Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 2(6-2)
Үл үзэгдэгч алуурчдыг тогтоосон нь
( Түүх )

Harry Burns

 
Үл үзэгдэгч алуурчдыг тогтоосон нь

Эмгэг төрөгч бактерийг судлан, тодорхойлсон анхдагч эрдэмтэд уг зүйлийнхээ талаар нилээдгүй зүйлийг олж тогтоосноор халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр багагүй ойлголтыг бий болгожээ.

1847 оны 5-р сард Вена хотын эмч Якоб Коллейчка сепсисээр нас барсан эмэгтэйд задлан шилжилгээ хийж байгаад гараа санамсаргүй зүсчээ. Хэдэн өдрийн  дараа эмч ч бас нас барав. Түүнд хийсэн задлан шинжилгээгээр өмнөх эмэгтэйтэй адил шалтгаанаар нас барсан нь тодорхой болжээ. Якобын найз эмч Игназ Семмелвейс (Ignaz Semmelweis) анхны нас барсан эмэгтэй ямар замаар халдвар авсныг тодруулсан бөгөөд эцэст нь анагаахын оюутнуудын гараар дамжин амаржсан эмэгтэйд өвчин дамжсан хэмээн дүгнэсэн тул оюутнуудыг төрөх өрөөнд гараа угааж орж ирж байхыг шаардсан байна. Үүний ачаар төрсний дараа сепсисээр нас барах эмэгтэйчүүдийн тоо 12%-иас 2% болтлоо цөөрчээ.

Ийнхүү Семмелвейсийн зөвлөмжөөр анх удаа анагаах ухаанд бактерийн тухай ойлголт бий болжээ.

Хэдийгээр өвчин үүсгэгч бактерийн тухай ойлголтыг Семмелвейс анх удаа анагаах ухаанд оруулж ирсэн хэдий ч энэ тухай таамаглал Ромын үед ч байсан бөгөөд анх 17-р зуунд Антони ван Лювенхук (Antonie van Leeuwenhoek) эмгэгтөрөгч бичил биетнийг харж байсан түүхтэй. Вена хотод хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг 1784 онд бий болсон ч тэнд ямар ч задлан шинжилгээ явагддаггүй байжээ. Үүний шалтгаан нь эмнэлгийн дарга болох Лукас Бойр (Lucas Boer) халдварын аюулыг урьдчилан таамаглаж байсантай нь холбоотой. Харин 1823 онд түүний залгамжлагч нь сургалтын зорилгоор задлан шинжилгээ хийж эхлүүлсэн байна. Тухайн үед эмнэлэг нь 2 хэсгээс тогтож байсан бөгөөд 1-р клиникд оюутнууд, харин 2-р клиникт зөвхөн эх баригч эмч нар ажиллаж байв. Эх баригч нар задлан шилжилгээнд оролцдоггүй байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор халдвараас шалтгаалсан үхлийн тоо ч цөөрчээ. Үүнийг ажигласан Семмелвейс зохих арга хэмжээ авсан байна. Өнөө цагт энэхүү арга хэмжээ нь энгийн бөгөөд ойлгомжтой боловч тухайн цаг үеийн Венийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхүйц зүйл огтхон ч биш байжээ.

Семмелвейсийн таамаглал Глазгов хотын эмч Жозеф Листерт (Joseph Lister) нөлөөлж, тэрээр мэс заслын практикт антисептикийг анхлан нэвтрүүлсэн байна. Өнөөдөр дэлхий дээр олон сая хүн өдөр болгон энэ хүний нэрээр нэрлэгдсэн ам зайлагчаар амаа цэвэрлэдгийг та бүхэн мэдэх байх аа.  Бохирыг карболын хүчлээр цэвэрлэдгийг Листер мэдэж байсан тул идээт шарх үүсгэгч микробуудыг мөн л карболын хүчлээр устгаж, шархыг цэвэрлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн тэрээр мэс засалчийн гар, хагалгааны багажийг уг уусмалаар угааж байх журмыг нэвтрүүлсэн нь түүнийг орчин үеийн антисептикийн эцэг гэж нэрлэгдэхэд хүргэжээ. Эдгээр арга хэмжээнүүдийг нэвтрүүлсний ачаар түүний эмнэлэгт ил хугарлаас шалтгаалсан нас баралтын тоо эрс буурсан байна.

Венад ч, Глазговд ч эдгээр нээлтүүдийг дэмжээгүй бөгөөд 1850 онд Венийн эрх баригчид Семмейлвейсийн шинэ нээлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй хэмээн хүлээн зөвшөөрөхөөс татгалзахад тэрээр Вена хотыг орхин явж, төрсөн газар болох Унгартаа буцан иржээ. Үүнтэй ижил Глазговын Эзэн хааны эмнэлгийн удирдлагууд Листерийн антисептикийн үзэл баримтлалыг үл хүлээн зөвшөөрчээ. Тэд өөрсдийн шийдвэрээ батлах зарим нотолгоо гарган ирж, мэс заслын өвчтөнүүдийн хоол тэжээлийн байдал нь мэс заслын үр дагаварт антисептикээс илүү чухал нөлөөтэй хэмээн түүний зөвлөмжийг нэвтрүүлэхээс татгалзжээ. Тэрээр Глазговыг орхиж, Эдинбургийн мэс заслын тэнхимийн эрхлэгчээр ажиллахаар очсон байна.

Эмгэгтөрөгч бактерийн тухай томъёолол, өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх энэхүү шинэ арга зам нь Кохийн халдварт өвчний үүсгэгчийн онол, Пастерийн микроорганизмын бодисын солилцооны тухай судалгаа, Флемингийн антибиотикийн нээлт зэргийн ачаар л дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Халдварт өвчний урьдчилан сэргийлэлт болон эмчилгээнд гарсан энэхүү нээлтүүд нь эпидемиологийн чиглэлд ч том өөрчлөлтийг авчирчээ. Үүний илрэл нь 19-р зууны сүүлээр үхлийн шалтгааны 30%-ийг халдварт өвчин эзэлж байсан бол 20-р зуунд 4% болтлоо буурсан билээ. 1900-аад оны үеэр АНУ-д 120 үхэл тутмын нэг нь халдварын шалтгаантай байсан ба үүний 40% нь 5 хүртэлх насны хүүхдүүд байв.

1980 он гэхэд АНУ-д халдварт өвчнөөс шалтгаалсан нас баралтын тоо 100 мянгад 36 хүртлээ буурч, дундаж наслалт 30 орчим насаар нэмэгджээ. Хүүхдийн нас баралт ч эрс буурсан нь гэр бүл дэх хүүхдийн тоо болон нөхөн үржихүйд сайнаар нөлөөлөв. Эмгэг төрөгчийн онолын хөгжлийг дагаад бидний эрүүл ахуй, ариун цэвэр болон патологийн тухай ойлголтод гарсан дэвшил нь дундаж наслалтыг уртасгах, мөн нийгмийн хэв маягийг өөрчлөхөд анагаахын бусад ямар ч нээлтээс илүү нөлөө үзүүлсэн нь маргаангүй билээ.

2000 онд Life сэтгүүлээс өнгөрсөн мянганы 100 шилдэг нээлтийг зарлажээ. 1-рт орсон Америк тивийг нээсэн нээлтийн дараагаар хэвлэлийн хэвийг нээсэн Gutenberg-ийн нээлт удаалсан бол бактерийн тухай онол нь 6-д бичигдсэн ба энэ нь эхний 10-т багтсан анагаах ухааны цорын ганц нээлт байсан юм.

19 дүгээр зууны нас баралтын түгээмэл шалтгааныг тайлбарлаж чадсан эмгэг төрөгчийн онол бий болоогүй бол эдгээр алуурчдыг устгах өөр арга бий болох байсан гэхэд итгэхэд бэрх юм. Бактерийн гаралтай өвчнийг антибиотикоор эмчлэх арга нь бий болоогүйсэн бол бид халдварыг устгах аргыг дархлааны тогтолцоог судалж байж олох байсан болов уу. Гэвч микробиологийн нийгэмд хүргэсэн үр ашгаас илүү гарах өөр арга байгаагүй нь тодорхой билээ.

Сурснаа дахин сурах нь

Одоо юу хийх үлдээд байна вэ? Өнөөгийн бидний мэдлэгийг тууштай ашиглавал хөгжил дэвшил гарах нь тодорхой. Бусад газар амжилт авчирсан эрүүл ахуй, ариун цэврийн ололт дэвшилтийг хөгжиж буй орнуудад хөгжүүлэх шаардлага байна. ДОХ, халуун хумхаа гэх мэт халдварыг судлах судалгааг зайлшгүй үргэлжлүүлэх, өргөжүүлэх шаардлагатай. Бид микробиологийн генетикийн мутацийн ажиглалт, ойлголт болон илрүүлэх арга зүйг сайжруулах ёстой. Мөн халдварыг хянах арга замыг судлах, хөгжүүлэх хэрэгцээ зайлшгүй тулгараад байгаа билээ. Бидний хамгийн нүүр тулсан асуудал бол 160 жилийн өмнө Semmelweis-ийн анагаахын оюутнууддаа заасан сургаалийг дахин судлах юм. Эмч нар болон анагаахын бусад ажилтнууд өвчтөнүүдэд хүрэхээсээ өмнө гараа угаадаггүй нь одоо ч хэвээрээ байгаа бөгөөд энэ нь олон хүний аминд хүрсээр байна. 21 дүгээр зуун гарсан ч 19 дүгээр зууны энгийн атлаа амь аврагч нээлт ач холбогдлоо алдаагүй л байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1445
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК