Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Гипертони өвчтөнд хэрэглэх сойлт хоолны эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Н.Дондог, Б.Бадамцэдэн, А.Өлзийхутаг

 

Гипертони өвчтэй хүмүүсийн өвчний хүндрэлийн үед хэрэглэх хоолны эмчилгээ нь дор дурдсан хэдэн шаардлагыг хангах ёстой. Үүнд:

  1. Эдгээр өвчтэй хүмүүст хэрэглэх хоол малын гаралтай тосоор бага, сүү тараг зэрэг липотропик бодис, кали ихтэй байв.
  2. Нэг удаа идэх хоолны хэмжээ их байх нь ходоодыг тэлж өрцөнд даралтыг үзүүлэх зүрхний ажиллагаанд их дарамт болдог. Иймд зүрх судасны өвчтэй хүмүүс нь олон дахин бага багаар хооллох хэрэгтэй.
  3. Гипертони өвчний хүндрэлтийн үед байгаа хүмүүс нь биеийн энерги зарцуулалтын шаардлага багатай байх тул хоолны ерөнхий калорийн хэмжээ бага байх, нөгөө талаар хэт таргалах явдлаас урьдчилан сэргийлэхэд хөнгөн хоолны дэглэмийг 10 хоногт нэг удаа гаргаж байх нь тохиромжтой байдаг.
  4. Зүрхний ажиллагааг хөнгөлж, биеийн доторхи шингэний хуримтлалыг багасгахын тулд нийт уух зүйлийн хэмжээг эрс багасгаж, давсыг хоолноос бүрмөсөн хасах буюу эрс багасгах.

Ийм шаардлагыг хангах чиглэлтэй, алим, жимс ба лууван зэрэг идэшний ногоогоор голлосон нэлээд олон төрлийн эмчилгээнкй хоолууд байдаг. Гэвч алим жимс, идэшний ногоогоор голлосон хоол манай нөхцөлд хэрэглэхэд 2 зүйлийн бэрхшээл гардаг.

1. Дурдсан зүйлүүд тэр бүрий олдохгүй байх.

2.Нутгийн хүмүүс нь уг зүйлүүдийг хэрэглэж заншаагүй учир хэрэглэхийг дургүйцэх, муу тэсвэрлэх явдал байдаг. Иймд орон нутгийн хүмүүсийн хэв заншилд тохирсон, элбэг материалтай зүйлээр бүрдсэн хоолны эмчилгээг олж клиникийн практикт нэвтрүүлэх нь багагүй ач холбогдолтой зүйл мөн. Бид энэ зорилгоор дан сүү, айраг, таргаар голлосон хоолыг өөрийн практикт хэрэглэж эхэлсэн юм. Ерөнхий калори бүрэлдхүүнээрээ энэ хоол нь Карелийн хоолтой төстэй юм. Уг хоол нь алим глюкозын уусмал зэрэг зүйлгүйгээрээ Карелийн хөнгөлт хоолноос ялгаатай.

А-д заасан хоолыг даралт нь түргэн ихсэж, толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг гипертони өвчний кризийн шинж тэмдэг илэрсэн 16(8 эмэгтэй) хүмүүст, Б-д заасныг өглөө, орой толгой өвдөх, амьсгаадах, гар хөл чилж өвдөх, зүрх цохих зэргийн гипертони өвчний ердийн шинж тэмдэгтэй, биеийн жин нь ихдэх төлөв бүхий 15 (10 эмэгтэй) хүмүүст тус тус хэрэглэсэн юм. Өвчтөний биеийн ерөнхий байдлаас эмчилгээний хоолыг 1,2 хоногийн хугацаагаар хэрэглэсэн. Энэ эмчилгээний хоол нь амжилттай болж байгаа эсэхийг шалгах шалгуурт субьектив зовуурын засралт, гарах шээсний хэмжээ, цусны даралт, биеийн жингийн өөрчлөлт зэргийг авч үзсэн юм.

Сайжирсан хүмүүсийн тоонд субьектив зовуургүй буюу тэр нь эрс багассан цусны даралт биеийн жин нь буурч, гарах шээс нь ихэссэн хүмүүсийг авсан юм. Цусны даралт нь дунджаар 15 мм мөнгөн усны баганы, шээс нь 200-гаас 300 гр-аар ихсэж байсан болно. Энэ хоолыг хэрэглэх үеэр ямар нэгэн хүндрэлтүүд үзэгдээгүй ба уг хоолыг хэрэглэж байсан хүмүүс нь өлслөө гэх зовуургүй байлаа. Гипертони өвчний хүндрэл цусны зргэлтийн хурц дутагдлын үед хэрэглэх шингэний хэмжээг эрс багасгадаг. Энэ нь нэг талаар антидиуретик гормоныг идэвхжүүлж, шээс гаралтыг багасган улмаар цусны даралтыг ихэсгэх нөлөөтэй гэж үздэг. Иймээс шингэнийг зүрхний өвчтэй хүмүүст хэрэглэхдээ зохих хэмжээгээр багасгах нь зүйтэй боловч хэтэрхий хориглож болохгүй. Харин уух шингэн нь давсгүй байх шаардлагатай. Энэ зорилгоор бид дээрх А. Б. хоолноос гадна айргийг эмчилгээний сойлт хоол болгон хэрэглэсэн юм. Айраг бол манай ард түмний өргөн хэрэглэдэг дуртай ундааны нэг билээ. Айргийн бүрэлдхүүнд: Сүүний хүчил, сүүний сахар, нүүрсхүчлийн хий, кальцын давс, согтоогч бодис, «С» витамин зýрэг чухал бодисууд ихтэй байдаг. Айргийг хэрэглэхэд бодисын солилцоо идэвхжиж, ялангуяа ходоодны шүүсний ялгаруулалт нэмэгдэх, хоолны шингэц сайжран хоолонд дуртай болдог. Нөгөө талаар айргийг сойлт хоолонд хэрэглэхэд давс хэрэглэх явдлыг эрс багасгах бололцоо олгоно. Айраг нь шээлгэх, туулгах үйлчилгээтэйгээс гадна зүрх судас, төв мэдрэлийн систем болон амьсгалын төвийг сэргээх нөлөө үзүүлдэг. Хахраагүй, шинэхэн айргийг 200-250 гр-аар өдөрт 6-8 удаа (хоногт 1,5-2,0 литр) 2-3 хоногийн зайтай бүгд 30 хоногоор ихэнх өвчтөнд амбулаторийн журмаар хэрэглэв. Айраг уусан өдөрт бусад хоол ундааны зүйл хэрэглэхгүйн дээр маргааш нь нөхөх журмаар нэмэгдэл хоол хэрэглэхгүй байх. Айраг хэрэглэхийн өмнө өвчтөний оношийг тогтоон, субьектив зовуурыг нарийн авч, артерийн даралт, биеийн жин, хоногт гарах шээсний хэмжээг тогтоож, зарим өвчтөнд цусны холестерин тодорхойлсон.

Сайжирсан хүмүүсийн тоонд субьектив зовуур арилах буюу эрс багассан (толгой өвдөх, зүрх дэлсэх нь арилж, нойр сайжрах) цусны даралтын хэмжээ буурч, хоногт гарах шээсний хэмжээ нэмэгдэж, биеийн жин хасагдах төлөв бүхий хүмүүсийг оруулсан болно. Хүснэгтээс үзэхэд айраг нь гипертони өвчний 1, 2-р үед эмчилгээний үр дүн өгдөг нь харагдав. Эмчилгээний эцэст айраг хэрэглэсэн хүмүүсийн артерийн даралт нь дунджаар систолын даралт 10-35 мм диастолын даралт нь 5-10 мм (мөнгөн усны баганаар)-ээр тус тус буурч, хоногт гарах шээсний хэмжээ 200-1000 гр хүртэл нэмэгдэж, биеийн жин хасагдах хандлагатай байв. Нэгэн жишээ дурдъя: Өвчтөн Д, 49 настай эмэгтэй нормчин. Онош: Гипертони өвчин 2-р үе. Зовуур: Толгой дүүрч үргэлж өвдөх ба нүд бүрэлзэж, шилэн хүзүү хөшнө, цочимтгой, нойр сэргэг. Үзэхэд: Биеийн ерөнхий байдал дунд зэрэг. Зүрх ба бусад эрхтэний талаас илэрхий өөрчлөлтгүй. А/Д-180/110 мм нд. Хоногийн шээс 1605 мл, биеийн жин 74,5 кг байв. Айраг 4 долоо хоног дээрх журмаар хэрэглэсний дараа үндсэн зовуурууд арилж, бие хөнгөрч, нойрондоо сайжирчээ. А/Д-140/95 мм нд. хоногт гарах шээс 2700 мл, биеийн жин 73,6 кг болж засрал олжээ. Айраг хэрэглэсэн нийт өвчтөнд ямар нэгэн хүндрэл, харш нөлөө мэдэгдсэнгүй болно. Эдгээр ажиглалтаас үзэхэд айраг нь сойлт хоолны бүхий л шаардлагыг хангаж байгаагийн дээр гипертони өвчний эхний үе, цусны эргэлтийн хурц дутагдал, таргалалтын үед эмчилгээний үр дүнтэй болох нь харагдав.

Дүгнэлт

  1. Бидний боловсруулж өөрсдийн практикт хэрэглэж ирсэн эмчилгээний хоол нь хөнгөлт хоолны үндсэн шаардлагыг хангаж цусны даралт буулгах, зовуурыг багасгах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
  2. Энэ хөнгөлт эмчилгээний хоол нь манай нөхцөлд ялангуяа хөдөө орон нутагт хэрэглэхэд тохиромжтой тул нийт эмнэлгүүдийн практикт нэвтрүүлэх нь зүйтэй байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1190
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК