Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах тархмал хатуурлын тархалт
( Судалгааны өгүүлэл )

Д.Шүрэн1, Г.Цагаанхүү2, Д.Баасанжав3

1Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, 2Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 3Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

Introduction: There are still MS has been diagnosed in Mongolia during last 40 years, there is a lack of information regarding to geographical distribution and ethnic differences in origins of MS. That is why our main purpose is to do study the prevalence rate of MS in populations of UB city.

Goal: To determine the prevalence rate of MS in adult populations of Ulaanbaatar (UB) City.

Materials and Methods: To study the morbidity of MS in Mongolia using statistical data; to determine the prevalence rate of MS using hospital-based design and following the "door-to-door" methods.

Results: MS morbidity analysis of five-year statistical data (2003-2007) showed an average of 178 per 100000; morbidity level in both rural and urban settings was 7.0 per 100000; among them 43% were patients in the 30-40-year-old age group.

According to our study the prevalence rate of MS in UB City for a adult population of 100,000 above the age of 16 was 10.3; Rate of prevalence in females is 4 times more than in males (15.8 vs 4.2); the highest prevalence rate in females was in the 40-49 year-old age group (31.3); in males was in the 50-59 year-old age group (14.9). It is shown by disease dominating middle-aged women and older men relatively (p<0.05).

In our clinical study of 67 MS patients, the mean age was 41.79±8.76. The age at onset ranged from 18-50 years (31.5± 9.2-for females; 37.3± 9.7-for males).

Conclusion: The average morbidity rate of MS in Mongolia by statistical analysis from 2003-2007 data was 7.0 per 100,000 people; with a female-to-male ratio of 2:1. The prevalence rate of MS in adult populations of Ulaanbaatar for 100,000 people was 10.3; with a "chi"-square for females that was 4 times higher compared to males.

Key word: door-to-door method, multiple sclerosis, hospital based design, prevalence, Ulaanbaatar

Pp, Table 4, figures 2, References 20

Оршил:

Тархмал хатуурал нь (ТХ) тархи, нугасны цагаан бодисын миелинт ширхэгүүдийг хамран гэмтээж, мэдрэлийн олон хувилбарт голомтот шинжүүдээр илэрдэг, сэдрэх, даамжирах явцтай архаг өвчин юм [1-3]. ТХ-аар 20-40 насны хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин илүү өвчилж байна [4-5]. Анх Францын эрдэмтэн J.H.Charcot тархмал хатуурал өвчний бие даасан хэлбэрийг 1868 онд бичсэн[6]. Тархмал хатуурлын тархалт улс орнуудад харилцан адилгүй бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойноос урагшаа, баруунаас зүүн тийшээгээ багасдаг онцлогтой [8]. Тархмал хатуурлын тархалт Хойд бүсийн орнуудад 100000 хүн ам тутамд 60-100 тохиолдол бүртгэгдэж, жилд гарах шинэ өвчлөлийн тоо дунджаар 100000:3 ногдож байна [9, 10, 11]. Орос улсад тархмал хатуурлын тархалт 100000-д 19-66.9 [7], Хойд ба Төв Европын хүн амд 100000-д 150-200 (Шотландын хойд хэсгийн Орхей (Orkney) арлуудад нэн өндөр-100000 хүн амд 250, Их Британид 100000:85) [8,10] бол Африк, Зүүн өмнөд Азийн орнуудад 100000:5 (Японд 100000:1,4; Солонгост 100,000 хүн амд 2,36) тохиолдол бүртгэгдсэн байна [12, 13]. Одоо дэлхий дээр энэ өвчнөөр 2 сая гаруй хүн, түүний дотор АНУ-д 350000, Оросод 100000-аас цөөнгүй хүн өвчлөөд байна [7].

1991-1993 онд Монгол улсын хүн амын дунд явуулсан мэдрэлийн органик өвчний тархалзүйн судалгаагаар тархмал хатуурал 100000 хүн амд 2.0[14]; 1998 онд тархмал хатуурлын өвчлөлийн байдалд хийсэн бүртгэл судалгаагаар 100000 хүн амд 3.1[15]; 2002-2004 оны судалгаагаар монгол улсын зарим аймгуудын хүн амын дунд 100000-д 7.0[16] бүртгэгдсэн нь тархмал хатуурлын тархалт нэг талаар манай оронд ихсэж буйг харуулж байгаа ч энэ өвчний талаар хийгдсэн дорвитой судалгааны ажил хомс, түүний тархалтын бүс нутгийн онцлог, яс угсаатны өвөрмөц хамаарлын талаарх мэдээлэл, судалгаа цөөн байна.

Зорилго:

Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах тархмал хатуурлын тархалтын түвшинг тогтооход ажлын зорилго оршив.

Материал, арга зүй:

УБ хотын насанд хүрсэн хүн амын дунд тархмал хатуурал өвчнийг илрүүлэх үзлэгийг явуулж илэрсэн өвчтөнүүдийг мэдрэлийн нарийн мэргэжлийн зөвлөх эмч нарт үзүүлж оношийг баталгаажуулан (эмнэлзүйн ерөнхий үзлэг, динамик ажиглалт, тархины соронзон дүрст оношлогооны аппарат зарим тохиолдолд электронейрофизиологийн харааны дуудлагат потенциалын шинжилгээ, бусад шаардлагатай нарийн мэргэжлийн зөвлөгөө гм), бүртгэл судалгааны картанд авч судалгааны материальд боловсруулалт хийсэн.

Илрүүлэх үзлэгийг 2008-2009 онд багтаан агшингийн болон ретроспектив аргаар 2 шатчилан явуулсан. Үүнд: УБ хотын 6 дүүргийн эмнэлэг (БГД, БЗД, СБД, ХУД, ЧУД, СХД)-үүдийн болон Клиникийн нэгдсэн эмнэлгүүдийн анхан шатны бүртгэл (мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн бүртгэх хуудас, өвчний түүх гм), материалуудыг шүүж авсан ТХ өвчтэй бүх тохиолдлоос УБ хотын үндсэн харьяат 115 тохиолдолыг ялган эхний шатны судалгаанд хамруулав. 2-р шатанд оношийг баталгаажуулахын тулд ретроспектив аргаар хөөн үзэх үзлэгийг дээрх 115 өвчтөнд тус тус хийж, үүнээс ТХ-ын оношийн шалгуурт (S.B.Poser; W.McDonald, 2001) нийцсэн өвчтөнүүдийг судалгаанд хамруулав. Судалгааны материалыг нас-хүйсний бүлгээр, үүнд 20-29н, 30-39н 40-49н 50-59н гэсэн 4 насны бүлгээр ялган түүвэрлэж өвчтөнүүдийн нас-хүйсийн онцлогийг гаргасан. Тархмал хатуурлын тархалтын үзүүлэлтүүдийг 100,000 хүн амд нас, хүйсийн бүлгээр гаргаж, гадаад дотоодын судлаачдын дүнтэй харьцуулан статистик магадлагаа, давтамжуудыг гаргасан болно. Судалгааны боловсруулалтыг SPSS-15.0 программаар, дескриптив үзүүлэлтүүдийг хувь болон дундаж (M±SD) утгаар, хамаарлын утгыг коррелляцийн коэффициентаар; үр дүнгийн статистик магадлалыг "p" утгаар илэрхийлэв.

Судалгаанд ЭМШУИС-ийн Био-анагаахын ёс зүйн зөвлөлийн 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар ёс зүйн зөвшөөрөл авч (протокол 38/2), 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар судалгааны ажлын ёс зүйн дүгнэлт гаргуулсан (протокол 59/1).

Судалгааны үр дүн:

ТХ-ын тархалтын түвшинг тогтоох зорилгоор оношийн тусгай шалгуур баримтлан бидний явуулсан 2 шатны үзлэг судалгаагаар Улаанбаатар хотын 6 дүүргийн насанд хүрсэн хүн амын дунд тархмал хатууралтай 67 өвчтөн оношлогдсоны хамгийн залуу нь 20 настай, хамгийн ахмад нь 58 настай, тэдний дундаж нас 41,79±8,76 байв. Үүнээс эрэгтэй 13 (19,4%), эмэгтэй 54 (80,6%) байв (Хүснэгт 1).

Table 1. Age characteristic data of MS patients

Нийт өвчлөгсдийн 69 хувь буюу 2/3 нь 30­49 насны залуу хүмүүс, 9,0 хувь нь 29 хүртэл насныхан, 22,4 хувь буюу 1/3 нь 50-59 насныхан эзэлж байна.

Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд тархмал хатуурлын тархалтын түвшин 100000 хүн ам тутамд 10,3 (эр 4.1; эм 15.8) байна. Нас, хүйсний дэлгэрэнгүй бүлэглэлээр судалсан үзүүлэлтээс үзвэл тархалтын хамгийн өндөр түвшин эмэгтэйчүүдэд 40-49 нас (31.3); эрэгтэйчүүдэд 50-59 нас (14.9)-ны бүлгүүдэд тус тус ажиглагдав (Хүснэгт 2).

Table 2. Prevalence rate of Multiple Sclerosis in Ulaanbaatar city per 100,000 population

Тархмал хатуурлын тархалтын түвшинг насны бүлгүүдэд харьцуулан судлахад статистик магадлал бүхий ялгаатай байна. Тухайлбал; - 20-29 насны бүлгийн тархалтын түвшин 40­49 болон 50-59 насныхаас статистик магадлал бүхий бага (р<0,05); харин 30-39 нас ба 40-49 насны бүлэг дэх тархалтын түвшин статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 20-29 насанд 3 дахин их тархалтын түвшинтэй (4,9:1,1); 30­39 насанд 5 дахин их (21,7:3,9); 40-49 насанд 6 дахин их (31,3:6,7); харин 50-59 насанд 1,5 дахин их (26,2:14,9) тус тус бүртгэгдсэн. Дээр дурьдсанаас үзэхэд нийт насны эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс магадлагаатай ялгаатай тархалтын өндөр түвшин тогтоогдсон боловч 30­39 ба 40-49 насанд хамгийн өндөр тархалтын түвшин, харин 50-59 насанд хамгийн бага буюу ойролцоо тархалтын түвшинтэй байгаа нь эрэгтэйчүүд хожуу насанд өвчилж байна гэж үзэх үндэстэй юм.

Өвчин эхэлсэн насны хувьд эмэгтэйчүүдэд 20 хүртэл насанд 8 (14,8%), 21-30 хүртэл насанд 19 (35,2%), 31-40 хүртэл насанд 17 (31,5%), 41-ээс дээш насанд 10 (18,5%); эрэгтэйчүүдэд 20 хүртэл насанд 0 (0,0%), 21-30 хүртэл насанд 2 (15,4%), 31-40 хүртэл насанд 7 (53,8%), 41-ээс дээш насанд 4 (30,8%) тохиолдол байв (Зураг 1).

Figure 1 . Mean age at onset of MS symptoms

Бидний судалгаанаас үзэхэд өвчин эмэгтэйчүүдэд харьцангуй залуу насанд эхэлж, эрэгтэйчүүдэд хожуу насанд зонхилох хандлагатай байна. Энэ нь статистикийн хувьд үнэн магадлалтай (Хи утга эм-8,4; эр 7,5 буюу р<0,05). Өвчин эхэлсэн дундаж нас эмэгтэйчүүдэд 31,5; эрэгтэйчүүдэд 37,3; хамгийн залуу нь 18 наснаас, хамгийн ахмад нь 50 наснаас өвчин эхэлж байгаа нь тогтоогдов.

Хэлцэмж:

1993 онд Монгол орны бүс нутагт хийгдсэн мэдрэлийн өвчний тархалтын судалгаагаар (Г.Цагаанхүү, Д.Өлзийбаяр) тархмал хатуурал өвчин 100000 хүн амд 2,0[14] мөн монгол орны хөдөөгийн хүн амын дунд хийсэн судалгаагаар (Д.Баасанжав, Я.Эрдэнэчимэг нар, 2008) 100000 хүн амд 5.57 [17] ногдож байсан бол бидний судалгаагаар Улаанбаатар хотын хүн амын дунд 100,000:10,3 болж өссөн үзүүлэлт гарч буй нь энэ өвчний тархалтын түвшин манай улсад илт нэмэгдэж буй ба Азийн бусад орнуудтай харьцуулбал манай оронд тархалт харьцангуй өндөр, улмаар олон улсын ангилалаар дунд тархалттай бүсэд шилжих хандлагатай байна (Азид дунджаар 100000:5-7,0)[18]. Судалгаанд хамрагдагсадын хүйсний хувьд эмэгтэйчүүд илүүтэй өвчилж байгаа нь (эм:эр = 4:1) Өрнөдийн үзүүлэлттэй харьцуулахад өндөр боловч (АНУ, 2.3:1.8; 2003), (АНУ 3.0:1.5; 4.2:2.4, 2008) [8, 19] Азийн бусад орнуудад хийгдсэн судалгаатай ижил төстэй үзүүлэлттэй байна (Тайландад 6.2:1[20], 2006; Малайз 3,8:1,1988-1990). Тархмал хатуурлаар өвчлөгсөдийн насны хувьд бидний судалгаагаар 30-39 насанд 31,3%; 40-49 насанд 37,3%; дундаж нас 41,79±8,76 байгаа нь П.Дуламрагчаагийн 1996 онд хийсэн судалгаа [21] болон Азийн зарим орны судалгааны үзүүлэлттэй тохирч байгаа бөгөөд харин Өрнөдийн орнуудад явуулсан судалгааны (21­40 насанд 70%; 20 хүртэлх насанд 12,4%; 41­50 насанд 12,8%) үзүүлэлтээс [19] харьцангуй өндөр гарсан нь бүс нутгийн онцлог, амьдралын хэв маягтай холбоотой байж болох юм. Тархмал хатуурал эхлэх нас аль ч улс орны хүн амд дунджаар 20-40 насныханд оногдож байгаа нь бидний судалгааны дүнтэй тохирч байна [6, 7,12, 13, 18].

Дүгнэлт:

  1. Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд тархмал хатуурлын тархалтын түвшин 100000 хүн амд 10.3 тохиолдлын давтамжтай байна.
  2. Өвчин 21-40 насанд зонхилон эхэлж (эмэгтэйд эрт, эрэгтэйд харьцангуй хожуу),("Хи" утга эм - 8.4, эр-7.5 буюу р<0,05); эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс 4 дахин илүү давтамжтай өвчлүүлж байна.
  3. Гадаадын судлаачдын судалгааны дүнтэй харьцуулахад тархмал хатуурлын тархалтын түвшин УБ хотын хүн амд харьцангуй бага тархалттай орнуудын хүрээнд (Куртцкийн ангилалаар 100000 хүн амд 10 тхл хүртэл) хамаарч байна.
  4. Монголд ТХ өвчний тархалтын талаар явуулсан үечилсэн судалгааны дүнтэй харьцуулахад тархалтын түвшин аажмаар ихсэж бага тархалтын үзүүлэлтийн дээд түвшинд хүрсэн нь цаашид ихэсвэл дунд зэргийг түвшинтэй улс орны хүрээнд хүрэх төлөвтэй байна.
Ном зүй

1. Гусев Е.И. Рассеянный склероз. Журнал невропатологии. 2000;1,с118-126.
2. Хайер.Д. Рассеянный склероз. В: Редакторы Алипов Н Н, Левин О.С. Неврология: Демиелинизирующие заболевание. Москва:Практика;1997.с. 398-413.
3. Цагаанхүү Г. Мэдрэл судлал номонд: \\\"Тархмал хатуурал\\\". Улаанбаатар, 2011, х. 470-486
4. Saud A Sadiq. Multiple Sclerosis. \\\"Merritt, s Neurology\\\". Philadelphia, 2005, XI: 941-963.
5. Stephen L.Hauser, Douglas S.Goodin. Multiple Sclerosis & other demyelinating diseases. \\\"Harrisson, s Principles of Internal Medicine\\\" New York, 2005, XVI, v- II: 2461-2471.
6. Compston A. \\\"The 150th anniversary of the first depiction of the lesions of multiple sclerosis\\\". J. Neurol. Neurosurg. Psychiatr, 1988, 51 (10):
1249-1252.
7. Иерусалимский АП, Малкова НА. Рассеянный склероз: Эпидемиологические исследования и их роль в изучении рассеянного склероза. Москва:1997.с. 510-537.
8. Ascherio A, Munger KL. Environmental risk factors for multiple sclerosis. Ann Neurol. 2008 Feb; 63(2):263.
9. Завалишина И. А, Головкина В.И. Рассеянный склероз. Москва: ААА; 2000.с.510-537
10. Rosati G (April 2001). «The prevalence of multiple sclerosis in the world: an update». Neurol. Sci. 22 (2): 117-139.
11. Гусев Е.И, Бойко А.Н. \\\"Рассеянный склероз: достижения десятилетия\\\". Журнал неврологии и психиатрии. 2007, №4, с.4-13
12. Kuroiwa Y, Hung TP, Landsborough D, Park CS, Signhal BS. Multiple sclerosis in Asia. Neurology, 1997, 27: 188-192.
13. Chong HT. Multiple sclerosis in South East Asia and Diagnostic criteria for Asians. Neurology Asia 2008, 13:145-146.
14. Цагаанхүү Г. Монгол улсын хүн амын дундах Мэдрэлийн өвчлөлийн түвшин, бүтэц. Улаанбаатар: 1993.х.63.
15. Амарбаясгалан Р. Монгол дахь тархмал хатуурал өвчний өвчлөлийн байдал, түүний эмнэлзүйн төрх байдал. АУ-ны магистрын зэрэг горилсон дипломын ажил. УБ: АУИС; 1997,х 23-36
16. Баасанжав Д, Шүрэн Д. Улаанбаатар хот ба зарим аймгуудын хүн амын дунд мэдрэлийн түгмэл хатуурал өвчний тархалтын байдал, эмнэлзүйн зарим асуудалд. Мэдрэл судлалын тулгамдсан асуудал 2005: ШКТЭ-ийн 50 жилд зориулсан онол практикийн бага хурал; 2004 оны 03 сарын 23; Улаанбаатар, Монгол. 2004.х.78 - 80.
17. Баасанжав Д, Эрдэнэчимэг Я, Оюунгэрэл Б, Саранцэцэг Т, Чимэглхам Б, Хандсүрэн Б. Монгол орны хөдөөгийн хүн амын дунд мэдрэлийн түгмэл хатуурал өвчний тархалт, эмнэлзүйн зарим онцлог. Монголын Анагаах
ухаан 2010, 2(152), х31-36.
18. Jun-ichi Kira, Takaaki Ishizu, Manabu Osoegawa and Research committee of Neuroimmunological Diseases. Multiple sclerosis in Japan: Nationwide surveys over 30 years. Neurology Asia 2008, 13:131-143.
19. David M.Dawson. Multiple Sclerosis and other demyelinating diseases. “Manual of Neurologic therapeutics of Martin A. Samuels”, Philadelphia, 2004, VII,р179-189.
20. Sasitorn Siritho, Naraporn Prayoonwiwat. A retrospective study of multiple sclerosis in Thailand. J \\\"Neurology Asia\\\", Bangkok, 2006; 11:55-61.
21. Дуламрагчаа П. Тархмал хатуурлын эмнэлзүйн онцлог, дархлалын байдал . АУ-ны магистрын зэрэг горилсон дипломын ажил. УБ: АУИС; 1996, х.24-44

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Баасанжав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 884
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК