Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Монголчуудын язгуурын анагаах ухааны өвийг нээхүйд
( Судалгааны өгүүлэл )

Б.Пүрэвсүрэн1, Ш.Болд2 Н.Амгаланбаатар3

1Гэсэр сүмийн уламжлалт эмнэлгийн салбар, 2ЭМЯ, 3ЭМШИУС

 
Абстракт

We have identified that Mongolian Ethnic Medicine (Dom) was developed based on observation and reflexes unconsciously done by people to protect them and to recover from injuries, traumas caused by external attacks, natural and climatic factors since people lived in territory of Mongolia.

Ethnic Medicine is closely related to livestock husbandry, the essential part of nomadic civilization, based on which physiological knowledge was developed.

Ethnic Medicine is divided into two categories: medication and accessory therapies. Medication treatment has the structure of herbal, animal originated and mineral medication whilst accessory therapies consists of bone art, massage, chiropractics, bleeding, moxibustion and food etc.

Key words: livestock husbandry, medication and accessory therapies, Mongolian Ethnic Medicine, nomadic civilization; herbal, animal originated and mineral medication
Pp.24-27, References 9

Дом заслын үүсэл. Mонголчуудын язгуурын анагаах ухаан болох дом заслын үүссэн үеийг тогтоохдоо Монголын анагаах ухааны түүхэн хөгжлийн хэдий үед үүсэж, ямар ямар хөгжлийн үеүдийг туулан эдүгээ хүрч ирснийг тогтоох нь чухал юм. Ингэж чадвал судлахад ойлгомжтой, эмх цэгцтэй болох учиртай.

Манай судлаачид сүүлийн жилүүдэд анагаах ухааны түүхийг судлах талаар багагүй амжилт олсны үр дүнд Монголын уламжлалт анагаах ухааны түүхийн үечлэлийг 6 үе шат болгон судлах нь илүү оновчтой хэмээн үзжээ. Мөн үе шат болгоны онцлогийг гаргах тусгай шалгууруудыг үечлэл болгоны дараа томъёолж өгсөн байна1. Улмаар энэхүү үечлэлд үндэслэн гүнзгийрүүлэн судалж зөвхөн Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг бус Монголын анагаах ухааны хөгжлийн үечлэлийг тогтоосон байна.

Энэхүү үечлэлийн ёсоор Монголчуудын язгуурын анагаах ухаан Монгол домын үүссэн үе нь Ажиглалтанд тулгуурласан эмчлэхүй урлагийн мэдлэг бий болон туршлага хуримтлагдсан үе (Нэн эрт үеэс 209 он хүртэл) гэсэн эхний үед хамаарагдан орж байна.

Өдгөө Монгол домын дорвитой судалгаа төдийлөн үгүйн дээр монгол дом өдгөө Өрнөдийн судлаачдын үздэг домын аргаас анги өөр утга агуулгатай. Тиймээс бидний судалгааны ажил дом нь чухам яаж үүссэн, ямар ялгаатайг тогтоохоос эхэлсэн юм.

Монгол бол Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн баян өв уламжлалтай улс бөгөөд түүний салшгүй хэсэг бол эмчилгээний дом засал юм. Я.Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь"-д "дом гэдэг нь хуучирсан эмчлэх, засах арга, эм дом, дом засал, хар дом" мөн "дом бол шашны ёсны чойрын сургууль төгсөхөд хийх баяр хурим (домын дамжаа барих, дом хийх) гэх зэрэг гэсэн байдаг .

Х.Дашзэвэг "Хаагдсан шүтлэг, нуугдсан сүсгийн сан хөмрөгөөс" шашины уламжлалт ёс, зан үйлийн толь номонд "Дом энэ нь шарын шашины ёслолд чойрын ном үзэж дуусаад, номын хурим хийдэг байсан байна. Үүнийг дом тавих, домын дамжаа барих гэж хэлдэг байв. Мөн өнө эрт монгол эмнэлгийг ингэж нэрлэдэг байв. Бас урьдын цагт эмгэг өвчнөө эдгээх гэж эм уухаас гадна элдвээр арга засал хийхийг эм дом хэрэглэх гэж хэлдэг байжээ.

Дээрх хоёр тайлбар толинд монгол, түвэд үгийг хооронд ижил мэт ойлгон хутгасан зүйл байх учир ялган салгах нь зүйтэй санагдана.

Түвэдийн дом монгол хэлний дом хоёр хоорондоо утгын хувьд эрс ялгаатай үгс. Монголоор ижил дуудагдана sdon mo гэж бичнэ. Орчуулбал баяр хурим гэсэн үг. Чойрын ном үзэж дуусгаад шарын шашины баяр хурим хийхийг хэлнэ. Харин манай монгол хэлний дом бол ёстой өнө эртний монгол эмнэлгийн нэр, урьдын цагт эмгэг өвчнөө эдгээх гэж эм уухаас гадна элдвээр арга засал хийхийг хэлдэг. Иймд энэ хоёр үгийг нэг бус хоёр өөр үг гэж салган тайлбарлах нь оновчтой болно. Монгол дом бол эмээр бус үйлдлээр засал хийхийн нэр. Дом заслыг хийдэг хүнийг домч гэнэ

Эмчилгээний дом гэдэг нь бие махбодод ямар нэг хэмжээгээр нөлөөлж байдаг гэхдээ нууц нь тэр бүр бүрэн илрээгүй ардын анагаах арга. Эмчилгээний домын үйлчилгээний механизм тодорхой болоогүйн улмаас ид шид, далдын хүчинд итгэх төөрөгдөлд хүргэж болох онцлогтой байдаг.

Дом нь хүн төрөлхтний өнө эртний түүхэн нөхцөл дэх соёл, танин мэдэхүйн онцлогтой холбоотой тул түүнийг бидний өвөг дээдэс болох эртний хүний амьдрал, үйл явдлаас улбаалан тайлбарлаж болох юм.

Балар эртний үед нэг бүлийн сүрэг хүн арайхийн идэх юмтай болж, ангаа төхөөрч байтал өөр нэг бүлгийн сүрэг хүн хүч түрэн дайрч, идэш хоолыг нь булаах гэхэд амь өрссөн тулаан болж, тэд дийлсэн ч олон хүн шархдаж, үрэгдэж, шархтай нэгийгээ сувилж, тэнхрүүлэхээр илж, барьж, цус тогтоож боох тусламжийг бие биендээ хийж, тэр үеийн хүнд тохиолддог аюул хөнөөлийг багасгаж бууруулж болохыг илрүүлэн цаашид боловсронгуй болгон хөгжүүлж эхэлсэн байна.

Эртний хүний тулаан, тэмцэлтэй амьжиргааны түгшүүрт орчин нөхцөлд яс, мах тасарч, гэмтэж бэртэх, цус асгаран тэсэхүйеэ бэрх өвдөж шаналах, халуурч дэмийрэн, байх суух аргаа барж ядахдаа шархаа долоох, алгаараа дарах, шархирч өвдсөн биеэрээ хад модонд шөргөөх, дарж хэвтэх, өөрийн эрхгүй хөдөлгөөн хийдэг тийм байгалийн авъяас, хамгаалах рефлексийн үйлдлүүд бол тэр цагийн хүмүүсийн дом байлаа. Хожим дом нь бариа засал гэдэг аргатай болж, домын нэг салбар үүсчээ.

Домын эх үүсвэр болох хамгаалах рефлексийн чадвар адгуус амьтанд ч байдаг. Чоно, нохой шархаа долоож, шархтай хандгай буга эмт ургамлын навч егүшин (нутгийн нэр нь хандгайн шархны эм) дээр хэвтэж эдгэрдэг, хэрэм хөлөө хугарахад модны давирхайгаар шавдаг (чиг тавьдаг), хавханд орсон чоно хавхныхаа доод талаар хөлөө тас хазаж, хавхыг суга татаж орхиод явдаг зэрэг жишээ бий.

Хүн бол хамгаалах чадвартаа үндэслэн сэтгэж хөгжүүлсэн туршлагаа хуримтлуулж түнийгээ бусаддаа уламжилж чаддаг, оюун ухаанаараа амьтдаас ялгаатай байдаг. Анхны эмчилгээний арга дом үүсэх эхэн үеийн түүхэн тойм ийм байсан буй.

Тэгэхлээр дом гэдэг нь: Балар эртний хүмүүсийн шархдаж, бэртэж, гэмтсэн үедээ түүнийг хэвийн байдалд нь оруулахаар авдаг арга хэмжээ, хөдөлгөөн, байгалийн авъяас, хамгаалах рефлексийн үйлдлүүдийг дом гэж үзэж болох байна. Энэхүү арга нь эхний үедээ империк шинжтэй, тогтсон дараалал, ухамсартай үйлдэл бус байсан ч хөгжлийн явцад, ажиглалт, туршилтаар боловсронгуй болж, хөгжсөөр байжээ.

Балар эртний хүний бүлээрээ сүрэглэн амьдардаг нөхцөл өөр болж, оюун ухааны хөгжил сайжирч, танин мэдэхүйн сэтгэлгээ нэмэгдсэний дүнд бүлээрээ сүрэглэж амьдардаг хүний амьдрал өөрчлөгдөж, бүлийн дотор хөдөлмөрийн хуваарь буй болж, эрэгтэйчүүд ан гөрөө хийх, сүргээ хамгаалахад давамгайлан орж, отог нутгаа сахиж, хүүхдээ бойжуулахад эмэгтэй хүн илүү оролцох болсноор оромж, урц сахьсан эмэгтэйчүүд хүүхдийн өвчнийг эмчлэх, жирэмсэн эмэгтэйг төрүүлэх, шархтанг сувилах зэрэг ажлыг гардан хийдэг болж, тэр цагаас эхлэн эмч, домч эмэгтэйчүүд олширч байсны сацуу монгол домд мэргэжлийн чиг ялгаа үүсээд дом-домч, эм-эмч, бариа- бариач, хануур- хануурч, засал-засалч, шарх-шархач гэдэг тусгай нэр томъёо бий болжээ.

Өнө эртний хүмүүс өвс ургамлыг хүнсний бэлэн бүтээгдхүүн байдлаар хэрэглэж байсны дүнд зарим ургамал эдгэрүүлэх чадалтайг ажиглаж мэдээд, эм болгон эмчилгээнд хэрэглэх болсон цаг нь бариа заслаас их хойно үүссэн ажээ.

Эрүүл, өвчин, эдгээх гэсэн гурван үгийг эртний монголчууд эрүүл биеийг бүтэн, өвдсөн биеийг эвдэрсэн, эдгэрсэн биеийг зассан гэж ойлгодог байснаас улбаалан худам монголоор бичихдээ өвчтөн гэдгийг эвд+чин гэж бичдэг болсон сэтгэлгээний логик, танин мэдэхүйн тухайн үеийг илэрхийлсний баримт болж үлджээ. Эрүүл бие бүтэн юм бол өвдөхдөө эвдэрдэг, эвдэрсэн юм бол бүтэн болгохоор засна гэж сэтгэж өөр хоорондоо салшгүй утга уялдаатай үйл явдлаас ухааран өгсөн нэр байж болно. Өөрөөр хэлбэл засал гэсэн нэр бол бэртэл гэмтлийг эвлүүлэн барьж засна гэсний илэрхийлэл болно. Энэ утгаараа эм эмчилгээ гарахаас өмнө засал гэсэн нэр томъёо буй болсныг харуулдаг. Засал гэдэг нэр томъёо гарсан тэр цагт бэртэл их тохиолддог байснаас өвдөж зовохыг эвдэрлээ гэж ойлгодог байжээ.

Ийнхүү эмчилгээний домд мэргэжлийн салбарууд үүсч өргөжсөн тэр үеэс эмчилгээний дом түүхийн урт хугацаанд тэр чанараа хадгалсан байна.

Анагаан эдгэрүүлэх аргын үүсэлд мал аж ахуйн нөлөө

Монгол оронд мал аж ахуй үүсч хөгжсөнөөр наад зах нь 5000 жил болсон гэж эрдэмтэн судлаачид тооцож байна (М.Төмөржав ,1989). Иймд Монголчууд Төв Азид амьдарч байсан нүүдэлчин олон овог, аймгийн нэгэн адил эрт дээр үед адгуусан амьтныг гэршүүлэн бэлчээрийн мал аж ахуйг бий болгон хөгжүүлэх явцад мал сүргээ адгуулан маллах, өсгөж үржүүлэхээс эхлээд эдлэж хэрэглэх, эмнэн анагаах ариун баялаг уламжлалт арга туршлага хуримтлуулсан байжээ.

Түүхийн энэ урт хугацаанд манай ард түмэн төрөл бүрийн малын бие зүй, ашиг, шимийг танин мэдэж, түүнийг өөрийн аргаар боловсруулж, ахуй амьдралдаа зохистой хэрэглэж иржээ. Үүний дүнд бэлчээрийн мал маллагааны ардын ухаан үүсч хөгжсөнөөр байгаль, цаг агаарын эрс тэс нөхцөлд зохицсон тэсвэртэй мал сүрэгтэй болж, малаас ашиг шимийг нь боловсруулж хэрэглэдэг баялаг туршлага, өвөрмөц арга ажиллагаа бий болгосон бөгөөд нүүдлийн мал аж ахуйн орны ард түмний соёл иргэншил, зан үйлийн өвөрмөц хэвшил цэгцтэй бүрэлдэн тогтож, улмаар мал аж ахуйн хөдөлмөрт тодорхой мэргэжлийн ялгаа гарч, мал аж ахуйтай холбоотой хөгжсөн тусгай мэргэжлийн олон салбар бий болох нөхцөл бүрдсэн байна. Энэ тухай академич Н.Төмөржав "манай орны мал аж ахуй бол монгол орны байгаль экологитой төдийгүй монголын ард түмний хэл соёлтой шүтэн барилдаж бүхэл тогтолцоо болон хөгжиж ирснийг бахадъя" байдаг.

Монгол туургатны эмнэлэг, соёлын өв болох Монголын анагаах ухаан ч мөнхүү мал аж ахуйтай уялдаатай хөгжиж, эртний Монголын анагаах ухааны сэтгэлгээ үүсч хөгжихөд мал аж ахуй зохих нөлөө үзүүлж, оюун сэтгэхүйг хөгжүүлж байсны үрээр зөвхөн хоол хүнс, хувцас үйлдвэрлэхэд мал, амьтны ашиг олборыг зориулдаг байсан аж амьдралын явцуу хүрээнээс хэрэглээний зорилго хальж, хүний урт наслаж, эрүүл энх аж төрөх үйл хэрэгт зориулан ашиглаж, өвчин эмгэгтэй тэмцэх, өвчнөөс сэргийлэх хэрэглэгдхүүн болгож байсан нь улирах цагийн аяст боловсрон хөгжиж, тэрхэн үедээ Монгол туургатны өвчин анагаах шинэ соргог арга болж байсан төдийгүй өдгөөгийн Монголын анагаах ухааны үндсэн арга болох таван заслын анхны суурь тавигдах аятай шимт хөрс нь болж өгчээ.

Зэрлэг амьтныг гаршуулж гэрийн тэжээмэл мал бий болсон тэр цагт, монгол хүн зөвхөн нарны элчинд дулдуйдан амьдарч байсан цагаас ангижирч, мал амьтны биеийн дулааныг эрүүл мэндэд зориулан ашиглах сэтгэлгээ бий болсон байна. Эл заслын тухай 2000 жилийн тэртээх Хятадын эртний анагаах ухааны дурсгал "Хуанди Нейжин" хэмээх нангиад бичигт умартын орны төөнө засал гэж тэмдэглэгдсэн бөгөөд хожим 8-р зууны үед Түвэд анагаах ухааны өв болсон "Рашааны зүрхэн найман гишүүт нууц увидасын үндэс" зохиолын "Язгуурын үндэс"-ийн Монголын төөнө (хоржи мэза) гэж монголоос үүсэлтэй төөнөх эмчилгээний арга болохыг бүр тодорхой болгож, дорно дахинаа алдаршуулжээ.

Монголчууд мал, амьтны биеийн дулааныг анагаахад хэрэглэсэн тухай түүх шастирт тэмдэглэсэн нь олон буй. Хүүхдийн ам гэмтэхэд морины халуун амгай үмхүүлэх, бижидсэн хүүхдийн зулайг хонины халуун олгойгоор жигнэх, үхрийн баас газар хүргэлгүй авч өвчтэй эрхтэнг шавах, халуун нэхийгээр ороох, халуун сэвсэн дээр суулгах зэрэг дом байв. Нүдээ нээгээгүй гөлгөөр жигнэх, толгой таллан өвдөх үед амьд хараацайг хагалж яраад өвдсөн талын чамархайг жигнэх, хараацайн халуун нь буурсны дараа бас нэгээр жигнэх зэрэг мал амьтны гаралтай зүйлээр эмчилгээ хийдэг тухай мэдээ баримт олон байна.

Эртний монгол түмэнд мал, амьтны бие зүйн тухай цэгцтэй мэдлэг буй болсон нь Монголын анагаах ухааны үндсэн арга гэгдэх бариа, хануур, төөнө, идээн, арьслах, сэвслэх засал зэрэг гол заслын арга үүсч хөгжихөд онцгой үүрэгтэй байжээ.

Малтай болсон тэр цагаас монгол хүн малын махыг хүнсэнд хэрэглэхдээ үеэр нь мөчилж сурсан нь малын бие зүйн мэдлэгтэй болоход багагүй тусалжээ. Малын биезүйн мэдлэгт уялдаж буй болсон монгол ёс заншлын зарим нь Монголын анагаах ухааны үүсэл, хөгжилтэй шууд холбоотой байна. Зарим нэгийг дурдваас монгол хүн толгой идэхдээ охин хүүхдэд "Уран болоорой" хэмээн уран тагнайгаар хишиг өгдөг өнө эртний заншил одоо хэр нь мартагдаагүй байна. Монголчууд тагнайн үзүүрийг уран тагнай гэж нэрлэснээ охин хүүхдэд бэлэгдэж хишиглэдэг болжээ. Энэ бол уран тагнай хэлний үзүүр хоёр хамсаж уран дуу авиа үүсгэдгийг ажиглаж мэдсэнийх юм.

Малчид малаа улам сайн мэдэж, ашиг шимд бишрэх болж, мал амьтныг хайрлаж хамгаалах, өсгөж үржүүлэх, өвчнөөс сэргийлэх, эмчлэх, энэрэх сэтгэлээр малд хандах заншил төлөвшин, малын хөл хугарахад эвлүүлж барих, чиг тавьж боох, төрж ядсан малыг хүндрэлгүй төрүүлэх арга олж, туршлагаа хуримтлуулан хойч үедээ уламжлуулах болж, тэр аргаа бариа засалд сургах дадлагад ашиглаж, малын баастай олгой, ууттай элс, устай гүзээнд үйрүүлсэн яс хийж эвлүүлэн барих сургууль хийлгэдэг байв.

Эртний монголчууд амьтны биед цус нь амин чухал зүйл болохыг мэдэж, зүрх судасны эрхтний зохион байгуулалт, үйл ажиллагааг ойлгосноор түүнийг өөрийн зорилгодоо нийцүүлэн хэрэглэдэг байжээ. Монгол хүн хүнсэнд зориулж мал гаргахдаа цээжний хөндий дэх гол судсыг тасалдаг аргатай. Тэр судсыг таслахад амьтан амьсгалаа түргэн хураадаг нь амьтан зовоож тарчлаахгүй гэсэн сэтгэлд нийцдэг байжээ. Монголчууд гол судас зүрхэнд ойр тасарваас амьтан түргэн "нүд аньдаг" гэдгийг мэдээд гол судсанд хүрэх цэвэрхэн, хялбар, бага тарчлаах арга олжээ. Түүнийг "өрлөх" гэдэг байна. Өрлөх арга нь хэвлийн хөндийг нээж, оруулсан гараа цээжний хөндий лүгээ, өрцний ар хормой дахь булчингийн сиймхийгээр гол судсыг дагуулан долоовор хуруугаа оруулж, цээжний хөндий дэх гол судсыг гогодож тасалдаг. Тэгэхэд цус цээжний хөндийд олгойдож хуралдана. Түүнийг дотуур цус олгойдох гэдэг байжээ. Монгол хэлэнд "цусаар олгойд", "цусаар урс" гэх буюу түүгээр ч барахгүй бас судас бөглөрөхөд үхдэг гэдгийг мэдсэн бололтой "нөжөөр тээглэ" гэсэн нэр томъёо бий болсон байна.

Үүний сацуу монголчууд "хорыг хороор" хэмээх зарчимд түшиглэж олон зүйлийн эмчилгээний арга олжээ. Тархи, бөөр, зүрх мэт цул савын эрхтэн доргиход доргиож засдаг барианы арга, хөлдсөн эрхтэнг хүйтэн усанд дүрж гэсгээх, хөлдөхөд цасаар үрдэг нь хүйтний эсрэг хүйтнийг ашигласан нь мөн энэ зарчмын дагуу болсон хэрэг. Түлэгдэхэд шүлс, савангийн хөөс, үхрийн нойтон баас түрхэж галд ээдэг зэрэг эмчилгээний домын цөөнгүй арга нэмэгдсэн байна. "Тархи гэмтэж чихнээс цус их гарваас хар сээрний доор, хоёр далны хооронд самнах буюу гарын судсыг ханаваас цус даруй зогсмой" хэмээн сударт тэмдэглэсэн байдаг .

Өөр нэг баримт дурьдахад хоёр бух ухарч байгаад, хоёр хуц цоройж байгаад эрчээрээ мөргөлдөж байгаа нь сүрдмээр харагддаг ч тархи толгой нь хөдөлсөн шинжгүй яваад өгдөг байхад хүн өчүүхэн юманд толгой тархиа хөдөлгөж зовдгийг харж ажигласан эртний хүмүүс тэр зовлонг арилгах арга олсон байна. Үүнд доргионы эсрэг доргиулан засах барианы арга хэрэглэдэг байжээ. Мориноос унасан хүн ухаан алдан балартаж, толгой эргэж огиулах мэт болоход тэр хүний араас хоёр суган доогуур нь тэвэрч хэд сугсарахад нүд нь цэлмэж, дотор онгойдог аж.ээ.

Хүний тархи бол багахан доргионд эмзэглэдэг тэсвэр муутай эрхтэн болохыг түүний бүтэц, байршил нь илэрхийлж байдаг. Бөх бат толгойн ясан дотор, хатуу бүрхүүлийн дунд хоёр зөөлөн бүрхэвч дотор тархи байрлаж, гадна, дотор талдаа тархи, нугасны шингэн зөөлөвчтэй байдаг. Бие махбодын мэдрэл шингэний үйл ажиллагааг зохицуулахад үүрэгтэй өнчин тархи завсрын тархинаас гарч суурь ясны дээд гадарга дахь түрэг эмээл гэдэг хонхорт дүүжин маягтай байрладаг. Түүний хоёр талаар өөдөөсөө чиглэсэн сэртгэр яснууд даруулга хэлбэрээр бүтжээ. Зарим хүнд тэр сэртгэрүүд нь хоорондоо нийлж нисэгчийн суудал дахь мөрөвч шиг болсон байдаг. Энэ бүтэц бол доргионоос хамгаалах байгалийн зохилдлогоор буй болсон байна. Тархи доргиход юуны өмнө өнчин тархи савалгаатаж, шингэн цалгих болно. Түүний нөлөөнд амьдралын чухал төвүүд цочрон эмгэг голомт үүсч мэдрэл шингэний зохицуулал хямарч ухаан балартах, толгой эргэж бөөлжих, эрхтэний тэгшхэм алдагдах зэрэг тархи (ургал мэдрэлийн төв цочирч) доргисны шинж илэрнэ.

Тархи доргисныг засдаг бариа заслын уламжлалт арга нь дахин доргиох арга байжээ. Доргиох арга бол анхны доргилтоор үүссэн эмгэг голомтыг дахин доргиож саармагжуулан арилгадаг эмчилгээний арга байсан гэх үндэстэй байдаг.

Хүний бие махбод босоо явдаг болсонтой холбоотой өөрчлөгдөж, толгойн хэлбэр дүрс нь бөөрөнхий болж хувьсан, тархины хөгжил нэн боловсронгуй болсноос тархины байршилд өөрчлөлт гарч, эмзэг байдалтай болоод ч тэр үү толгой доргих нь хүнд илүү их байдгийг мал маллагааны ажлын явцад хүмүүс ажиглан улмаар хүн малын бие зүйг харьцуулах сэтгэлгээ төрөх нөхцөл бүрдсэн байна.

Монгол хүний сэтгэлгээнд мал, амьтны нөлөө их байсныг илэрхийлэх бас нэг жишээг бичвээс, хүн босоо явах болсонтой холбоотой бие махбод нь хувьсан хөгжиж, мөчинд гарсан өөрчлөлтөөр шилбэгүй болж шагайт чөмөг нь тавхайдаа ойртож, шагайны үе үүсгэснээр борвиороо газар гишгэх болжээ.

Эртний монголчуудын танин мэдэхүй нэмэгдэж, монгол уламжлалт анагаах ухааны сэтгэлгээ үүсэхэд малын тухай ардын олон талын мэдлэг чухал үүрэг гүйцэтгэсэн болох нь дээр дурьдсан түүхэн баримтаар илэрхийлэгдэж байна.

Анагаахын сэтгэлгээ хөгжсөний үрээр монголчууд үр хөврөлийн хөгжил, зүрх судасны эрхтэнд холбогдох туршилтыг мал амьтанд хийж байсан тухай 16-р зууны эцсээр бичсэн "Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг "-т байсныг ишлэл болговоос "Илжиг, морь тэргүүтэн хоёр зүйл адгуус тачаалдваас мөнхүү хоёр мал дор цөм адил шиг нэгэн хольцохуй байдалтай мал төрөхүйг үзвээс эр, эмийн хоёр дусал эсрэг тэсрэг нийлээд хүүхэд төрөхүйг нэн тодорхой мэдэж болно. Илжиг, морь тэргүүтэн гүү гишгэсэн учир гэдсийг нь хагалж эрэхүй дор дусал гүйх судасны дотор сархагийн дотор бүтсэн уйланхай мэтийг олжээ. Гишгэж хэдэн сар болсны дараа гэдсийг хагалж үзэхэд уйланхай мэт түүний хэвтэшийн дотроос олджээ. Гишгүүлээд хэдэн сар болсны хойно гэдсийг хагалж үзэхэд уйланхай мэт, тэр өсч их болсныг бас олжээ ".

Мөн тэнд "Амьд амьтны өвчүүг яраад зүрхний цус тараахуй зангиасны их судсыг зүрхнээс дөрөв таван хурууны төдийг сул тавин боогоод үзвээс, боосноос дээш зүрхнээс гарахуй цус боогдоод хоромхон зуур энэ судас тэлж бүдүүн болмой. Боосноос дорогших судсанд цусгүй болмой. Зүрхний хураахуй зангиасны их судсыг мөнхүү энэ ёсоор боогоод үзвээс боосноос дээших цус нь зүрхнээ хураагдсаар энэ судсан доор цусгүй болмой. Боосноос доош, дээш одох цус боогдсоноор удалгүй энэ судас тэлэгдэж бүдүүн болмой. Тэлсэн тэр газрыг өчүүхэн төдий ханаваас цус гожигнож гармой. Боосноо тайлваас ханасан сорвиос цус үл гаран урьд ёсоор цус дээш гүймой" гэж бичжээ.

Эдгээр түүхэн баримтаас Монголын анагаах ухааны хөгжилд малын үүрэг их байсныг харж болох юм. Монголын анагаах ухаан гарал, үүслээрээ нүүдлийн соёл иргэншлийн салшгүй хэсэг болохын хувьд үүсч хөгжсөн түүх нь мал аж ахуйн уламжлалтай шууд холбоотой. Монголчууд үндэсний анагаах ухаанаа хөгжүүлэхэд малаас их зүйлийг мэдэж хэрэглэсэн төдийгүй судалгааны амьтан болгон ашиглаж байсан нь тодорхой. Мал бол нүүдлийн орчинд байгаль, амьтны харилцан уялдаатай оршин тогтнох зүй тогтлыг малчид ухаарахад нөлөөлдөг танин мэдэхүйн их чухал салбар байжээ.

Ном зүй

1. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах нь. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 2005, тал 35
2. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны хөгжлийг эх сурвалжийн судалгаагаар тодруулах нь. Анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэгэн сэдэвт зохиол. УБ, 2005
3. Дашзэвэг Х. Хаагдсан шүтлэг, нуугдсан сүсгийн сан хөмрөгөөс. УБ, 1997
4. Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг. (Хулсан бийрийн монгол бичгийн ном)
5. Нямдаваа П, Болд Ш, Бурмаа Б. Монголын анагаах ухааны хөгжлийн түүхэн тойм, ирээдүйн төлөв. \"Монголын анагаах ухааны уламжлал, шинэчлэлийн асуудалд\" Эрдэм шинжилгээний бага хурал, УБ, 2006, тал 11.
6. Пүрэвсүрэн Б. Монгол дом. УБ., 2005
7. Пүрэвсүрэн Б., Мэндсайхан З. Хардом ардын бор арга (анхны хэвлэл) УБ, 2003.
8. Төмөржав М. Монголын бэлчээрийн мал аж ахуй, УБ, 2004.
9. Цэвэл Я. Монгол хэлний товч тайлбар толь, УБ, 1966.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3256
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК