Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Өрнө ба дорнын анагаах ухааныг зэрэгцүүлэн хөгжүүлэх асуудал, хөгжлийн үе шат, хандлага
( Судалгааны өгүүлэл )

Б.Дагвацэрэн, Т.С.Варламова, Б.Дэжидмаа

Уламжлалт Анагаах Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпораци

 
Абстракт

The modern scientific study on traditional medicine began many years ago and intensified from the 2nd part of the last century in the world level.

According to the scientific investigation on traditional medical peculiarity and secret property, the new tendency of the development of two medicines in an even level is being established and it can be considered as a «paradigm » to determine the tendency of modern medicine.

It becomes the new begin of the process to develop eastern and western medicine in an even level.It can be said that the process of the combined development of two medicine has a policy approach and integration process has began.

According to our idea the integration should be solved correctly by considering the following way:

  1. Structure management
  2. Theoretical and methodological aspect
  3. Practical aspect

Key words: eastern and western medicine, paradigm, secret property, traditional medical peculiarity,
Pp.3-6 , Table 1, References 14.

Судалгааны үндэслэл. Хүний биеийн бүтэц үйл ажиллагаа болон аливаа өвчин эмгэг үүсэж бий болох, илаарших зэрэг нь өөрийн гэсэн тодорхой нэг л зүй тогтолын дагуу явагддаг гэж үзвэл түүнийг судлах, оношлох, сэргийлэн эмчлэх, эм найруулах зэрэг биоанагаахын үндсэн асуудлуудыг өрнийн эсвэл дорнын анагаах ухааны хэмээн онол арга зүйн хувьд эрс зааглан үзэх нь учир дутагдалтай болж ирдэг бөгөөд логикийн хувьд нэгдмэлжсэн нэг л анагаах ухааны онол арга зүй боловсруулах шаардлага тавигддаг байна.

Өнөөдөр дэлхийн анагаах ухааны нэгдмэлжих үйл явц нэгэнт бодит зүйл болсон бөгөөд судлаачид энэ талаар онол арга зүйн үзэл баримтлалаа дэвшүүлэх боллоо.

Судалгааны ажлын зорилго. Энэ удаа бид уламжлалт анагаах ухааны онол арга зүйг бүтэц-тогцолцооны арга зүй, хөгжлийн парадигмын (хөтөч үзлийн) үзэл баримтлалын үүднээс задлан шинжилж, өрнө дорнын анагаах ухааны тогтолцоонуудын нэгдмэлжих үйл явц манай улсад хэрхэн өрнөж буйг түүхийн болон онол арга зүйн хувьд авч үзэж санал бодлоо хуваалцах зорилго тавилаа.

Судалгааны арга зүй. Судлагааг бүтэц тогтолцооны болон кибернетик загварчлалын (Урманцев.Ю.А-1990, E.Laszlo-1978, Б.Дагвацэрэн-1995, 1996) шинжлэх ухааны түүхийн хөгжлийг судлах Т.Куны (1975) хөтөч хандлага (парадигма) аргыг ашиглан гүйцэтгэсэн.

Судлагаан үр дүн. 20-р зууны анагаах ухааны хөгжлийн үе шат

Монголын анагаах ухааны хөгжлийн түүх, үе шат, эх сурвалж бичгийн тоймын талаар манай улсад судалгаа шинжилгээний чамгүй ажил хийгдсэн байна (Лүнрэг Дандар 19-р зуун, Ц.Хайдав, 1975, Ч.Баавгай, Б.Болдсайхан, 1976, Д.Нацагдорж, 2003, Б.Жигмэд, 2002 , Ш.Болд, 2006..гэх мэт). Судлаачид монголын анагаах ухааны түүхэн хөгжлийг манай эриний өмнөх он тоололын үеэс эхлэн эдүгээ хүртэл хугацааг хамруулан судалж, баримтжуулан, хөгжлийн хэд хэдэн үед хуваан авч үзсэн байна.

Бидний ойлгосноор өнгөрсөн 20-р зуунд монголын анагаах ухааны хөгжил маш өвөрмөц богино хугацааны хувьслаар явагдаж ирсэн онцлогтой байна. Өнгөрсөн 20-р зуунд монгол улсын улс төр нийгмийн амьдралд хувьсал, хувьсгалын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтүүд гарсан нь нийгмийн ертөнцийг үзэх үзэл санаа үндсээрээ өөрчлөгдөхөд хүргэж байв. Үүнтэй уялдуулан 20-р зууны монголын анагаах ухааны хөгжлийг шинжлэх ухааны түүхийн судалгааны хөтөч үзлийн (парадигма) үүднээс (Т.Кун, 1975) задлан шинжлэхэд доорхи хүснэгтэд үзүүлсэн мэт үелэл ажиглагдаж байна.

Хүснэгт 1. 20-р зууны Монголын анагаах ухааны хөгжлийн үе шат

Монголчууд 1921 оны хувьсгалтай золгох хүртэл Энэтхэгийн Аюурведийн угшилд хамаарах анагаах ухааныг Түвдээр дамжуулан бүтээлчээр баяжуулан хэрэглэж ирсэн түүхтэй. 1921 оны 8-р сард Д.Сүхбаатар жанжны шийдвэрээр анх "Өвчтэй хүнийг эмчлэх хороо" байгуулсан нь өрнийн анагаах ухаан монгол газарт нутагших эхлэл тавигдсан байна. Энэ үеэс л манай улсад өрнө дорнын анагаах ухаан зэрэгцэн хөгжих эхлэл тавигдсан байна. Харамсалтай нь коммунист үзэл суртлын явцуу эрх ашигт захирагдан уламжлалт анагаах ухааны соёлын өв уламжлалыг сүйтгэснээс хөгжлийг үндсэндээ зогсоосон байна. Энэ байдал 1960-аад он хүртэл үргэлжилсэн байна. 1950­1960 оны үед нүүдэлчдийн соёлын тэр тусмаа уламжлалт анагаах ухааны сэргэн мандалтын үе дэлхий нийтийн шинжтэйгээр эхэлсэн байдаг. Яг энэ үед Монгол улсаас гадна Хятадад Өвөрмонгол, Түвд, Орос улсад Буриад, Энэтхэгийн Дарамсала хотод уламжлалт анагаах ухааныг судлах гзар, эмнэлэг, сургуулиуд байгуулагдан өрнийн анагаах ухаантай зэрэгцэн хөгжсөн байна. Шинжлэх ухааны арга зүйг ашиглан УАУ-ыг судлан шинжлэх ажил гүнзгийрэхийн хирээр өрнө дорнын анагаах ухааны нэгдмэлжих өнөөгийн хөгжлийн шат 1990-ээд оноос эхэлсэн байна.

Манай улсад өрнө, дорны анагаах ухаан нэгдмэлжих үе шатандаа хөгжиж байна

Өрнө, дорны анагаах ухааны нэгдмэлжих үйл явц нь зөвхөн монгол улсад бус дэлхий нийтийг хамарсан даяар (глобал) шинжтэй байна.

Өрнө, дорны анагаах ухааны нэгдмэлжих үйл явц бол энгийн механик нийлбэр биш бөгөөд бидний ойлгосноор дэлхийн нэгтгэмэл гуравдагч анагаах ухааны эхлэл тавигдсан байна.

Өрнө, дорнын анагаах нэгдмэлжих үйл явцыг:

  1. Удирдлага, бүтэц зохион байгуулалтын буюу менежментийн
  2. Онол арга зүйн
  3. Практик хэрэглээ үйл ажиллагааны хэмээн ялган салган судлан шийдэх нь оновчтой байж болох юм.

Уламжлалт анагаах ухааны зохион байгуулалт. ДЭМБ-аас УАУ-ны талаар 2002-2005 онд баримтлах стратегид "УАУ болон нэмэлт сонголтот анагаах ухааныг (НСАУ)-ыг эрүүл мэндийн тусламжийн нэг эх сурвалж, нөөц болгон ашиглах хандлага дэлхий нийтээр өргөжиж байна. Үүнтэй холбоотойгоор Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг зүй зохистой хослуулан хөгжүүлэх бодлого, арга зүй боловсруулах, аюулгүй байдал, үр дүнтэй, чанартай байдлыг хүртээмж зохистой хэрэглээг хангах асуудлыг судлан шийдвэрлэх шаардлагууд амьдралаас дэвшигдэн гарч байна" хэмээн УАУ ба орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх асуудлыг тодорхойлсон байна.

Мөн ДЭМБ-аас дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн тусламжийн бүрэлдэхүүнд нь УАУ-ны эзлэх байр суурийг харгалзан:

  1. Нэгдмэл тогтолцоо
  2. Агуулсан тогтолцоо
  3. Уян хатан тогтолцоо хэмээн ялгасан байдаг.

Өрнө дорнын анагаах ухааны нэгдмэл тогтолцоотой 26 улсын нэгэнд манай улс хамрагдсан байна. Энэ бүхнээс үзвэл Уламжлалт ба орчин үеийн анагаах ухааныг хослуулан хөгжүүлэх асуудал бодлогын шинжтэй бөгөөд өрнө дорнын анагаах ухааны нэгдмэлжих үйл явц нэгэнт эхэлснийг харуулж байна. Манай улсын хувьд УАУ-ыг төрийн бодлогын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бөгөөд Улсын их хурлаас 1999 онд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыыг батлан хэрэгжүүлж байна.

Манай улсад анх 1959 оноос эхлэн уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэстэй судлах ажил эхэлсэн бөгөөөд 1973 онд ШУА-ийн харъяанд Байгалийн нэгдлийн хүрээлэн нэртэй эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулсан нь монголын болон дорно дахины ард түмний уламжлалт анагаах ухааныг судлан хөгжүүлхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон.

Өнөөдөр уламжлалт анагаах ухаан судлалын цар хүрээ өргөжиж уламжлалт анагаахын философид суурилсан өрнө дорнын анагаах ухааны нэгтгэмэл онол арга зүй боловсруулах, эмийн эмчилгээ заслын үр дүнтэй арга зүй боловсоруулан эзэмших, эмийн ургамал амьтныг өсгөн үржүүлж ашиглах, шинэ эм зохион бүтээж эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх, эм тан үйлдвэрлэлийн технологийг боловсоронгуй болгох зэрэг олон талт судлагаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж багагүйр дүнд хүрч чадсан байна.

Уламжлалт анагаах ухааны 3 дээд сургууль байгуулагдан ажиллаж дээд боловсролтой эмч бэлтгэх боллоо.

Нийслэл хотод улсын 24 эмнэлэг, 31 кабинет, хувийн хэвшлийн 44 эмнэлэг, аймгийн төвүүдэд нэгдсэн эмнэлгийн дэргэд улсын өмчийн 22 уламжлалт анагаах ухааны тасаг, хувийн хэвшлийн 32 ортой эмнэлэг байгуулагдан ажил үйлчилгээ явуулж ирлээ.

Мөн улсын болон хувийн хэвшлийн өмчтэй 10 шахам уламжлалт эм тангийн үйлдвэр байгуулагдан 250 шахам нэр төрлийн эм тан үйлдвэрлэж байна. (Уламжлалт анагаах ухаан - төслийн тайлан 2003 он)

Харин УАУ-ны эмчилгээ үйлчилгээний тусламж хамгийн шаардлагатай байгаа сум, баг, өрхийн эмнэлгийн түвшинд уг тусламж жигд хангалттай биш өөрөөр хэлбэл зохих түвшинд хүрч чадаагүй байна. Энэхүү дутагдлыг арилгаж хөдөөгийн хүн амд УАУ-ы эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд Япон улсын "Ниппон сангаас" санхүүжүүлж, "Вансэмбэрүү" ХХК төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй "УАУ-ныг дэлгэрүүлэх" нэртэй төсөл ихээхэн үр дүнтэй ач холбогдолтой байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Уг төсөлд нийтдээ Төв, Булган, Архангай, Дундговь, Хэнтий аймгуудын 17 сумын 10,000 гаруй өрхийн 50,000 гаруй хүн ам хамрагдаад байна. Төсөл 2004 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд сум багийн эмч, эм зүйч 110-150 хүнд УАУ-ы анхан шатны болон гүнзгийрүүлсэн сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулсан нь зохих үр дүнгээ өгч байна. УАУ-нд өргөн хэрэглэгддэг 10-аад эм танг сонгон авч "Өрхийн эмийн санг" бүрдүүлэх бөгөөд өрхийн эмийн санг 10,000 гаруй өрхөд тараан байрлуулж түүнийгээ түшиглэн УАУ-ны сургалт, явуулын эмчилгээ үйлчилгээ хийж үр дүнг нь тооцон ажиллаж ирсэн байна. Тайлан илтгэлээс үзвэл судалгаанд хамрагдсан хүмүүсийн 80,27% нь өрхийн эмийн санг хэрэглэснээр эрүүл мэндийн байдал сайжирсан, 80,34% нь эмнэлгийн яаралтай тусламжийн үед "Өрхийн эмийн санг " тус болдог гэсэн бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсэдийн тоо болон баг сумын эмчийн дуудлагын тоо цөөрсөн (8,3-39,7%) гэсэн эерэг үзүүлэлтүүд олныг дурьдаж болно (УАУ-ыг дэлгэрүүлэх төслийн судалгааны тайлан 2004-2007).

Эндээс үзэхэд УАУ-ны тусламж үйлчилгээг сум баг өрхийн түвшинд дэлгэрүүлэхэд ЭМШУИС болон бусад их дээд сургууль төгсөж буй эмч бэлтгэх сургалтын хөтөлбөрт нь УАУ-ны анхан шатны мэдлэг, дадлага олгох хичээлийг оруулах явдал хөгжлийн өнөөгийн шаардлагаас урган гарч ирж байна.

Онол арга зүйн талаар

Бид сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд УАУ-ны онол арга зүйн үндсэн ухагдахуун ойлголтыг орчин үеийн тогтолцооны ерөнхий онолын арга зүй, бүтэц-тогтолцооны арга, тогтолцоо-кибернетик загварчлалын хүрээнд судлан шинжилсний үр дүнд Аюурвед, Түвд, Монголын УАУ нь байгалийн түгээмэл хуулиуд, зарчим, зүй тогтолд үндэслэгдсэн бөгөөд төгс, зохиролтой, жам ёсны тогтолцоо байна гэсэн дүгнэлтэнд хүрч, УАУ-ны хий, шар, бадганы сургаал нь бие махбод-тогтолцооны анхдагч элементийн бүхий л шинжийг хадгалж чадах ойлголт юм байна гэсэн зарчмын хувьд шинэлэг санаа дэвшүүлсэн (Б.Дагвацэрэн 1996).

Бие-тогтолццоны "анхдагч элемент" болох хий, шар, бадганыг тогтолцооны ерөнхий онолын дагуу тоо, чанар, харьцааны хувьд хувиргах замаар биемахбодын бүхэллэг нэгдмэл байдалд хэрэгждэг зүй тогтолуудыг үндэслэх боломж гарсан билээ. Тухайлбал:

  1. Хий шар бадганы байж болох эвлүүлэг (зохиомж)-ийн тоо нь зөвхөн 7 байх бөгөөд биеийн өвөрчлөл, өвчний үндсэн билэг чанарын хувиргалт зэрэг нь "обьект- тогтолцоо" хувиргах нэгдүгээр хуулиар,
  2. Бүхэнд түгэх ерөнхий өвчнийг эрхмийн үүднээс 101 ялгасан байдаг нь хий шар бадганы зөвхөн харьцааны байж болох хувиргалтыг тусгасан буюу тогтолцооны ерөнхий онолын изоморфизмын түгээмэл хуулиар,
  3. Өвчин үүсэх нөхцөл ба идээ ундаа явдал мөрийн нөлөө зэрэг нь тогтолцооны ерөнхий онолын тогтолцоог хувиргах гуравдугаар түгээмэл хуулиар буюу эргэх холбооны зарчмаар,
  4. Цөөн болон олон найрлагатай эм танг жорлон найруулах арга нь эмийн амтын тоо, харьцааны хувиргалтыг харгалзсан бөгөөд тогтолцооны ерөнхий онолын полиморфизмын түгээмэл хуулиар,
  5. УАУ-ны нэмэр өвчнийг 27-д ялгадаг учир нь тогтолцооны ерөнхий онолын харилцан үйлчлэлийн түгээмэл хуулиар тус тус хэрэгждэг болох нь судлагааны дүнд тодорхой болсон.

Бие махбод бүрэлдэн бий болох, оршин тогтнох, эвдэрч устах үйл явц буюу эрүүл биеийн зүй, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх, эмчлэх болон эм найруулах арга нь дээрхи хуулиудад үндэслэгдсэн болох нь судалгааны дүнгээс харагдаж байна.

УАУ-ны онол арга зүйн сургаал нь байгалийн шинжтэй жам ёсны хууль зүй тогтолд үндэслэгдсэн байдгийг тайлснаар бие махбод орчинтойгоо шүтэн барилдаж орших биоанагаахын цомхотгон нэгтгэсэн онол арга зүйг боловсруулах боломж гарч ирж байгаа хэрэг юм.

Анагаах ухааны нэгтгэмэл онол арга зүй боловсруулах асуудал бол өнөө үед биоанагаахын хөгжлийн "парадигм" хөтөч үзэл болж байна.

Нэгтгэмэл анагаах ухаан буюу дэлхийн гуравдагч анагаах ухааны онол арга зүйг нарийвчлан боловсруулах нь биоанагаах ухааны судалгааны олон талт ажлыг шинэ шатанд гаргаж онол практикийн зохих үр өгөөжөө өгөх ач холбогдолтой байна.

Практикийн хувьд гэвэл дорнын анагаах ухааны иллэг, бариа, шавар, зүү төөнө, хануур засал, йог дасгал сургуулилт нь эмчилгээний өдөр дутмын үйл ажилгаанд нэгэнт нэвтрээд байгаа билээ. Мөн эм тан найруулах уламжлалт эрдэм мэдлэгт дулдуйдан шинэ эм зохион бүтээж хэрэглэх асуудал зарчмын шинжтэй шийдвэрлэгдэж чадсан байна.

Энэ бүхнээс үзвэл өнөөгийн анагаах ухааны хөгжлийн хандлагыг тодорхойлж буй нэгтгэмэл анагаах ухааны парадигмын (хөтөч үзлийн) үзэл баримтлалыг ЭХ-ын удирдлага зохион байгуулалт болон биоанагаахын олон талт судалгаа сургалт үйлдвэрлэл эмнэлэг үйлчилгээнд харгалзан үзэх шаардлага амьдралаас урган гарч ирж байна.

Ном зүй

1. Лүнрэг Дандар Монголын Уламжлалт анагаах ухааны түүх. УБ., 1993.
2. Хайдав.Ц, Баавгай.Ч Дорно дахины анагаах ухааны судар бичгийн тойм УБ.1975
3. Болдсайхан.Б Монголын Уламжлалт анагаах ухаан. УБ., 1976.
4. Нацагдорж.Д Бурхан, эмч, сахиус УБ. 2001.
5. Жигмэд.Б Монгол анагаах ухааны түүх Хөх хот 2002.
6. Болд.Ш Монголын уламжлалт анагаах ухааны түүх. УБ. 2006.
7. Урманцев. Ю. А. Общая теория систем, состояние приложения и перспективы развития. В кн : Система, симметрия, фармония. М. Москва 1988.
8. E.Laszlo. System, Structure and experience, Gordon and Bread Science Puls., 1978.
9. Дагвацэрэн.Б Монгол төвд анагаах ухааны онол арга зүйн үндэс. УБ 1996.
10. Кун.Т Структура научной революций М.Прогресс, 1975.
11. Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламжийн өнөөгийн байдлын талаархи судалгааны ажлын тайлан.ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж буй \"УАУ \" 001 төслийн тайлан. УБ. 2003.
12. МУАУ-ны талаар төрөөс баримтлах бодлого. УБ. 2003.
13. ДЭМБ-аас УА-ы талаар баримтлах стратеги /2002-2005/ УБ. 2003.
14. Болд.Ш, Болорцэцэг..ЖУАУ-ыгдэлгэрүүлэх төслийн судалгааны тайлан. 2004-2007.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2318
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК