Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
Витамин С
( Тойм өгүүлэл )

Ц.Сумъяа

 

С витамин нь эрдэнэт хүний бие организмыг хавдар үүсэх эрсдлээс хамгаалж, хүчтэй антиоксидант үйлчилгээ нь янз бүрийн эмгэг үүсэхээс сэргийлж, эд эсийн бат бөх чанар, коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлснээр хөгшрөх процессыг удаашруулах г.м маш олон төрлийн үйлчилгээтэй нь жилээс жилд судалгаа шинжилгээгээр батлагдсаар байгаа билээ.

МЭӨ 400 оны үед Гиппократ чийг бам өвчин буюу С витамин дутагдлын шинж тэмдгүүд болох буйлнаас цус гарах, арьсан дээр хөхрөлт, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэргийг тэмдэглэж байсан бөгөөд Британий усан цэргийн флотын мэс засалч Жеймс Линд чийг бам өвчний шинжлэх ухааны үндсийг гаргаж ирэхийг оролдож байжээ. Анх 1820 онд Австралийн эмч Крамер тодорхой бодисын дутагдлаас болж буйлнаас цус гарах, цусны судас хэврэг болох, дархлаа буурах, арьсан дээр хөхрөлт үүсэх, экзем маягийн тууралт гарах, амархан ядарч зүрхний үйл ажиллагаа сулрах зэрэг өвөрмөц шинжээр илэрдэг өвчнийг скорбут хэмээн нэрлэжээ.
1919 онд Друмонд энэ бодисыг С витамин хэмээн нэрлэжээ. Энэ витамины бүтцийг Английн Эйлер ба Хирст, Немцийн Михель, АНУ-ын химич Каррер нар бараг нэгэн зэрэг тогтоосон бөгөөд физиологийн үйлчлэлтэй.

С витамин нь химийн бүтцийн хувьд :

Томъёо: C6H8O6
СИ нэршил: аскорбины хүчил (L-аскорбат)
ИЮПАК нэршил: 2-(1,2-дигидроксиэтил)-4,5-дигидрокси-фуран-3-он
Молекул жин: 176.14 г/моль
Аскорбины хүчил нь органик хүчил бөгөөд антиоксидант шинж чанараа аскорбатын чөлөөт радикал хэлбэрээр үзүүлдэг. Аскорбины хүчил нь бас маш хурданаар 1,2- дикетон ба 1,3-дикетон гэсэн тетрамер тогтворгүй бүтцийг үүсгэдэг боловч енол хэлбэртээ маш тогтвортой байдаг. L-энантиомер аскорбины хүчлийг С витамин гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ургамал амьтанд их хэмжээгээр нийлэгждэг. С витамин нь жимс, жимсгэнэ, шилмүүс, ялангуяа үхрийн нүд, лимон, жүрж, нэрс, нимбэг, навчинд их хэмжээгээр агуулагддаг юм.

С витамины солилцоо

С витамин хүний биед шинээр нийлэгжиж бий болдоггүй гаднаас хоол тэжээлээр авах шаардлагатай байдаг. Иймд насанд хүрсэн хүн хоногт 50-100 мг С витаминыг хоол тэжээлээр авч байх шаардлагатай байдаг.
Хоол тэжээлээр орж ирсэн аскорбины хүчил нь нарийн гэдэсний энтероцит эсээр шимэгддэг. Шимэгдэхдээ энтероцит эсийн мембран дахь SVCT1 ба SVCT2 (натри хамааралт С витамин зөөгч) уургийн тусламжтай хөнгөвчлөгдсөн нэвчилтээр эсэд орж мөн адил энэ механизмаараа энтероцит эсээсээ цусанд аскорбатын чөлөөт радикал ба дегидроаскорбат хэлбэрээр орж зөөвөрлөгдөн тухайн бай эдэд очдог. Ингэж зөөвөрлөгдөх нь тухайн хүний физиологийн онцлог, өвчин эмгэг, хөгшрөлт зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг.
Ингэж нэвчиж зөөвөрлөгдөх явцдаа болон эс дотор орж нөлөөлснөөр биологийн чухал үүргүүдийг гүйцэтгэдэг байна.
1. С витамин хүний биед бусад бодисуудаар нөхөгдөшгүй чухал үүрэг болох коллагены уян харимхай чанарыг бий болгосноор скорбут үүсэхээс сэргийлж байдаг. С витамин нь P4H (Пролил гидроксилаза) ферментийн кофактор нь болдог тул энэ фермент пролиныг гидроксипролин ба лизиныг гидроксилизин болгож хувиргах үйл явцыг хангаж өгснөөр проколлагеныг гидроксилжүүлэх ба –ОН бүлэгтэй болгосноор глюкоз, галактоз зэрэг нүүрс устай ковалент холбоогоор холбогдох боломжийг хангаж өгснөөр коллагены мушгиа бүтэц бүрэлдэн бий болох нөхцлийг хангаж өгдөг тул коллагены орон зайн хэлбэрийг үүсгэж уян хатан, бат бөх чанарыг бий болгодог.
Зарим эдэд сонгомлоор арьс, салст бүрхэвч, шүд ба ясны коллаген нийлэгжүүлэлтийг дэмждэг бөгөөд коллагены хэлбэржилт нь тухайн эдэд агуулагдах С витамины концентрациас хамаарч байдаг. Эсэд аскорбины хүчил нь SVCT (натри хамааралт С витамин зөөгдөлт) уургийн тусламжтайгаар хөнгөвчлөгдсөн нэвчилтээр тухайн эсэд ордог бөгөөд нь SVCT (натри хамааралт С витамин зөөгдөлт) уураг нь бөөрний дээд булчирхай, өнчин тархи, сэрээ булчирхай, нүдний торлог бүрхэвчийн гадаргуу дээр их хэмжээгээр экспресслэгддэг тул бөөрний дээд булчирхай, өнчин тархи, сэрээ булчирхай, нүдний торлог бүрхэвчийн цусны сийвэнд 100 гаруй цаг эргэлддэг бөгөөд харин тархи, дэлүү, уушги, төмсөг, лимфийн зангилаа, элэг, бамбай булчирхай, нарийн гэдэсний салст бүрхэвч, нойр булчирхай, бөөр, шүлсний булчирхайн сийвэнд 10-50 цаг эргэлддэг. Гэхдээ үүний эргэлдэх хугацаа нь хүний эрүүл эмгэг байдал, гормоны идэвхжил ба хоолны дэглэмээс ихээхэн хамаардаг.
Мөн С витамин нь ТМТ ба бөөрний дээд булчирхайд 3,4-дигидроксифенилэтиламиныг гидроксилжүүлдэг тул дофамин, адреналин, норадреналин нийлэгжилтийг идэвхжүүлснээр хүний хамгаалах ба дасан зохицох нөхцлийг хангаж байдаг. Бас β-бутиробетайныг гидроксилжүүлж карнитин нийлэгжилтийг дэмжсэнээр эсийн митохондрийн ацетил Ко-А зөөвөрлөлтийг сайжруулснаар энерги үүсэлт нэмэгдэж эсийн амьдрах чадвар нэмэгдэхийн зэрэгцээ гадны нөлөөнд тэсвэрлэх чанарыг бий болгодог. Үүнээс гадна аскорбины хүчил нь NO нийлэгжилтийг сайжруулж, ялтас бөөгнөрч тромбо үүсэхээс хамгаалдаг ингэснээр LDL холестеролын хэмжээг зохицуулж зүрхний эмгэгт өртөхөөс сэргийлдэг. Аскорбины хүчлийн үндсэн үүрэг нь шархыг илааршуулах ба байгалийн антигистамин юм.
Мөн альдоза редуктаза ферментийг идэвхжүүлснээр сорбитол үүсэлтийг нэмэгдүүлдэг. Сорбитол нь нүдний тунгалаг чанарыг бүрэлдүүлж, гэрлийн хугарлыг сайжруулснаар катаракт өвчин, мэдрэлийн эсийн миелин бүрхүүл дэх тунгалаг орчныг бий болгосноор аксоны сэрэл дамжилтыг сайжруулж чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлдэг. Аскорбины хүчил нь дархлаа тогтолцоог сайжруулахдаа C1q хавсарга уургийг идэвхжүүлж өгснөөр гадны харь антигены эсрэг опсонин үүсэлтийг нэмэгдүүлж өгөхийн зэрэгцээ өвөрмөц хилат нэгдлийг үүсгэж хүний биед орсон токсин, харь уурагтай нэгдэн саармагжуулж байдаг.
Аскорбины хүчил нь Fe3+(CN)6 феррицианидаас PMOR (плазм мембраны оксидоредуктаза) ба CYB5R ферментийн комплекс ферментийн нөлөөгөөр электроныг НАДФН-ын оролцоотойгоор нэгдүүлэн авч Fe2+(CN)6 ферроцианид болгон хувиргаад өөрөө дегидроаскорбины хүчил болон хувирдаг. Ийнхүү аскорбины хүчил нь Fe3+-ыг Fe2+ идэвхтэй хэлбэрт хувиргаснаар төмөр дахин ашиглагдах, гемоглобины нийлэгжилтийг идэвхжүүлж эритроцитын нөхөн төлжилтөнд оролцдог. Хэрвээ аскорбины хүчил дутагдвал Fe3+-аас Fe2+ -т шилжих нь багасч хоол тэжээлээр орж ирсэн төмрийн шимэгдэлт ба дахин ашиглах чадвар буурснаар гемоглобины нийлэгжилт удаарширч цус багадалт буюу анемиг үүсгэдэг. Мөн аскорбины хүчил электроноо алдаж аскорбатын чөлөөт радикал, аскорбатын чөлөөт радикал нь электрон авч аскорбины хүчил үүсгэх замаар харилцан нэг нэгэндээ хувирч цусны рН-ыг зохицуулснаар цусны буферыг бий болгож гипоксид тэсвэртэй болгодог. Мөн эсийн дотор С витамин P4H энзимийг идэвхжүүлснээр эсийн доторх цитоскелетийн бат бөх чанарыг нэмэгдүүлж байдаг. Иймд С витаминыг “гайхамшигт тан” хэмээн нэрлэдэг.

С витамины антиоксидант үйлчилгээ

1. Нэг дэх замаар стресс урвалын үед эсийн доторх липоксигеназа, пероксидаза, НАДФН оксидаза, ксантин оксидаза, г.м олон ферментүүд их хэмжээгээр идэвхжсэний нөлөөгөөр эсэд хүчилтөрөгч урвал олноор явагдсанаас ROS тогтолцоо өвөрмөцөөр идэвхжиж пероксид ( H2O2-) ба супероксид (O2-)-ын чөлөөт радикалыг их хэмжээгээр үүсгэдэг. Энэ чөлөөт радикалууд нь эсийн бүрэлдэхүүн хэсэг болох липид ( мембраны ханаагүй тосны хүчил пероксидазагаар исэлдэх), уураг (денатураци), нүүрс-ус ба нуклейн хүчил их өртөмтгий учир их амархан гэмтээдэг. Мөн ROS тогтолцоо нь стресс урвалын дүнд чөлөөт радикал үүсгэхээс гадна цитокин рецептортойгоо холбогдоход эсвэл өсөлтийн фактор рецептортойгоо холбогдож Rho GTP-аза ферментийг идэвхжүүлэх замаар ROS-ын тогтолцоог идэвхжүүлж чөлөөт радикалуудыг үүсгэдэг. Ийнхүү эсийн дотор үүссэн чөлөөт радикал нь
Нэгдүгээрт: Ras ба Rac уургийг ГТФ нь ГДФ үүсгэх замаар фосфоржуулж идэвхжүүлдэг. Ras ба Rac уураг идэвхжсэнээр цааш PKC (протейн киназа-C), PKA (протейн киназа -A) ба MAPK (митоген-хамааралтайгаар идэвхжих киназа уураг)-ийн төгсгөлийн амин хүчил болох Ser/Thr ба Tyr киназа фосфоржуулсны улмаас c-Jun ба c-Fos уургийг фосфоржиж генийн транскрипцийг нэмэгдүүлдэг. c-Jun-ын серин уургийн төгсгөл фосфоржиж идэвхжсэнээр JNK (c-Jun NH2-төгсгөлтэй киназа),ба ATF2 (идэвхжсэн транскрипцийн фактор-2) идэвхжүүлэх, мөн
Хоёрдугаарт: IKB (В эсийн Kappa хөнгөн гинжний генийн энхансарыг дарангуйлагч киназа) ба IKK (эсийн гаднах сигнал-хамааралт киназа)-г фосфоржуулдаг. Эдгээр нь NF-KappaB (бөөмийн фактор -KappaB)-г чөдөрлөгч IKB (В эсийн Kappa хөнгөн гинжний генийн энхансарыг дарангуйлагч киназа) уургийг деградаци болгодог. Ингээд NF-KappaB (бөөмийн фактор -KappaB) идэвхжсэний үр дүнд транскрипцийн фактор Elk1 идэвхжиж промотор хэсэгтэй холбогдох нөхцлийг бүрдүүлснээр тухайн эсийн онкогенийг идэвхжүүлэх, хавдар дарангуйлагч генийн үйл ажиллагааг зогсоох, эсийн хуваагдлыг зохицуулдаг циклин хамааралт киназаг идэвхжүүлж эсийн хуваагдал ба үйл ажиллагааг зохицуулах генд гажиг үүсч эхэлдэг. Шалтгаант хүчин зүйл үйлчлээд байвал хавдар үүсэхээс гадна аутоиммуны эмгэг үүсч эхэлдэг байна.
Энэ бүхнийг С витамин ба аскорбины хүчил нь зөвхөн эсийн дотор дегидроаскорбины хүчил нь маш хурднаар НАДФН хамааралт TxnRd (диоредоксин) эсвэл Glrx (глутаредоксин) ферментийн нөлөөгөөр аскорбины хүчил болгон хувирах бөгөөд үүнтэй хамт глутатионыг идэвхтэй хэлбэрт шилжүүлж, супероксид дисмутазаг хүчтэй идэвхжүүлж С витамин-глутатион ба С витамин-фенолын редокс урвалуудын харилцан үйлчлэлд хүчирхэг антиоксидантын шинжийг үзүүлж ROS үүсэлтийг маш хүчтэй дарангуйлдаг нь дээрх гарч болох эмгэгээс маш гайхамшигтайгаар хамгаалдаг.
2. Хоёр дахь замаар стресс урвалын үед ROS тогтолцоо идэвхжсэний улмаас судасны эмгэг үүсэх ба хоригийн үйл ажиллагаа алдагдаж судас хэврэг болох, хоригийн гажиг үүсэх нь дараах 3 хүчин зүйлээр нөхцөлддөг.
1. ROS тогтолцоо нь фосфолипаза ба Ser/Thr, Tyr фосфатаза {,PLC (фосфолипаза-C),PLD (фосфолипаза-D), бa PLA2 (фосфолипаза-A2)}идэвхжүүлснээр эсийн хоёрдогч дамжуулагч фосфоинозитид, Ca2+ (кальци) ба актин холбогч уургийг идэвхжүүлж MLC (миозины хөнгөн гинж) ба Fln (филамент ) нь актин-миозины комплекс үүсгэж АТФ маш их хэмжээгээр хэрэгцээгүй үед маш их хэмжээгээр зарцуулж шаардлагатай үед энергээ дутмаг ашигласнаас тухайн эсийн дасан зохицох чадвар алдагддаг.
2. ROS тогтолцоо нь актин холбогч уураг ба адгезийн молекулыг шууд ба шууд бусаар исэлдүүлж гэмтээдэг.
3. Нэмэлтээр ROS тогтолцоо нь эсийн АТФ-г шавхсанаар эсийн цитоскелетуудыг задрахад хялбар болгож эс мөхөхөд амархан болсноор тухайн судасны эсийн үйл ажиллагаа хямарч хэвийн үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахаа больдог.
Түүнээс гадна аскорбины хүчил нь цусанд хүчилтөрөгч, металл агуулсан фермент ба халуун орчинд амархан исэлдэж дегидроаскорбины хүчлийг үүсгэдэг. Энэ исэлдсэн дегидроаскорбины хүчлийг хүний GMCSF (гранулоцит-макрофаг колони идэвхжүүлэгч фактор) их хэмжээгээр эсэд нэвтрэн орох боломжийг бий болгодог. Энэ нэвтрэн орох боломжийг бий болгохдоо GMCSF нь өөрийн рецептор болох CSF2R (гранулоцит-макрофаг колони идэвхжүүлэгч фактор-2-ын рецептор)-тойгоо нэгдсэнээр JAK2 (жанус киназа-2) фосфоржин идэвхжиж тухайн эсийн плазм мембран дахь GLU T (глюкоз зөөвөрлөгч уураг)-ыг идэвхжүүлдэг. Идэвхжсэн GLU T (глюкоз зөөвөрлөгч уураг) нь дегидроаскорбины хүчлийг эсэд маш их хэмжээгээр оруулснаар цусны эсүүд ялгаран хөгжих, боловсроход гарч болох эмгэг, проксидантуудаас болж эс гэмтэх, генийн мутаци, эсийн гэмтэл үүсэхээс хамгаалж, цусны эсийн хэвийн хөгжих, боловсрох явцийг хангаж байдаг.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 12062
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК