Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2012, 1(6-3)
Шинэ эрдэмтэн
( Намтар )
 

Бид энэ удаагийн “Шинэ эрдэмтэн” булангаараа ”Аминопептидазуудын дарангуйлагч Бестатин нь идэвхижсэн моноцит ба макрофагаас ялгарах цитокинууд ба хемокинуудын үүсэлтийг зохицуулах нь” сэдвээр докторын зэргээ хамгаалаад удаагүй байгаа, эрч хүчтэй, залуухан эрдэмтэний судалгааны ажлын талаар та бүхэндээ хүргэж байна.

Лхагваа овогтой Баттөр нь 1995 онд Ховд аймгийн 10 жилийн 2-р дунд сургуулийг, 2001 онд Анагаах Ухааны Их Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд Эмгэг Физиологийн тэнхимд магистрантурт элсэж орж “Харшлын риниттэй хүмүүст гуурсан хоолойн багтрааг илрүүлэх нь” сэдвээр 2003 онд магистрын зэрэг хамгаалсан.

2003 оноос Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭМШУИС)-ийн Сургалтын албанд арга зүйчээр ажиллаж байгаад 2005-2008 онд Япон улсын Токушима Анагаах Ухааны Их Сургуулийн Молекул эмчилгээ ба дотор судлалын тэнхимд судлаач оюутнаар суралцаж энэ тэнхимдээ докторантурт элсэн амжилттай дүүргэсэн. 2008 оноос одоог хүртэл ЭМШУИС-ийн Эрүүл Физиологийн тэнхимд багшаар ажиллаж байна.

2009 оны 3 сард Япон улсын Токушимагийн Их Сургуульд Анагаах Ухааны докторын зэрэг хүртсэн.

Түүний магистрын ажлын удирдагч АУ-ны доктор, профессор Ц.Цэрэгмаа, АУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбаярлах багш нар байсан бөгөөд Харшил судлалыг Монголд хөгжүүлэхэд багш нарынхаа удирдлага дор идэвхийлэн зүтгэж байх тэр үед олон улсын жишигт Харшил-Эмнэл зүйн дархлал судлал гэдэг нэгдмэл чиглэл байдаг ба улмаар эмнэл зүйн дархлал судлалын салбарыг хөгжүүлэх юмсан гэсэн багшийнхаа бодлыг сонсож байсан нь төд удалгүй тодорхой хэмжээгээр биелэлээ олох боломж олдон 2005 оноос Японы Токушима АУИС-ийн Молекул эмчилгээ ба дотор судлалын тэнхимийн  Холбогч эдийн өвчний судалгааны багт орж ажилласнаар докторын судалгааны ажлын эхлэл нь тавигджээ.

Дээрх тэнхим нь хавдар, астма, холбогч эдийн өвчний үеийн молекул эмчилгээний чиглэлээр олон эмийн туршилт судалгаануудыг явуулдаг бөгөөд судалгааны баг нь холбогч эдийн өвчний үед хэрэглэх эмийн бодисын туршилт явуулдаг нь түүний судалгааны ажлын гол чиглэлийг тодорхой болгож өгжээ.

Холбогч эдийн өвчин болох саркойдоз, уушигны завсарын эдийн үрэвсэл, ревматойдны артиритийн үеийн үрэвслийн эсрэг эмчилгээ нь одоог хүртэл анагаах ухаанд бүрэн төгс шийдэгдээгүй байгаа ба кортикостеройдууд нь үрэвслийн эсрэг үр дүнтэй эмчилгээ боловч түүний хоруу чанар, гаж нөлөө нь энэ төрлийн эмийн хэрэглээг хязгаарлаж байна. Тийм ч учраас эдгээр өвчний үед ялгардаг үрэвслийн цитокинүүдийг дарангуйлах шинэ эм бэлдмэлүүдийг нээж, турших нь өнөөгийн анагаах ухааны чухал хэрэгцээ болоод байгаа өнөө үед холбогч эдийн өвчин болох саркойдоз болон эрүүл хүний моноцит эсэд үүсгэсэн үрэвслийн загвар дээр аминопептидазаг дарангуйлагч Бестатин (Nippon Kayaku Co., Tokyo, Japan) хэмээх эмийн бодисын үрэвслийн эсрэг үйлчлэлийг судлаж тодорхойлох гол зорилготойгоор мөн судлаач хүний хувиар хувь хүн өөрийгөө олон талаас нь хөгжүүлэх, судалгаа шинжилгээний орчин үеийн арга техникийг мэдэх, эзэмшиж дадлагажих, энэхүү сурч дадлагажсан зүйлээ Монголын Анагаах Ухааны хөрсөнд суулгах, судалгааны баг, тэнхимийнхээ зорилго чиглэлд нэгдэж холбогч эдийн өвчний эмчилгээний асуудлыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэхэд өөрийн болон судалгааны багийнхаа хувь нэмрийг оруулах эрхэм зорилгуудыг өмнөө тавин ажиллажээ.

Олон төрлийн өвчин тэр дундаа холбогч эдийн өвчнүүдийн эмгэг жамын эмчилгээнд аминопептидазаг дарангуйлагч эмийн бодисын судалгаа түлхүү хийгдэж, судалгааны үр дүн нь сүүлийн үед эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд энэхүү дарангуйлагч эмийн нэг төрөл нь Япон улсын эрдэмтэн Умезава Х нарын судлаачдын гаргаж авсан Бестатин хэмээх эмийн бодис юм. 

Судалгааны ажлын үр дүнгийн хувьд үрэвслийн үед моноцит, макрофаг эсээс ялгардаг IL-6, CXCL8/IL-8, CCL3/MIP-1a зэрэг үрэвслийн болон IL-10 үрэвслийн эсрэг цитокинүүдэд Бестатины үйлчлэлийг судлан тогтоосон. Бестатин нь үрэвслийн цитокинүүдийн уургийн бүтээгдэхүүнүүд болон генийн ялгарлыг дарангуйлах, үрэвслийн эсрэг цитокинүүдийг дэмжих үйлчилгээ илэрч байсан нь  судалгааны хамгийн чухал үр дүн нь болсон байна.

Энэхүү судалгаа нь урьд өмнө Бестатин хэмээх эмийн бодисын хавдрын эсрэг үйлчилгээг судлаж, цусны зарим хавдарын эмчилгээнд Япон улсад хэрэглэдэг байсан бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээг нь судалж тогтоосон анхны судалгааны ажлуудын нэг болсооноороо ихээхэн шинэлэг судалгаа болжээ.

Шинэ эмийн бэлдмэлийг үйлдвэрт нэвтрүүлж гаргаж ирнэ гэдэг маш олон үе шат, туршилт шинжилгээнүүдийг дамжиж өнгөрдөгөөрөө өвөрмөц байдаг бөгөөд тэдний судалгааны багийнхан амьтан дээр үүсгэсэн үрэвслийн загварын үед энэхүү эмийн бодисын үйлчлэлийг судлахаар туршилт шинжилгээг эхлэн цаашид практикт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Шинэ эрдэмтэн маань Япон улсад сурч мэдэж, дадлагажсан туршилгаа ашиглан өөрийн оронд холбогч эдийн өвчний амьтан дээрхи загваруудыг үүсгэж эхлээд байгаа бөгөөд монголынхоо нөхцөлд тохирсон олон судалгааны ажлыг хийхээр төлөвлөж, Монгол улсад энэ салбарыг хөгжүүлэхэд чармайн ажиллаж байгаа талаараа бидэнд ярьсан юм.

Мөн манай сэтгүүлээр дамжуулан “судлаач, эрдэмтэн болоход анх гарыг минь ганзганд хүргэсэн доктор, профессор Ц.Цэрэгмаа, доктор, профессор, гавьяат багш Т.Зэвгээ, доктор, дэд профессор С.Мөнхбаярлах багш нар, хүний нутгаас эрдмийг өвөрлөж ирэхэд минь үнэтэй хувь нэмэр оруулсан ЭМШУИС-ийн хамт олон (захирал, академич Ц.Лхагвасүрэн, доктор, профессор Х.Алтайсайхан, доктор Б.Янжмаа) болон намайг болон Монголын олон залуу эрдэмтдийг  төрүүлэхэд үнэлшгүй хувь нэмэрээ оруулж буй Япон Улсын Токушима Анагаах Ухааны Их Сургуулийн хамт олон, түүний дотор профессор Сабуро Соне, профессор Кенжи Тани нарт гүн талархал илэрхийлж буйгаа хэлэхийг хүсэж байна.” хэмээн дамжуулуулсан юм.

Тэрээр энэ салбарын мэргэжил нэгт нөхөддөө эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, өвчтөнүүдийн сургалт гээд энэ чиглэлд хийх ажил их байгаа нь ажиглагдаж байна. Мэргэжлийн нийгэмлэг байгуулж, дотоод гадааддаа сургалт, эрдэм шинжилгээний харилцаа холбоогоо сайжруулж энэ салбарын хөгжлийг тодорхойлоход мэрэгжлийн эмч нар санаачлагатай, нэгдмэл үйл ажиллагаатай байх цаг үе ирээд байна гэж хандаж хэллээ.

Эрхэм Л.Баттөр танд цаашдын судалгаа шинжилгээний ажил, эрдмийн их үйлсэд тань арвин их амжилтыг хүсэн ерөөе.

Танд баярлалаа!

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1216
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК