Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Насанд хүрсэн эрүүл хүний гол судасны хавхлагын бичил бүтцийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

 

Background

A valve leaflet is composed of collagen, elastin, and glycosaminoglycans. These are the main components for the three principal layers of the leaflet: the fibrosa or arteriosa, the spongiosa, and the ventricularis.The ventricular side of each aortic valve cusp contains elastin-rich fibers aligned in a radial direction, perpendicular to the leaflet free margin. Elastin is mechanically coupled to collagen. The purpose of elastin in the aortic valve leaflet is to maintain a specific collagen fiber configuration and return the fibers to their initial state, once the external forces of blood flow subside. The aortic side contains a collagen-rich layer referred to as the corrugated fibrosa. These fibers are in a circumferential direction and, in a relaxed state, assume a waveform pattern. The middle layer, referred to as the spongiosa, consists of mainly loose connective tissue or mucopolysaccharides. These principal layers of the aortic leaflet provide the necessary biomechanical properties for proper valve function. On the arteriosa (fibrosa) side of the valve leaflet, endothelial cells are present.

methods

We studied human aortic valve from normal adults obtained at autopsy according to protocol for tissue use approved by the Clinical Hospital of Traumatology and Rehabilitation and  the Forensic Examination National Centre. The histology was carried out on each of the aortic cusps. The valves were fixed in 10% neutral formalin and paraffin, sliced in 7-8 µm sections and stained with hematoxylin-eosin.

Results

On the ventricular side of aortic valve cusps contain endothelium looks like bright blue edging. The aortic side contains a thin endothelium covering, it seems like intim of aorta. The middle layer of aortic cusps consist of loose connective tissue. There have abundant the loose connective tissue structure (histocyte, macrofag, fibroblast, fibrocyte) and blood cells (plasmocyte) in the younger age. But this layer changes with increasing age. This changes associated with connecting fat tissue and commencing loose hollow. The aortic valve is without vessels.

 Conclusions

The ventricular side of each aortic valve cusp detects endocardic structure, but the aortic side defines intim of arterial vessel. The spongiosa layers become fluffy, fat, and thickened with advancing age. 

  Удиртгал:                                                                         

Хэвлэлд дэлгэн тавьсан мэдээллээс үзвэл гол судасны хавхлагын ялтасууд эндотелиэр хучигдсан цавуулаг (коллаген), уян (эластин) ширхэг, эс завсрын үндсэн бодисоос (глюкозамингликан) тогтсон ялтаслаг бүтэц юм. Түүний ялтсууд гол судас талын (артероз), хөвсгөр (спонгиоз), ховдол талын (вентрикуляр) гэсэн гурван үндсэн давхрагатай. Ялтсын гадар давхрага нь гол судас болон ховдлын эндотелитэй шууд үргэлжлэн хэлбэрждэг.1

Гол судасны хавхлагын ялтас бүрийн ховдол талын давхрага нь цагираг мөн ялтсын чөлөөт ирмэгт перпендикуляр чиглэлтэй уян ширхэгээс бүтсэн байдаг. Энд уян ширхэг цавуулаг ширхэгтэй хослон оршдог. Цавуулаг ширхэгүүд ялтасын чөлөөт ирмэгтэй параллел, цагираг чиглэлээр байрлаж байхад уян ширхэг ялтасны чөлөөт ирмэгт перпендикуляр байрлаж, өвөрмөц цавуулаг ширхэгийн хэлбэржилтийг бүрдүүлэх ба цусны урсгалын нөлөөнд ялтсын хэлбэрийн өөрчлөлт хуучин хэвдээ эргэж орох нөхцлийг бүрдүүлнэ.2 Харин гол судасны тал нь цавуулаг ширхэгээр баялаг байдаг. Эдгээр ширхэгүүд нь цагираг чиглэлтэй, тайван үедээ долгион төст дүрсийг үүсгэдэг.

Дунд давхрага (спонгиоз) хөвсгөр холбогч эд буюу мукополисахаридаас тогтоно. ГСХ-ын энэ давхрага нь хавхлагын үйл ажиллагаанд тохирох биомеханикийн чухал шинж чанарыг хангадаг.3

Зорилго:

Гол судасны хавхлагын ялтсуудын бичил бүтцийг тодорхойлох

Шинжилгээний материал: Бид судалгаандаа Гэмтэл согогийн сэргээн засах клиникийн төв эмнэлэг, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн эмгэг судлалын тасагт урьд нь авто осол, өндрөөс унах, хурц цус алдалт, осгох зэрэг шалтгааны улмаас зуурдаар нас барсан 20-50 насны харьцангуй эрүүл хүний зүрхийг  судалгааны материал болгосон. Эндэгсэд тухайн мөчид ердийн амьдралын горимд байсан тул харьцангуй эрүүл буюу практикийн эрүүл хүмүүс гэж үзсэн болно. Судалгаанд хамрагдагсдын насыг 20-30 нас, 31-40 нас, 41-50 нас гэж бүлэглэн насны бүлэг бүрээс тус бүр нэг гол судасны хавхлагын гурван хагас саран ялтсуудаас эд авч бичил бэлдмэл бэлтгэсэн.Эдийн бэхжилт, бэлдэц бэлтгэх явц: Эдийн шинжилгээний материалыг 10% саармаг формалины уусмалд бэхжүүлж, цаашид стандартын дагуу спирт, хлороформ ксилолын уусмалаар дамжуулж улмаар судалгааны материалыг парафинд цутгаж зүсмэг бэлдсэн. Микроскопоор шинжлэгдэхүүнийг судлахын тулд бэлдцээс микротом багажаар 7-8 мкм зузаантай зүсэм бэлтгэж бэлдцийг гемотоксилин-эозиноор будаж бичил бэлдмэл бэлдэж шинжилсэн.

Микроскоп: Герман улсын Микростар маркийн микроскопоор бэлдцийн ерөнхий үзлэг хийж үндсэн шинжийг илрүүлэхийн тулд бага буюу х40 өсгөгчөөр харав. Эдийн үндсэн судалгааг бичил харуурын х100, х200 дахин өсгөлттэйгөөр хийв.

Ялтсын ховдол талын давхрага дээр эндотелийн эсийн бөөмүүдийн шигүү байрлалтай тод хөх эмжээр маягийн бүтэц үүсгэн энэ хэсэгт эндокардийн бүтцийг бүрэн хэмжээгээр хадгалж байгаа нь харагдаж байна (Зураг 1).

Гол судсан талын давхрага нь маш нимгэн эндотелийн давхрагаар бүрээстэй, эндокардийн бүтэц бүрэн илрээгүй гол судасны дотор бүрхүүлийн бүтцийн дүр зурагтай төстэй бүтэц харагдаж байна (Зураг 2).

Гол судасны хагас саран хавхлагын эдийн дунд хэсэг хөвсгөр холбогч эдээс тогтсон бүтэц байна. Залуу насанд энд хөвсгөр холбогч эдийн эсийн бүтцүүд (гистоцит, макрофаг, фибробласт, фиброцит) болон цусны эсүүд (плазмоцит) элбэгтэй тодорхойлогдож байна (Зураг 3). Нас ахихаар энэ давхрагад өөр хоорондоо нийлсэн өөхний эд байрласан болов уу гэмээр хөвсгөр хөндийнүүд элбэгтэй болж байна. Ялангуяа ховдол уруу харсан хэсэгт энэ хөндий улам их болж зарим газар хавхлагаа хоёр давхрага болгон хуулах аястай тогтсон байв. Эндээс үндэслээд бид нас ахихад гол судасны хавхлагын бөх бат чанар мууддаг байж болох гэсэн дүгнэлт хийлээ. Гол судасны хавхлагын хагас саран ялтас судасны ханандаа бэхэлж буй хэсэгтээ дунд давхрагын хөвсгөр холбогч эд нягтарч эсийн бүтэц элбэгтэй зурвасыг үүсгэж байна. Энэ хэсэг уруу гол судасны хананаас цавуулаг ширхэгүүд шилжин орж ирж байна. Энэ хэсгийг харахад эсээр баялаг хэлбэржсэн нягт ширхэглэг холбогч эдийн бүтэц бүрдэлтэй болж байна. Энэ нь хавхлагын тэжээлийн бас нэг эх булаг болж байх бүрэн магадлалтай юм.

Хэлцэмж

Хавхлага бүхэлдээ судасгүй юм байна. Харин дээр өгүүлсэн бүтцээр дамжиж цавуулаг ширхэгийн багцыг дагаж усанд ууссан шим тэжээлийн зүйл хавхлагын дунд давхрагын бүтцийг тэжээдэг дүр зураг харагдлаа.Наслалттай холбоотой артерийн судасны ханын уураг, цавуулаг, уян ширхэгүүдэд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаг.4 756 задлан шинжилгээний үзүүлэлтэнд хавхлагын дундаж тойрог хэмжээ хөгшрөлтэй холбоотой ихэссэн дүн гарсан.5 Шохойжих өөрчлөлт гол судасны хавхлагын ялтсын суурь хэсгээр илүү ажиглагдана.5-10 Sahasakul нар гол судасны хавхлага, хоёр хавтаст хавхлагын янз бүрийн хэсгүүдийн зузааныг 200 аутопсид хэмжихэд наслалттай холбоотой (p<0.001) ихсэх өөрчлөлт тодорхойлогдсон.7 60-аас дээш насныханд хавхлагын зузаан 20-иос доош насныхныг бодвол 2 дахин их байдаг гэж тогтоосон судалгааны дүнг зарим талаар баталсан баримтыг бид олж тогтоосон. Бидний судалгаагаар насжихад гол судасны хавхлагын ялтасын хөвсгөр хэсэг илүү хөвсийж, өөхжих замаар зузаардаг болох нь тогтоогдсон. Хөгшрөлттэй холбоотой зүрхний хавхлагууд ялангуяа гол судасны хавхлаганд бүтцийн өөрчлөлт гардаг ба энэ нь ховдлын агшилтын даралт ихэсдэгтэй холбоотой байх магадлалтай.5-8 Krovetz нарын судалгаанд гол судасны хавхлагын тойрог хэмжээ 20-иос дээш насанд хүйсний хамааралгүй нас ахих тутам ихсэж байсан ба хөгшрөлтэй холбоотой хавхлагын зузаарал, шохойжилт илэрсэн гэсэн баримт бидний гол судасны хавхлагын хэмжил зүйн баримтаар зохих хэмжээгээр нотолсон болно.8  

Зарим судлаачдын хийсэн аутопсийн судалгаанд 90-103 насны 40 өвчтөний 22 (55%)-д гол судасны хавхлагын шохойжилт тохиолдсон баримт бидний судалгаагаар тогтогдоогүй.11 Энэ нь бидний судалгаанд хижээл болон өтөл насны хүмүүс хамрагдаагүйтэй холбоотой байж болох юм.

Дүгнэлт

1. Гол судасны хавхлагын ялтасны ховдол талд эндокардийн бүтэц бүрэн бүрдлээрээ илэрч байхад түүний гол судасны талд артерийн судасны дотор бүрхүүлийн бүтэц тодорхойлогдож байна.

2. Гол судасны хавхлагын ялтсууд нас ахих тусам хөвсгөр давхрага нь илт хөвсийж, өөхжих байдлаар зузаарч байгаа нь тогтоогдлоо.

Ном зүй

1. Deck JD. Endothelial cell orientation on aortic valve leaflets. Cardiovasc Res 1986;20:760.
2. Vesely I. The role of elastin in aortic valve mechanics. J Biomech 1998;31:115.
3. Broom ND. Third George Swanson Christie memorial lecture. Connective tissue function and malfunction: a biomechanical perspective. Pathology 1988;20:93.
4. Cleary EG. A correlative and comparative study of the nonuniform arterial wall, MD thesis, University of Sydney. 1963. Quoted by Learoyd and Taylor.
5. Kitzman DW, Scholz DG, Hagen PT, Ilstrup D.M, Edwards WD. Age-related changes in normal human hearts during the first 10 decades of life: Part II (Maturity). A quantitative anatomic study of 765 speci­mens from subjects 20 to 99 years old. Mayo Clin Proc 1988;63: 137–146.
6. Roberts WC. The sensile cardiac calcification syndrome. Am J Cardiol 1986;58:572-574.
7. Sahasakul Y, Edwards WD, Naessens JM, Tajik AJ. Age-related changes in aortic and mitral valve thickness: implications for two-dimensional echocardiography based on an autopsy study of 200 normal human hearts. Am J Cardiol 1988;62:424–30.
8. Krovetz LJ. Age-related changes in size of the aortic valve annulus in man. Am Heart.J 1975;90:569-574.
9. Fulkerson PK, Beaver BM, Anseon JL.Calcification of the mitral annulus. Etiology, clinical associations, complications, and therapy. Am J Med 1979;66:967-977.
10. Aronow WS, Schwartz KS, Koenisberg M. Correlation of aortic cuspal and aortic root disease with aortic ejection systolic murmurs with mitral anular calcium in persons older than 62 years in a long-term health care facility. Am J Cardiol 1986;58:651-652.
11. Waller BF, Roberts WC. Cardiovascular disease in the very elderly. An analysis of 40 necropsy patients aged 90 years and over.Am J Cardiol 1983;51:403-421.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 862
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК