Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 1(6-1)
Мелкадиесийн мэдээ
( Товч мэдээлэл )

Ч.Гансүх

 

Бактерийн эсрэг пептид

Хэдэн сарын өмнө бактерийн эсрэг нэг шинэ эмийн бүлэг мэдэж авлаа. Зарим нэг вирусын, амьтдын, хүний пептидүүд бактерийн өсөлтийг саатуулах, бактерийг үхүүлэх үйлчилгээтэй байдаг болохыг бид бүгдээрээ мэднэ. Харин энэхүү жижиг пептидүүд яаж үйлчилдэг, хэдэн пептид байдаг болохыг хүн болгон мэдэхгүй. Ихэвчлэн иймэрхүү шинж чанартай пептидүүд бага хэмжээтэй 6-50 нэмэх цэнэгтэй амин хүчлийн үлдэгдлээс тогтсон байдаг бөгөөд ихэвчлэн бактерийн эсийн мембрантай харилцан үйлчилж өсөлтийг нь саатуулдаг ажээ.  Ямар уургийн ямар хэсэг вэ гэдгээсээ шалтгаалаад тухайн бактертаа  үйлчлэх механизм нь өөр өөр. Гэхдээ олон антибиотикт дасал болсон бактерийн эсрэг үйлчлэх нэг ч гэсэн эмийн бүлэг нэмэгдэж байвал уул нь тун сайн хэрэг юм гэж бодох юм.  
http://aps.unmc.edu/AP/database/antiB.php
Энэ хаяг дээр бактерийн эсрэг пептидүүдийг бүртгэдэг сан байна. Одоогийн байдлаар ийм идэвхтэй 1034 пептид бүртгэгдсэн гэнэ. 

HCV protein network

Вирус болон эзэн биеийн хэрхэн бие биетэйгээ харилцан үйлчилдэг талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг шинээр түрэн гарч ирж байгаа шинжлэх ухаан болох протеомикийн судалгааны аргууд бидэнд өгч байна. B. de Chassey нарын судлаачдын мэдээлж байгаагаар одоогийн байдлаар эс дотор гепатитийн C вирустэй харилцан үйлчилдэг 314 уураг тодорхойлогдоод байгаа бөгөөд энэхүү уургуудын ямар үүрэгтэй болохыг олж тогтоох замаар бид энэ вирусыг илүү сайн ойлгох боломжийг өгч байна. Магадгүй энэхүү судалгаа нь бидэнд тухайн вирусын шалтгаантай үүсдэг элэгний үрэвсэл, хатуурал, элэгний хавдар гэж яг юу болохыг хэлж өгч ч болох юм. Ирээдүйд анагаах ухаан вирусыг ялна гэж итгээд найдаад хүлээх л үлдлээ дээ. 
Дэлгэрэнгүйг олж уншъя гэвэл Molecular Systems Biology 4; Article number 230; doi:10.1038/msb.2008.66

HCV protease inhibitor

ДОХ-ын HAART эмчилгээнд вирусын протеаза ферментийн ингибиторуудыг амжилттай хэрэглэж байгаадаа урамшин магадгүй бусад вирусын уг ферментийг саатуулбал тухайн вирусыг бүрэн эмчилдэггүй юм аа гэхэд идэвхийг нь дараад байх бүрэн боломжтой юм гэсэн итгэл судлаачдын дунд тараад байгаа билээ. HCV-ийн протеаза ферментийн өөрийн бүтэцтэй холбоотой тухайн ферментийг саатуулах эмийн бэлдмэл гарган авахад нэлээн хүндрэлтэй байсан боловч энэхүү асуудлыг шийдэж чадсандаа баяртай байна гэж John T.A. Hsu мэдэгдсэн байна. Хэдийгээр бид протеаза ферментийн эсрэг үйлдэлтэй эмийн бэлдмэл гарган авч болж байгаа боловч хэсэгхэн хугацааны эмчилгээний дараа тухайн эмийн бэлдмэлд тэсвэртэй вирусын омог үүсэн гарч байгаа нь хамгийн гол бэрхшээл юм гэж тэрээр нэмж хэлсэн байна. 

Liver fibrosis

Саяхан нэг олон улсын хуралд оролцоод явж байхдаа сонссон содон зүйлээ та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Элэгний фиброз болон циррозын эмчилгээний шинэ аргын талаар юм. Бид элэгний фиброз эсвэл цирроз үүсэхэд маш урт удаан хугацаа зарцуулдаг эргэшгүй өөрчлөлт гэж ойлгодог. Ийм биш болохыг сүүлийн үеийн Stellate cell-ийн судалгаанууд харуулж эхэллээ. Элэгний Stellate cell нь Диссегийн хөндийд байрладаг элэгний үрэвсэл болон фиброзийн үед идэвхиждэг эс юм. Харин энэ эсийн идэвхийг хэдхэн хоног дарангуйлахад фиброз болон циррозын процесст бүтэн эргэлт гарч болохыг David A. Brenner -ийн судалгааны ажил харуулж байна. Эмнэлзүйн триалын I шат дээрээ явж байгаа энэхүү эмчилгээний арга нь үнэхээр үнэмшил төрүүлэхээр харагдаж байна билээ. Магадгүй бид фиброзын эсрэг сайн эмтэй болж болох юм гэсэн итгэл тэрхүү илтгэлийг сонссоны дараа төрлөө. 

Researchers halt spread of HIV with RNAi

ДОХ-ын вакцин гаргах удаа дараагийн бүтэлгүй оролдлогын дараа ч гэсэн судлаачид дархлаажуулалт энэхүү вирусын эсрэг ямар нэгэн зүйл хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа билээ. Хэдэн сарын өмнө ДОХ-ын вирусын вакцин бүтэлгүй болсны гол буруутан нь ДОХ-ын вирусын хувьсамтгай чанар нь ч биш харин уг вирусын вакциныг тээгч болгон аденовирусыг ашигласантай холбоотойгоор вакцинжуулалт бүтэлгүй болсон байж болох талаар шуугиан тарьсан мэдээлэл цацагдсан. Хүн амын дунд аденовирусын эсрэг дархлаажуулалт хэдийн өргөн тархсан байдаг бөгөөд магадгүй аденовирусын эсрэг үүссэн дархлааны хариу урвал ДОХ-ын вакцины ажиллах боломжийг өгөөгүй байж болох талаар өгүүлсэн байсан билээ. Харин энэ удаа судлаачид арай өөр аргаар үзэхээр шийджээ. Хэрвээ бид Т эсийн CCR5 уургын экспрессийг siRNA ген эмчилгээний аргыг ашиглан бууруулчихвал ДОХ-ын вирус эсэд халдаж чадахгүй болно гэсэн бодол дээр уг судалгааны ажил үндэслэсэн аж. Үнэхээр CCR5 уураг байхгүй байсан ч энэхүү уургийн дархлаа тогтолцоонд гүйцэтгэх үүрэг тийм чухал бишийг удаа дараагийн судалгааны ажлууд нотлоод байгаа билээ. 
Мэдээллийн эх сурвалж: Priti Kumar et al, T Cell-Specific siRNA Delivery Suppresses HIV-1 Infection in Humanized Mice, Cell.

Clostridium Difficile ба Эмнэлгийн дотоод халдвар

Ятрогенный буюу эмнэлгийн дотоод халдвараар үүсгэгддэг “эмнэлгийн гаралтай суулгалт”-ыг (Hospital acquired diarrhea) үүсгэгч болох Clostridium difficile-ийн мөн чанарын талаар олон жилийн туршид бүрэн ойлголтгүй байсан бол саяхан бидний эмчилгээ, оношлогоонд нэн чухал шинэ дүгнэлтийг АНУ-ын (Medical Service and Research Service, Hines VA Hospital, Infectious Disease Section, Loyola University Chicago, Illinois) болон Австралийн Их сургуулийн (Australian Research Council Centre of Excellence in Structural and Functional Microbial Genomics, Monash University) эрдэмтэд хамтын судалгааны үр дүндээ танилцуулжээ.
Энэхүү нянгийн спор нь 1000 өвчтөнд дунджаар 13 хүнийг (2004) өвчлүүлэн эсвэл тээгч болгон антибиотикд тэсвэртэй шинэ бүлгүүдийг үүсгэж байна. Одоогоор хэрэглэж буй шинжилгээний аргуудын энэхүү нянг илрүүлэх магадлал нь дөнгөж 25% байгааг энэхүү судалгаанд дурдсан нь оношлогооны алдаа ихээр гарч байгааг харуулж байна. Оношлогооны алдаа нь цаашид нянг эмнэлзүйн орчинд өвчтөнүүдийн хооронд, эмнэлгийн багаж төхөөрөмжөөр болон эмч сувилагчийн гараар мэдэгдэхгүйгээр тархахад хүргэж, улмаар эмчилгээнд тэсвэртэй нянгийн овог аймгийг үүсэх бололцоог бий болгож байгаа юм. Иймээс одоо хэрэглэж буй эмчилгээний аргууд хүчин мөхөсдөхөөс өмнө амжиж энэхүү нянгийн жинхэнэ мөн чанарыг мэдэх нь эмчилгээнд нэн хэрэгтэйг дурдах нь илүүц буйзаа. 
Усан суулгын эмнэлзүйн бүдэг шинж тэмдгүүд болох: халууралт, хэвлий хөндүүрлэх, бүдүүн гэдэсний үхжил зэрэг шинэ, өвөрмөц бус шинж тэмдгийн хажуугаар зарим тохиолдолд өвчтөнийг хурдацтай үхэлд хүргэх чадвартай энэхүү нян нь лабораторийн нөхцөлд муу ургадагаас энэхүү нянгийн нэрийг difficile буюу хүнд хэцүү гэсэн латин гаралтай үгээр илэрхийлжээ. 
Олон жилийн туршид эрдэмтэд нянгийн 2 төрлийн хорт бодис буюу Токсин А, Токсин В дээр тулгуурлан судалгаа хийж байсан юм. Тиймээс ч оношлогоонд ихэнх нянгийн адил Токсин А ялгардаг хэмээн үзэж байсныг Австралийн Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Clostridium difficile мутацид орсны улмаас хоёр Токсины аль нэгийг ялгаруулдаг болсныг тогтоож,  мөн “Nature”  сэтгүүлд хэвлэгдсэн Loyola Их Сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Токсин В нь илүү хор нөлөөтэйг олж тогтоожээ. 
Токсин В-г сайтар судалснаар түүнээс үүдэлтэй эмнэлзүйн шинж тэмдгүүд дээр тулгуурлан оношлогооны шинэ арга замуудыг нээхийн сацуу, халдвар тархах арга замыг хаах бололцоог олгож цаашдаа Токсин В-д тулгуурласан шинэ эм, эмчилгээний шинэ хувилбарыг нээгдэх боломж бүрдэж байна хэмээн мэргэжилтнүүд итгэж байна.  http://www.nature.com/nature/journal/vaop/ncurrent/abs/nature07822.html

Статин өндгөвчний поликистозын эмчилгээнд үр дүнтэй

Journal of Clinical Endocrinology & Metabolism сэтгүүлийн 2009 оны эхний дугаарт Аторвастатин нь поликистозтой эмэгтэйчүүдийн үрэвслийн үзүүлэлтүүд, гиперандрогенэми, инсулинд  мэдрэг бус байдал, мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулахад сайн нөлөөтэй болохыг тогтоожээ. 
 Английн Hull их сургуулийн профессор Dr. Thozhukat Sathyapalan-ийн Reuters агентлагт өгсөн ярилцлагаар “Статинууд нь поликистозтой өвчтөнүүдэд үр дүнтэй байгаа нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч цаашид судалгаа хийх шаардлагатай” гэж өгүүлжээ. Мөн “Механистикийн үзлийн дагуу бол энэ судалгаа нь ерөнхий үрэвслийн үйл явц болон инсулинд мэдрэг бус байдал хоорондын бодит харилцан хамаарлын онцлог байгааг  харуулж байгаа юм” хэмээжээ.  
 Dr. Sathyapalan болон тэдний хамтрагчид үрэвсэл, инсулинд тэсвэрт байдал болон  гиперандрогенэми илэрсэн поликистозтой 40 эмэгтэйд аторвастатины үзүүлэх нөлөөллийг судалсан бөгөөд судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 37 нь судалгаанд бүрэн хамрагдсан байна.
Судалгаагаар аторвастатин хэрэглэсэн эмэгтэйчүүдийн цусны нийт холестериний хэмжээ, БНЛП, андрогений чөлөөт индекс, бэлгийн дааврыг холбогч глобулинуудын хэмжээ, мөн тестостероны хэмжээ зэрэг энэхүү өвчний эмгэг жамын хүчин зүйлсийн хэмжээ буурсан үзүүлэлт гарсан байна. Харин хяналтын бүлгийн эмэгтэйчүүдэд дээрх үзүүлэлтийн талаас ямар нэгэн өөрчлөлт харагдаагүй байна. Мөн аторвастатин хэрэглэсэн эмэгтэйчүүдэд сийвэнгийн инсулиний хэмжээ болон инсулинд тэсвэртэй байдал нь буурсан бол хяналтын бүлгийн эмэгтэйчүүдэд дээрх хоёр үзүүлэлт аль аль нь ихэссэн байжээ. 
 Гэвч Dr. Sathyapalan-ий өгүүлсэнээр “Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд статиныг тогтмол хэрэглүүлэх нь жирэмслэлтийн хүндрэлийг үүсгэнэ. Тиймээс зарим нэмэлт судалгаа тухайлбал, гүрээний артери болон зүрхний титэм судсанд кальци хуримтлагдан товруу үүсэх зэрэг зүрх судасны завсрын үзүүлэлтүүдэд муугаар нөлөөлөхөөргүй жирэмснээс хамгаалах эмийн бэлдмэл бий болохоос нааш статиныг байнгын байдлаар хэрэглэх боломжгүй”  байна. 
 Цааш нь “Таргалалт бүхий поликистозтой өвчтөнүүдэд нэн тэргүүнд хийх эмчилгээ нь хоол болон амьдралын хэв маягийг өөрчлөн зохицуулалтыг антиандрогений эсвэл өндгөвчний үйл ажиллагааг сэргээх эмчилгээтэй хавсруулан хэрэглэх явдал юм. Цаашдын судалгааны үр дүнд статин эмчилгээ нь олон талын боломжтой үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн цаашид аторвастатиний бусад эмүүд (метформин, глитазон болон антиандроген эм) болон бусад статинуудтай харилцан үйлчлэх үйлдлийг судлахаас гадна бусад эмүүдтэй хавсран хэрэглэх, мөн бусад эмийг аторвастатин эмчилгээний дараагаар үргэлжлүүлэн хэрэглэх боломжийн талаар судалгаа явуулахаар төлөвлөж байна” хэмээн Dr. Sathyapalan өгүүлжээ.  
 Хэдийгээр зүрх судсанд үзүүлэх нөлөө нь сайн гэдэг нь батлагдан дэлхий дахинд хэрэглээд удаж байгаа ч Монголд нэвтэрч амжаагүй байгаа энэхүү эмийн үйлчлэл, үзүүлэх нөлөөг улам сайжруулах гэж эрдэмтэд ажилласаар . . .
J Clin Endocrinol Metab 2009;94:103-108

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1772
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК