Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйл
( Судалгааны өгүүлэл )

Э.Амарсанаа

Хавдар Судлалын Үндэсний Төв

 
Абстракт

Breast cancer is one of the most common cancers in the world. According to the WHO report, over 10 million new cases were registered every year. 5.48% of all cancers of Mongolian women were indicated as a breast cancer.  This is the 2.52% of cancer cases of hole Mongolian population.

Main purpose of study is to indicate the level of breast cancer morbidity and mortality of Mongolian women by cities and aimags and determine some risk factors of breast cancer.

We have studied reports of 522 patients aged 20- 80 years old, which were treated in the surgery department of National Cancer Center in 2000-2007. Additionally,116 women were selected and included in a case group and 105 women in control group to be studied using the questionnares. Clinical diagnose of case group women were verified by the hystological test results after the surgery.

Research result shows, that 56.1% of patients were registered in rural ares and 43.9% in Ulaanbaatar city. Morbidity rate is 8.3 per 100000 population. This is the low indicator in comparison with foreign countries. But, above mentioned data is high due to the total number of hole Mongolian women population. Morbidity and mortality of breast cancer depends on the spesialty of region, level of health education and early detection of such kind of deseases. Early menarche (P<0.0001), number of abortion (P<0.008), not regular period and infertility are main risk factors of breast cancer of Mongolian women.

Key words: breast cancer, morbidity, population
Pp.41-45, Figure 1, Tables 3, References 17

Дэлхий нийтэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын дотор хөхний өмөн гуравдугаар байрыг эзэлдэг. Жил бүр хорт хавдрын 10 сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6 сая өвчтөн нас барж байгаа тухай ДЭМБ-ын 2005 оны мэдээнд дурдагдсан байна. Өнөөдрийн байдлаар 22 сая хүн хорт хавдар оноштой эмчлэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад хөхний өмөнгийн өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа нь судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм.

Хөхний өмөнгөөр өвчилсөн эмэгтэйчүүдийн тоо 20-р зууны сүүлчээс тасралтгүй нэмэгдэж 1999 онд 910 000 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2000 оны байдлаар дэлхийд хөхний өмөнгөөр 412 000 эмэгтэй нас барсан нь эмэгтэйчүүдийн нийт нас баралтын 1,6%-ийг эзлэж байна. Уг тоо баримт нь хөгжиж буй орнуудад 250 000, өндөр хөгжилтэй орнуудад 160 000 байна.

ДЭМБ-ын 2004 оны тайлан мэдээнд хөхний өмөнгийн нас баралт нь нийт хорт хавдрын дотор 5,5%-ийг эзэлж байв. АНУ-д 28 эмэгтэй тутмын нэг нь хөхний өмөнгийн улмаас нас барсан байх бөгөөд 8 эмэгтэй тутмын нэг нь хөхний өмөнгөөр өвчлөх эрсдэлтэйд тооцогддогжээ.

Хөхний өмөн нь Монгол улсын нийт хорт хавдраар өвчлөгсдийн 2,52%, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 5,48%-ийг эзэлж байна.

Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд болон удамшлын хүчин зүйлсийг нарийвлан тогтоох талаар судлаачид цөөн тооны бие даасан судалгаа, туршилтуудыг хийж байгаа хэдий ч уг өвчний шалтгааны талаар нэгдсэн ойлголт үгүй, манай орны хавдар судлалын тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.

Судалгааны ажлын зорилго.

Монгол эмэгтэйчүүдэд хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, тархалтын онцлогийг судлахад судалгааны зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт:

  1. Монгол эмэгтэйчүүдэд тохиолдох хөхний өмөнгийн өвчлөл, нас баралтын түвшинг аймаг, хотоор тогтоох
  2. Хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг асуумж судалгааны аргаар тодорхойлох

Судалгааны хэрэглэгдэхүүн. ХСҮТ-н мэс заслын тасагт 2000-2007 онд хөхний өмөн оношоор мэс заслын эмчилгээ хийлгэсэн 20-80 насны нийт 522 өвчтөний өвчний түүхэнд ретроспектив судалгааг хийсэн болно. Хөхний өмөн онош мэс заслын дараах эдзүйн шинжилгээгээр батлагдсан 116 эмэгтэйг тохиолдлын бүлгээр, жиших бүлгийн эрүүл 105 эмэгтэйг сонгон авч тусгайлан боловсруулсан асуумж судалгааны картанд бүртгэж судлав.

Судалгааны үр дүн. Бид хөхний өмөнгийн өвчлөл ба нас баралтын түвшинг ХСҮТ-ийн дүн бүртгэлийн сүүлийн 7 жилийн материалд түшиглэн тогтоов.

Судалгаанд хамрагдсан нийт өвчтнүүдийн орон нутгийн харьяаллын байдлыг авч үзэхэд 56.1% хөдөө орон нутгийн, 43.9% нь Улаанбаатар хотын оршин суугчид байв. Судалгааны материалаас харахад хөхний өмөнгийн өвчлөл ба нас баралт жил бүр харилцан адилгүй тохиолдож байгаа нь ажиглагдлаа (Зураг 1).

Зураг 1. Хөхний өмөнгийн өвчлөл нас баралтын дундаж түвшин (100 000 хүн амд)

Сүүлийн 7 жилийн хугацаанд хөхний өмөнгийн өвчлөлийн улсын дундаж үзүүлэлт 100000 эмэгтэйчүүдэд 8.3 байгаа нь өвчлөлийн түвшин бусад орнуудтай харьцуулахад цөөн харагдаж байгаа боловч манай орны эмэгтэй хүн амын тоотой жишихэд өндөр үзүүлэлт юм. Хөхний өмөнгийн өвчлөл, нас баралтын түвшин тухайн орон нутгийн онцлог, эрүүл мэндийн боловсролын түвшин ба илрүүлэлттэй холбоотой байж болох юм.

Хөхний өмөнгийн өвчлөлийн түвшин Улаанбаатар (11.2), Сэлэнгэ (11.2), Дархан-Уул (11.1), Булган (10.2) зэрэг аймаг, хотуудад улсын дунджаас өндөр, харин Дорноговь (9.4), Төв (8.2) аймгуудад улсын дундаж орчимд тодорхойлогдсон юм.

Хөхний өмөнгийн нас баралтын хувьд улсын дундаж үзүүлэлт 100000 хүн амд 3.2 байгаа нь хөхний өмөнгөөр өвчлөгсөдийн 50 гаруй хувь нь нас барж байгааг илтгэж байна. Нас баралтын түвшин Сүхбаатар (6.7), Дархан-Уул (5.6), Дорнод (5.7), Төв (5.1), Говь-Алтай (4.9) аймгуудад улсын дунджаас өндөр байна. Дээрх үзүүлэлтүүдээс харахад хөхний өмөнгийн өвчлөлөөр улсын дунджаас доогуурт тооцогддог Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудад нас баралтын түвшин өндөр байгаа нь хөхний өмөнгийн эрт илрүүлэлт, оношлогоо хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл харагдаж байна.

Бид ХСҮТ-ийн мэс заслын тасагт 2001-2007 онд хэвтэж эмчлүүлсэн 522 өвчтний түүхэнд судалгаа хийж үзэхэд хөхний өмөн оноштой эмэгтэйчүүдийн 0.4% нь өмөнгийн O, 0.6% нь I, 3.6% нь IIa, 21.6% нь IIb, 46.4% нь I IIa, 19.9% нь IIIb, 6.5% нь IV үе шатандаа оношлогджээ.

 

Дээрх судалгаанаас харахад нийт өвчтөнүүдийн 93.4% нь өмөнгийн хожуу үедээ оношлогдсон байгаа нь хөхний өмөнгийн эрт илрүүлэлт, оношлогоог сайжруулах асуудал чухал болохыг илтгэж байна.

Мөн бид хөхний өмөнгийн өвчлөлийг насны онцлогтой холбоотой эсэхийг судлахад 41-45 насны эмэгтэйчүүдэд 21.5%, 46-50 насанд 17.2%, 51-55 насанд 12.3% байгаа нь бусад насны эмэгтэйчүүдээс илүүтэй тохиолдож байгаа нь ажиглагдлаа

Энэ нь манай оронд хөхний өмөнгийн өвчлөл 40-өөс дээш насны эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолдож байгааг харуулж байна.

Хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн дундаж нас 49.74, SD 11.74 байв. Олон судлаачид боловсролын түвшин, нөхөн үржихүйн үйл ажиллагаа болон зарим нэгэн хавсарсан өвчнүүд хөхний өмөн үүсэхэд эрсдэлт хүчин зүйлс болдог эсэх талаар янз бүрийн санал, таамаглал дэвшүүлж байна.

В. Г. Иванов (2002) болон бусад эрдэмтдийн хийсэн судалгаагаар хөхний өмөнгөөр нийгмийн дээд давхаргын буюу боловсролын түвшин өндөртэй эмэгтэйчүүд өвчлөх магадлал илүүтэй байдаг нь тогтоогджээ.

Бид хөхний өмөн үүсэхэд эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нөлөөлдөг эсэхийг тодруулах зорилгоор хөхний өмөнтэй 116, жиших бүлгийн 105 эмэгтэйд тусгайлсан судалгаа хийж үзлээ.

Судалгааны бүлгүүдийн боловсролын түвшинг харьцуулан үзэхэд хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 1.7% боловсролгүй, 5.9% нь бага, 32.2% нь дунд, 23.7% тусгай дунд, 34.7% нь дээд боловсролтой эмэгтэйчүүд байв. Харин жиших бүлгийн эрүүл эмэгтэйчүүдийн боловсролын байдлыг харьцуулан үзэхэд 1.0% нь боловсролгүй, 6.7% нь бага, 32.4% нь дунд, 22.9% нь тусгай дунд, 37.1% нь дээд боловсролтой байлаа.

Бидний судалгаагаар эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшсэн байдал, боловсролын түвшин хөхний өмөн үүсэхэд нөлөөлдөг болох нь статистик магадлалаар тогтоогдсонгүй (P<0.037).

Хөхний өмөн үүсэхэд нөхөн үржихүйн үйл ажиллагаа нөлөөтэй эсэхийг судлах зорилгоор эмэгтэйн анхны биений юм ирсэн нас, сарын тэмдгийн мөчлөг, үргэлжлэх хоног ба гарах цусны хэмжээ зэргийг тусгайлсан асуумжийн аргаар судалсан юм. Судалгааны үр дүнг хүснэгт 2-т харуулав.

Хүснэгт 2

Хүснэгт 2-оос харахад бидний судалгаанд хамрагдсан хөхний өмөн оноштой эмэгтэйчүүдийн анхны биений юм 21.6% нь 12 ба эрт насанд, 32.2% нь 13-15 насанд, 44.9% нь 16 ба түүнээс хойш насанд ирсэн байхад судалгааны жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 17.1% нь 12 ба түүнээс эрт насанд, 62.9% нь 13-15 насанд, 20.0% нь16 ба түүнээс хойш насанд ирсэн байв (P<0.001).

Судалгаанд хамрагдсан хөхний өмөн оноштой эмэгтэйчүүдийн 30.1% нь 26, 68.9% нь 30 хоногийн мөчлөгтэй биений юм ирдэг байхад, жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 29.6% нь 26, 70.6% нь 30 хоногийн мөчлөгтэй байв (P<1.000).

Судалгааны дүнгээс харахад эмэгтэйчүүдийн биений юмны мөчлөг хөхний өмөн үүсэхэд эрсдэлт хүчин зүйл болох магадлалтай нь тогтоогдохгүй байна.

Хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 54.4% нь 3 хоног, 45.6% нь 7-гоос дээш хоног биений юм үргэлжилдэг байхад хяналтын бүлгийн эмэгтэйчүүдэд 52.2% нь 3 хоног, 47.8% нь 7-гоос дээш хоног үргэлжилдэг байв (P<0.998).

Биений юм ирэх үед гарах цусны хэмжээ хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 28.4% нь их, 56.0% нь дунд, 15.5% нь бага байхад хяналтын бүлгийн эмэгтэйчүүдэд 24.8% нь их, 62.9% нь дунд, 12.4% нь бага хэмжээтэй ирдэг гэж хариулжээ (P<0.577).

Харин судалгаанд хамрагдсан хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 69.8% нь биений юмны мөчлөг тогтмол, 30.2% нь тогтмол бус ирдэг гэсэн байхад хяналтын   бүлгийн   эмэгтэйчүүдийн   76.2% нь тогтмол, 23.8% нь тогтмол бус ирдэг гэжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь хөхний өмөн үүсэхэд нөлөөлөх сул хамааралтай эрсдэлт хүчин зүйл болж байна (P<0.288).

Судалгааны үр дүнгийн дээрх үзүүлэлтүүдээс харахад биений юм тогтмол бус (3.1%), их хэмжээтэй ирэх (3.7%), эсвэл бага ирэх (3.9%) нь хөхний өмөнтэй эмэгтэйчүүдэд хяналтын бүлгийн эмэгтэйчүүдээс илүүтэй тохиолдож байгаа нь ажиглагдлаа. Эдгээр өөрчлөлтүүд нь хөхний өмөн үүсэх эрсдэлт хүчин зүйл болохгүй байгаа нь статистикийн үзүүлэлтээс харагдаж байна (P<1000, P<0.998, P<0.577, P<0.288).

Бид судалгаанд хамрагдсан өвчтөнүүд болон жиших бүлгийн эмэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд анх орсон нас, жирэмслэлт, төрөлт, үр хөндөлтийн байдлыг хүснэгт 3-т харууллаа.

Хүснэгт 3

Хүснэгт 3-аас харахад хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 3.5% нь 16 наснаас өмнө, 56.8% нь 17-20 насанд, 39.7% нь 21 ба түүнээс хойш насандаа анх бэлгийн харьцаанд орсон байхад жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 3.0% нь 16 наснаас өмнө, 57.1% нь 17-20 насанд, 40.1% нь 21 ба түүнээс дээш насанд бэлгийн харьцаанд анх орсон байна (P<1.000).

Бэлгийн харьцаанд тогтмол ордог эсэхийг хөхний өмөнтэй эмэгтэйчүүдээс тодруулахад 69.8% нь тогтмол, 30.2% нь хааяа буюу тогтмол бус гэж хариулжээ. Судалгааны жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 76.2% тогтмол, 23.8% нь бэлгийн харьцаанд тогтмол ордоггүй гэсэн байв (P<0.288).

Судалгааны бүлгүүдийн жирэмслэлтийн байдлыг тодруулж үзэхэд хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 3.4% нь жирэмслээгүй, 38.1% нь 1-3 удаа, 39.0% нь 4-6 удаа, 17.0% нь 7-оос дээш удаа, жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 1.9% нь жирэмслээгүй, 42.9% нь 1­3 удаа, 36.2% нь 4-6 удаа, 19.0% нь 7 ба түүнээс дээш удаа жирэмсэлсэн байв (P< 0.286).

Судалгаагаар хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 5.9% нь төрөөгүй, 58.5% нь 1-3 удаа, 28.8% нь 4-6 удаа, 5.1% нь 7-гоос дээш удаа төрсөн бол жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 4.8% нь төрөөгүй, 61.9% нь 1-3 удаа, 27.6% нь 4-6 удаа, 5.7% нь 7-гоос дээш удаа төрсөн байв (P<0.026).

Үр хөндөлтийн байдлыг судлахад хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 44.1% нь үр хөндүүлж байгаагүй, 37.3% нь 1-2 удаа, 13.6% нь 3-4 удаа, 3.4% нь 5-аас дээш удаа, жиших бүлгийн 65.7% нь үр хөндүүлж байгаагүй, 23.8% нь 1-2 удаа, 8.6% нь 3-4 удаа, 1.9% нь 5-аас дээш удаа үр хөндүүлсэн байв (P< 0.008).

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн жирэмслэхээс хамгаалдаг аргыг тодруулахад хөхний өмөнгөөр өвчлөгсдийн 7.6% нь тариа,19.5% нь эм, 4.2% нь бэлгэвч, 10.2% нь хуанли хөтөлдөг, 25.4% нь ерөндөгтэй, 33.1% нь жирэмслэхээс хамгаалдаггүй гэжээ. Харин жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 6.7% нь тариа, 14.3% нь эм, 5.7% нь бэлгэвч, 15.2% нь хуанли хөтөлдөг, 26.7% нь ерөндөгтэй, 31.4% нь жирэмслэхээс хамгаалдаггүй байжээ (P< 0.754).

Бид хөхний өмөн үүсэхэд дагалдах өвчин нөлөөтэй эсэхийг тодруулан судлахад хөхний өмөнтэй эмэгтэйчүүдийн 11.9% нь умайн дайврын архаг үрэвсэлтэй, 5.1% нь өндгөвчний уйланхайтай, 11.0% нь умайн хоргүй хавдартай, 16.9% нь цусны даралт ихсэх өвчтэй, 13.6% нь элэгний архаг үрэвсэлтэй, 11.9% нь хэт таргалалттай, 14.4% нь бамбай булчирхайн эмгэгтэй, 3.4% нь судасны хана хатуурах өвчтэй, 6.8% нь чихрийн шижинтэй байв.

Харин жиших бүлгийн эмэгтэйчүүдийн 10.5% нь умайн дайврын архаг үрэвсэлтэй, 2.9% нь өндгөвчний уйланхайтай, 7.6% нь умайн хоргүй хавдартай, 17.1% нь цусны даралт ихсэх өвчтэй, 3.8% нь элэгний архаг үрэвсэлтэй, 1.0% нь хэт таргалалтай, 5.7% нь бамбай булчирхайн эмгэгтэй, 2.9% нь судасны хана хатуурах өвчтэй, 1.0% нь чихрийн шижин өвчтэй байлаа.

Судалгааны дүнгээс харахад хөхний өмөнтэй эмэгтэйчүүдэд умайн дайврын архаг үрэвсэл 11.9%, өндгөвчний уйланхайт өөрчлөлтэй 5.1%, умайн хоргүй хавдартай 11.0%, элэгний архаг үрэвсэлтэй 13.6%, хэт таргалалттай 11.9%, бамбай булчирхайн эмгэгтэй 14.4%, чихрийн шижин өвчтэй 6.8%-иар тус тус илүү тохиолдож байгаа нь дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүд хөхний өмөн үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болохыг харуулж байна.

Дүгнэлт

  1. Манай оронд хөхний өмөнгийн өвчлөл 100000 хүн амд 8.3, нас баралт 3.2 байна. Хөхний өмөнгийн өвчлөл Улаанбаатарт (11.2), Сэлэнгэ (11.2), Дархан-Уул (11.1), Булган (10.7) аймгуудад улсын дунджаас өндөр байна. Хөхний өмөнгийн нас баралт Сүхбаатар (6.7), Дархан-Уул (5.6), Дорнод (5.7), Төв (5.1), Говь-Алтай (4.9) аймгуудад бусад аймгуудаас илүүтэй тохиолдож байна.
  2. Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны үндсэн үзүүлэлт болох анхны биений юм 12 наснаас ба эрт ирэх (P<0.0001), li="">
  3. Хөхний өмөнгөөр өвчлөгсдөд өндгөвчийн архаг үрэвсэл ба уйланхай, умайн булчингийн хоргүй хавдар, цусны даралт ихсэх, элэгний архаг үрэвсэл, хэт таргалалт зэрэг дагалдах өвчин эмгэгүүдтэй хавсран тохиолдож байгаа нь дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгүүд хөхний өмөн үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байна.
Ном зүй

1. Н. Нямдаваа, Д. Ягаан, Р. Асай., Хөхний өмөнгийн онош хожимдлын шалтгааныг судалсан дүн, Монголын Анагаах ухаан сэтгүүл, УБ, 2006, №4, х.21-24.
2. ИВАНОВ В. Г. Эпидемиологические факторы риска, ранняя диагностика рака молочной железы. Практическая онкология. Т. 3, №1-2002.
3. ЛАРЧЕНКО И. А., ВАХЛАКОВ А. Н., ГОРШЕНИНА Ф. А. и др. Роль формирования групп онкологического риска в ранней диагностике рака молочной железы.
4. ЛЕТЯГИНА В. П. Первичные опухоли молочной железы. Практическое руководство по лечению. Москва, 2004.
5. СЕМИГЛАЗОВ В. Ф. Ранняя диагностика опухолей молочной железы. Ташкент. 1989.
6. BERNARD W. STEWART, PAUL KLEIHUES. World cancer report. WHO 2003;
7. DUPONT W.D., PAGE D.L. Risk factors for breast cancer in women with proliferative breast disease. N. Engl.J.Med.1985.312.p.146-151.
8. FISHER B., CONSTANTINO J.P., WICKERHAM D.L.et al. Tamoxifen for prevention of breast cancer. Report of the National Surgical Adjuvant Breast and Bowel Project P-1 study. J. Natl. Cancer Inst.1998.90.p.1371-1388.
9. Li F, FRAUMENI J, MULVIHILL JET al. A cancer family syndrome in twenty-four kindreds. Cancer Res 1988; 91: 259.
10. MARCHBAUKS P., McDONALD J. A., WILSON H. G. et al. Oral contraceptives and the risk of breast cancer. N Eugl J Med. 2002; 346(26): 2025¬32.
11. MARTIN A. M., WEBER B. L. Genetic and hormonal risk factors in breast cancer. J Natl Cancer Just 2000;92(14): 1126-35.
12. MODUGNO F. Ovarian cancer and high-risk women-implications for prevention screening, and early detection. Gynecol.Oncol. 2004 Feb;92(2):731.
13. MILLS, A. M., WILKINSON, C. L., BROMHAM, D. R. et. Al. (1996) Guidelines for prescribing combined oral contraceptives. British Medical Journal, 312, 121¬122.
14. SINGLEBARU K. W., GAPSTUR S. M. Alcohol and breast cancer: review of epidemiologic and experimental evidence and potential mechanisms. JAMA 2001;286(17): 2143-51.
15. TAVANI A., GALLUS S., LA VECCHIA C., NEGRI E., NOMTELLA M., DAL MASO L., FRANCESCHI S. Risk factors for breast cancer in women under 40 years. Eur.J.Cancer. 1999.35.9.p.1361-1367.
16. TEIXEIRA M., PANDIS N., GERDES L.
Breast Cancer Res. Treat. 1996. C.38.
17. VACHON C., CERHAN J. R., VIERKANT R.A., SELLERS TA. Investigation of an interaction of alcohol intake and family history on breast cancer risk in the Minnesota Breast Cancer Family Study. Cancer 2001;92(2): 240-8.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Жав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1577
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК