Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 3(5-3)
Монгол хүний амьдралын мөчлөгийг үе шат болгон ангилах нь
( Тойм өгүүлэл )

АШУ-ы доктор, профессор, МАУАкадемийн гишүүн Б.Оргил1

 

“АЧ” АУДС-ийн Дотрын ба Өрхийн анагаах ухааны тэнхмийн эрхлэгч

 

Монгол хүний амьдралын мөчлөгийг үе шат болгон ангилах нь

Хүн судлаачид, хүн ам зүйн судлалчид, хүн амын бүртгэл, тооллого хариуцсан ажилтнууд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эдийн засагчид гэх мэт олон төрөл чиглэлийн ажил мэргэжлийн хүмүүс хүний амьдралыг янз бүрийн өнцгөөс нь авч үзэн, тодорхой үе шат болгон олон янзаар ангилсаар иржээ.12,15 Гэхдээ, дэлхий дахинд баримталсаар ирсэн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн ерөнхий зарчмын дагуу хүний амьдралыг 2 үндсэн үе болгон хуваадаг: эхийн хэвлий дэх хөгжлийн (пренаталь) үе, эхийн хэвлийн гаднах буюу төрснөөс хойших (постнаталь) үе.

Чухамхүү үр тогтсон үеэс эхлэн, эхийн хэвлийд үр хөврөл бүрэлдэж, ургийн эс эд, эрхтэн тогтолцооны үүсэл, ялгарал, хөгжлийн үеийг дамжиж, хүүхэд болж төртлөө, улмаар төрснөөс хойш нас бие гүйцтэлээ хүний бие махбодь үргэлж өсч томорч байдаг жамтай. Хэвийн нийтлэг жам ёсоор бол хүний биеийн жин 20-25 нас хүртэл нэмэгдэж, 40-45 нас хүртэл тэр түвшиндээ тогтворждог учиртай. Нөгөөтэйгүүр, хүн зөвхөн бие бялдрын хувьд төдийгүй, оюун санааны хувьд бас өсч хөгжиж байдаг билээ.8,12

Эрдэмтэн судлаачид, хүн ам зүйн мэргэжилтнүүд хүний амьдралын мөчлөг буюу үе шатыг янз бүрээр ангилж, авч үзсэн байдаг. Энд голлон баримталдаг хэдэн зарчим байдаг. Тухайлбал: биологийн, нийгмийн, статистикийн, холимог зарчим г.м.14

Нэлээд ерөнхий байдлаар: хүүхэд нас, залуу нас, идэр нас, хижээл нас, өтөл нас, өндөр насны үе гэж хуваадаг. Мөн зарим улс орнуудад хүний амьдралыг хүүхэд насны үе, өсөх насны үе, шилжилтийн үе, нас бие гүйцэх үе, хөгшрөх үе гэж ч хуваах тал бий.16,18 Бас өөр судлаачид хүний амьдралыг бэлгийн бойжилттой нь уялдуулан: хүүхэд үе, шилжилтийн үе (дотроо хэд хэдэн үе шаттай), бэлгийн идэвхтэй амьдралын үе, бэлгийн идэвх буурах буюу климаксийн үе (дотроо хэд хэдэн үе шаттай) гэж ангилсан байдаг. Тэр тусмаа бэлгийн бойжилт явагдаж гүйцэх, бэлгийн чалх буурах болон тэдгээр үзэгдлүүдтэй холбоотойгоор хүний бие, сэтгэцийн байдалд гарах өөрчлөлтүүд нь үргэлжлэх хугацааныхаа хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүст тодорхой хэмжээгээр ялгаатай буюу хүйсийн  онцлогоос шалтгаалдаг жамтай.6,14 Үүнтэй холбоотойгоор дэлхий дахинд сүүлийн жилүүдэд өсвөр насны (adolescence) болон климаксийн (climax) үеүдийг зориуд онцлон анхаарч тодорхой авч үзэх болжээ.5 Энэ дашрамд нэгэн зүйлийг онцлон тэмдэглэхэд: монголчуудын нүүдлийн ахуй, аж байдлаас үүдэгдэн дээр үеэс буй болж, үе дамжин хэлэгдсээр ирсэн “цэвэршилт, цэвэрших үе” гэдэг үгийг манай анагаахын үйл ажиллагаанд  албан ёсны нэр томъёо байдлаар өдөр тутам хэрэглэж, улмаар ном, сурах бичигт хүртэл бичиж үлдээсээр байгаа нь нэн зохимжгүй мэт санагдсаар байдаг билээ. Өөрөөр хэлбэл, “цэвэршилт, цэвэршилтийн өмнөх үе, цэвэрших үе” гэсэн үгийг анагаахын мэргэжлийн сургалт болон эмнэлгийн өдөр тутмын оношлогоо, эмчилгээний явцад хэрэглээд байх нь “ер нь хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүд төрөх насны үеийн турш ямагт бохир байгаад, гагцхүү климакс явагдаж, биений юм нь зогсох болсноор л цэвэрхэн болдог” юм шиг ойлголтыг төрүүлэхээр байна. Иймд, зөвхөн монголчуудын аман буюу хар ярианы хэлэнд хэрэглэгдэж ирсэн “цэвэршилт, цэвэрших үе” хэмээх үгийн оронд “климакс, преклимакс, климактерийн үе, климаксийн дараахь үе” зэрэг мэргэжлийн нийтлэг нэр томъёог хэрэглэдэг болж, заншмаар байна.

Нөгөө талаар олон улсын практикт хүний амьдралыг их төлөв 5-10 жилээр үечилж, судалгаа шинжилгээ хийх болон албан ёсны статистик мэдээллийг гаргахын зэрэгцээ, бас хүний амьдралын үеийг багцлан, дараахь 3 үндсэн үеэр хүний насны бүлгийг авч үзэн, тайлан мэдээ гаргадаг арга зүйг нэлээд өргөн дэлгэр хэрэглэдэг: 13,20,21

1.   0-15 хүртэлх насны үе;

2.  15-65 хүртэлх насны үе;

3.   65 ба түүнээс дээш насны үе.

Дээрх ангиллын дагуу Монгол улсын хүн амын тоог авч үзэхэд, 2007 оны жилийн эцсийн байдлаар 2 сая 635.2 мянгад (түүний 48.7% нь эрэгтэйчүүд, 51.3% нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд дундаж наслалт 66.54 жилтэй тэнцүү байна) хүрсэн бөгөөд 0-15 хүртэлх насны хүүхэд 28.9%, 15-64 насны хүн ам 67.0%, 65-аас дээш насны хүн ам 4.1%-ийг тус тус эзэлж байна.11

Ер нь хүний амьдралын үеийг ангилна гэдэг амар хялбар зүйл биш бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн, туйлын зөв буюу хөдөлшгүй, ягшмал ангилал байх боломжгүй юм. Хүн судлал, нийгэм судлал, эдийн засаг судлал, статистик судлал зэрэг янз бүрийн чиглэлээр ажилладаг судлаачид уг асуудлыг өөр өөр өнцгөөс нь харж, чухамхүү ямар асуудалд илүү ач холбогдол өгөхтэй холбогдуулан хоорондоо ялгаатай, төрөл бүрийн ангилал гаргадаг бололтой.

Гэхдээ дэлхийн улсууд хүн амынхаа нийгэм-эдийн засаг, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын зэрэг хүний амьдрал, аж байдлын олон талт асуудлыг зохистой шийдвэрлэх, улмаар хүний цаашдын хөгжлийг хангахын тулд өөр өөрсдийн үндэсний онцлог, түүхэн замнал, соёл заншилд тулгуурласан хийгээд дэлхий нийтийн ерөнхий чиг хандлагыг харгалзан үзсэн, хүний амьдралын үе шатны ангилалтай байхыг эрмэлзсээр, тийм ангилал боловсруулан хэрэглэсээр байна.13,16,17,18

Нэлээд сонирхолтой бөгөөд энгийн ангилал бол манай улс харьяалагддаг ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн байгууллагаас гаргасан ангилал бөгөөд түүний дагуу хүний амьдралыг дараахь үндсэн 3 үе болгож хүүхэд, залуу насанд – амьдралд бэлтгэх; идэр насанд – амьдралыг нь хамгаалах; өтөл насанд – амьдралын чанарыг нь хангах тухай зөвлөмжийг гишүүн орнууддаа зөвлөмж болгосон байдаг.10 Эндээс ургуулан бодоход, хүний амьдралыг зүгээр нэг үечлэн ангилах бус чухамхүү ямар зорилго чиглэлтэй ангилах талд ихээхэн анхаарал хандуулах учиртай юм.

Манай улсад хүн ам зүйн тодорхой бодлого баримталж, хүн амаа өсгөх, нийгмийн хамгаалал, сургуульд хамруулах, хөдөлмөр эрхлүүлэх, эрүүл мэндийн түвшинг нь дээшлүүлэх зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, монгол хүний хөгжлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулсаар ирсэн.2,7 Хэдийгээр эрдэмтэд, нийгэм соёлын зүтгэлтнүүд, эмч мэргэжилтнүүд хүний амьдралын үечлэлийн асуудалд анхаарал хандуулж, янз бүрийн ангилал гаргах талаар эрэлхийлж ирсэн боловч үндэсний хэмжээнд тууштай баримтлахуйц, монгол хүний амьдралын мөчлөгийг зохистойгоор үечилсэн ангилал хараахан алга буюу үгүйлэгдсээр байна.

Түүхэн уламжлалаас үзэхэд, монголчууд хүний амьдралын хугацааг 12 жил бүхий үечлэлээр хуваан авч үздэг, эхийн хэвлийгээс гармагц хүүхдэд нэг бүтэн нас өгдөг, жил нь орсон хүний тухайд амьдралын хэв маяг талаасаа юу анхаарах ёстойг  номлон сургадаг;9 тэгээд эмэгтэй хүүхдийг 2 юмуу 4 нас, эрэгтэй хүүхдийг 3 юмуу 5 нас хүрэхээр даахийг нь авах “үсний үргээлгэ” нэртэй баяр хийдэг; настангуудаа 85 нас хүрэхээр нь найр хийж, зориуд баярлуулдаг байсан зэрэг нь бүгд тодорхой учир жанцантайнх биз ээ.

Түүнчлэн манай улсын эрүүлийг хамгаалахын нэрт зүтгэлтэн академич Б.Дэмбэрэл агсан, анагаах ухааны доктор Г.Зуунай агсан нар1 хүний амьдралын үе шатыг дараахь байдлаар ангилсан байдаг нь боловсрол, ажил эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалал болон эмнэлгийн практикт хэрэглэхэд нэлээд тохиромжтой юм. Тухайлбал:

1.  Хөхүүл үе (0-1 нас): а) нярай нас (0-30 хоног);  б) нялх нас (1 сараас 365 хоног)

2.  Сургуулийн өмнөх үе (1-7 нас): а) балчир нас (1-3 нас); б) торних нас (4-7 нас)

3.  Сургуулийн үе (8-17 нас): а) бага нас (8-10 нас); б) өсвөр нас (11-14 нас); в)шилжих нас (15-17 нас);

4.  Хөдөлмөрийн үе (18-59 нас): а) Орь нас (18-24 нас);  б) Цэл нас (25-29 нас); в) Өлчир нас (30-34 нас);  г) Ид нас (35-39 нас); д) Идэр нас (40-44 нас);      е) Хижээл нас (45-49 нас);  ё) Ахмад нас (50-59 нас);

5.  Тэтгэврийн үе (60 ба түүнээс дээш): а)Ахимаг нас (60-64 нас);  б) Хөгшин нас (65-69 нас);  в) Өндөр нас (70-80 нас);  г) Өтөл нас (81 ба дээш).

Гэхдээ дээрх ангилал нь хүний амьдралыг зөвхөн нийгмийн талаас нь авч үзэн, үечилснээрээ өрөөсгөл талтайн дээр хүний амьдралын тодорхой үе шатан дахь биологийн, ялангуяа хүйсний онцлог ялгаатай талыг төдийлөн хөндөөгүй байна.

Иймд мөхөсхөн миний бие, хүмүүний амьдралын үе шатны талаархи гадаад, дотоодын судлаачдын ангилал, бас үндэсний уламжлал хийгээд хүний бие бялдар, оюун санааны түргэн хөгжил (акселераци) бүхий орчин үеийн амьдралын чиг хандлага, ялангуяа хүний бие бялдрын өсөлт, бууралт, сэтгэцийн хөгжил, тогтворжилт болон бэлгийн бойжилт, бэлгийн чалх буурах зэрэг асуудлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр4 монгол хүний амьдралын мөчлөгийг тодорхой үе шат болгон хуваах үүднээс дараахь хувилбарын ангиллыг санал болгон дэвшүүлж байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын нийгэм, улстөр, эдийн засаг, оюун санааны амьдралд гарсаар байгаа өөрчлөлтүүдтэй холбоотойгоор, хүн амын доторхи янз бүрийн бүлэг, ялангуяа ахмад үеийнхний сэтгэл зүй, аж байдал, эрүүл мэндийн асуудалд зориуд онцгой анхаарал хандуулж, бодитой арга хэмжээ авах шаардлага зүй ёсоор тавигдах болж байна.3

Саяхан ЭМЯ, Геронтологийн төвөөс хамтран зохион байгуулсан “Геронтологи, гериатрийн чиглэлийн II симпозиум” дээр хүний амьдралын үечлэл, түүний дотор ахмад настны насны ангиллын тухай асуудал хэлэлцэх үеэр уг хуралд оролцсон эрдэмтэд, судлаачид болон эмч нар тухайн сэдэвт ихээхэн анхаарал хандуулж, хүний амьдралын үе шат, насны үечлэлийн талаарх дотоод, гадаадын янз бүрийн ангиллуудыг авч үзсэний дотор миний биечлэн боловсруулж, санал болгон дэвшүүлсэн дээрх ангилал дээр илүүтэй анхаарлаа хандуулж, санал солилцсон билээ. Ингээд зарим нэг засвар өөрчлөлт хийсний үндсэн дээр уг ангиллыг үндэсний түвшинд ашиглаж болох юм гэж “Геронтологи, гериатрийн чиглэлийн II симпозиум”-д оролцогсод зарчмын хувьд санал нэгтэй тогтсон болно.

Гэхдээ, уг ангиллыг амьдрал дээр баримтлахад зохис муутай, нийцэлгүй юмуу ерөөсөө санал нийлэхгүй зүйл гарахыг миний бие бүрнээ үгүйсгэж чадахгүй билээ. Иймд дээрх ангиллын талаарх аливаа санал, шүүмжийг дуртайяа хүлээн авч, уг ангиллыг сайжруулан, боловсронгуй болгох чиглэлээр цаашид ажиллах болно гэдгээ уншигч Таны өмнө амлах байна.

Мэдээж, хүний амьдралын мөчлөг, үе шатны тухай асуудал хүн төрөлхтөн оршин байгаа цагт мөнхийн сэдэв байж, цаашид шинэ шинэ ангиллууд гарах нь дамжиггүй. Түүний дотор, монгол хүний амьдралын хойшдын хөгжил дэвшилтэй холбоотойгоор, нэн өвөрмөц хирнээ дэлхий дахины орчин үеийн хандлага, даяаршлын эерэг, сөрөг үр нөлөөг тусгасан, шинэ ангилал гарах бизээ.

Ном зүй

1. Дэмбэрэл Б. Нийгмийн эрүүл мэнд судлал (лекцийн эмхэтгэл). 3 дэвтэр. УБ., 1996

2. Монголын Хүний Хөгжлийн Илтгэл. УБ., 1997, 2000

3. Мухар Ц., Оргил Б. Настан ба эрүүл мэнд. УБ., 1997

4. Оргил Б. Өрхийн анагаах ухаан. Хянан тохиолдуулсан академич Н.Баасанжав. УБ., 2007

5. Өсвөр үеийн эрүүл мэнд, амьдрах ухаан. Англи хэлнээс орчуулсан А.Энхмаа, М.Хишгээ, Д.Болдмаа нарын 8 хүн. Хянан тохиолдуулсан Н.Удвал, Б.Оюун, Д.Оюунчимэг, Б.Оргил. ЭМЯ, ДЭМБ. УБ., 2004

6. Теодор Тулчински, Елена Варавикова. Шинэ нийгмийн эрүүл мэнд. (Англиас монгол хэлнээ орчуулсан А.Болд, Д.Болдмаа, Д.Болорчимэг нарын 7 хүн. Орчуулгын ерөнхий редактор Б.Оргил). УБ., 2005

7. Хүн ам ба хөгжил. Монгол Улсын Илтгэл. УБ., 1993

8. Хүний физиологи. Хянан тохиолдуулсан Г.Дашзэвэг, Ц.Лхагвасүрэн. УБ., 2006

9. Цэрэнжигмэд Г. Монголчуудын эрүүл аж төрөх ёсны уламжлалт зан үйл. Редактор Ц.Эрдэнэсамбуу. УБ., 2006

10. Эрүүл мэндийн шинэ төлөв (Англи хэлнээс хөрвүүлсэн Б.Машбадрах, В.Сүрэнчимэг). УБ., 1996

11. Эрүүл мэндийн үзүүлэлт 2007. Редактор Ц.Содномпил. ЭМЯ, ЭМХҮТ, 2008

12. Билич Г.Л., Назарова Л.В. Основы валеологии. Санкт-Петербург, “Фолиант”, 2000

13. Лисицын Ю.П. “Модус” здоровья россиян. Экономика здравоохранения, ¹ 2 (52), 2001, Москва, Стр.32-37

14. Шабров А.В., Маймулов В.Г. Руководство по профилактической деятельности врача общей практики (семейного врача). Санкт-Петербург, 1997

15. Школьник Ю.К. Человек. Полная энциклопедия. Москва, Издательство Эксмо, 2005

16. Family Medical Guide. American Medical Association. USA, 2004

17. Japan Vision 2050. Principles of Strategic Science and Technology Policy Toward 2020. Science Council of Japan, 2005

18. Macintyre S. Place and Health in the United Kingdom. VicHealth Letter, 2002, ¹17, pp. 8-10

19. Paul F. Basch. Textbook of International Health. Second edition. New York-Oxford. Oxford University Press, 1999

20. The World Health Report 1998. Life in the 21st century, A vision for all. WHO, Geneva, 1998

21. World Report on Knowledge for Better Health. Strengthening Health Systems. WHO, Geneva, 2004
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 19683
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК