Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд судлалын сэтгүүл, 2012, 1(11)
Бодлын солбилцол
( Редакцийн зурвас )

Л. Давааням

ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор

 
Абстракт

Монгол улсад хүүхдийн эрүү нүүрний  мэс заслын тасаг үүсч, хөгжсөний 20 жилийн ой энэ  жил тохиож  байна. Энэ хугацаанд тус тасгийн хамт олон хүүхдийн  эрүүл энхийн төлөө  бүх оюун ухаан,  бие  сэтгэлээ дайчлан  ажиллаж ирсэн билээ. 

Энэхүү 20 жилд хөгжлийнхөө үе шат бүрт бэрхшээл, амжилт бүхий он жилүүдийг даван туулж ирсэн нь тус тасгийн эмч, сувилагч, ажилтнуудын хүчин чармайлтын үр дүн  юм. Тус тасгийн эмч мэргэжилтнүүд Япон, АНУ,  Солонгос, Тайван зэрэг олон орны ижил мэргэжлийн  эмч нартай хамтран ажиллан, уруул тагнайн төрөлхийн сэтэрхий эмгэгтэй хүүхдэд нөхөн сэргээх мэс засал амжилттай  хийж, бусад орны эмч нартай харилцан туршлага солилцож, мэдлэг мэргэжлээ дээшлүүлж ирсний нэг тод жишээ нь өөрсдийн боловсруулсан тагнайн мэс заслын эмчилгээний шинэ арга, аргачлал юм.

Япон, Солонгос, Англи, АНУ зэрэг өндөр хөгжилтэй улс оронд зохиогдсон олон улсын хурал, семинарт идэвхтэй оролцсоноор илтгэл тавин, бусад орны эрдэмтэдтэй  санал бодлоо солилцож байгаа нь эрдэм судлалын ихээхэн ач холбогдолтой. 

Сүүлийн жилүүдэд төрөлт  нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхдийн бусад эмгэгийн  адилаар эрүү нүүр орчмын үрэвсэл, гаж  хөгжил ихсэж байгаа билээ. Иймд 2010 оноос уруул тагнайн  сэтэрхийн баг бүрдүүлж, Тайван улсын “Хүүхэд, гэр бүлийг дэмжих  сан”-тай хамтран ажиллаж, одоогоор нийт  10 аймагт уруул тагнайн сэтэрхий, бусад эрүү нүүрний  эмгэгтэй хүүхдэд нарийн мэргэжлийн  тусламжийг орон нутагт  үзүүлж байгаа  нь өвчтөн төдийгүй тэдний ар гэрийнхний  талархлыг хүлээсэн сайхан ажил болж байгаа билээ.

Тус хамт олон Монгол улсын хэмжээнд хүүхдийн эрүү нүүрний  мэс заслын бүхий л эмгэгийг оношилж, мэс заслын эмчилгээ  хийж байгаа нь хүн арддаа үзүүлж байгаа хамгийн энэрэнгүй  үйлс болж байна. Эрүүл энхийн төлөө, ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, дутуу согогийг бүрэн бүтэн болгох их үйлсэд өөрсдийн итгэл сэтгэл, оюун ухаан, бие сэтгэлээ зориулан ажиллаж буй Хүүхдийн эрүү нүүрний  мэс заслын тасгийн хамт олондоо 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал хүсэхийн ялдамд төвийн бүх ажилчиддаа хийморь цог нь улам өөдрөг байхыг хүсэн ерөөе!

 



Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК