Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2012, 1(6-3)
Бөөрний үрэвслийн гематурийн эмчилгээнд гепариныг электрофорезоор хэрэглэсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

О.Баярсайхан Д.Оюунэрдэнэ 1 Н.ЭнхцолмонЛ.Дашиймаа П.Батхуяг1

1-Health Sciences University of Mongolia, 2 State Central Clinical Hospital, 3-National Cancer Center, 4-Shastin’s Central Clinical Hospital.

 

 

Удиртгал 

Бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд гепариныг арьсан дор тарьж хэрэглэдэг бөгөөд энэ нь хатгалтын тоо олонтой өвчтөнд зовиурьтайн дээр зүү, тариур их хэрэглэдэг эдийн засгийн хувьд нэлээд өртөг ихтэй арга юм.

Харин гадаад орны туршлагаас үзвэл гепариныг электрофорезоор хэрэглэх нь арьсан дор тарьж хэрэглэхээс дутуугүй үр дүнтэй байдаг хэмээн мэдээлсэн байх тул бид уг аргыг манай нөхцөлд хүүхдийн бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд хэрэглэж болох боломжийг туршин судлах нь ач холбогдолтой байж болох юм хэмээн үзэж уг судалгааг явуулсан болно.

Зорилго:

Бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд Гепариныг элетрофорезоор хэрэглэхийн ач холбогдлыг тодруулах зорилго тавьсан.

Зорилт:

• Гематурийн эмчилгээнд гепариныг элетрофорезоор хэрэглэж үр дүнг шинжилгээгээр үнэлэх

• Гематурийн эмчилгээнд гепариныг арьсан дор тарьж хэрэглэсэн үр дүнг шинжилгээгээр үнэлэх

• Дээрх хоёр аргаар гепарин хэрэглэсэн эмчилгээний клиникийн үр дүнг харьцуулан дүгнэх

• Гепариныг дээрх 2 аргаар хэрэглэхийн эдийн засгийн ач холбогдлыг харьцуулан тооцох зэрэг зорилтуудыг тавьсан болно.

Судалгааны шинэлэг тал

•  Гепариныг бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд электрофорезоор хэрэглэх аргыг манай эмнэлгийн практикт анх удаа туршсанд уг судалгааны шинэлэг тал оршино.

Судалгааны практик ач холбогдол

• Гепариныг элетрофорезоор хэрэглэх нь тарьж хэрэглэх аргатай харьцуулбал өвчтөнд төвөггүй, эдийн засгийн хувьд хэмнэлтэй арга болох тул уг аргыг практикт нэвтрүүлэх нь хатгалтын тоог багасган өвчтөний зовиурыг хөнгөвчлөх зэргээр эмийн зохистой хэрэглээний талаас зохимжтойн дээр төсөв хөрөнгө хэмнэх боломж олгож байгаа явдалд түүний практик ач холбогдол оршино.

Аргазүй

• Судалгааг ЭНЭШТ-ийн бөөрний тасагт эмчлэгдсэн бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл болон судасны цусархаг үрэвслийн дараах гематури-тай нийт 14 өвчтөнд явуулсан.

• Өвчтөнүүдэд гепариныг 300ЕД\кг тунгаар “ПОТОК-1” аппаратаар элетрофорезийн аргаар өдөрт нэг удаа хэрэглэж үр дүнг цусны урсах, бүлэгнэх хугацаа, сийвэнгийн фибриногений хэмжээ, дахин кальцжилтийн хугацаа, тромботест, шээсээр гарах улаан эсийн багасалтын үзүүлэлтүүдээр тооцон, гепариныг арьсан дор тарьж хэрэглэсэн эмчилгээний үр дүнтэй харьцуулан дүгнэсэн болно.

• Гепариныг электрофорезоор болон арьсан дор тарьж хэрэглэсэн 2 бүлэг өвчтөний ор хоногийн тоо, зарцуулсан эмчилгээний өртөгөөр нь харьцуулан тооцлоо.

үр дүн

• Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн дотроос 7 өвчтөнийг туршилтын бүлэгт авч гепариныг 300ЕД\кг тунгаар өдөрт нэг удаа, нийт 10 хоног элетрофорезийн аргаар эмчилгээ явуулсан бөгөөд нөгөө 7 өвчтөнг хяналтын бүлэгт авч гепариныг өвчтөний нэг кг жинд 75-100ЕД-ээр (87.5ЕД\кг) тунгаар хоногт 4 удаа арьсан дор тарьж хэрэглэсэн.

Гепарины электрофорез эмчилгээний зардал

• Гепариныг бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд электрофорезийн аргаар хэрэглэхэд нэг өвчтөний нэг ээлж эмчилгээнд дунджаар 39100 төгрөгийн зардал гарсан байна.

• Нэг өвчтөнд дунджаар 5000ед-ийн 10 ампул гепарин хэрэглэгдэнэ.

• Нэг ампул гепарин 3800¥, таван мл-ийн 10 ширхэг тариур хэрэглэнэ, нэг тариурын үнэ 110¥.

Гепариныг арьсан дор тарьж хэрэглэсэн эмчилгээний зардал

• Харин гепариныг бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд арьсан дор тарьж хэрэглэхэд нэг өвчтөнд нэг ээлж эмчилгээнд дунджаар 82400 төгрөгийн зардал гарсан байна

• Нэг өвчтөнд дунджаар 5000ед-ийн 20 ампул гепарин хэрэглэгддэг.

• Нэг ампул гепарин 3800¥, нэг мл-ийн 80 ширхэг тариур хэрэглэнэ, нэг тариурын үнэ 80¥

Гепарины электрофорез эмчилгээний эдийн засгийн ач холбогдол

• Дээрх 2 аргын өртөгийн зөрүүг харьцуулбал гепариныг элетрофорезийн аргаар хэрэглэх нь нэг өвчтөнд ээлж эмчилгээний туршид 43300 төгрөгөөр буюу 2.15 дахин хямд байгаа бөгөөд энэ нь гепарин эмчилгээний зардлыг нэг өвчтөнд дунджаар 52.54%-р багасгах боломж олгож байгаа болно.

Дүгнэлт

• Гепариныг электрофорезын аргаар хэрэглэхэд цус урсах хугацаа 1.48 дахин, цусны бүлэгнэлт эхлэх хугацаа 1.29, дахин кальцжих хугацаа 1.19 дахин тус тус уртасч, фибриногений хэмжээ 1.52 дахин буурч, өлөн шээсэн дэх улаан эсийн тоо 2.59, шээсэнд улаан эсийн тоо Аддисын аргаар 9.7 дахин багасч байгаа үр дүнтэй байлаа.

• Гепариныг арьсан дор тарьж хэрэглэхэд цус урсах хугацаа 1.42 дахин, цусны бүлэгнэлт эхлэх хугацаа 1.21, дахин кальцжих хугацаа 1.26 дахин тус тус уртасч, фибриногений хэмжээ 1.48 дахин буурч, өлөн шээсэн дэх улаан эсийн тоо 2.9, шээсэнд улаан эсийн тоо Аддисын аргаар 5.06 дахин багасч байгаа үр дүнтэй байна.

• Эдгээрийг харьцуулахад дээрх хоёр арга нь эмчилгээний клиникийн үр дүнгийн хувьд онцгойлох ялгаагүй байлаа.

• Эдийн засгийн хувьд  гепариныг электрофорезоор хэрэглэх нь эмчилгээний зардлыг 2.15 дахин буюу 52.54 %-иар багасгах ач холбогдолтой байна.

Практик зөвлөмж:

• Бөөрний үрэвслийн улмаас үүссэн гематурийн эмчилгээнд гепариныг өвчтөний нэг кг жин тутамд 300ЕД-р тооцож 10 хоногийн ээлж эмчилгээгээр электрофорезийн аргаар хэрэглэх нь  хатгалтын тоог цөөрүүлэн өвчтөний зовиурыг хөнгөвчлөх ба зардлыг 52.54% багасгах эдийн засгийн ач холбогдолтой байх тул энэ аргыг практикт өргөн нэвтрүүлэх нь зүйтэй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1115
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК