Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Шулуун гэдэсний гадуурхи өөхлөг эдийн хурц үрэвсэл өвчний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д.Жодов Анагаах ухааны дээд сургуулийн судалгаа эмчилгээний мэс заслын тэнхим (эрхлэгч академич Т.Шагдарсүрэн)

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Нами были проанализированы истории болезни 49 больных с парапроктитом находившихся во 2-ом хирургическом отделении 3-ей клинической больницы г. Улан-Батора за лишь 1974 год. Из 49 больных с парапроктитом 29 были с первичной острой; a 20 с много кратнорецидивирующей. Чаще, чем женщины, болеют мужчины, причем возраст большинства больных колеблется между 16 и 36 годами. Подавляющеся большенство больных (т.е.33 человека), имеют профессию связанную с сидячим образом. Всем больных произведены вскрытии абсцесса с   томпанированием и дренированием полости. Койко-дни у больных с острым парапроктитом в среднем составляли 10,5 дней; a у больных с хроническим парапроктитом 15-20 дней. Из всех больных прооперированных по поводу острого парапроктита за истекший срок наблюдались два рецидива.

Шулуун гэдэсний орчмын өөхлөг эдийн үрэвсэл (парапроктит) мэс заслын элбэг тохиолдох өвчний нэг гэдгийг A.А.Заремба (1972), С.3.Огонесян (1974) зэрэг олон судлаачид баталж байна. Клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн яаралтай мэс заслын тасагт 1974 онд хэвтэж эмчлэгдсэн бүх өвчтөний 4,5% нь дан парапроктиттай байв. Парапроктит олон дахидаг, ялангуяа арьс гэдэс рүү цоорч сүв цорго үүсгэвэл эмчилгээний үр дүн муутай болдог. Эдгээр байдлыг харгалзахын зэрэгцээ мөн манай оронд энэ талаар судлагдсан зүйлгүй учир бид уул өвчний гарал үүсэл, шинж тэмдэг, эмчилгээний талаар залуу эмч нарын анхааралд хандуулж зарим судалгаа хийсэн юм.

Хүснэгтээс үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2,2 дахин олон, ихэнх нь (85,8%) идэр залуу 16-46 насны хүмүүс байв. Парапроктитын хурц хэлбэрээр 29, архгаар 20 хүн өвчилсөн байсан ба архаг парапроктит нь голдуу төгс эмчлэгдээгүй хурц хэлбэрийн өвчлөлийн шууд уг дагавар байлаа. Архаг парапроктит нь ихэнхдээ хурц парапроктит өөрөө хагарч эдгэрсний үргэлжлэл болдог гэж 1965 онд В.И.Селиванов бичжээ. Энэхүү хүснэгтэнд өвчлөгсдийн 72,2% нь 54 дээш цаг болоод эмнэлэгт ирсэн нь өвчний явц, шинж тэмдгийн онцлогтой холбоотой байж болох боловч тэдгээрийн 83,6%-д буглаа үүссэн нь ямар нэгэн шалтгаанаар эмнэлгийн тусламж хожимдож үзсэнээс болжээ. Гэтэл өвчин нэвчдэс үүсч байгаа эхэн үедээ эмийн эмчилгээгээр түвэггүй хялбархан гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсон юм.

Бидний судалгаанд хамаарагдагсдын 34 нь өнгөц, 15 нь гүнзгий хэлбэрийн парапроктит байлаа. Өвчилснөөс хойш 54 цаг өнгөрөөд эмнэлэгт ирсэн өвчтөний 66,7% нь гүнзгий парапроктит байсныг үзэхэд өнгөц парапроктит гүнзгийд шилждэг тухай 1948 онд А.Г.Брожозовский, 1961 онд И.Н.Улановский нарын судалгаатай тохирч байна. A.А.Заремба, С.3.Оганесян, И.Н.Улановский, A.М.Аминев, А.Н.Рыжих зэргийн олон тооны судлаачид стрептококк, стафилококкоос гадна гол төлөв гэдэсний савханцар нянгууд нэг хэвийн байнгын суугаа ажлын нөхцөлд аарцгийн ёроол, шулуун гэдэсний орчмын өөхлөг эдийн цусан хангамж ихсэж хэвийн биш өөрчлөлт гарах, мөн үрэлтээс арьс, салстанд үүсэх шалбаралт, шархдалт, эсвэл шамбарам, цагаан мах гарах мэтийн өвчин эмгэгийн үед хошногоны амсрын хуниас (Морганиев хуниас)-аар дамжин халдварлаж парапроктитийг үүсгэдэг гэж үздэг. Манай судалгаанд хамаарагдагсдын 48,9% нь жолооч, бичээч, конторын албан хаагчид байсны дотор 9 хүн урьд өмнө нь шамбарам, хошногоны амсар урвах (цагаан мах эргэх) өвчнөөр өвдөж байсны гадна нэлээд хүмүүст үе үе хошного загатнадаг зовуур байв. Хурц парапроктитийг оношлоход төдий л бэрхшээлгүй боловч өвчтөний 95%-д хошногоны амсраар хатгаж чинэрч өвдөх, 35%-д өтгөн, шээс тасалдах буюу хаагдах, 85%-д өвчилсөн хэсгийн арьс салст овойх, улайх, бэмбэлзэх, дарахад эмзэглэх шинж тэмдгүүд гарч байв. Зарим өвчтөнд (14,3%) дээрх зовуур байсан мөртлөө хэсгийн үзэгдэхүйц шинж тэмдэггүй байсан нь гүнзгийд үүссэн буглааг зүүгээр хатгаж идээг соруулж байж оношлоход хүргэжээ. Бид Н.И.Улановский зэрэг судлагчдын үздэг хошногоны амсрын хунивч булчин, мэдрүүлийг гэмтээдэггүй хялбархан бөгөөд үр дүн сайтай арга болох хошногоны хуниасны ширхгийн дагуу зүслэг хийж идээг гаргаад ормыг 10%-ын хлорт натри буюу Вишневскийн тостой чихээсээр чихэх, гүнзгийд байрласан үед угаах зорилгоор хаймран гуурс хийх аргыг хурц парапроктиттай 38 хүнд (нийт өвчтөний 77,6%) хэрэглэсэн юм. Бусад 11 өвчтөний 7 хүнд цоргоны нүхийг уужимсгах, 3 хүнд цоргоор угаалга хийх эмчилгээг хийв. Хагалгааны дараа 1:1000 найрлагатай маргенцовын уусмалтай бүлээн усанд өдөр бүр хоёроос доошгүй суулгаж, сульфаниламид, антибиотикийг хэрэглэсэн нь эмчилгээний үр дүнд сайн нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал хурц парапроктиттай байгаад дээрх аргаар хагалгаа хийлгэсэн 25 хүний эзэлсэн ор хоног дунджаар 10,5 байхад архаг парапроктиттай 20 өвчтөний ор хоног дунджаар 15-20 байв. Хөдөлмөрийн чадвар алдалт хурц парапроктитын улмаас хагалгаа хийлгэсэн 36 хүнд дунджаар 15,7 хоног байхад архаг парапроктитын эмчилгээний дараа 18,5-27,2 хоног байв. Ингэж хурц парапроктитыг эрт илрүүлээд эмчилсэн эмчилгээний үр дүн бүх хэлбэрийн архаг парапроктит, ялангуяа цоорч сүв цорго үүсгэсэн үеийнхээс зарим үзүүлэлтээр үзтэл илүү байгаа нь уул асуудлыг тал бүрээс нь цаашид нарийн судлууштай зүйл болох нь тодорхой байна.

Дүгнэлт

1. Парапроктит голдуу хөдөлмөрийн чадвартай, суугаа төрлийн ажил эрхэлдэг буюу хошногоны амсрын өвчлөл, гэмтэлтэй хүмүүст нэлээд тохиолджээ.

2. Хурц парапроктитыг эхнийх нь үед зөв тууштай эмчилбэл цаашдын эмчилгээний үр дүн муутай архаг хэлбэрт шилжихээс урьдчилан сэргийлэх бүрэн үндэстэй.

3. Хурц парапроктитыг сульфаниламид, антибиотикийн хавсарсан эмнээс гадна буглаа үүссэн үед нь яаралтайгаар зүслэг хийж идээг гаргаад чихээс, гуурсаар эмчлэх илүү ашигтай.

Ном зүй

Брожозовский А.Г.Курс частной хирургии; 1948, 356 Заремба A.А.Новые методы диагностики и лечения парапроктита. Экспериментальная хирургия и анестезиология 1972 3,32 Оганесян С.3. Хирургическое лечение парапроктита. Хирургия, 1974, 10, 91 Селиванов В.И.О причинах длительного незаживления парапроктита свищей. Хирургия, 1965, 11, 87. Улановский Н.И. О трамве наружного жома прямой кишки при операциях по поводу парапроктитов. Хирургия 1961, 6; 61 Улановский Н.И.о лечении острых парапроктитов. Вестник хирургии 1961; 9, 133.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8814
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК