Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 1(6-1)
Innovation-2008
( Товч мэдээлэл )
 
Абстракт


 

INNOVATION-2008

ЭМ-ийн салбарын шинэ санаа, шинэлэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа

 Эрүүл Мэндийн сайд С.Ламбаа

Шинжлэх ухааны залуу үе маань ихийг хийж бүтээгээсэй гэж эрүүл мэндийн сайдын хувьд хүсч байна. Энд хүрэлцэн ирсэн, үргэлж шинэ юм бодож, сэтгэлгээ нь үргэлжид урагш тэмүүлдэг та бүхэндээ хамгийн эрүүл энх аж амьдарч, их зүйл бүтээгээрэй гэж ерөөе.

 Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Чадраа

Инноваци гэдэг бол хөгжиж буй нийгмийн хувьд ус агаар шиг чухал. Хөгжихийн тулд өөр хувилбар байхгүй. Бүх үйл ажиллагаа, хөдөлгөөн доороосоо дээшээ дан шинэ зүйл дээр өөрөөр хэлбэл инновацид үндэслэж суурилсан байх ёстой. Энэ их үйл ажиллагааг өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын хэсэг эрдэмтэн залуучууд санаачлан хийсээр хэдэн жилийн нүүрийг үзлээ. Үүнд анагаахын үндэсний шинжлэх ухааны академи мөн татагдан орж хамтран зохион байгуулж байгаа явдалд бид маш их баяртай байна.

 Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа

Шинэ санаа, шинэ арга барил нь хүний үйл ажиллагааны бүхий л салбарт амжилтын үндэс болж өрсөлдөөнд ялан дийлэх гол тулгуур болдог. Анагаах ухаан эрүүл мэндийн үйлчилгээнд энэ нь зөвхөн ялалт, урагш дэвшихийн үндэс төдийгүй олон хүний амь нас эрүүл мэндийг аврах түлхүүр болдгоороо онцлог юм. Монголын Анагаах Ухааны академи залуу судлаачдынхаа энэ сайхан санаачлагыг дэмжиж энэ оноос хамтран зохион байгуулагч болж байна. Ингэснээр бид шинийг нэвтрүүлэхдээ хуучнаа устган үгүйсгэх бус харин хуучнаас цагийн шалгуурыг давж үлдсэнийг шинэ дэвшлээр баяжуулж, шинэ хуучныг эвсэлдүүлэн хөгжлийн түрүүчээ болгох эрхэм зорилгод хамтран зүтгэх бололцоотой хэмээн итгэж байна

ЭМШИУС-ийн захирал, академич Ц.Лхагвасүрэн

INNOVATION гэж энэ сайхан арга хэмжээний цаад нэг санаа нь яваандаа судлаачид, багш, эмч нар нийлж хамтарч ажиллавал их зүйлийг бүтээж чадах юм байна гэдгийг үзүүлэхэд оршиж байна. Энэ санаагаар олон хүн жигүүрлэж, хамтарч ажиллах арга замаа ололцох байх гэдэгт итгэл дүүрэн байна. ЭМШУИС уг хуралтай холбоотой сэдэж хийж байгаа бүхний байнгын дэмжигч байх болно.

Хүн төрөлхтөний хэмжээлшгүй сониуч зан, дуусашгүй эрэл хайгуулын үр дүнд гайхалтай шинэ санаа, шинэ нээлтүүд төрөн гарч, юмс боловсронгуй болж, дэлхийн шинжлэх ухаан хөгжсөөр байна.

Монгол улс бол хөгжиж буй орон. Эдийн засаг, үйлдвэрлэл, соёл урлаг, шинжлэх ухаан гээд нийгмийн бүхий л салбарууд ялгаагүй хөгжил дэвшил гэсэн нэгэн зорилгод хөтлөгдөж буй гэдэгтэй уншигч та санал нийлнэ байх.

Тэгвэл хөгжил гэдэг маань мөн чанартаа цагаа олсон өөрчлөлт, эв нь таарсан шинэчлэл билээ. Хүн төрөлхтөний хэмжээлшгүй сониуч зан, дуусашгүй эрэл хайгуулын үр дүнд гайхалтай шинэ санаа, нээлтүүд төрөн гарч, юмс боловсронгуй болж, дэлхийн шинжлэх ухаан хөгжсөөр. Тэгвэл энэ цэцэглэн буй их хөгжилтэй харьцуулахад Монголын шинжлэх ухаан тэр тусмаа анагаахын шинжлэх ухааны байр суурь хаана явна вэ? Энэ асуултын хариуг олохын тулд юун түрүүн өнөөх шинэлэг санаа, шинэ нээлтүүд манай эрүүл мэндийн салбарт нэвтэрч чадаж байна уу гэсэн асуултанд хариулах шаардлагатай болно. Мэдээж энэ салбарынхан маань шинжлэх ухааны хөгжлийн төлөө, гол нь Монгол хүний эрүүл мэндийн төлөө анагаахын дэвшилттэй арга аргачлал, технологийг эх орондоо нэвтрүүлэхээр зүтгэж буй нь лавтай.

Тиймээс эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтний шинийг эрэлхийлэн санаачлахыг уриалан дуудаж, шинэ санаа, шинэлэг бүтээлийг нийтэд таниулах зорилго бүхий өөрөөр хэлбэл эрүүл мэндийн салбарыг хөгжил дэвшилд уриалсан "INNOVATION" Эрдэм Шинжилгээний V хурал өнгөрөгч оны 11 сард уламжлал ёсоор зохион байгуулагдсан билээ.

Уг хурлын "шав" анх 2003 онд тавигджээ. Одоогийн эмнэлгийн залуухан боловсон хүчнүүд маань 6 жилийн тэртээ оюутнууд байж. Тэдгээр залуусын оюунаа цэнэглэе, шинэ сэргэгийг үеийн нөхөддөө хуваалцая гэсэн санаачлагын бодит үр дүн болсон уг хурал нь өдгөө эрүүл мэндийн с а л б а р ы н х н ы хувьд нэлээдгүй ач холбогдол бүхий арга хэмжээ болон өргөжжээ. Дээр дурьдсанчлан анх хурлын зохион байгуулагч нь Э М Ш И У С - и й н "Залуу Эмгэг Физиологич" клуб байсан бол 2007 оноос "INNOVATION" Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар "Дэлхийн Эрүүл Мэндийн Төлөөх Түншлэл" ТББ ажиллах болсон юм.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 2008 оны 11 сарын 21-25-ны хооронд зохиогдсон бөгөөд хамтран зохион байгуулагч нь Монголын Анагаах Ухааны Академи, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, "Залуу Эмгэг Физиологич" клуб байлаа.

Үндсэндээ энэхүү хурал нь зөвхөн эрдэм шинжилгээний хурал төдийгөөр хязгаарлагдаагүй бөгөөд шинэчлэлийг эрмэлзсэн нэгэн цогц арга хэмжээ болсон билээ. Өмнөх жилүүдийн хурлаар анагаахын ямар ч салбарын бүтээлийг нийтэд нь хэлэлцүүлж, цорын ганц шилдэг инновацийн эзнийг тодруулдаг байсан бол энэ удаад бүтээлүүдийг харъяалагдах салбаруудад хуваан хэлэлцүүлсэн нь тэдгээрийн ач холбогдлыг бодитой тогтоож, шинэлэг талыг бүрэн үнэлэх бололцоог олгосон гэж хэлж болох юм.

Хуралд 2008 оны 10 сарын 1-ийг хүртэл хугацаанд хот хөдөөгийн эмнэлгүүд, анагаахын чиглэлийн сургуулиудаас нийт 52 бүтээл ирснээс "INNOVATION" сэтгүүлийн эдиторын зөвлөлөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн эмчилгээ, био-анагаах, нийгмийн эрүүл мэнд, шинэ санаа гэсэн 5 салбарт 15 бүтээлийг шигшин эцсийн шалгаруулалтанд үлдээсэн байна.

Энэхүү эрдмийн чуулганд хэлэлцэгдэхээр шалгарсан бүтээлүүдийг олон нийтэд таниулах зорилгоор "ХҮНИЙ ТӨЛӨӨ" телевизийн нийт 7 удаагийн цуврал нэвтрүүлгийг ТВ9 телевизээр нийтэд хүргэсэн. Тухайн нэвтрүүлгүүд нь эмч нарын өдөр тутмын үйл ажиллагаа, нэвтрүүлсэн шинэ оношлогоо, эмчилгээний аргуудтай танилцахаас гадна дэлхийн болон Монголын анагаах ухааны хөгжил, хүн төрөлхтөний эрүүлийг хамгаалах үйлсэд хувьсал хийж чадсан шилдэг нээлтүүд, болон эрүүл мэндийн салбарын талаарх статистик мэдээлллийг бусадтай харьцуулж харуулснаараа онцлог болсон юм.

"INNOVATION-2008" ЭРДМИЙН V ЧУУЛГАН

ЭМ-ийн салбарын шинэ санаа, шинэлэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа

11-Р САРЫН 21 - УЛСЫН КЛИНИКИЙН ТӨВ ЭМНЭЛГИЙН ХУРЛЫН ТАНХИМ

Хурал эхнээсээ нэлээн эрч хүчтэй төдийгүй халуухан уур амьсгалын хүрээнд явагдсан. Ялангуяа эмчилгээний салбарт болон шинэ санааны салбарт өрсөлдсөн бүтээлүүдээс хэнийг нь түрүүлэх бол гэж хэлэхийн аргагүй байлаа. Асуулт хариулт ч мөн хурц явагдаж, шүүгчдээс гадна үзэгчдээс өөрсдийн мөрдөж байгаа удирдамж, аргачлал илтгэгчийнхтэй зөрчилдөж байгаа талаар санал шүүмж тавихад, илтгэгчийн зүгээс энэхүү удирдамжаа шинэчлэх цаг нь болжээ гэх зэрэг нэлээн хатуу үгтэй хэлэлцүүлгүүд гарч байлаа.

УКТЭ-ийн Мэдрэл судлалын клиникийн эрхлэгч Р.Амарбаясгалан "Тархины загварчлал ба Фрактал анализ" илтгэлийнхээ төгсгөлд "Бид ер нь мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй байна" гэж хэлсэн нь хуралд оролцож байсан хүмүүст нэгийг бодогдуулаад зогсоогүй нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хандан хэлсэн хүсэлт, шаардлага байсан байх аа.

Монгол улсад нүдний банк байгуулж байгаа УКТЭ-ийн их эмч Ц.Мөнхцэцэг нарын баг, Эпилепсийн эмчилгээнд эмийн тунг цусанд тодорхойлон зохистой тунг бариснаар эмчилгээний үр дүнд хүрэх дөт зам байгааг харуулж чадсан ЭМШУИС-ийн М.Үүрийнтуяа нарын баг болон Дорнод, Говь-Алтай аймгаас шалгаран оролцож өөрсдийн илтгэлээ хэлэцүүлсэн Д.Саранцэцэг, Д.Зандансүрэн нарын илтгэлүүд олны талархлыг хүлээсэн.

INNOVATION шинжлэх ухааны сэтгүүлийн эдиторын зөвлөл, Анагаах Ухааны Академийн гишүүдээс бүрдсэн шүүгчдийн шалгаруулалтаар дараах бүтээлүүд салбар салбартаа шилдэг инновациар тодорсон.

1. Эмчилгээний салбар - "3 хэмжээст төлөвлөлтийн хавдрын ба эрүүл эдийн эзлэхүүнийг 2 хэмжээст төлөвлөлтийнхтэй харьцуулан судалсан нь" Н.Навчаа нарын баг, Хавдар судлалын үндэсний төв

2. Био-Анагаахын салбар - "Erbb4 regulates the timely development of late fetal lung function and structure" П.Эрхэмбулган нарын баг, ЭМШУИС

3. Нийгмийн эрүүл мэндийн салбар - "Эмнэлэгт суурилсан ротавирусын тандалт судалгаа" С.Гантуяа нарын баг, ЭНЭШТ

4. Шинэ санаа салбар - "Өндөр давтамжит радио долгионоор элэгний анхдагч өмөнг (ӨДРД) шарах эмчилгээ ба орчин үеийн хандлага" Ж.Чинбүрэн нарын баг, Хавдар судлалын үндэсний төв

П.Нямдаваа, Монголын Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Б.Чадраа, ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, Ардын эмч-профессор Ч.Цэрэннадмид, Хүний гавьяат эмч Ж.Баасанхүү, ШУ-ны Доктор Б.Мөнхбат, ЭМШУИС-ийн декан-профессор А.Гүрбадам, Профессор Н.Сүмбэрзул зэрэг эрүүл мэнд, нийгмийн салбарын нэр хүнд бүхий хүмүүс, эрдэмтэд оны шилдэг инновацийн эздийн нэрсийг тодруулан шагналыг гардууллаа.

Энэ жилийн шилдэг инновацийн цомыг гангаар урласан бөгөөд хэлбэрт үл баригдах сэтгэлгээ, үргэлжид өрнөх хөгжлийг бэлгэдсэн өвөрмөц шийдэлтэй болсон нь уг хурлын бас нэгэн онцлох зүйл байлаа. Цомыг дагалдуулан 300$, өргөмжлөл, Innovation сэтгүүлээр шагнасан байна.

Хурлын үеээр эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, ажилдаа тодорхой хэмжээгээр шинэлэг аргачлал нэвтрүүлсэн сувилагч, асрагчийг "Эрүүл мэндийн салбарын үнэтэй хүн"-ээр анх удаа тодруулжээ. 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Улсын хэмжээний томоохон эмнэлгүүдээс Эрүүл мэндийн салбарын үнэтэй хүн-асрагчаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн асрагч Алгирмаа, сувилагчаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Цогт-Эрдэнэ нар тодрон өргөмжлөгдсөн билээ.

Мөн ажиллагааны үеэр анагаахын шинжлэх ухааны онолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, олон олон эмч нар төрүүлэн гаргасан сурган хүмүүжүүлэгчийг "Анагаахын соён гэгээрүүлэгч алдартан"-аар тодруулсан бөгөөд энэ жил амьдралынхаа 48 жилийг эрдэм боловсролтой чадварлаг эмч бэлтгэн гаргах үйлсэд зориулсан ЭМШИУС-ийн БАС-ийн Эмгэг физиологийн тэнхмийн багш, профессор Т.Зэвгээ өргөмжлөгдлөө.

INNOVATION Оюутны эрдмийн чуулганд "Умайн хүзүүн хавдарт HPV33-ийн тодорхой генийн хэсгийн ДНХ анализ" бүтээл шилдэг инновациар шалгарч ЭМШУИС-ийн АУС-ын 6-р курсын оюутан Анархүү нарын багт "Шинэ үе" оюутны шагналыг гардуулсан юм.

"ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЧИГ ХАНДЛАГА" ҮЗЭСГЭЛЭН

11-Р САРЫН 25 - ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

"INNOVATION-2008" Эрдэм Шинжилгээний Хурлын үеэр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг олон нийтэд сурталчлан таниулах, эрүүл мэндийн салбар дах бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой "Эрүүл Мэндийн Салбарын Чиг Хандлага" үзэсгэлэн 2 дах жилдээ зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ олонд танигдсан шилдэг байгууллагууд оролцож, шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцууллаа. Гол нь хуралд оролцож буй эмч эмнэлгийн ажилтнууд, эрүүл мэндийн салбарын нэр хүнд бүхий хүмүүс тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож байгаагаараа онцлог байлаа.

Үзэсгэлэнд:

• Proliance ХХК

• Анунгоо ХХК

• Монгол Эмимпекс концерн ХК

• Ачтан элит эмнэлэг

• ЭМЖЖ эмнэлэг

• Болор мэлмий эмнэлэг

• Sos medica эмнэлэг

• Actavis төлөөлөгчийн газар

• Advanced Health International ХХК-ууд оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ ёслолын арга хэмжээнд оролцогчдод танилцууллаа.

Тухайлбал Proliance ХХК дэлхийд алдартай Sysmex корпорацийн шинэ технологи, нээлт дээр тулгуурлан бүтээснээрээ дэлхий дахинд гайхуулагдаад байгаа лабораторийн багаж техник, гематологийн аппаратуудаа танилцуулсан бол Болор мэлмий эмнэлэг Монголд анхлан оруулж ирсэн нүдний харааг засах лазер эмчилгээ, Advanced Health International ХХК Япон улсаас шинээр оруулж ирсэн эмнүүдээ, Монгол Эм Импэкс концерн Итали улсын Chicco брандийн бүтээгдэхүүнээ танилцуулсан. Дээрх байгууллагууд болон Монгол улсад яаралтай тусламжийн салбарт шинээр түрэн орж ирсэн SOS Medica зэрэг үзэсгэлэнд оролцсон 10 шилдэг байгууллага "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-ын өргөмжлөлийг гардан авсан юм.

Хурлын үйл ажиллагааг UBS телевиз, TV9 телевизүүд сурвалжлан, мэдээллийн хөтөлбөрүүдээрээ хүргэсэн билээ.

ХУРЛЫГ ИВЭЭН ТЭТГЭГЧ, ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:

Мэдээж энэ том арга хэмжээг зохион байгуулахыг дэмжсэн байгууллагуудыг дурьдалгүй болохгүй билээ. "INNOVATION-2008" Эрдэм Шинжилгээний V Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Sysmex компанийн монгол дахь албан ёсны борлуулагч Proliance ХХК, ивээн тэтгэгчээр Монгол Эм Импэкс концерн ХК, Албан ёсны түншээр Анунгоо ХХК, АПУ ХХК, мэдээллийн ивээн тэтгэгчээр TV9 телевиз ажилласан юм. Мөн Монголын Оюутны Холбоо, Банжиг.нет зэрэг байгууллагууд энэхүү хурлыг дэмжин оролцсон болно.

Ийнхүү 2008 оны 11 сард эрүүл мэндийн салбарынхны хувьд нэгэн томоохон арга хэмжээ зохиогдож өнгөрлөө. "INNOVATION" Эрэм Шинжилгээний Хурал цаашид 2 жил тутам зохиогдож, анагаахын шилдэг инновациудыг тодруулах бөгөөд эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг илтгэсэн, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон арга хэмжээ болох зорилго тавин ажиллаж байна.

Цаашид Монголын бүхий л эмч, эмнэлгийн ажилтнууд энэхүү үйл ажиллагаанд оролцож, шинэ сэргэг мэдээллээр оюунаа цэнэглэн, хөгжилийн төлөө хамтдаа тэмцээсэй. Зөвхөн эрүүл мэндийн салбарынхан төдийгүй ард иргэдийн хувьд ч нэгэн том үйл явдал болтугай. Учир нь эрүүл мэндийн салбар хир хүчтэй байна эргээд та бидэнд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээ ирэх юм.

БИДЭНД ХӨГЖИЛ ХЭРЭГТЭЙ.

ТИЙМЭЭС БИД ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ ЁСТОЙ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1071
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК