Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 2(128)
Улаанбаатар хотын нярай хүүхдийн төрөх үеийн жин, өндрийн хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

М.Эрдэнэ

Монгол улсын их сургууль

 

Оршил
Хүүхдийн бие бялдрын өсөлт нь улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, хотжилт, ахуй амьдралын нөхцөл, амьдарч буй нутаг орны онцлог зэрэг байгаль, нийгмийн хүчин зүйлүүдээс шалтгаалан хувьсах шинжтэй ч удамшлаар нөхцөлдөн тухайн үндэстний биологи онцлог, нөхөн үржихүй, хүн ам зүйн байдлыг харуулах чухал үзүүлэлт болдог. Ялангуяа хүүхдийн төрөх үөийн биеийн хэмжээ цаашдын бие бялдрын өсөлт хөгжил, эрүүл мэндтэй нягт холбоотой байхаас гадна төрхтөн, угсаатны антропологи онцлогийг харуулдгийг гадаадын олон судлаачид тэмдэглэсэн (Power, 1994; Frisancho, 1996; Johnston et al., 2002; Law, 2002; Stephenson, Symonds, 2002).
Энэхүү судалгаагаар монгол нярай хүүхдийн биеийн хэмжээг судалж төрөх үеийн жин, өндрийн дунджийг тогтоох, сүүлийн хориод жилийн динамик өөрчлөлтийг ажиглах, хүүхдийн төрөх үеийн биеийн хэмжээнд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх зорилго тавилаа. Уг судалгаа нь монгол хүүхдийн бие бялдрын үзүүлэлт, өсөлтийн динамик зүй тогтлыг он цагийн өргөн хүрээнд авч үзэж байгаагаараа шинэлэг болох бөгөөд үр дүнг хүн судлал, эрүүл мэнд, анагаах ухаан, хүн ам зүйн салбаруудад лавламж материал болгон ашиглаж болох ач холбогдолтой юм.
Судлагдсан байдал. Хүүхдийн төрөх үеийн биеийн хэмжээ нь бие бялдрын цаашдын хөгжил, эрүүл мэндийн суурь болдог бөгөөд амьдарч буй газар зүйн орчин, улс орны нмйгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, эхийн удамшил, эрүүл мэнд, нийгмийн байдал, үндэстний онцлогоос ихээхэн хамаардгийг гадаадын эрдэмтдийн судапгааны үр дүн харуулж байна (Frisancho, 1996; Johnston et al., 2002; Spencer, Logan, 2002; Stephenson, Symonds, 2002).
Манай оронд хүүхдийн төрөх жингийн талаар бие даан хийгдсэн судалгааны бүтээл байхгүй бөгөөд бидэнд олдсон мэдээллээр монгол гүйцэд эрүүл нярай төрөх үедээ 2600-3600 гр, 46-56 см урттай (Навчсан, 1975)* байх ба хөвгүүд дунджаар 3406,5 ± 17,5 гр, охид 3266,5 ± 22,1 гр, хөвгүүд охидоосоо бага зэрэг урт буюу дунджаар 51,8 ± 0,95 см, охид нь 50,4 ± 0,08 см өндөртэй байдаг байна (Сүмбэрзул болон бусад, 1998).
Судалгааны хэрэглэгдхүүн, арга, арга зүй. Улаанбаатар хотын 1-р амаржих газар 1980-1999 онд төрсөн эхчүүдийн төрөлтийн түүхээс шинэ төрсөн нярайн биеийн хэмжээ, эхийн тухай мэдээллийг түүврийн аргаар цуглуулан судалгаанд ашиглав. Нийт 19-45 насны 7099 эхчүүд хамрагдсан нь нийгэм, эдийн засгийн байдап, хүн амын янз бүрийн давхрааг төлөөлж чадахуйц статистикийн үзүүлэлт боллоо.
Судалгаанд хамрагдагсдын 95% нь халх, 1.1 % нь буриад, бусад нь баяд, дөрвөд, казак, хотон, урианхай, захчин, торгууд, өөлд, дариганга, дархад, мянгад, цахар, якут, орос үндэстэн байлаа. Боловсролын түвшингээр дээд боловсролтой 2926 (41,2%), дунд боловсролтой 4033 (56,8%), бага боловсролтой 38 (0,5У%), боловсролгүй 14 (0,2%) хүн хамрагдсан байна.
Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж вариацийн статистикийн аргаар боловсрууллаа. Судалгааны материалыг боловсруулах, харьцуулсан дүн шинжилгээ хийх, үр дүнг зурах, хүснэгтээр дүрслэхэд статистикийн боловсруулалтын SPSS 9.0 программыгашиглав.
Судалгааны үр дүн, хэлцэмж. 1980-1999 онд Улаанбаатар хотын 1-р амаржих газар төрсөн нярай хүүхдийн биеийн жин дунджаар 3357,28±469,87 гр, уртын хэмжээ 50,95±2.05 см байна. Биеийн жингийн олон жилийн дунджийг хүйсээр ялган авч үзвэл шинэ төрсөн эрэгтэй хүүхэд 3423,0 ± 479,57 гр, эмэгтэй 3290.0 ± 450,04 гр буюу эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс дунджаар 130 гр орчим илүү жинтэй байна (Зураг 1).
Шинээр төрөгсдийн жингийн үзүүлэлт нь 1980 оноос 1985 оныг хүртэл ерөнхийдөө тогтвортой байснаа 1986 оноос хойш 1990 оныг хүртэл өсөх хандлагатай байжээ. Харин 1990 оноос хойш эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хоёулангийнх нь жин буурах хандлагатай болж, ялангуяа эрэгтэй хүүхдийн жин 1990-1992 онд өмнөх жил үүдээс 150 гр-аар буурсан нь харагдлаа. Охидын хувьд зөвхөн 1990 онд л жин багасах хандлага ажиглагдсан ба үүнээс хойш 1995 оныг хүртэл дахин өсч байна. Хөвгүүдийн биеийн жин ч мөн 1995 он хүртэл бага зэрэг нэмэгдэн түүнээс хойш тогтвортой нэг түвшинд хадгалагдаж байна.

Хүүхдийн төрөх жингийн 20 жилийн дунджийг ажиглахад энэ хэмжээ нь тодорхой мөчлөгтэйгээр хэлбэлздэг хандлага ажиглагдлаа. Тухайлбал, хөвгүүдийн жин 1980, 1984, 1989, 1995 онуудад ихэссэн байхад, охидынх 1989, 1995 онд нэмэгдсэн байдал харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хөвгүүдийн төрөх үеийн хэмжээ 4-6 жилийн мөчлөгтэйгээр, харин охидынх үүнээс арай олон жилийн үечлэлтэйгээр хувьсч байдаг бололтой. Хөвгүүдийн төрөх үөийн хэмжээ охидынхыг бодвол илүү хэлбэлзэлтэй, хувьсамтгай, гадаад орчны нөлөөнд илүү өртөмтгий байдаг нь харагдаж байна. Манай орон 1990-ээд оноос хойш зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй уялдан эдийн засгийн хямрал улс оронд нүүрлэн хүн амын дотор ажилгүйдэл ихсэж, бодит орлогын хэмжээ багасан ард түмний амьжиргааны түвшин доошилж ирсэн үед хөвгүүдийн төрөх үеийн хэмжээ охидынхыг бодвол илүү буурч, энэ бууралт нь охидынхоос удаан үргэлжилж байгааг 1-р зургаас харж болно.
Бидний судалгаагаар хүүхдийн төрөх жин, уртын хэмжээ маш ойр хамааралтай байдаг нь харагдлаа. Уртын дундаж нь эрэгтэй хүүхдүүдэд 51.17±2.01 см, эмэгтэй хүүхдүүдэд 50.72+2.06 см байна. 1980-1999 онд Улаанбаатар хотод төрсөн хүүхдийн уртын хэмжээг Зураг 2 - т харуулав.

Судалгааны дүнгээс харахад монгол хүүхдийн төрөх үеийн уртын хэмжээ бас тодорхой үечлэлтэйгээр өөрчлөгдөж байдаг бололтой.

Хөвгүүдийн өндрийн хэмжээ 1980 оноос хойш буурч байгаад 1986 оноос нэмэгдэх хандлагатай болсон бөгөөд харин 1990, 1995 онуудаас дахин бууралт ажиглагдаж байна. Охидын төрөх үеийн урт ерөнхийдеө 1980 оноос хойш нэмэгдэх хандлагатай ч 1984, 1990, 1996 онуудаас эхлэн буурсан зүй тогтол харагдлаа.

Судлаачдын тогтоосноор хүүхдийн төрөх үеийн биеийн хэмжээ 38%-80% удамшлын, 2062% орчны хүчин зүйлээс хамаардаг бөгөөд орчны нөхцөл тааламжгүй болох тусам эхийн эрүүл мэндийн байдал, хооллолт, эрхлэх ажил зэрэг нийгмийн байдалтай уялдан дам нөлөөлөл нь их болдогбайна (Johnston al., 2002; Spencer, Logan, 2002; Stephenson, Symonds, 2002). 1980-1999 оны хооронд төрсөн хүүхдийн жингийн өөрчлөлтийг тэр үеийн улс орны нийгэм-эдийн засгийн байдал, төр засгаас явуулж байсан бодлогын хэрэгжилт зэрэг зүйлүүдтэй холбон тайлбарлаж болох юм. 1980 1989 оны үед төрж байсан эхчүүдийн хувьд ихэнх нь тодорхой эрхэлсэн ажилтай, тогтсон орлоготой, амьдралын нөхцөл харьцангуй хангамжтай байсан зэрэг нь төрөх хүүхдийн жинд эергээр нөлөөлж байжээ. Эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуйн хяналт эхчүүдийг бүрэн хамарч байсан нь төрж байгаа хүүхдийн өсөлт, эрүүл мэндийн байдалд тааламжтай нөлөө үзүүлж байсныг 1980-1989 онд төрсөн эхчүүдийн хүүхэд 1990-1999 оны эхчүүдийнхээс жингээр арай илүү байгаа нь баталж байна. 1990-ээд оны үеэс нийгэм, эдийн засгийн амьдрал тогтворгүйжиж хүн амын амьжиргааны түвшин буурч өрхийн орлого багассан явдал нь шинэ төрж буй хүүхдүүдийн биеийн хэмжээнд сөргөөр нөлөөлжээ. Харин 1995 оноос инфляц багасаж, хүн амын бодит орлого бага ч болов дээшилж эхэлсэн нь төрөх хүүхдийн жин, уртын хэмжээ тогтворжих нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Төрж байгаа хүүхдийн жин, өндрийн хэмжээнд нийгмийн хүчин зүйл нөлөөлөхөөс гадна түүнээс хамааралгүйгээр тодорхой үечлэлтэй хэлбэлздэг хандлага манай судалгаанаас ажиглагдлаа. Нийгмийн болон удамшлын хүчин зүйлүүдээс гадна байгаль орчны болон биологийн зүй тогтол энд үйлчилж байж болох тул энэ талаар цаашид лавшруулан судлах шаардлагатай гэж үзэж байна.

Дүгнэлт
1980-1999 онд Улаанбаатар хотын 1-р амаржих газар төрсөн хүүхдийн биеийн жин, уртын хэмжээг харьцуулан судлаад доорх дүгнэлтийг хийж байна.
1. Монгол хүүхдийн биеийн жин терөх үедээ дунджаар эрэгтэй хүүхэд 3423,98±479,57 гр, эмэгтэй хүүхэд 3290,0±450,04 гр, биеийн урт 51,17±2,01 см, 50,72±2,06 см байна.
2. Хүүхдийн төрөх жин тодорхой хугацааны үечлэлтэйгээр хэлбэлзэх хандлагатай ба энэ хугацаа эрэгтэй хүүхдэд 4-6 жил, эмэггэй хүүхдэд 6 ба түүнээс дээш байна.
3. Хүүхдийн төрөх жин, уртын хэмжээнд нийгэм, эдийн засгийн байдлын тааламжгүй нөхцөл тодорхой нөлөөтэй ба эрэгтэй хүүхэд гадаад орчны нөлөөнд илүү өртөмтгий байхад эмэгтэй хүүхдийн бие махбод харьцангуй тогтвортой байдаг нь харагдлаа.

Талархал
Энэхүү судалгааг хийхэд гүн туслалцаа дэмжлэг үзүүлсэн Улаанбаатар хотын 1-р амаржих газрын ерөнхий.эмч н. Дариймаа, архивын эмч Дархижав нарт талархал илэрхийлье.

Ном зүй

1. Сүмбэрзул Н., Одонтуяа Д., Гантуяа С., 1998. Хүүхдийн өвчний онош зүй. Улаанбаатар
2. Frisancho A.R., 1996. Human adaptation and accomodation. Enlarged and revised edition of human adaptation. The University of Michigan press
3. Johnston L B, Clark A J L, Savage M O, 2002. Genetic factors contributing to birth weight. Arch. Dis. Child Fetal. Neonatal Ed. 86: F2-F3 *
4. Law C M, 2002. Significance of birthweight for the future. Arch. Dis. Child Fetal. Neonatal Ed. 86: F7-F8
5. Power C, 1994. National trends in birth weight: implications for future adult disease. British medical journal, 308:1270-1271
6. Spencer N, Logan S, 2002. Social influences on birth weight. Arch. Dis. Child Fetal. Neonatal Ed. 86: F6-F7
7. Stephenson T, Symonds M E, 2002. Maternal nutrition as a determinant of birth weight. Arch. Dis. Child Fetal. Neonatal Ed. 86: F4-F6
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Профессор Б.Жав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1803
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК