Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Туршилтын амьтанд “элэгний хатуурал“ өвчний загвар үүсгэн спленопортографийн шинжилгээ хийсэн дүн
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

We have aimed at generating liver cirrhosis in experimental animal and further in performing splenoportogramm. The team has performed splenoportogramm in the pathologic model of toxin induced liver cirrhosis first time in Mongolia.After liver cirrhosis was developed (50% CCl4 /greasy solution/) it was proved by hematology, biochemistry and coagulogramm examinations. Video appearance of spleen vein and its branch was taken.The pathogenic model of liver cirrhosis was developed at 35th day of experiment. Symptoms of liver cell cytolyses revealed in hematology, biochemistry and coagulogramm examinations. Liver vascularization image proved emptiness in peripheral blood supply and damaged small caliber vessels.  

Удиртгал

1896 онд Бехтеров В.М анх удаа рентген туяаны тусламжтай цусны судсыг судалж болох шинэ санааг дэвшүүлж байсан бөгөөд энэ салбарт туршилтын ажлыг 1930 онд Dos Santos эхэлсэн. Licard Fantos 1923 онд анх удаагаа судсанд тодотгогч бодис липоидол хийн судалжээ. 1951 онд Santy Marion 15 эмнэлзүйн тохиолдолд портографийн шинжилгээ хийн үүдэн тогтолцоог дүгнэх боломжтойг мэдээлсэн байна.Мазаев П.Н., Ананьев М.Г., Мушгенин С.А нар анх элэгний хатууралтай тохиолдолд хэвлийн хөндийг нээн чацархайн венээр тодотгогч бодис шахан үүдэн тогтолцооны судасны рентген зургийг авсан.1951 онд Италийн эрдэмтэд Abeatici, Campi нар туршилтын амьтны дэлүүнд тодотгогч бодис шахан зураг авсан бол Pareira анх удаа өвчтөнд спленопортографийн шинжилгээг хийжээ.Манай улсад 1960 онд УКТЭ-ийн мэс заслын тасагт П.Долгор спленопортографийн шинжилгээг хийж эхэлсэн. Спленопортографийн шинжилгээг элэгний хатууралтай тохиолдолд хийснээр оношлогооны асуудлыг шийдээд зогсохгүй үүдэн тогтолцооны даралт бууруулах мэс ажилбарын сонголтыг хийж эхэлжээ.1970 оны сүүлч 1980 оноос эхлэн ангиографийн болон судсан дотуурх мэс заслын эмчилгээний салбар амжилттай хөгжиж эхэлсэн.1973 онд Madisson гиперспленизмын үед дэлүүний артерийг бөглөх тухай онол дэвшүүлсэн ба 1979 онд элэгний хатуурлын улмаас үүссэн дэлүүний томролт ба миелолейкозын үед дэлүүний судсанд бөглөх эмчилгээг хийжээ.1993 онд Лхагвасүрэн З., Баасанжав Н нар целиакоангиографийн шинжилгээг хийж 1994 онд Лхагвасүрэн З., Шагдарсүрэн М нар элэгний хавдрын тэжээгч судас бөглөх эмчилгээг хийж эхэлсэн байна.Манай оронд энэ чиглэлээр элэгний хатуурлын эмгэг загварын үед спленопортографи хийсэн судалгаа байхгүй байна. Манай судалгааны баг хордлогын шалтгаантай үүссэн элэгний хатуурлын эмгэг загвар дээр спленопортографийн шинжилгээг анх удаа хийлээ.

Зорилго:

Туршилтын амьтанд элэгний хатуурлын эмгэг загвар үүсгэн спленопортографи хийх зорилготой  судалгааны ажил хийлээ.

Аргазүй

Элэгний хатуурлын эмгэг загвар үүсгэн судлахын тулд туршлагын Вистар үүлдрийн 180-250 гр жинтэй 300 харханд дөрвөн хлорт нүүрстөрөгчийн (CCL4) 50%-ийн тосон уусмалыг биеийн жингийн 100 гр тутамд 0.4 мл-ээр 1, 3, 7, 14, 21, 28, 35, 42, 49, 56, 63, 70, 77 дахь хоногуудад тарьсан. Явцын дунд биеийн жингийн өөрчлөлтөөс хамааран тунг 0.01-0.02 мг-аар бууруулан  арьсан дор тарьж элэгний хатуурал үүссэнийг захын цус, биохими, коагулограмм, спленопортографийн шинжилгээг ил аргаар хархны дэлүүнд хийсэн.Шинжилгээнд хэрэглэх цусыг хархны гүрээний хураагуур судаснаас авсан.Спленопортографийн шинжилгээг элэгний хатуурал үүсгэсэн туршилтын амьтанд Sol Ketamini Hydrochloridi 5% уусмалыг 6 мг/кг жинд тооцон булчинд тарин мэдээгүйжүүлэлт хийсний дараа зориулалтын ангиографийн өрөөнд эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм баримталсан ариун нөхцөлд ангиографийн хөдөлгөөнт ширээн дээр дээш харуулан хэвтүүлж  хэвлийн голын шугамаар анхдагч ариутгалыг Спассо-Кукоцкийн аргаар хийн хэвлийг үечилсэн аргаар нээсэн. Хархны дэлүүнд хатгалт хийн рентген тодосгогч бодис (урографин 75%) 0.7мл/кг тооцоолон тарьсан. Элэг, дэлүүний судас, түүний салаа судаснуудын зургийг аван дүрс бичлэг хийв.Шинжилгээнүүдийн эх үүсвэр мэдээлэлийг цуглуулж SPSS 12,0 программыг ашиглан статистик боловсруулалт хийсэн.

Үр дүн

Сорилт-туршилтын судалгаанд лабораторийн Вистар үүлдрийн эр, эм хүйсийн 150-320 гр жинтэй 84 харх ашигласан ба эрүүл, туршилтын бүлэг болгон хуваав.Захын цусны шинжилгээнд лейкоцит 2.29 дахин (эрүүл амьтанд 4.23±0.14х109/л, min 3.6x109/л, max 5.26x109/л, эмчлээгүй хяналтын амьтанд 1.85±0.06х109/л, min 1.1x109/л, max 2.8x109/л, p<0.01) буурснаар, эритроцит 1.21 дахин (эрүүл амьтанд 4.59±0.13х1012/л, min 3.9x1012/л, max 5.3x1012/л,  эмчлээгүй хяналтын амьтанд 3.79±0.06х1012/л, min 2.9x1012/л, max 4.7x1012/л,  p<0.01) буурснаар, гемоглобин 1.1 дахин (эрүүл амьтанд 125.23±1.88 г/л, min 116.7 г/л, max 136.5 г/л, эмчлээгүй хяналтын амьтанд 114.03±1.27 г/л, min 96.2 г/л, max 128.7 г/л, p<0.01) буурснаар, тромбоцит 4.68 дахин (эрүүл амьтанд 181.98±3.27х109/л, min 165x109/л, max 201x109/л, эмчлээгүй хяналтын амьтанд 38.92±1.13х109/л, min 27x109/л, max 59x109/л, p<0.01) буурснаар тус тус илэрч байлаа.

Цусны ийлдсэнд нийт билбирубин 2.57 дахин (эрүүл амьтанд 3.26±0.39 мкмоль/л, min 1.7 мкмоль/л, max 5.1 мкмоль/л, эмчлээгүй хяналтын амьтанд 8.38±0.35 мкмоль/л, min 1.7 мкмоль/л, max 13.7 мкмоль/л, p<0.01) өссөнөөр, нийт уураг 1.20 дахин (эрүүл амьтанд 53.95±0.64 г/л, min 49.77 г/л, max 56.87 г/л, эмчлээгүй хяналтын амьтанд 44.87±0.44 г/л, min 39.1 г/л, max 50.6 г/л, p<0.01) буурснаар, альбумин 1.04 дахин (эрүүл амьтанд 28.68±0.43 г/л, min 26.12 г/л, max 31.49 г/л, эмчлээгүй хяналтын амьтанд 27.58±0.62г/л, min 17 г/л, max 33.6 г/л p<0.01) буурснаар, АлАТ 3.79 дахин (эрүүл амьтанд 65.81±1.78 н/л, min 50.3 н/л, max 72.1 н/л,  эмчлээгүй хяналтын амьтанд 249.57±7.20 н/л, min 138.4 н/л, max 315.9 н/л, p<0.01) өссөнөөр, АСАТ 3.49 дахин (эрүүл амьтанд 64±1.78 н/л, min 58.4 г/л, max 69.2 н/л, эмчлээгүй хяналтын амьтанд 223.51±8.1 н/л, min 95.7 н/л, max 300.8 н/л, p<0.01) өссөн байна.

Коагулограммын шинжилгээнд протромбины хугацаа 2.89 дахин (эрүүл амьтанд 13.43±0.30 сек, min 11.6 сек, max 15 сек, эмчлээгүй хяналтын амьтанд 38.81±0.95 сек, min 31.6 сек, max 56.8 сек,  p<0.01) өссөнөөр, INR 2.89 дахин (эрүүл амьтанд 1.22±0.27, min 1.05, max 1.36, эмчлээгүй хяналтын амьтанд 3.53±0.09, min 2.87, max 5.16, p<0.01) өссөнөөр, тромбины хугацаа 2.41 дахин (эрүүл амьтанд 14.31±1.45 сек, min 12.4 сек, max 15.2 сек, эмчлээгүй хяналтын амьтанд 34.53±0.76 сек, min 26.3 сек, max 46.8 сек, p<0.01) өссөнөөр, заримдаг идэвхит тромбопластины хугацаа 1.16 дахин (эрүүл амьтанд 37.88±0.98 сек, min 30.1 сек, max 41.8 сек, эмчлээгүй хяналтын амьтанд 44.17±0.79 сек, min 31.9 сек, max 52.1 сек) өссөнөөр, фибриноген 2.08 дахин  (эрүүл амьтанд 2.68±0.24 г/л, min 1.5 г/л, max 4.1 г/л, эмчлээгүй хяналтын амьтанд 1.29±0.06 г/л, min 0.7г/л, max 2.65г/л, p<0.01) буурсан байв.Туршилтын амьтны хэвлийг нээхэд элэгний гадаргуу барзайн хатуурал үүссэн нь харагдаж байсан ба 14 тохиолдолд хэвлийн чөлөөт шингэн үүссэн байлаа.Спленопортографийн зургаас үзэхэд эрүүл тохиолдолд элэгний судас жигд салаалан гарсан ба салбарлалт, түгэлт элэгний зах ирмэг хүртэл жигд тархсан бол  (зураг 1) элэгний хатууралтай тохиолдолд элэгний захын жижиг салаанууд гэмтсэнээр зах хязгаар хүртэл тодрохгүй, элэгний захын цусан хангамж багасаж хоосорсон байна (зураг 2).Бид дээрх үр дүнг хистоморфологийн шинжилгээгээр нотолсон.

Дүгнэлт

1. Бидний ажиглалтаар туршилтын 35 дахь хоногоос эхэлж элэгний хатуурлын эмгэг загвар үүсч байна.

2. Захын цусны шинжилгээ, биохими, коагулограммын шинжилгээнд элэгний эсийн задрал үхжлийн шинжүүд илэрсэн.

3. Элэгний хатуурал үүсгэсэн хархны элэгний судасны зурагт элэгний хатуурал үүссэн болохыг баталсан элэгний захын жижиг салаанууд гэмтсэнээр зах хязгаар хүртэл тодрохгүй, элэгний захын цусан хангамж багасаж хоосорсон шинж илэрсэн.

Ном зүй

1. Амбага М. Хий-шар-бадган мбрант байгууламж. АУ-ны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт зохиол. -УБ. 1994. х.285.
2. Венгеровский А.И., Коваленко М.Ю., Арбузов А.Г., Головина Е.Л., Чучалин В.С., и др. Влияние легалона и лохеина на эффекты преднизолона при экспериментальном токсическом гепатите. Химико фармацевтический журнал. –Москва. 1998. с.12-14.
3. Гоош Б. Спленопортография при эхинококкозе печени. АУ-ны докторын зэрэг горилж бичсэн зохиол. -УБ. 1971.
4. Лхагвасүрэн З. Элэгний хатуурал, хавдрын ангиографийн оношлогоо, эмчилгээ. АУ-ны докторын зэрэг горилж бичсэн зохиол. -УБ. 2005.
5. Цэрэндаш Б., Лхагвасүрэн З., Шагдарсүрэн М., Бадамсэд М. Элэгний хатуурлын зарим хүндрэлийн судас бөглөх эмчилгээ. Улаанбаатар хот. 2007. Х. 86-104.
6. Убашеев И.О. Природные лекарственные средства при повреждениях органов и тканей. Улан-Удэ. 1998. С. 9-17.
7. Douglass B.E., Baggenstoss A.H., Hollinshead W.H. Variations in the portal systems of veins. Proc. Mayo. Clin. 1950. 25. 26.
8. Portal hypertension /Clinical Manifestations of Liver Disease.
www.merck.com/mmhe/print/sec10/ch135/ch135e.html//
9. Portal hypertension /Gastroenterology Chapter14-The liver., www. Gastroresource.com/GITextbook/en/chapter14/14-11-pr.htm//-
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 985
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК