Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Эрдсийн гаралтай эм болон синдэр орсон эмүүдийн тойм
( Тойм өгүүлэл )

Д.Зандансүрэн1, Д. Амгаланбаатар1, Ш.Болд2, С.Олдох1

1ЭМШУИС, 2ЭМЯ

 
Абстракт

Traditional Mongolian medical books written by Mongolian doctors in Tibetan mentioned there are 3000 kind of crude drugs used to use in the traditional medicine. Among these drugs, the mineral originated medicines are always important and widely use even today. We tried to define a frame work of the mineral originated medicines including Limoniterra as well. Limoniterra is a kind of soil which appears in the Gobi desert of Mongolia. 

Sanskrit name is Sindura
Mongolian name is Sinder
Latin name is Limoniterra
A property is cool.
Attending function: heat and cooling blood, the health effect of a new, relieve pain.
Hot blood for the cause of disease and various kinds of red hot pain, women taken off the red and white, dysentery, chronic gastroenteritis, hemorrhoids, rheumatism, and so on; outside the rule burn, burn and wound.

Key words: crude drugs, heat and cooling blood, Limoniterra, mineral originated medicines, traditional medicine
Pp. 70-72, References 16

Монголын уламжлалт анагаах ухаан нь олон зууны турш амьдралын сорилт, шалгуурыг даван туулж хөгжиж ирсэн, биеэ даасан шинжлэх ухаан агаад манай өвөг дээдсийн дэлхийн соёл иргэншилд оруулсан томоохон өв юм. Энэ өвийн нэгээхэн хэсэг нь хүний өвчний эмчилгээнд зориулсан олон тооны эмийн ургамал, амьтан, эрдсийн гаралтай эмт бодисыг танин мэдэж хэрэглэж ирсэн уламжлал бөгөөд уг уламжлал нь нутаг орныхоо цаг агаар, уур амьсгал, амьдрах орчин, хүний бие махбодод бүрэн зохицсон элдэв сөрөг нөлөө багатай эмийн жоруудыг бүтээхэд хүргэжээ.

Монголчуудын олон зууны түүхтэй нүүдлийн соёл иргэншил нь байгаль орчноо танин мэдэх, түүнтэй харьцах нарийн гярхай мэдрэмж, мэдлэг, өвөрмөц зан, заншлыг буй болгосон бөгөөд үүн дээр суурилан байгалиас хооллох, хувцаслах, эмчилгээ, сувилгааны талаар тайлбарлахад хялбар бус олон онцгой технологийг бүтээсэн юм. Эртний элэнц үеэс эмчилгээ, засалд эм, тан болгож хэрэглэж байсан байгалийн эрдсийг өдгөө сэргээн олборлож, тэдгээрийн найрлага, уламжлалт хэрэглээний тогтсон аргын шинжлэх ухааны үндэслэлийг тайлбарлан ашиглах боломжийг буй болгох нь өнөөгийн цаг үеийн чухал зорилт болж байна.

Хүн, байгаль хоёр салашгүй холбоотой. Академич В.И.Вернадский хүний үүргийг "Эх дэлхийн геологийг бүтээгч хүчин" гэж үнэлсэн байдаг. Түүнчлэн В.И.Вернадский амьд бие болон   литосфера, гидросфера, атмосфера нь нэгдмэл тогтолцоо болохыг тодорхойлжээ. Амьд бие махбодын химийн найрлага хүрээлэн буй орчинтойгоо харилцан уялдаа холбоотой байдаг ба хөрс чулуулаг ус агаарын найрлагатай төстэй. Гагцхүү тоон хэмжээ нь өөр байдаг ажээ.

Манай оронд XX зууны 20-оод оноос Өрнийн анагаах ухааны эмчилгээний аргууд нэвтэрч химийн эм хэрэглэх болсноор уламжлалт анагаах ухааны эмчилгээ түрэгдэж, түүнтэй хамт эх орны эмийн түүхий эдийг эмчилгээнд хэрэглэх явдал харьцангуй хязгаарлагдсан билээ. Дэлхийн улс орнуудад байгалийн гаралтай хүнсний болон эмийн түүхий эдийн эрэл хайгуул эрчимтэй хөгжиж байгаагийн дотор эмийн ургамлын судалгаа илүү хурдацтай хөгжиж, хэрэглээний хүрээ харьцангуй өргөжиж байна. Харин эмийн чанартай эрдсийн судалгаа төдийлөн тууштай хийгдэхгүй тэдгээрийн бүтэц найрлага, гарал үүслийн талаар хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил харьцангуй хомс байна.

Орчин үед Монголын уламжлалт анагаах ухааны тулгуур бүтээлүүдийг судлах явдал манай судлаачдын хүрээнээс хэдийнээ хальж хилийн чандад ч сонирхох болжээ. Урд хөрш БНХАУ-ын ӨМӨЗО-ны судлаачид Монгол анагаах ухаан, эм судлал, эмийн материал түүхий эдийн судлалыг дагнан хийсээр байна. Хойд хөршид ОХУ-ын Буриадад зарим судлаачид түвэд, монгол хэлнээс бүтээлүүдийг хөрвүүлж "Биологийн идэвхтэй эрдэс" элементийн талаар дагнасан шинжилгээ судалгааны ажлыг орчин үеийн багаж төхөөрөмжийн 

туслалцаатайгаар өндөр түвшинд хийх боллоо. Иймд өвөг дээдсийнхээ билиг оюунаар бий болсон уламжлалт анагаах ухааны бүтээл туурвилыг судалж, өнөөгийн шинжлэх ухааны түвшинд өвлөж хөгжүүлэх нь залгамж үе бидний хэрэг бөгөөд нөгөө талаас төрөл бүрийн эрдэс эмт бодисоор арвин боловч хэрэгцээт бүх эмийн зүйлийг гадны орноос авдаг манай улсын хувьд уламжлалт эмийн эрдсийн түүхий эдийн судалгааг бий болгон хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа нь мэдрэгдсээр байна.

Манай орон үндэснийхээ өв уламжлалаа сэргээж ардчилал, зах зээлийн хөгжлийн замаар тууштай хөгжих өргөн боломж нээгдсэн энэ үед Монгол улсын Засгийн газрын үндсэн чиглэлд уламжлалт анагаах ухааныг орчин цагийн анагаах ухааны ололттой зөв хослуулан хөгжүүлэх, эх орны эмт бодисын арвин их баялгийг зүй зохистой ашиглах зорилтыг дэвшүүлсэн.

Монгол орны эрдсийн гаралтай эмийн түүхий эдийн тархац нөөцийг судлах ажлыг эрчимжүүлж ашиглах боломжийг үндэслэл сайтай тогтоон хуульчлан мөрдүүлэх, эмийн бодисын хими, фармакологийн судалгааг онол, арга зүйн өндөр түвшинд гүйцэтгэх судалгааг амьдралд хэрэгжүүлэх үүднээс эрдсийн гаралтай зарим түүхий эдийн тархалт, байршил, эрдэслэг бүрэлдэхүүнийг судлах чиглэлийг хэрэгжүүлэх, Эрүүл Мэндийн Яамны бодлогод буй үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр оруулсан эм тангийн жагсаалтанд Гиван-9, Жонш-4, Брагшүн-9, Гарьд-13 зэрэг эмийг оруулсан учир тэдгээрийн найрлаганд ордог голлох түүхий эдийн нэг болох синдэрийн эмчилгээний ач тусыг илрүүлж судалгаа хийх шаардлагатай байна.

Монгол Улсын Засгийн Газраас 1995 онд Монгол улсад Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталсан билээ. Уг хөтөлбөрт анагаах өндөр чадалтай олон янзын найрлагатай өвөрмөц үйлчлэл, шинж чанар бүхий халуун, хүйтэн рашаан, эрдэст нуур, эмчилгээний шавар зэрэг эх орны байгалийн хүчин зүйлийг элдэв өвчин эмгэгийг илааршуулж засахад хэрэглэж ирсэн уламжлалыг шинжлэх ухааны үндэстэйгээр орчин үеийн эмчилгээний аргатай оновчтой хослуулан рашаан сувиллын эрдэм шинжилгээний ажлын хүрээг өргөтгөж хүн, малын биед нөлөөлөх байгалийн хүчин зүйлсийн үйлчлэлийг зөв зохистой тогтоох судалгааны ажлын үр дүнг эмчилгээний практикт нэвтрүүлэх тухай чухалчлан заажээ.

МУАУ-ныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогод "Монгол орны эмийн ургамал, амьтны болон эрдсийн гаралтай эмчилгээний чанартай түүхий эдийн тархац, нөөцийг судлан экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүйгээр ашиглана" гэж заажээ.

Бидний хийх судалгаа дээр дурьдсан чиглэлүүдэд шууд хамаарагдах бөгөөд судалгааны обьект болгож Монгол орны эмт эрдэс болох синдэрийг сонгож авсан юм.

Монгол эмч, оточ нарын бичсэн ном судраас үзэхэд уламжлалт анагаах ухаанд нийт 3000 гаруй төрлийн эмийн түүхий эд хэрэглэгдэж байжээ. Тэдгээрийн дотор синдэр орж байна. Синдура гэж анх "Мэргэд гарахын орон" нэрт толь бичигт тэмдэглэгджээ.

Синдура гэсэн санскрит гаралтай үг бөгөөд латин нэр нь Limoniterra, шинжлэх ухааны нэр нь Гётит химийн томъёо нь (Fe[OH]O). Түвэд нэр нь жамцүринба, монгол нэр хүнсэн шороо, синдэр, далайн хаг, хадны хальс гэх мэтээр өөр өөрөөр нэрлэдэг. Далайн хөвөө болон хадны агуйнаас гарсан, цус тогтсон мэт өнгөтэй, хондтой адил боловч арай хүрэн өнгөтэй, амтлаг амттай, сэрүүн чанартай, судлын халуун,цус тогтоох, цагаан хуян, цулын шархыг анагааж, өгөр шар усыг хатаан, галд халсан шархыг анагаана хэмээн олон янзын жор найрлаганд оруулдаг байжээ.

Синдэрийг ном сударт тодорхойлж бичихдээ нуур далайн захаар хальж тогтсон усны замаг дарагдсаар синдэр болно гэжээ. Зарим номонд: "Ариун сайхан орны үргэлж чийгтэй байдаг хадны агуй хонгилд цус мэт өнгөтэй, хондтой адил боловч арай хүрэн өнгөтэй, амтлаг амттай сэвсгэр улаан наанга шороо байдаг" гэж бичигдсэн байдаг. Энэ хоёрын аль алиныг нь эмэнд хэрэглэж болно гэж заажээ. Синдэр нь сэрүүн чанартай, хөлдсөн ба түлэнхийн шарханд сайн болохоос гадна цус тогтоох, шарх анагаах нөлөөтэй. Монгол оточ нар өөрийн орноос синдэр олж олон янзын жор найрлаганд оруулдаг байжээ. Синдэрийг цэвэрлээд тунгааж хэрэглэнэ. Цус тогтоож суулгахыг таслана. Судлын халууныг арилган цулын шархыг анагааж, идээ, цус хатаах халуун арилгах, өвчин намдаах, хавдар хариулах, өгөр шар усыг хатаах, галд халсан шархыг анагаах, цагаан хуян, ялангуяа хөлдсөн хийгээд түлэнхийн их шарханд гойд сайн гэж "Онолын үндэс", "Алтан хадмал" зэрэг эх бичигт дурьджээ.

Синдэр нь гурван валенттай төмрийн исэл (Fe2O3), хөнгөн цагааны исэл (Al2O3), цахиурын ислийн (SiO3) бүрдэлт бүхий наангилаг эрдэс бөгөөд улаан, улаан хүрэн, шар, хөх, үнсэн хөх, хар, хар бараан, цагаан өнгөтэй цуллаг нягт үйрмэг, шороолог, нойтон байдлаар голдуу агуй, хадны хөндийд ихэнхдээ дээд цэрдийн галавын (Cr1) настай тунамал хурдсанд тохиолдоно. Төмрийн исэл (Fe2O3) голлосон хөнгөн цагааны исэл (Al2O3), цахиурын исэл ^Ю2)-ийн бүрэлдэхүүн бүхий наангилагийг синдэр гэнэ. Синдэр ардын эмнэлэгт өргөн хэрэглэгдэж ирсэний сацуу уламжлалт олон сайн эмийн жор найрлагад ордог байжээ.

Синдэрийн төрлийн эрдсүүдийг төмрийн ислийн, шаварлаг, цахиурын, хөө буюу нүүрс, карбонатлаг, сульфат- фосфорын ислийн, марганц-төмрийн ислийн гэж 7 хуваана.

Монголчуудын эмийн эрдсийн гол түүхий эд нь төрөл бүрийн жонш байсан бөгөөд төмөр, цахиур агуулсан эрдсүүд, шавар, давс зэргээр эмийн түүхий эд бэлтгэн хэрэглэж байсан тухай оточ Ишбалжирын "Лхантив-чандил", Жамбалдоржийн "Ойнжин зэцэрмэгжин", Лувсанчүлтэмийн "Эрдэс шороон эмийн судар", Дандарын "Эмийн талаар бичсэн зүйлс", "Рашаан зүрхний найман гишүүнт нууц увидасын үндэс", Дэсрид Санжаажамцын "Бидэр онбо" зэрэг судруудад бичиж, эмийн эрдсийг таних, эмийн түүхий эд бэлтгэх уламжлалт аргуудын жор, найрлагын талаар тэмдэглэжээ. XVIII зууны нэртэй оточ Ишбалжир (1704-1788) уламжлалт эмнэлгийн сан хөмрөгт олон зохиол бүтээл оруулсаны дотор "Эмийн нэр ба эмт бодисыг таних болор толь" (Ойнзин  шилгэр мэлон) бүтээлдээ эмт бодисыг 7 аймаг 801 зүйлээр, орших газар, хэлбэр дүрс, амт чанар, чадлыг тайлбарлан бичжээ.

Өмнөговь аймгийн нутаг дахь Торомхоны зосыг эмчилгээний зориулалтаар аль ч өнгөтэйг хэрэглэдэг боловч элгэн хүрэн өнгөтэйг илүү сайн гэлцэнэ. Зоргослож, нухаж арьсны шарх шалбархайд үрж цацахад үрэвслийг даруй намдааж, товх тогтоон улмаар сайн эдгээдэг байна. Энэ зосны бусдаас гоц нэг онцлог нь ходоод, гэдэсний өвчин, ялангуяа ходоод, арван хоёр нугалаа гэдэсний яршсан шархыг түргэн хугацаанд илааршуулдаг ажээ. Үүнийг академич Ц.Тойвгоо тэргүүтэй хэсэг судлаачид анхааралдаа авч, түүний 1.5-2 гр нунтгийг дунд гарын шаазан аяга бүлээн усанд хийж хурц улаан өнгөтэй болтол хутгаад ходоод гэдэсний шархлаатай гэж оношлогдсон өвчтөнд өглөө өлөн элгэн дээр нь, орой өлөндүү үед мөн хэмжээгээр уулгахад 7-10 хоноход өвчин нь эдгэрч байсан тухай баримт бий.

"Онцар гаадон дэр зод" сударт: Загас, цахлайн цөс тус бүр 7 цэн, синдэр, дагш, мэлхийн цөс тус бүр 1 лан, барагбой, баавгайн цөс тус бүр 8 цэн ордог Цөс-8 найруулгыг их, бага аль ч түлэнхийн шархыг даруй эмчилж чадна. Загасны тос, синдэр хоёрыг хар архитай найруулж галд түлэгдсэнд түрхэнэ. Галд түлэгдэхүйд ямааны өөх, синдэр, домти найруулж түрх гэж заасан байдаг.

Синдэр, номхотгосон шүр, сувд оролцсон саа, этгээд өвчин, хар, цагаан хуянг хоцроолгүй дарагч "Гарьд-13" хэмээх сайн эм бий. Толгой таллаж өвдөх, галд түлэгдсэн шарх, хорхойгоор өвдөх, уруул ам хазайх мэтийн өвчнийг юна, донрой, синдэр, налдо, лача, шингүн, жиданга тус бүр 15 гр, манчин 10 гр, бибилин 9 гр оролцсон "Юна-9" гэдэг эмийг цуу юмуу усаар зуурч түрхэн амархан илааршуулдаг байна.

Гал намсыг анагаахад шараас болсон бол лянхуагийн үндэс, удвал, балига, үзэм, цагаан зандан, арц, нарсны давирхай, чихэр өвс, улаан зос (синдэр)-ыг ямааны сүү, чихэртэй найруулж түрхэнэ. Шархыг анагаах үест хануур тавьсаны дээр тэсвэрлэж чадах чинээгээр хүйтэн ус цутгаад дараа нь сэрүүн эмийн хэсэглэг, дарлага хийнэ. Хэсэглэг гэдэг нь жуган, синдэр, шумхан зэргийг нарийн талхдаж болтол нь чанаад өчүүхэн шингэнийг тэнцүүлэн түрхээд нимгэн илэг тавьж дээгүүр доогуур нь ороохыг, дарлага нь дээрх эмүүдийг хийж цаасан жийрэг буюу үсэн жийрэг тавихыг хэлнэ гэж дурьджээ.

Жачун 19 (гарьд) Жор: 1-5. Чун 5, 6-11. 6 сайн, 12. Арнаг, 13. Синдэр, 14. Сэржижима 15. Бридасазин, 16. Лүдүддорж гарбо, 17. Лүдүддорж нагбо, 18. Нячи, 19. Шин ар.

Чадал: Шар усны өвчнийг анагаах, нянг нядлах, Засах нь: Шар усны өвчин, хуян, бүлх шөрмөсний өвчин, хөлийн хар, цагаан бам өвчин зэрэг өвчнийг анагаана.

Гүгүл 11. Жор: 1. Гүгүл 010. 2. Сэндэр 010. 3. Жац 005. 4. Манчэн 005. 5. Ар үр 010. 6. Шүдагнагбо 010. 7. Донрой 010 8. Ларзи 9. Чүрза 010. 10. Юнва 010. 11. Дүржид 010.
Чадал: Хатгалгыг дарах, нянг хөнөөх

Засах нь: Этгээд өвчин, судас шөрмөс хөшиж атирах, ходоод олгой хөөх, гэдэсний хатгалга, нян хатгалга зэрэг өвчинд тустай.

Чун 13 (жачун, гарьд 13) Жор: 1-5 Чун-5 6. Жүрү 015. 7. Мүдиг 018. 8. Лиши 010. 9. Зади 010. 10. Агарнаг 020. 11. Сэндүр 015. 12. Хавлин 010. 13. Шинар 020.

Чадал: Нянг хөнөөх, хатгалгыг дарах, сааг анагаана

Засах нь: Цагаан хуян, гараг саа өвчин, ус шорооны хор зэрэг өвчнийг анагаахад тустай.

Ном зүй

1. Ганбаатар.Т, Даваадорж.Б, Оюунчимэг.Н \"Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдсүүд\" УБ, 1993
2. Ганбаяр. Я \"Монгол эмийн жорын гарын авлага\" УБ 2001 тал.126, 190, 344, 365
3. Гонгоржав. Г \"Монголчуудын чулуун өв соёл\" УБ, 2005
4. Даваахүү. С \"Эрдэс элемент эрүүл мэнд\" УБ, 2005
5. Давгацэрэн.Б, Хишигжаргал.Л, Наранцэцэг. Г, Туул.Л, Наранцэцэг.Д, Бархасдорж.Д \"Уламжлалт эмт бодис,жорын хяналтын лавламж\" УБ, 2003 он x. 38, 48,185, 218
6. Данзанпунцаг \"Эмийн хир үгүй болор эрхи\" ӨМӨЗОны шинжлэх ухаан техник мэргэжлийн хороо. Хөх хот 2001 тал.121-122 (1840 оны үеийн зохиол)
7. Жамбалдорж найман хошууны оточ \"Монгол эмийг зөв таних толь\" (Үзэсгэлэнт нүдэн чимэг) ӨМӨЗО Ардын хэвлэлийн хороо. Хөх хот 1998 x. 70-71 (19-р зууны дунд үеийн зохиол)
8. ЗинаС, Тогтохбаяр.Ж \"Уламжлалт дан эм,эмийн түүхий эдийн лавламж\" УБ 2003 x.286,289
9. Лувсан.Б \"Монгол эмийн судлал\" Бээжин 1989 х.64
10. Оюун.Ж \"Монгол орны эмийн чанартай эрдсийн физик химийн онцлог, эмийн түүхий эд бэлтгэх уламжлалт технологийншинжлэх ухааны үндэслэл\" УБ, 2006
11. Хайдав.Ц, Шерхан.О \"Монгол ардын эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдэс\" УБ1975 x.101
12. Пүрэвсүрэн.Б, Мэндсайхан З. \"Монгол эмийн эрдэс чулуу\" УБ 2002 тал. 75
13. Геологический словарь Том I Москва 1955 х.165
14. Геологический Словарь Том II Москва 1960 х.152
15. Войнер.А.О \"Биологическая роль микроэлемэнтов в организме животных и человика\" Москва, 1960
16. Цогт.О, Доржсүрэн.Ш. \"Отчет о результатах поисковых работ и предварительной разведки на месторождениях минеральных пигментов в Баянхонгорском и Среднегобийском аймаках, проведенных\" в1981-1983 г УБ, 1984, №3750.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1639
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК