүй байна.

Эмч нарын захиалж уншдаг хэвлэлийг нэр тус бүрээр нь давхардсан тоогоор буюу хувиар нь авч үзвэл 6.8% (8) нь «Өрхийн анагаах ухаан», 33.9% (40) нь «Эрүүл мэнд», 9.3% (11) нь «Онош», 14.4% (17) нь «Эмч», 21.2% (25) нь «Монголын Анагаах Ухаан», 11%(13) нь «Эрүүл мэндийн увидас» зэрэг сонин сэтгүүлүүдийг захиалж уншдаг, мөн өөрийн мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гардаг нарийн мэргэжлийн гадаад, дотоодын бусад хэвлэлүүдийг захиалж уншдаг байна.

Харин эмч нарын 31.4% нь өөрийн мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гардаг хэвлэлүүдийг албан ёсоор захиалж, тэдгээртэй танилцаж чаддаггүй ба шалтгааныг нь тодруулахад 70.4 хувь нь хэвлэлийн үнэ өндөр гэж хариулсан байна. Мөн мэргэжлийн чиглэлээр гарч буй хэвлэлүүд бидний хэрэгцээг хангах мэдээлэл агуулж чаддаггүй, хэвлэлийг хэрхэн захиалах талаар тодорхой мэддэггүй, тоног төхөөрөмжийн хангамж болон санхүүгийн боломж хүрэлцэхгүй байна зэрэг шалтгаануудыг дурьдсан байна.

Эмч нарын 7.4% нь шаардлагатай мэдээллээ интернетээс авдаг, 3.7% нь мэргэжлийн хэвлэлүүдийг байгууллага хангалттай захиалдаг болохоор захиалдаггүй гэж хариулсан байна.

Мөн эмч нараас шинээр гарч буй эрдэм шинжилгээний өгүүлэлтэй хэрхэн танилцаж байгааг тодруулах асуултад нийт эмч нарын 137 нь буюу 79.7% нь өгүүлэл уншдаг бөгөөд тэдгээрийн 53 буюу 38.7% нь 1-6 өгүүлэл, 49 буюу 35.8% нь 7-12 өгүүлэл, 35 буюу 25.5% нь 12-оос дээш өгүүлэл гэж хариулсан бол эмч нарын 35 нь буюу 20.3% нь асуултад тодорхой хариулт өгөөгүй байна.

Сард нийт хичнээн өгүүлэл шинээр уншдаг болохыг тодруулахад 62.2% хариулт өгсөн бөгөөд үүнээс 81 нь буюу 75.7% нь 1-2 өгүүлэл, 26 нь буюу 24.3% нь 2-оос дээш шинэ өгүүлэл уншдаг гэсэн бол үлдсэн 65 нь буюу 37.8% нь тодорхой хариулаагүй байна.

Эмч нарын уншсан өгүүллийн эх сурвалжийг тодруулан асуухад ихэнх нь сэтгүүл, интернет, сурах бичиг, монографыг нэрлэсэн байна. Харин 3.6% нь бусад мэргэжлийн сонин, нийтэд зориулсан тараах материал, телевизийн нэвтрүүлэг, ахмад эмч нараас шинээр гарч буй өгүүллийн талаар мэдээлэл авч, танилцдаг гэж хариулсан бол 5.2% нь энэ асуултад хариулаагүй байна.

Эмчилгээ оношлогоонд шинэ технологи нэвтрүүлж байгааг тодруулах асуултад нийт эмч нарын 39 нь буюу 22.7% нь тийм, 114 нь буюу 66.3% нь үгүй гэж хариулсан бол үлдсэн 19 буюу 11% нь хариулт өгөөгүй байна.

Эмч нарын эмчилгээ, оношлогоондоо хэнээс, хаанаас зөвлөгөө авдаг талаар асуухад давхардсан тоогоор буюу ихэнх хувь нь сурах бичиг, ахмад эмч, интернет, сэтгүүлээс тус тус зөвөлгөө авдаг гэжээ (Зураг 1).

Зураг 1. Эмч нарын зөвлөгөө авдаг эх сурвалж

Мэргэжлийн чиглэлээр гарч буй хэвлэлийг хэрхэн ашиглах, цаашид юуг анхаарах шаардлагатай байгааг судалгаанд хамрагдсан эмч нарын саналыг нээлттэй асуултаар тодруулахад cүүлийн үеийн мэдээллийг хэвлэлээр тогтмол хэвлэн гаргах, хэвлэлийн үнийг багасгах, гадаад хэвлэлийн хүрэлцээг нэмэгдүүлэх гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байна.Судалгаанд хамрагдсан эмч   нарын   эмчилгээ,   оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр тутмын үйл ажиллагаанд ямар ямар стандарт, удирдамжийг ашиглаж байгааг асуухад 91 нь буюу 52.9% нь стандарт ашигладаг, 81 нь буюу 47.1% нь ямар нэг стандарт ашигладаггүй гэжээ. Харин удирдамжийн хувьд 59 нь буюу 34.3% нь ашигладаг, үлдсэн 65.7% нь ямар нэг удирдамж ашигладаггүй гэж хариулжээ.

Ашиглаж буй стандарт, удирдамжуудыг хаанаас авч ашигладаг болохыг тодруулахад давхардсан тоогоор буюу ихэнхи хувь нь байгууллагаас хангадаг, өөрөө худалдаж авдаг, мөн тэдгээрийг олоход бэрхшээлтэй олдоц муу байдаг, худалдаж авахад үнэ өндөр байдаг зэрэг хариултыг тус тус өгсөн байна.

Дээрхээс гадна эмч нарын 2.9% нь л стандарт, удирдамжийн үнэ боломжийн байдаг тул худалдаж авдаг, тусгай сургалтаас олж авдаг, өөрт шаардлагатай үед хүнээс олж авдаг зэрэг хариултуудыг өгсөн бол 12.8% нь асуултад тодорхой хариулт өгөөгүй байлаа.

Зураг 2. Стандрт, удирдамжийн эх үүсвэр

Таны ашиглаж байгаа стандарт, удирдамжууд таны үйл ажиллагаанд нийцэж байна уу гэсэн асуултад 91 буюу 52,9% нь тийм, 55 буюу 32% нь үгүй гэсэн бол 26 буюу 15.1% нь хариулаагүй байна.

Стандарт, удирдамж ашиглаж байгаа эмч нарын 12.2% одоо ашиглаж байгаа стандарт, удирдамжуудыг өөрчлөх, 4.6% нь хэвээр мөрдөх, 6.4% нь нэмэлт өөрчлөлт оруулах, 0.6% нь хасах хэрэгтэй гэж үзсэн бол нийт эмч нарын 12.2%-оос дээш хувь нь тодорхой хариулт өгөөгүй байна.

Харин цаашид шинээр боловсруулах шаардлагатай байгаа стандарт, удирдамж байгаа эсэхийг асуухад давхардсан тоогоор дийлэнх нь одоо ашиглаж байгаа стандарт, удирдамжуудыг боловсронгуй болгох, нарийн мэргэжлийн чиглэлээр стандартуудыг боловсруулан гаргах, эрүүл мэндийн байгууллагын шатлал болгонд мөрдөх стандарт, удирдамжуудыг тус тусад нь боловсруулан гаргах шаардлагатай гэсэн саналуудыг өгсөн байна.

2. Хөдөө орон нутагт хийсэн судалгааны дүн: 

Хамрагдсан эмч нарын 45.2% (71) нь аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д, 34.4% (54) сумын эмнэлэг, 8.9% (14) нь өрхийн эмнэлэг, 8.3% (13) нь эрүүл мэндийн газар, 3.1% (5) нь хувийн эмнэлэгт ажилладаг байна.

Одоогийн эрхэлж буй ажилд ажилласан хугацааг авч үзвэл 39.5% (62) нь 1-10 жил, 36.3% (57) нь 11-20 жил, 24.2% (38) нь 20-оос дээш жил ажилласан байна.

Эмч нарын 19.7% нь эрэгтэй, 80.3% нь эмэгтэй бөгөөд дундаж нас нь 42.5±9.36, 27.4% (43) нь 1943­1985 онд, 72.6% (114) нь 1986-2007 онд сургууль төгссөн байна.

Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-д 45.2% (71), сумын эмнэлэгт 34.4% (54), өрхийн эмнэлэгт 8.9% (14), эрүүл мэндийн газарт 8.3% (13), хувийн эмнэлэгт 2.5% (4) нь тус тус ажилладаг байна.

Мэргэжлийн хувьд 45.2% (71) нь ерөнхий мэргэжлийн эмч, 17.8 % (28) нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, 14.6% (23) нь хүүхдийн эмч эзэлж байна.

Судалгаанд оролцсон эмч нарын 39.49% (62) нь 1-10 жил, 36.3% (57) нь 11-20 жил, 24.2% (38) 21-ээс дээш жил ажилласан бөгөөд ихэнх хувийг (54.2%) ерөнхий мэргэжлийн эмч, сумын болон өрхийн эмнэлгийн эрхлэгч нар эзэлж байна.

Зураг 3. Эмч нарын захиалж ашигладаг мэргэжлийн хэвлэл (давхардсан тоогоор)

Мэргэжлийн хэвлэл хэрхэн ашиглаж байгаа байдлыг судалж үзэхэд 82.2% нь мэргэжлийн ямар нэгэн хэвлэл захиалдаг, 17.9% нь захиалдаггүй байна.

«Эрүүл мэнд» сонин болон сэтгүүлийг эмч нарын 48% нь, «Анагаах ухаан» сэтгүүлийг 34.9% нь захиалдаг бөгөөд эдгээр хэвлэлийг 20.2% нь 1959-1991, 79.8% нь 1992-2007 оноос захиалж уншиж байна гэж хариулжээ (Зураг 3). Мэргэжлийн ямар нэгэн хэвлэл захиалдаггүй шалтгааныг тодруулан судалж үзэхэд 60.7% нь интернет болон бусад мэдээлэл ашигладаг, 42.8% нь мэргэжлийн сонин сэтгүүлийн талаарх мэдээлэл муу байдаг, 14.3% нь төслөөс өгдөг ном, сэтгүүлийг ашигладаг, 7.1% нь захиалсан сэтгүүл хугацаандаа ирдэггүй, удаж ирдэг зэрэг шалтгааны улмаас захиалдаггүй гэж хариулсан байна.

Эмч нар мэргэжлийн чиглэлээр хэдэн шинэ өгүүлэл уншиж байгааг судалж үзэхэд жилд 31% нь 1-6 өгүүлэл, 44.2% нь 7-12 өгүүлэл, 24.8% нь 12-оос дээш өгүүлэл, сард 85.4% нь 1-2, 14.6% нь 2-оос дээш өгүүлэл уншдаг байна.

Зураг 4. Эмч нарын шинээр уншиж ашиглаж байгаа өгүүллийн эх сурвалж

Эмч нарын шинээр уншиж ашиглаж байгаа өгүүллийн эх сурвалжийг тодруулан авч үзэхэд дийлэнх хувь нь сэтгүүл, сурах бичгээс шинэ өгүүлэл уншдаг болох нь Зураг 5-аас харагдаж байна. 

Өдөр тутмын эмчилгээ, оношлогоонд эмч нар шинэ технологийг хир нэвтрүүлж байгааг судалж үзвэл 34.4% (54) нь шинэ технологи нэвтрүүлээгүй, 65.6% нь нэвтрүүлсэн гэж хариулсан байна. Шинэ технологи нэвтрүүлсэн эмч нарын 75.5% нь эмчилгээний, 15% нь оношлогооны, 9.5% нь урьдчилан сэргийлэх чиглэлээр шинэ технологи нэвтрүүлсэн байна. Харин шинэ технологи нэвтрүүлээгүй гэж хариулсан эмч нарын дийлэнх хувь нь мэргэжил, мэдлэг хангалтгүй, ажлын цаг зав бага, цахилгаан, компьютер хангалтгүй, эмчилгээний чиглэлээр гарсан стандартуудыг мөрддөг гэсэн шалтгааны улмаас шинэ технологи нэвтрүүлээгүй байна.

Та эмчилгээ, оношлогоонд хэнээс зөвлөгөө авдаг вэ? гэсэн асуултад ихэнх нь сурах бичиг, сэтгүүл уншиж, ахмад эмч, ерөнхий мэргэжилтнээсээ зөвлөгөө авдаг гэж хариулсан байна. Мэргэжлийн хэвлэл ашиглах талаар судалгаанд оролцсон эмч нарын 27.4% нь байгууллагаас захиалж, номын сангаар дамжуулж, 20.4% нь захиалгыг нэмэгдүүлэх, үнийн асуудалд анхаарах, мэргэжлийн хэвлэлийн талаар мэдээлэл сайн авах, үлдсэн хувь нь 10.7% нь мэргэжлийн хэвлэл хэрхэн ашиглах талаар вебтэй болох, үлдсэн хувь нь мэргэжлийн сурах бичиг хангалтгүй байдаг, сэтгүүлд эмч нарт шинэ мэдээлэл өгөхдөө муу, сүүлийн үеийн мэдээлэлтэй эмхэтгэл сар бүр гаргах, мэргэжлийн сэтгүүлийн тоог нэмэгдүүлэх, төвөөс алслагдсан сум суурингуудад хэвлэлийн захиалга хоцордог, удаж ирдэг зэрэг асуудлыг анхаарах гэсэн саналуудыг өгсөн байна.

Хэлцэмж:

Бид судалгааны дүнг БНХАУ-ын судлаач Лиу Ж, Ван С нарын Хятадын эмч нар эмнэл зүйн практикт нотолгоог хэрхэн ашиглаж байгааг үнэлэх зорилгоор хийсэн  судалгааны дүнтэй харьцуулж үзлээ.

Хүснэгтээс харахад Хятадын судлаачдын судалгааны дүнтэй бидний судалгааны дүн ойролцоо байна. Өөрөөр хэлбэл эмч нарын ашиглаж буй нотолгооны эх үүсвэрийн ихэнх хувийг сурах бичиг, мэргэжилтэн, ахмад эмч эзэлж байгаа бөгөөд сэтгүүл болон бусад хэвлэлийг бага ашигласан дүн гарсан байна.

Хамгийн сүүлийн үеийн шинэ мэдээллийг агуулдаг мэргэжлийн сэтгүүлүүдийг ашиглаж буй эмч нарын тоо цөөн, харин нотолгооны эх сурвалж нь сурах бичиг байгаа нь манай улсад эмч, мэргэжилтнүүд үйл ажиллгаандаа шинэ нотолгоо ашиглах нь хангалтгүй байгааг харуулж байна.

Мөн дээрх судлаачид эмч нарыг хамгийн сайн, чанартай орчин үеийн нотолгоогоор хангахад ном товхимол, сэтгүүл болон бусад хэвлэл чухал үүрэгтэй бөгөөд тэдгээрийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үзсэнтэй санал нэг байна.

Эрүүл мэндийн чиглэлээр боловсруулж байгаа стандарт нь холбогдох хуулийн дагуу эрүүл мэндийн бодлого, зарчмыг удирдамж болгон хийгдсэн байна. Эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний стандартчиллыг юуны түрүүнд дор дурдсан чиглэлд хамааруулна.

Үүнд:

  • Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл бүхий бүх төрлийн эм, биобэлдмэл, эмийн түүхий эд, эмийн болон эмнэлгийн хэрэгсэл, протези, түүний түүхий эд, материал;
  • Эрүүл мэндийг хамгаалах талаархи оношлох, эмчлэх, шинжлэх, урьдчилан сэргийлэх ажил, сувилал зэрэг бусад үйл явц, нийтийн үйлчилгээнд тавих ерөнхий шалгуур, шаардлага, үзүүлэлт, томъёолол зүй, менежмент, мэдээлэл, арга зүй-зохион байгуулалтын нийтлэг дүрэм журам гэх мэт 6 чиглэлд хамааруулна [2].

2000 оны 6-р сарын 1-ний байдлаар Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн эрүүл мэндийн стандартчиллын техникийн хорооноос 608 боловсруулсны 13.9% нь олон улсын стандартын хэмжээнд хүрсэн стандарт болсон байна [3].

ДҮГНЭЛТ:

1. Улаанбаатар хотоос судалгаанд хамрагдсан эмч нарын 62.2-75.6%, хөдөө орон нутгаас хамрагдсан эмч нарын 57.4-77% нь мэргэжил олгох болон дээшлүүлэх сургалтад хамрагдсан байна.

  1. Судалгаанд хамрагдсан эмч нарын 68.6-82.2% нь мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гардаг хэвлэлүүдийг, тэр дундаа өрхийн анагаах ухаан, эрүүл мэнд, эмч, онош, анагаах ухаан, эрүүл мэндийн увидас зэрэг сонин сэтгүүлүүдийг илүү захиалж уншдаг байна.
  2. Мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гардаг сонин, сэтгүүлийг захиалж уншихад хэвлэлийн үнэ өндөр, захиалга хийх талаар болон ямар ямар хэвлэл гарч байгаа талаар тодорхой мэддэггүй, хэвлэгдэн гарч буй мэдээлэл хэрэгцээг бүрэн хангадаггүй, тоног төхөөрөмж болон санхүүгийн боломж хүрэлцээгүй, орон нутагт хэвлэл оройтож ирдэг, мөн интернет болон бусад мэдээллийн хэрэглэлээс шаардлагатай мэдээллээ авдаг, байгууллага захиалдаг учраас захиаллах шаардлагагүй зэрэг шалтгаанууд нөлөөлсөн байна.
  3. Улаанбаатар хотын эмч нарын 25.5% нь жилд 12-оос дээш, 24.3% нь сард 2-оос дээш өгүүлэл, хөдөө орон нутгийн эмч нарын 24.8% нь жилд 12-оос дээш, 14.6% нь сард 2-оос дээш өгүүллийг ихэнх хувь нь сэтгүүл, сурах бичиг, интернетээс авч уншиж байгаа нь эмчилгээ, оношлогоог орчин үеийн түвшинд хүртэл сайжруулах боломжийг тэр бүр өгөхгүй байна гэж үзэж байна.
  4. Улаанбаатар хотоос хамрагдсан эмч нарын 22.7% нь, хөдөө орон нутгаас хамрагдсан эмч нарын 65.6% нь буюу тэдгээрийн ихэнх нь эмчилгээний чиглэлээр шинэ технологи практикт нэврүүлсэн байна.
  5. Судалгаанд Улаанбаатар хотоос хамрагдсан эмч нарын 50-74.4%, хөдөө орон нутгийн эмч нарын 19.75-77.7% нь эмчилгээ, оношлогоондоо сурах бичиг, ахмад эмч, мэргэжлийн сэтгүүл, интернетээс зөвөлгөө авдаг байна.
  6. Улаанбаатар хотоос хамрагдсан эмч нарын 34.3-52.9% нь өөрийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох стандарт, удирдамжийг ашиглаж байна. Стандарт, удирдамжуудын олдоц муу, худалдаж авах үнэ өндөр, зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх чиглэлээр гарсан нэгдсэн стандарт, удирдамж байхгүй зэрэг шалтгаанаас болж стандарт, удирдамжийг эмч нар үйл ажиллагаандаа ашиглахгүй байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт шинээр батлагдан гарч буй стандартуудыг үнэгүй, хөнгөлөлттэй үнээр, эсвэл он-лайн хэлбэрээр нийтэд хүргэх шаардлагатайг харуулж байна.
  7. Улаанбаатар хотоос хамрагдсан эмч нарын 87-оос дээш хувь нь одоо мөрдөж буй стандарт, удирдамжийг өөрчлөх, хэвээр мөрдөх, нэмэлт өөрчлөлт оруулах, хасах шаардлага байгаа эсэхэд тодорхой хариулт өгөөгүй боловч давхардсан тоогоор буюу 39.06% нь стандарт, удирдамжийг   цаашид   улам боловсронгуй болгох, нарийн мэргэжлийн чиглэлээр стандартуудыг боловсруулан гаргах саналтай байна.

САНАЛ, ЗӨВЛӨМЖ:

  1. Эмч нарыг мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гарч буй хэвлэлээр бүрэн хангах боломжийг бүрдүүлэх. Үүний тулд байгууллага бүр мэргэжлийн чиглэлээр хэвлэгдэн гардаг хэвлэлийг нэгдсэн журмаар захиалга хийж, номын сантай болох, интернетээс мэдээлэл авах болон хувиараа дотоод, гадаадын хэвлэлийг захиалах боломжийг бүрдүүлэх үүднээс хэвлэлийн үнэ, мэдээллийн чанар, цаг хугацаанд тодорхой анхаарал тавьж зохицуулга хийх
  2. Шинээр гарч буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг цахим системийг ашиглан нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлэх
  3. Урьдчилан сэргийлэлт, оношлогоо, эмчилгээний чиглэлээр гарч буй шинэ технологийн талаар эмч, эмнэлгийн байгууллагуудыг тодорхой мэдээллээр хангаж, өөрсдийн үйл ажиллагаандаа тэдгээрийг нэвтрүүлж, хэрхэн нэвтүүлж байгаа талаар тайлан, мэдээ гаргаж, дүгнэлт хийж, сайжруулж байх,
  4. Эмч нарын ажлыг дүгнэх үзүүлэлтэд мэргэжлийн чиглэлээр гарч буй шинэ мэдээлэл, эрдэм шинжилгээний бүтээл, стандарт, удирдамжуудтай танилцсан эсэх, тэдгээрийг үйл ажиллагаандаа ашиглаж, практикт нэвтрүүлж байгаа эсэхийг тус тус оруулж үнэлэх,
  5. Стандартын үнэ харьцангуй өндөр байдаг нь хувь хүн болон байгууллагаар стандартыг өргөнөөр ашиглахгүй байх нэг гол шалтгаан болж байгааг анхаарч, оновчтой шийдвэрлэх
Ном зүй

1. Бурмаа Б., «Нотолгоонд тулгуурласан анагаах ухаан» 2004 он
2. Чилхаасүрэн О., «Стандарт, чанарын суурь асуудал» тэргүүн дэвтэр, УБ, 2002 он, х.58-59.
3. Чилхаасүрэн О., Пүрэвтөгс Б., «Стандарт, чанарын суурь асуудал» дэд дэвтэр, УБ, 2002 он, х.121-122.
4. Эрүүл мэндийн үзүүлэлт, 2006 он
5. Монгол улсын стандартын жагсаалт 2005 он
6. Liu J. Evidence-based practice: how far away for the Chinese clinicians to go? http://www.cochrane. org/colloquia/ abstracts/capetown/capetownPB11. html
7. Wan C.,Yao Y and Jia C. survey of knowledge of evidence- based medicine among clinicians in China http://www.cochrane.org/ckllkquia/ abstracts/baltimore/MarylandA31/html
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1097
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК