Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 1(6-1)
Хязгаарыг даван туулах нь
( Шүүмж, эргэцүүлэл )

Алехандро Р. Жадед1, Муррей У. Енкин2,

1-Тэргүүлэгч, профессор болон үүсгэн байгуулагч, 2- Хүндэт профессор, Цахим эрүүл мэндийн инновацийн төв, Эрүүл мэндийн сүлжээний Их сургууль, Торонтогийн Их Сургууль, Торонто хот

 

Компьютерийн технологи нь физикийн, газар зүйн болон соёлын хил хягзаарыг давснаар бүх нийтийн эрүүл мэндийг эрс дээшлүүлэх боломжийг олгодог. 

Тооцоолон бодох чадвар бол дэлхий ертөнц шигээ эртний зүйл. Энэ чадвар нь хэдэн тэрбум жилийн турш ДНХ-ийн хос гинжин хэлхээний дараалалд суусан органик софтвейрийн удирдлагаар явагдаж ирсэн юм. Байгаль дэлхий, биологийн тооцоолон бодох энэхүү систем нь жирийн эгэл биетнээс авахуулаад нарийн цогц хүн хүртэлх олон төрөл, зүйлийн амьд амьтдыг бүтээсэн бөгөөд тэдгээр нь уураг тархи буюу компьютерээр зэвсэглэгдсэн бөлгөө.
Хүний уураг тархи хэдэн зуун мянган жилийн турш хувьсан хөгжиж, энэ хугацаанд нейроны харилцан холбоог үүсгэх зарчмаар олон давхаргатай болжээ. Энэхүү нарийн харилцан холбоо бүхий бүтэц нь бидэнд өөрсдийн хэмжээ хязгаар, бидний мөнхийн бус байдлыг ухаарах чадварыг өгч, мөн эдгээр байдлыг даван туулах хүсэл эрмэлзлийг бий болгосон.

Цагийг эзлэх нь

Бид чулуун зэвсгийн үеэс үнэлж, тайлбарлаж, дүгнэж, мөн тооцоолон бодож ирсэн. Бидний эгэл болхи сэтгэлгээгээрээ технологийг улам бүр боловсронгуй болгосоор байна. Бидний хөл хэмжээнийхээ газар хүргэдэг байсан бол өнөөдөр бид түүний боломжийг тээврийн хэрэгсэл, технологийн нарийн боловсронгуй аргаар улам нэмэгдүүлж, газар, тэнгис, агаараар аялах боломжтой болсон төдийгүй энгийн нүдний харааны хязгаарыг бид линзний тусламжтайгаар даван туулж, огторгуй ертөнц болон бичил ертөнцийн нууцыг нээх боллоо. Бидний анагаах ухааны мэдлэг анатоми, физиологи болон патологийн шинэ ойлголтуудаар хүрээгээ тэлсээр байна. Стетоскоп, радиографи, анестези гэх мэт шинэ арга хэрэгслүүд бидэнд хүний биеийг сонсох, харах, түүнийг ухаж төнхөх боломжуудыг нээж өгч байна.
Бид өөрсдийн гар хөл, мэдрэлийн эд эрхтэний хязгаар боломжийг нэмэгдүүлж чадсан нь эргэлзээгүй юм. Гэвч бидний хүчирхэг тархи өөрийн хязгаарыг ойлгож эхэлсэн. Үүнийг давж гарахын тулд өөрийгөө ямагт сайжруулах туйлын хүсэлд автсан, мөн зэрэг үйлдэл хийх онцгой чадвартай тархи маань өөрийгөө төгөлдөржүүлэх зэвсэг бүтээж эхэлсэн. Бид өөрсдийн тооцоолох, дүгнэх болон сурч мэдэх боломжуудыг эрс нэмсэн гадаад төхөөрөмжүүдийг бий болголоо.
Компьютерийн технологи нь эрүүл мэндийн, сайн сайхны оргилд хүрэх боломжийг бид хэн болох, бид хаана байгаагаас үл шалтгаалан бидэнд өгч чадна.
 
Вавилоны сампингаас Pascal-ийн Гэгээрлийн үед бий болгосон найман оронтой механик тооны машин хүртэлх бидний туулсан зам хоёр мянганы түүхтэй. Түүнээс хоёр зууны дараа л Charles Babbage одон орны хүснэгт хэвлэх зориулалт бүхий нүсэр овортой, дулааны хүчээр ажилладаг механик тооны машиныг төсөөлж чадсан. Бидний өөрсдийгөө хөнөөх эрч хүч, тэмүүллээр бий болсон дайн дажныг нэг зуун хүрэхгүй хугацаанд Alan Turing цахим компьютер бүтээснээр зогсоож чадсан юм.
20 дугаар зууны хоёр дугаар хагасын дунд үед хязгааргүй их хэмжээний мэдлэгийг хаа ч ямар ч цаг хугацаанд дамжуулах, солилцох асар их нөөц боломжийг бий болгосон. Геномын кодыг тайлах хүчин чадал бүхий дэлхийг хамарсан компьютерийн сүлжээ, хүний бие болон биеийн үйл ажиллагааг гурван хэмжээсээр харж чадах машин, мөн өвчнийг алсаас оношлох, хянах зэмсэг зэргийг бүтээлээ. Бидний сурах, амьдрах, харилцах болон эмчлэх хэв маягийг компьютер өөрчилж эхэллээ.
Гэвч өндөр хөгжилтэй улс оронд хүртэл компьютерийн эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх үр нөлөө нь тодорхой бус байсан нь саяхан. 20 дугаар зууны сүүл үед ихэнх хүмүүст эрүүл мэндийн цахим түүх байдаггүй байсан бөгөөд эрүүл мэндийн салбарын цөөн тооны мэргэжилтнүүд л ажлаа имэйлээр эсвэл утсаар ярьж, хийдэг байлаа. Төсвийн мөнгийг, урьдчилан сэргийлэх эсвэл эрүүлийг дэмжих биш өвчнийг хянах, эмчлэхэд зарцуулдаг байв. Институц хоорондын эсвэл хил дамнасан хамтын ажиллагаагүй байсан гэж хэлж болно. Дэлхийн ядуу бүс нутгуудад перинатал эндэгдэл, халдварт өвчнүүд эсвэл цэвэр усны хангамж зэрэгт компьютерийн үр нөлөөлөл огт байхгүй байсан.

Хорин нэгдүгээр зууны зөн

Хорьдугаар зууны хандлагуудыг хорин нэгдүгээр зуунд хандуулан зөгнөсөн экстраполяц нь тийм ч өөдрөг үзэл биш байв. Трансгуманистуудын үзэж буйгаар бидний уураг тархи ухаантай машинуудыг бүтээж, тэдгээр нь эволюцийг өөрсдөө бий болгон авч явах үед бидэнд гүйцэтгээд байх үүрэг үгүй болно гэжээ. Тэдгээр үзэлтнүүдийн итгэл үнэмшил улам бүр батжин байдаг нь хамгийн сайн шатарчин хүн компьютерт ялагдсан, нисгэгчгүй нисдэг онгоц болон сансрын хөлөгний мөрөөдөл биелсэн, хүний оролцоогүйгээр мэс засал хийдэг роботууд болон хүний оюун ухаанаар удирдагдан ажилладаг хиймэл эд эрхтэн бий болсон зэрэгтэй холбоотой.
Соёл иргэншил хэмээн бидний нэрлэдэг зүйл бол эцсийн үр дүнд хүн төрөлхтний мөхлийг авчирна хэмээн апокалиптик үзэлтнүүд итгэдэг. Тэдний хувьд орчин цагийн үзэгдлүүд буюу цаг уурын өөрчлөлт, байгаль орчны хямрал, цөмийн дайны аюул, халдварт өвчнүүдийн тархалт, дийлдэшгүй ядуурал, архаг өвчнүүд болон хөгшрөлт зэрэг нь Апокалипсисийн дөрвөн морьтон ойрхон буйг илтгэх шинж тэмдгүүд мөн.

Дэлхийн суперорганизм дахь гуманодууд 

Экстраполяци нь эволюцийн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй. Хөдлөшгүй, төгс гэх далдын хүчээр биш бидний өөрсдийн үнэт зүйлс, бидний хоорондын харилцаа, үйл ажиллагаа болон бидний юуг ч үл харгалзан амьд үлдэх гэсэн хүсэл тэмүүллээр хувь тавилан маань шийдэгдэх тийм ирээдүй байж болно шүү дээ.
Хорин нэгдүгээр зууны компьютерийн эрин үе нь бидэнд “носфер” буюу оюуны ертөнцийг бий болгох боломжийг олгож байна. Энэ ертөнцийн тулгуур нь бие даасан атлаа харилцан холбоо бүхий хүмүүсийн дэлхийг хамарсан оюун санааны сүлжээ байх юм. Утасгүй холбоо, зөөврийн тооцоолон бодох төхөөрөмжүүд болон интернетийн асар хурдацтай хөгжил нь бидэнд үнэн глобал суперорганизмд “гуманод” хэлбэрээр ажиллах тийм ирээдүйг хэдийнээ авчраад байгаа бус уу.
Компьютерийн технологи нь эрүүл мэндийн, сайн сайхны оргилд хүрэх боломжийг бид хэн болох, бид хаана байгаагаас үл шалтгаалан бидэнд өгч чадна. Бид түүний тусламжтайгаар оюун ухааны, биет ертөнцийн, институцийн, газар зүйн, соёлын, хэлний болон түүхийн хил хязгаарыг давж гарах боломжтой. Үгүй бол өөрсдийн мөхлийг бид өөрсдөө авчирна. Сонголтыг зөвхөн бид өөрсдөө хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бид сонголтоо зөвхөн мэдээлэл, мэдлэгээр биш мэргэн оюун ухаанаар хийнэ хэмээн найдаж байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 485
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК