Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Монголчуудын яс барих ухааны эрт үеийн хөгжил
( Судалгааны өгүүлэл )

Ванчинжав1, Н.Баасанжав3, Ш.Болд2

ӨМӨЗО-ны АУИС1, ЭМЯ2, АУҮХ3

 
Абстракт

The Mongolian art of bone setting, called ‘bone art’ in Mongolia, is a fascinating subject. It developed mainly during the Chin dynasty. The eminent practitioners were Tsorj-Mergen, Nara-Abai and Heru-Ishinga and various others. Bonesetters (Bariachi) used many interesting methods, such as applying cupping glasses (made of horn) to treat broken bones, or a herbal compress, or, if necessary, used surgery with the aid of ice as a local anaesthetic. The Aduuchiin Minister called together 30 professionals in the field and established a special Bone Art Hospital at this time.
Bone Art is a completely independent branch of Mongolian medicine. Bariachi were local people who still believed in Shamanism for they were not educated and therefore untouched by Buddhism. For an accidental bone fracture or dislocation, the Mongols would automatically approach the Bariachi, who had no medicines or surgical instruments. The Bariachi would simply hold the fractured or dislocated limb in their hands and massage it or give it a twist or two. The patient would feel no pain, but was usually advised to rest afterwards. These born healers were just lay people without schooling, but neither spelled charms nor performed rituals. They cured bone disorders perfectly without complaint from the patient or pain afterwards, however serious the injury. The bones would heal quite soon afterwards. These healers had no special training except what was handed down to them, but they needed to have the ability born in them. Their hands were the healing instruments, and setting was done by very sensitive touch. Such healers usually came from a family of traditional bonesetters. Sons or daughters would become bonesetters, having learned from their parents. However, some had a following of disciples who were taught to treat skillfully and professionally.

Key words: Chin dynasty, a herbal compress, Mongolian art of bone setting, traditional bonesetters
Pp.20-23, References 8

Нэг. Нэн эрт үеийн бариа засал

Монголын өндөрлөгт Рүн Дигээс эхлээд Хүннү, Ухуван, Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Хятан зэрэг үндэстэн оршин сууж байсан хэдий ч МЭӨ XII-XIII зуунд хүчирхэгжин мандсан Монголчууд умард орны үндэстнүүдийн тархай бутархай байдлыг эцэслүүлж энэхүү өндөрлөгт нутагшин суун, тэнд нутаглаж байсан аймгууд нь монгол үндэстний бүрэлдхүүн хэсэг болсон байна. Ингэж нэгэн цогц болон нэгдэхдээ өөр өөрийн давуулаг тал, онцлог байдлаа бадруулж, үндэстний соёлоо хөгжүүлсэн байна. Энэхүү соёлын дотор тэдний эм, дом заслын нэгээхэн хэсэг болох бариа засал чухал байр суурийг эзэлдэг.

Эртний Хүннүчүүд өөрийн туршлага, сургамж дээрээ тулгуурлан Умард Ди улсын олон угсаатнуудын давуулаг талыг хуримтлуулж Өрнө дахины соёл, боловсролыг хүлээн авч, Байлдаант улсын үеэс Чин улс, Умард Хан улс, Хойд Хан улс хэмээх хятад үндэстэнтэй соёлын харилцаа, солилцоо хийж Хүннүгийн бие даасан соёлыг үүдэн бүтээжээ. Хүннүчүүд мал аж ахуй эрхлэн, оторлон нүүдэллэж, ан гөрөө хийх явцдаа шархдаж, бэртэх нь элбэг тул бариа заслын аргыг чухалчлан хэрэглэх нь амьдралаас нь урган гарсан зүй ёсны хэрэг юм.

Хүннү гүрний үед шарх эмчлэх, яс барих, эвлүүлэх, боох зэрэг зөвхөн нүүдэлчнээс гаралтай эмчилгээнүүд биеэ даан бий болж цаашид нүүдэлчдын дотор уламжлагдан дэлгэрсэн ажээ.

МЭӨ 129 онд хээр шархадсан хүнийг оточ нарт яаралтай хүргэхдээ Хүннү нар хоёр морины хооронд суран тор татаж дээр нь хэвтүүлж аваачдаг байжээ.

Хүннүгийн оточ МЭӨ 100 орчим оны үед Хятадын элч Су У-г шархдахад газар ухан, дотор нь зөөлөн гал асаагаад дээр нь түүнийг хэвтүүлэн, цусыг нь шахан гаргаж анагааж байжээ. Су У зуу гаруй элч дагуулж Хүннүд иржээ. Хүннүд байхдаа Хятад гүрнээс урвасан гэж эмээн хутгаа сугалан амиа хорлов. Тэр даруй бөө эмчийг дууджээ. Су У-ийн шарх маш хүнд Хүннү эмч түүнд халуунаар ангасалах засал хийв. Газар ухан гал түлж нурамлаад Су У-г дээр нь хэвтүүлэн битүүлэв. Улмаар ханаж цус гаргахад амьсгал нь бөглөрсөн тэрээр хагас өдрийн дараа сэргэв. Нурам бол оч үгүй халуун үнс, захын судсыг тэлж цусны эргэлтийг сайжруулдаг билээ. Халуун нурманд хэвтүүлэх, ханах засал бол Хүннүгийн эмч нарын өдөр тутмын хэрэглэж буй арга гэж үзэхээр байна. Энэ заслаа ч сайн хийдэг, ихэд мэргэшсэн байна. Тийм учраас одоогоос 2000 жилийн өмнө Хүннүгийн эмч дотор орноо алдаршин Хан улсын түүхэнд "Ху эмч" хэмээн дурьдагджээ.

Хүннүгийн газар нутгийн хойд хэсэг Байгаль нуур, урагшаа Цагаан хэрэм, баруун тал нь Ил тарвагатай, зүүн хэсэг нь Хойд Солонгос хүрч байжээ. Ийм өргөн, уудам, эрс тэс уур амьсгалтай нутаг дээр нүүдэллэн, мах, цагаан идээ идэн амьдарч байсан түрүү үеийн Монголчуудын өвөг аймгуудын дунд элбэг тохиолддог хүйтэн өвчин, түүнийг эмчилдэг гол арга төөнийн гарал үүслийг Хуанди Нэйжин"-д машид тодорхой дурьджээ. Үүнтэй холбогдох өөр нэгэн баримтыг "Монгол улсын түүх" тэргүүн ботийн "Хүннү гүрэн байгуулагдсан нь" хэсэгт "Тэдний дунд төр ёс, бичиг үсэг, соёл иргэншил үүсэхийн өмнөх үед дээгүүр, доогуургүй цөм малын мах, сүү цагаан идээгээр хооллож, арьс үсээр нь хувцас хийж өмсдөг байжээ" гэж тэмдэглэсэн байдаг.

1979 онд Их Зуу аймгийн Үшин хошууны зүүн хавьд эртний нэгэн дайны талбарын булшнаас хүрлээр хийсэн сум, зэв, цэрэг зэвсгийн хамт нэг тоосгон лонхонд хийсэн хүрэл хямсаа хоёр, жижиг хүрэл зүү гурвыг олжээ. Үүнийг нягтлахад Хүннүгийн үеийн цэргийн эмч мэс засал хийхдээ хэрэглэж байсан багажийн иж бүрдэл бололтой гэсэн мэдээлэл байдаг. Эдгээрээс үзэхэд Хүннү гүрний үед шархны гэмтлийг эмнэж засдаг тусгай бариа заслын мэргэжилтэй "Бариач" хүн эсвэл бариа заслын мэргэжилтэй "Бөө" байснаар барахгүй "Бариа засал"-ын мэдлэг ч зохих хэмжээгээр түгээмэлжсэнийг харуулж байна. Энэхүү мэргэжил нийгмийн хөгжлийн үе шатыг туулан олон зуун жилийн турш үйлдлийн дунд нотлогдон   баталгаажсаар   Хүннүгийн "Бариа засал"-аас Сяньби, Нирун, Түрэг, Уйгар, Хятан нэн ялангуяа Монгол бариа засалд шингэн өөрийн ил тод тусгалаа олсон ажээ.

Хоёр. Бариач гэсэн үгийн утгыг мөшгөх нь

Монголын өвөг дээдэс эрт язгуураасаа говийн өмнөд, умард хэсэгт амьдарч үе улиран оршин тогтнохдоо үндэснийхээ үнэт соёлын өвийг үүдэн бүтээсэн юм. Үүнд Монголын уламжлалт бариа заслын судлал, яс, шархны эмчилгээ маш цухал байр эзэлдэг. Монголын уламжлалт бариа заслын судлал бол яс барих, мултарсан үеийг ороншуулахаар голлож бусад хамаа бүхий өвчнийг эмчилдэг салбар болно.

Монгол үгсийн санд "бариа" гэдэг нэр үг "бэлэн зэлэн, дэнслэх, уралдааны төгсгөлийн газар, оосор" гэх мэтийн адил бус салаа утгатай боловч Монголын анагаах ухааны яс, шархны судлалд яс эмчлэх аргыг бариа хэмээн нэрлэдэг.

"Монголын нууц товчоо"-нд бариаг барьцааны хүн хэмээх утгаар тэмдэглэсэн бөгөөд "барь" хэмээх үйл үгийн язгуур дээр олон янзын дагавар залгаж тэмдэглэсэн үгс байдаг. "Бариа" хэмээх бол "барь" язгуур дээр нэр үг бүтээх "иа" дагаврыг залгаж бүтсэн тухайн үйл үгийг нэрлэсэн нэр үг мөн бөгөөд энэхүү дагавар бол Монгол, Түрэг, Манж, Түнгүс төрлийн хэлнүүдэд идэвхтэй хэрэглэгддэг. "Бариа" гэдгийг үндсэн адил язгуурын хэлний нийт дундын бүтээлч дагавар гэж эрдэмтэд үзсээр ирсэн. "Ч" дагаврыг залгаж тухайн ажил мэргэжлийн гүйцэтгэгчийг заасан нэр "Бариач"-ийг бий болгожээ.

Харин "Баригч" хэмээх нэр үгэнд хоёр төрлийн агуулга байгаа бөгөөд "Яс баригч" гэх агуулга нь гол байрыг эзэлж хөнгөжүүлэгчийн утга санаа бүхий "Эх баригч" гэдэг нь дэд утгыг илэрхийлнэ.

"Монголын нууц товчоо"-нд хэдийбээр "бариач" хэмээх эрхэлсэн ажил мэргэжлийг заасан нэр үг тэмдэглэгдээгүй боловч зохих нэр үг нь "чин" дагаврыг залгаж эрхэлсэн ажил мэргэжлийн гүйцэтгэчийг заасан тэмээчин, үхэрчин, үүдчин, нутагчин, адуучин, хоньчин гэх мэт нэр үг олон бий.

"Бариач" хэмээх нэр үг зөвхөн үйл үгнээс шууд үүссэн бус зарим нэгэн тэмдэглэлүүдээс ажиглавал үйл үгээс үүссэн гэж үздэг байна. Харин үйл үгээс нэр үг үүсч, дахин энэхүү нэр үгнээсээ нэр үг үүссэн гэвэл зохино.

Эртний хүмүүс гадар шархны эвэршээлээр хэсэг газраа атгаж үлээх буюу барьж чимхвэл өвдөх нь дарагдаж хавдар нь буухыг олж мэдэхийн зэрэгцээ задгай шархыг ороож цус гарахыг тогтоон, ясны хугаралтыг барьж боовол яс залгаж эдгэрэхийг мэдсэнээс тус үйлийн утга санааг илтгэгч "бариа засал" бий болж, энэхүү үйлд цагаарсан хүмүүсийг "Бариач" хэмээн үзэж дуудах болсон гэж үзэж болох юм.

Гурав. Их Монгол улс байгуулагдахаас өмнөх болон дараах үеийн бариа засал

XII  зуун болоход Монголын бариа засал нэгэнт биеэ даасан эмчилгээ болжээ. XII зууны эхэн үед Монголчууд "Эсгий туургатан улсыг түвшин шудрага болгосон барс (гал барс буюу улаан барс жил, 1206 он) жил Онон мөрний эхэд хуралдаж, ёсөн хөлт цагаан тугыг мандуулан Чингис хаанд хаан цол өргөсөн түүхэн үйл явдлууд гэрчилж байхаар барахгүй Чингис хааны сүүлчийн жилүүдийн үйл явдал нотолж буй. Тухайлбал 1201 онд Тэмүүжиний хүзүү шархадсанд Зэлэм шархыг нь цэвэрлэн цэгээ (айраг) олдсонгүй учраас тараг олж усаар шингэлэн уулгаж тэнхрүүлсэн, 1203 онд Өгөдэйн хүзүү шархдахад Борохул шархыг нь цэвэрлэн Тэмүүжин шархыг нь хайрч цусыг нь  тогтоон ундаа өгч эмчилснийг "Монголын нууц товчоон"-ны 145- 173-т тодорхой тэмдгэлсэн байна. Хэдийгээр эдгээр жишээнд шархны эм хэрэглэсэн мэдээ үгүй боловч  Чингис хаан насан турш Ази, Европ хоёр тивийг донсолгон дэлхийн түүхэн хуудсанд балрашгүй ул мөрөө үлдээсэн аян дайныхаа төгсгөл, өтөл насны үедээ шархны эм авч  явдаг байсан мэдээ бий. Жишээлбэл "Вандарын толгой шархдсанд Тэмүүжин өөрөө эм түрхэж гэрт суулгасан гэдэг. Хүний гавлын яс бол биеийн чухал эрхтэн, тархийг 
хамгаалж байх бөгөөд чухал цусан судас элбэг, шингээлтийн зам хийгээд амьсгалын замын эхлэлт байхаар барахгүй үзэх, сонсох, үнэрлэх эрхтэнтэй туйлын ойр байдаг. Иймээс гавлын хэсгийн шарх бол эрхтэнүүдийн эрүүл ажиллагаанд нөлөөлөхөөр барахгүй нэн ялангуяа хүний амь насанд ч аюул учруулах нь түргэн байдаг. Дээрх  жишээнээс үзэхэд Вандарын гавалд зөвхөн арьс, махны гадар шарх буюу өөр шархдалт үүссэн бус харин яс нь цөмөрсөн буюу эсвэл цоорсноос болж тархи гэмтсэн гэж үзэх бололцоо нэлээд байна. Ийм хүнд шархтныг аврахын төлөө Тэмүүжин өөрөө эм түрхэж өгсөн нь түүнд арьс, мах, ясны эм байсан буюу эсхүл тархины гэмтлийг засах эм байсан ч байж мэднэ.

XIII   зуунаас өмнө Чингис хаан баруун тийш дайлсан тэр үед түүний их жанжин Бүжэр байлдааны дунд суманд оногдоод хэдэн шарх олсон байна. Чингис хаан үзээд зарлиг буулгаж биед нь шигдсэн зэвийг сугалахуй дор хамаг бие нь цусаар бялтагдаад ухаангүй болчихов. Хаан бас зарлиг буулгаж тэр даруй нэгэн үхэр авчруулж хэвлийг нь хагалаад Бүжэрийг үхрийн хэвлий дотор тавьж халуун цусанд дэвтээсэн тул аажмаар сэргэн эдгэрсэн ажгуу.

Юань улсын үед "Ши жин хотыг дайлахад Шие зүн вэн хошуучлан байлдаж гурван суманд оногдон унасныг Хубилай сэцэн хаан үзээд өр өвдөж зарлиг буулган биед нь шигдсэн зэвийг сугалж үхэр авчран хэвлийг нь хагалж гэдэс гүзээг нь гаргаж түүнийг нүцэглэн үхрийн хэвлийд тавьсан дор аажмаар сэргэн эдгэсэн" гэж Юань Улсын түүхэнд тэмдгэлсэн байдаг.

Монгол үндэстэн урт хугацааны амьдрал ахуй, аян дайны дунд мэсийн шарх олоод цус их алдсан буюу манарсан хүмүүсийг ингэж үхрийн халуун хэвлий дотор охорхон цаг хэвтүүлж тэнхрүүлэн аврах аргыг үүдэн гаргасан байна.

1263 онд Монгол цэрэг өмнөд Сүн улсын цэрэгтэй тулалдсан байдааны дунд "Зуухарын бие дор гурван сум тусч зүүн мөрөнд нь шигдсэн зэвийг сугалан авахын аргагүй болсон учир Химчаг харамсч хоёр алагдах ялтныг авчран мөрийг нь огтлон ясны гүн гүйхнийг шинжээд авч болно гэж мэдмэгц даруй шархыг нь ухан зэвийг сугалж авчээ". Энэхүү баримт нь эмч бус цэрэг эрийн хийсэн туршлагын үйлдэл дээр явагдсан ясны мэс засал болно. Эмч бус цэрэг эр Химчаг дайны үед ясны мэс заслыг ингэж амжилттай хийж ясанд шигдсэн зэвийг гаргаснаас үзэхэд цэргийн эмч нар тухайн үед ясны мэс засал хийж байсан бололтой. Цэргийн эмчийн үйл ажиллагаа нь Хямчагт ухаарал өгч урьдаар туяачлалын аргыг хэрэглэн бүтцийг нь ойлгон дараа нь мэс засал хийхэд хүргэсэн байж мэднэ.

Дөрөв: Юань улсын яс барих ухааны хөгжил

Юань улсын Засгийн газраас тусгай яс барих мэс заслын салбар байгуулж цэргийн дотор цэрэг эмчтэй байж, яс барихыг тэргүүн байранд тавьдаг байжээ. Энэ нь тухайн үеийн шаардлага болж, эм, эмнэлэгт ач холбогдол өгч байсныг харуулаад зогсохгүй яс барих нь анагаахын биеэ даасан ухаан болон хөгжиж байсны гэрч юм. Тухайн үед Шанд хотод байгуулагдсан Хишиг түгээмэлжүүлэх хэлтэс бол Юань улсын үеийн эмчилгээний байгууллага болно. Энэ байгууллага нь ихэнхдээ ордонд хэрэглэх сартуул эмийг найруулдаг байжээ. Сүүлээр нь түүний доор Сартуул эмийн тусгай хороо байгуулжээ. Энд хэрэглэж байсан "Сартуул эмийн жор"-ын гучиндөрөвдүгээр эвхмэлийн бүх агуулгад мэсийн ирний, яс хугарсан, үе мултарсан зэргийг оношилж засах талаар системтэй өгүүлсэн байдаг.

Юань улсын үеийн гадар салааны эмчилгээний багаж хэрэгсэлд зүү, хайч, хутга, хавчаар, цүүц, олсон утас, алимны модны утас зэргийг хэрэглэн оёдол тавьдаг байсан нь шархны салааны түүхэн дэх чухал нээлт болно.

Юань улсын хааны зоогийн эмч Хүсэхүй өөрийн зохиолдоо "хар эмэгчин тахиа бол амтлаг амттай, бүлээн чанартай. Яс шархдаж хагарснаас өвдөх зэргийг засахад эрхэм", "хар үхрийн чөмгийг ханд болгобоос бөөрний тамир доройтон, яс бэртэн суларч, тамир хүч буурсныг анагаана гэж монголчуудын ясны бариа засалд үргэлж тохиолддог бэртэнгэтэй хүмүүсийн биеийн сувиллын асуудалд чиглэгдсэн идээ ундаа, явдал мөрийн зохицуулалтын учрыг нарийн тодорхой заасан байна.

Монголчуудын бариа засал ингэж дээд хэмжээгээр хөгжсөн учраас харь улс үндэстний соёл боловсролд нөлөөлж байсан бөгөөд нэн ялангуяа Монголын тулгуур төр байгуулагдсаны дараа Монгол үндэстэний удам дамжсан яс барих туршлага нь ч бусад үндэстэн, улс оронд нэвтэрч эхэлсэн байна. Энэ нь яриангүй тухайн үеийн амьдралын дадал, үйл ажиллагаа, хөрш оронтой хийж байсан соёлын харьцаатай шууд холбогдох бөгөөд үүн дээр үндэслэн эдүүгээ үеийн Монголын бариа засал болон Хятад эмнэлгийн яс шархны засал арга барилын талаар адил байдгийн учир юмаа.

1368 онд Монгол хаант төрийн сүүлчийн хаан Тогоонтөмөр 104 жил дээрээ нийслэл хотоо орхиж Монгол орондоо буцжээ. Барс хотыг нийслэлээ болгосон байна.

XVI зууны эхэнд Даян хаан Монголыг дахин нэгтгэж зуу гаруй жилийн самуун дайны байдлыг эцэслэжээ. Монголын их нэгдлийг байгуулжээ. Нэгэн үе Монголын нийгмийн байдлыг намжуун болгож, аж ахуй сэргэн хөгжлийн шинэ хуудсыг бий болгов. Энэ нь Монголын уламлалт бариа засалд хөгжил цэцэглэлтийг авчрав. Хэдийгээр Юань улсын үеийнх шиг алс холын үндэстэнтэй өргөн дэлгэр соёлийн харилцаа харьцангуй багассан боловч өөрийн үндэстний анагаах заслыг хөгжүүлхэд зохих арга хэмжээг авч байжээ. Тухайн үеийн умард Юань улсын нутагт Төмөрхадагын эхнэр мэт олон бариач байснаар барахгүй Тогоонтөмөртэй хамт ухарч амжилгүй Дайду хотод хоцорсон монголчуудын дотор ч өдий, төдий бариач байсан гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Тухайлбал түүх сударт Мин улсын нийслэлд засал хийн эмчилж байсан бариачийн тухай түүхийн бодит тэмдэглэл бий. Энэ хүн эмчилгээний мэргэжилдээ цагаарсан тул хүмүүсийн итгэл хүндэтгэлийг олжээ. Олон шавь сургаж өөрийн эмчилгээний мэргэжлийг уламжилжээ гэсэн мэдээ байдаг. Чухамдаа Монголчуудын заслын эмчилгээний мэргэжил нь Хятад анагаах ухааны бэртэнгийн эмчилгээнд шингэсэн нь гарцаагүй билээ.

XVI зууны сүүлчийн үеэр Баруун гарын гурван түмэнд Алтан хаан хүчирхэгжин Хөх хотыг цогцлоон байгуулж энэхүү хотыг Монголын улс төр, аж ахуй соёлын солилцооны төв болгосон юм. Алтан хаан Мин улстай эв найрамдлаар арилжаа, худалдаа явуулахын хамт Төвд, Уйгур, Дундад Азийн орнуудтай арилжаа хийж байв. Тухайн үед бөө мөргөлийн шашин доройтлын замдаа орж улааны шашин ч дэлгэрэх боломжгүй болж зөвхөн шарын шашин умард Юань улсын нутагт нэвтрэн орсон байна. Шарын шашныг дагалдан Түвэдийн "Дөрвөн үндэс" Монголд уламжлагдан XVII зууны эхээр газар бүрт дэлгэрсэн байна. Энэ үеэс Монголын бариа заслын судлал өөрийн уламжлалт арга барилын суурь дээр Энэтхэг, Түвэдийн анагаах ухааны онолыг бүтээлчээр шингээн авч өөрийн онцлог бүхэн биеэ даасан онолын системийг бүрдүүлэх замыг бий болгожээ.

Ном зүй

1. Болд. Ш. Монголын анагаах ухааны түүх, УБ, 2006
2. Биеийн 3 мах бодын ясан дахь онцлог чанарын тухай туршин өгүүлэх нь , Монгол эм, эмнэлэг сэтгүүл 1989.2 CN15-1095
3. Бариач хэмээх үгийн тухай , Монгол хэл бичиг сэтгүүл 1997.12 ISSN 1004- 1761
4. Монголын өндөрлөг дэх балар эртний эрүүл мэнд ба эм эмнэлгийн ухааны соёолол, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл 1993.2 ISSN 1002-9265
5. \"Монголын нууц товчоо\" хийгээд Монгол анагаах ухаан, Өвөр Монголын нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл 1995.2 ISSN 1002-9265
6. Монголын уламжлалт анагаах ухааны үеийг ороншуулах арга барилын тухай мөчид өгүүлэх нь. Дундад улсын хятад анагаах ухааны яс шархны салаа зэтгүүл 1997.5 боть 1-р хугацаа \"Хятад хэвлэл \" ISSN 1005-0205
7. Эрт язгуурын нүүдэлчин аймгийн эм эмнэлгийн бүрдэл Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл 1994.4.1 ISSN 1002-9265
8. Юань улсын анагаах ухаан хийгээд тэдний зохиол бүтээл. Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухаан сэтгүүл 1997.4 ISSN 1002-9265
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1906
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК