Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Психозын учгийг тайлсан нь
( Түүх )

Trevor Turner, сэтгэцийн зөвлөх эмч Хомертон эмнэлэг, Лондон 

 

 

Trevor Turner

Хлорпромазиныг нээсэн явдал нь сэтгэц судлалын талаарх нийгмийн болоод биологийн ойлголтуудыг үндсээр нь өөрчилж сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг зөнд нь орхисон, эмчлэх аргагүй гэж хий дэмий аргаа барсан байдлыг эцэс болгосон Ан агаах Ухааны шинэ дэвшил байлаа. Бид бүхний сайн мэдэх Шекспирийн “Лир хаан” зохиолын Галзуу Том, 1948 онд дэлгэцнээ гарч Нью Йорк хотын сэтгэцийн хориотой эмнэлэгт хоригдож буй өвчтөнүүдийн хашгирч орилж байгааг үзүүлж олныг айлгасан Анатоли Литвакийн “Могой Пит” зэрэг киноноос харвал психозын эмчлэгдээгүй хэлбэрийн гадаад төрх, үнэр, дуу авиа зэрэг шинжүүдийн талаар хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэддэг байсан байна. Литвакийн 1921 онд бичсэн “Сэтгэцийн эмчийн туршлагаас”  номонд өрхийн эмч Монтака Ломакс сэтгэцийн өвчтөнүүдийн талаар ”ямар ч эмчилгээгүй галзуу солиотнууд улсын сэтгэцийн эмнэлэгт амьдарсаар. Араатан авиртай, орчиндоо сонирхолгүй, гөлрөнгө, ховдог, өшиж хорссон, эсэргүүцсэн... тэд ааш муутай, тогтворгүй, яхир. Бас зэвүү хүрмээр бохир заваан, өмхий үнэртэй” хэмээн дурджээ. Улмаар ямар ч эмчилгээгүйн улмаас сэтгэцийн өвчтөнийг эмчлэх эмнэлэг нь үнэн хэрэгтээ тэдгээр хүмүүсийг зөвхөн хорих үүрэг гүйцэтгэж, сэтгэцийн эмгэгийн цуглуулга, музей болж хувирсан байлаа.1940-өөд он гэхэд их сургуулийн судалгааны лабораториуд болон эмийн компаниудад сэтгэцийн эмчилгээнд хэрэглэгдэх химийн нэгдлүүдийг туршин гаргах оролдлого ихээр хийгдсээр байлаа. 1926 он гэхэд ацетилхолин нейротрансмиттер болох нь тодорхойлогдож, 1937 онд гистамины эсрэг үйлчлэл бүхий бодисуудыг нээж, 1943 онд LSD (Lysergic acid diethylamide) хэмээх бодисыг нээсэн нь сүүлдээ шизофренийн эмчилгээнд өргөн хэрэглэгдэх болсон байна.Гадуурхагдсан, олон талаас судлагдсан боловч ихэнхдээ ямар ч найдваргүй, бас дээр нь аюултай сэтгэцийн эмгэгтэй хүмүүст инсулин эмчилгээ, цахилгаан эмчилгээ, лейкотоми (лоботоми) зэрэг физик эмчилгээний шинэ аргуудыг хэрэглэж байлаа. Мөн тайвшруулах эмнүүд болох бромид, барбитурат, паралдегидийг хэрэглэж эхэлсэн бөгөөд хэт догширсон, орилж чарласан өвчтөнүүдэд паралдегидийг хэтрүүлсэн тунгаар хэрэглэж байв.1950-аад онд Rhone-Poulenc-ийн лабораторийн химич Paul Charpentier антигистамины бүлгийн фенотиазины уламжлалын эм болох 4560-RP-ийг нээсэн бөгөөд сүүлд үүнийг хлорпромазин гэж нэрлэжээ. 

Психофармакологийн салбарын “Сэргэн мандалт” 

1949 онд Францын мэс засалч Henri Laborit цэргүүдэд мэс засал хийхдээ мэдээ алдуулалтыг дэмжих зорилгоор антигистаминыг хэрэглэхэд өвтөнүүд илт тайвширч нойрмоглож байгааг ажигласан  байна. Тэрээр Парис уруу нүүж, тэндээ автомат мэдрэлийн тогтолцоонд хориг үзүүлж чадна гэсэн итгэлээр 4560-RP-ийг клиникт нэвтрүүлэхийг хүсжээ. Ингээд 1952 оны 1-р сарын 19-ны өдөр сэтгэл хөөрлийн хам шинж бүхий 24 настай өвчтөнд хлорпромазиныг тарьсан байна. Өвчтөн хэдэн цагийн турш тайвширсан, нүдээ анисан байдалтайгаар байсан тухай энэхүү туршилтын тайлан бичигт тэмдэглэсэн байна. Гурван долоо хоногийн дараа өвчтөн илт номхорсон байв. Өвчтөнд уг эмчилгээний хажуугаар цахилгаан эмчилгээ, өвчин намдаагч болон барбитуратыг хэрэглэсээр байсан бөгөөд үнэхээр дээрх үр дүн нь хлорпромазины өвөрмөц үйлчилгээ мөн эсэх нь эргэлзээтэй байв.Хэд хэдэн триалууд хлорпромазины үр дүнг баталгаажуулахаар эхлэв. Гэвч Парисын St.Anne-ийн эмнэлгийн Pierre Deniker болон түүний туслах Jean Delay нарын судалгааны үр дүн энэхүү “уралдаанд” түрүүлсэн юм. Тэд нийт 38 сэтгэцийн өвчтөнд хлорпромазиныг өдөрт 75-100мг хэмжээтэйгээр тарьж эмчилсэн бөгөөд өөрсдийн судалгааны үр дүнг Annales Medico-Psychologiques сэтгүүлд 1952 онд хэвлүүлжээ.Хлорпромазиныг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн талаараа Deniker 1970 онд “шинэ эмийн талаарх мэдээлэл хязгаарлагдмал байсан ба өвчтөнүүдийн асаргаа сувилгааны тал дээр ч гэсэн илүү анхаарал тавигдах болсон” хэмээн дурдсан байдаг. Үнэхээр энэ үеэс өвчтөнүүд болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн харьцаанд эргэх холбоо үүсэж, эмнэлгийн өрөөний зохион байгуулалт шинэчлэгдэн, “шизофренийн догшролтой болон дэмийрэлтэй өвчтөнүүдийн байдалд дэвшил гарч” сэтгэцийн эмгэг судлалын салбарын хөгжил шинэ түвшинд гарч ирсэн байна.1954 оноос хлорпромазиныг ихээр судлан шинжлэх болж ялангуяа Канад, Их Британи, АНУ-уудад давхар далдлалтын аргаар том хэмжээний триалууд хийгдсэн байна. Хэдийгээр хуучинсаг үзэлт сэтгэц судлаачид нь тус эмийг  “аналитик сэтгэл зүйн эмчилгээ”-г орлож чадахгүй гэж үзэж байсан ч АНУ-д дээрх судалгааг мөн эхлүүлсэн байлаа. Эмийн хам болон гаж үйлдлийнх нь улмаас Францын эрдэмтэд тус эмийг 1955 оноос эхлэн нейролептик (нейроны үйл ажиллагааг саатуулдаг) гэж нэрлэхээр болсон байна.  1956 оноос Их Британий сэтгэцийн эмнэлгүүдэд хоригдож байсан сэтгэцийн өвчтөн “хоригдлууд”-ын тоо аажим аажмаар буурч эхэлсний зэрэгцээ, хэдхэн жилийн дараахнаас нь л сэтгэл уналтын болон солиорлын эсрэг эмүүд нийтийн хүртээл болсон юм. Ингэж сэтгэц судлалын салбар биологийн төдийгүй нийгмийн сэтгэц судлал гэсэн хөгжлийн шинэ түвшинд гарч ирлээ.Хэрвээ хлорпромазин зэрэг энэ төрлийн эмүүдийг нээгээгүй байсан бол бид өдийг хүртэл Монтака Ломаксийн дүрслэн бичсэн тэрхүү өрөвдөлтэй хорих газрын бас нэгэн гэрч, тэрхүү хүнд зовлонг өөрчлөхийн төлөө амиа ч өгөхөөс өөр аргагүй болсон хүмүүсийн нэг ч байж болох байсныг үгүйсгэх аргагүй. Улмаар үйлчлэн асрагчийн үүрэг нь яг л зоо паркын амьтдыг хянаж байх харгалзагчийн үүрэг болон хувирч, зуу зуун дэмийрэлтэй өвчтөнүүдийг хооллох, угааж цэвэрлэх, хүчээр номхотгохоор хязгаарлагдах байсан. Сэтгэцийн эмгэгийн салбарт ажиллагсад мэс заслын болон бусад эмчилгээний салбарынхнаас гадуурхагдан хаягдаж, тэдний хөдөлмөрийг үнэхээр хэнд ч хэрэггүйтэй адил, тэднийг ч мөн хэрэггүй амьтад хэмээн доромжлох байлаа. Зигмунд Фрейдийн намтрыг судлагч Ernest Jones нэгэн дурдатгалдаа “Цоожтой өвчтөнүүдийг сахин суугч” хэмээн сэтгэцийн эмч нарыг хошигнодог байсныг бичсэн байдаг.Хэрвээ энэ байдал үргэлжилсэн бол өөрсдөөс нь шаардаж буй ой гутам үүрэг хариуцлагын дороос манай өнөөгийн чадварлаг сэтгэцийн эрүүл мэндийн боловсон хүчин хэзээ ч өндийн гарч ирж чадахгүй байж болох байсан юм.  Гэвч тийм юм болсонгүй.

Сэтгэцийн өвчний “Пенициллин”

Хүн амьдралынхаа хугацаанд сэтгэцийн өвчнөөр (шизофрени болон зарим хоёр туйлт эмгэгүүд) өвдөх магадлал дэлхий дахинд 2-3 хувь байдаг бөгөөд эдгээр өвчин нь удаан хугацааны сөрөг үр дагавар үүсгэдэг. Өвчтөнүүд өөрийгөө үгүйсгэх, мөн нийгмийн зүгээс тэдгээр өвчтөнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй, ялгаварлан гадуурхах сөрөг үр дагавруудаас гадна нийт өвчтөнүүдийн 10 хувь нь амиа хорлодог байна. Сэтгэцийн эмгэг судлалын салбарт хлорпромазиныг эмчилгээнд хэрэглэх болсон нь пенициллинийг нээсэнтэй адил нээлт болж, энэ эмийг эмчилгээнд хэрэглэсний үр дүнд өвчтөнтэйгээ ойлголцож чадахгүй, цөхрөлд орсон эмч, өөрийгөө илэрхийлж чаддаггүй, дуугай гөлрөн суух харилцааны чадваргүй болсон өвчтөн хоёрын харилцаа шинэ түвшинд гарч, тэдэнд ойлголцох боломжийг олгосон төдийгүй хүний физиологийн талаарх бидний ойлголтыг нейропсихологийн шинжлэх ухаан, хүмүүс хоорондын харилцаа болон хүний эволюцийн (их тархины гений мутаци нь психозтой өвчтөнүүдийн эрсдэлт хүчин зүйл болох) ойлголтуудтай холбож өгсөн юм. Орчин үеийн психофармаколог нь сэтгэл хөдлөлийн болон өвчтөний өөрийн шүүмжлэлт чанарын (тунгаан бодох, нэгтгэн дүгнэх чадвар-judgments) ёс суртахууны бус үнэлгээн дээр тулгуурлан тухайн эм тархины үйл ажилгаанд хэрхэн нөлөөлж байгааг илрүүлдэг байна.Хэдийгээр эмчийн хийж байгаа эмчилгээ нь сэтгэц хөөрлийн, сэтгэл уналтын эсрэг бүр өвдөлтийн эсрэг, эсвэл антибиотик ч байсан ялгаагүй эмч болгон үр дүн өндөр, найдвартай эмчилгээ, эмийг л хүсдэг нь тодорхой. Харамсалтай нь өнөөдөр сэтгэц судлалын амин сүнс нь яг таг шинжилгээ хийж, оношийн түлхүүрийг тайлснаар өвчнийг зөв оношлох, сэтгэц судлалыг анагаахын шинжлэх ухаантай холбох зорилгодоо чиглэгдсэн хэвээрээ л байна. Хлорпромазиныг нээж судалсан нээлтийн үр дүнд бий болсон олон ололтуудын нэгэн адил хэрвээ бид сэтгэл уналтыг моноамин дутагдлын хамшинж, паранойд шизофренийг тархины урд хэсгийн гипердопаминэрги зэргээр сэтгэц-биологийн нэршлээр нь нэрлэж заншсан тохиолдолд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа сэтгэцийн өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах, хүйтэн хөндий хайхрамжгүй хандах тэр байдлаас зайлсхийж болох боломж байгааг олон эрдэмтэд санал болгож байгааг хайхрахгүй байхын аргагүй юм.

 

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 740
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК