Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
МОНГОЛЫН ХҮН АМ ДАХ ЦУС ОЙРТОЛТЫН ӨНӨӨГИЙН ТҮВШИН
( Судалгааны өгүүлэл )

Э.Энхмаа, Ж.Батсуурь,

 
Абстракт

 

The   main   goal   of   this   research   work focused on studying current level of the inbreeding and its geographical distribution in Mongolian population. We have determined total inbreeding coefficients in each province’s population of Mongolia. Also geographical distribution of the inbreeding in Mongolian population was formed within this study. Total inbreeding  coefficients were  from  0.0223  to

0.1105 and average inbreeding coefficient was equal to 0.0651 in Mongolia. This mean value expresses that people who are relative in the levels of grand grand parents and grand grand grand parents marry to each other in Mongolia. It has been observed geographical distribution of total inbreeding in Mongolian population increases across latitudes from North to South. Increasing of the inbreedind to South is related to low population density in those areas.

 

Судалгааны ажлын үндэслэл
Цус ойртох үзэгдэл нь хүн амын дотор олон үе удмын турш үл анзаарагдах байдлаар явагддаг генетик процесс юм. Хувь хүн болон нийт хүн амын генийн (удмын) санд цус ойртсон гэрлэлтээр хүний биологийн төрөлхийн шинж чанарыг доройтуулдаг, элдэв  удамшлын  согог  үүсгэдэг,  амьдрах чадварыг хөнөөдөг олон генүүд гомозигот байдалд шилжиж үйл ажиллагаа нь шууд илрэх боломж бүрддэг.
Хүн амын дотор цус ойртолтын түвшин хэт ихсэх нь дараах уршигт үр дагаврыг бий болгоно.
Тухайлбал:
• Хүний  оюун  ухаан,  сэтгэхүйн  чадавхийн түвшин буурах,
• Оюуны  хөнгөн  болон  гүнзгий  хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх,
• Удамшлын   өвчин,   төрөлхийн   хөгжлийн гажигтай төрөх хүүхдийн тоо өсөх,
• Хүний өвчин эсэргүүцэх дархлааны түвшин буурах, бие бялдрын өсөлт давжаарах,
• Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээт хүний  тоо  хүн  амын  дотор  эзлэх  хувь байнга нэмэгдэх
 
Бидний өвгө дээдэс төрийн бодлогын далдын далд алсын хараагаар цус ойртох аюулаас хүн ардаа хамгаалсаар ирснийг түүхийн баримтууд хөдөлбөргүй гэрчилдэг. Харин 1925 онд Засгийн Газрын тусгай тогтоолоор монгол хүн уг гарлын овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хориглосон байна. Тэр цагаас хойш 85 жил буюу генетикийн  хугацаагаар  тооцвол  хүний  3 үе удмаас давсан хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын хүн амын дотор цус ойртох үзэгдэл ямар түвшинд хүрснийг тогтоох нь Хүн Судлал, Анагаах Ухааны нэн чухал тулгамдсан асуудал болоод байна.
 
Зорилго, зорилтууд
Монголын  хүн  ам  дах  цус  ойртолтын өнөөгийн түвшинг тогтоох үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв.
Үүнд:
  1. Удамшлын  олон  системийн  гетерозигот ба гомозигот генотипүүдийн ажиглалт, онолын давтамжийн зөрүүг тооцоолсноор Монголын  хүн   амын   генийн   (удмын) сангийн дотоод генетик тогтоцын хөдлөлзүйг тодорхойлох
  2. Монголын аймаг бүрийн хүн ам дах цус ойртолтын өнөөгийн түвшинг тогтоох
  3. Хүн  ам  дах  цус  ойртолтын  газарзүйн тархалтын зүйтогтлыг илрүүлж, газарзүйн зураглал зохиох
 
Хэрэглэгдэхүүн ба арга зүй
  • Цусны удамшлын 11 системийн генүүдийн Монголын хүн ам дах давтамж, гомозигот ба гетерозигот генотипүүдийн ажиглалтын давтамжийг ашиглан онолын хувьд байх ёстой давтамжийг тооцоолов.
  • Цусны удамшлын 11 системийн гомозигот болон гетерозигот генотипүүдийн аймагчилсан давтамжид тулгуурлан С.Райтын F-статистикаар (S.Wright, 1965) хүн ам дах цус ойртолтын (FST, FIS, FIT) түвшинг тооцоолсон болно.
  • Хүн ам дах цус ойртолтын  газарзүйн тархалтын зураглал зохиохдоо тусгайлан боловсруулсан компьютерийн программ ашиглав.
 
Үр дүн
1.  Удамшлын 11 системийн дунджаар Монголын аймаг бүрийн хүн амын дотор гомозигот генотипийн ажиглалтын давтамж онолын   хувьд   байх   ёстойгоосоо   хэрхэн
өссөн, гетерозигот генотипийн ажиглалтын давтамж онолын хувьд байх ёстойгоосоо хэрхэн буурсныг зургаар үзүүлэв (Зураг 1).
Зураг 1. Гомозигот генотипүүдийн өсөлт, гетерозигот генотипүүдийн бууралтын зураглал
 
2. Хүн амын генетикийн тооцооллын аргаар аймаг бүрийн хүн амд шууд цус ойртолтын (FIS) болон нийт цус ойртолтын (FIT) коэффициентийг тооцоолоход Монголын хүн  амын  доторх  нийт  цус  ойртолтын(FIT) түвшинд шууд цус ойртолтын хэлбэр (FIS) 97.24 хувийг, алсуур цус ойртолтын хэлбэр (FST) 2.76 хувийг тус тус эзэлж байгаа нь илэрлээ (Хүснэгт 1).
 
3. Нийт цус ойртолтын түвшнээр аймгууд хоорондоо тодорхой хэмжээний ялгаатай байдаг (Зураг 2) ба харин цус ойртолтын газарзүйн тархалтаар хоёр хэмжээст орон зайд бичил түвшний зураглал зохиож харахад Монгол орны хойноос өргөргийн дагуу урагшлах тутам хүн ам дах цус ойртолтын түвшин   ихэсдэг   зүйтогтол илэрч байна (Зураг 3).
 
Хүснэгт 1
Монголын  хүн  ам  дах  цус  ойртолтын түвшин
Зураг 2.  Хүн ам дах цус ойртолтын аймагчилсан тархалт
Зураг  3.  Хүн  ам  дах  цус  ойртолтын газарзүйн тархалт
 
 
Дүгнэлт
1. Монголын хүн амын генийн (удмын) санд гетерозигот генотипүүд цөөрч, гомозигот генотипүүд хэт олширсон нь монголчуудын генийн сангийн дотоод тэнцвэр ноцтой алдагдаж буйг илэрхийлж байна.
 
2.   Монголын хүн амын дотор нийт цус ойртолтын коэффициент 0.0223 – 0.1105-ын хооронд хэлбэлзэж дундаж нь 0.0651 байгаа нь нэг баг, нэг сум, нэг аймгийн хүмүүс хоорондоо генийн (удмын) сангийнхаа 2.23%-11.05%, дунджаар 6.51%-иар цусан төрлийн холбоотой болсныг гэрчилж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл Монголын хүн ам дах цус ойртолтын байдал нь элэнцийн түвшнээс хулан өвгө, эмгийн түвшний хооронд буюу дунджаар хуланцын түвшинд цусан төрлийн холбоотой үр удмууд хоорондоо гэрлэх тохиолдлын хэмжээнд хүрсэн байна.
 
3. Монгол орны хойноос өргөргийн дагуу өмнөд хил хүртэл урагшлах тутам хүн ам дах цус ойртолтын түвшин ихэсдэг газарзүйн тархалт илэрч байгааг хүн амын нягтрал сийрэгждэг үзэгдэлтэй холбон үзэх нь зүйтэй юм. Учир нь хүн ам сийрэг суурьшдаг говийн аймгуудад дэндүү цөөн хүн амын дотор хосууд хоорондоо учирч бие биеэ сонгох сонголт харьцангуй багатайгаар нэг нутгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэдэг тохиолдол их байдаг байна.
 
 
Ном зүй

Ашигласан ном, бүтээл
Wright S. The interpretation of population structure by F-statistics with special regard to systems of mating. Evolution, 1965, vol. 19, p. 395-420.

Жанчив Ц., Батсуурь Ж. Популяцийн генетикийн үндэс. УБ, 1976, 160 х.

Батсуурь Ж.Наследственный полиморфизм и геногеография народонаселения Монголии. Диссертация доктора биологических наук. Москва., 1986, 284 с.

Чимгээ Н. Монголын хүн ам дахь хүний эд эрхтэн хоорондын генетик нийцэмжийн системийн генүүдийн тархалт. Биологийн ухааны докторын зэрэг горилсон диссертаци. УБ., 1997, 225 х.

Батсуурь Ж, Лхагвасүрэн Ц, Энхмаа Э. Монголын хүн амын цус ойртолт бол үндэсний аюулгүй байдалд холбогдох нэн чухал асуудал мөн. Стратеги судлал 45 (1/2009), УБ., 2009, 28-47.

Энхмаа Э, Батсуурь Ж, Лхагвасүрэн Ц. Монголын хүн ам дахь цус ойртолт ба өвчлөлийн газарзүйн тархалтын шүтэлцээ.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, (¹10), УБ., 2009, 45-47.

Энхмаа Э, Батсуурь Ж, Лхагвасүрэн Ц. Монголын хүн ам дахь цус ойртолт ба нас баралтын газарзүйн тархалтын шүтэлцээ. Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, (¹11), УБ., 2009, 73-75.

Энхмаа Э. Монголын хүн амын генетик тогтоц, уур амьсгалын хахиршилт ба өвчлөл, нас баралтын хамхолбоог газарзүйгээр мөшгөн судлах нь. Анагаах Ухааны докторын зэрэг горилсон диссертаци. УБ., 2010, 279 х.

Батсуурь Ж, Энхмаа Э. Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар (Гарын авлага). УБ., Мөнхийн үсэг ХХК; 2010.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3588
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК