Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Улаанбаатар хотын амаржих газруудын перинаталь үеийн нас баралт
( Судалгааны өгүүлэл )

Б.Лувсан-Ёндон (Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эх барих, эмэгтэйчүүдийн секторын эрхлэгч, анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Установлена частота перинатальной смертности в родильных домах г. Улан-Батора за 1978 год. В структуре перинатальной смертности антинатальная занимает 14, 8%, интернатальная-29,7%, а постнатальная-55,5%. По полученным автором данным, среди непосредственных причин перинатальной смертности первое место занимает асфиксия (57,9%), второе «родовая травма (13,3%) третье-неясные причины (10,4%), четвертое-аспирационная пневмония (8,6%) а из способствующих причин осложнения беременности занимают 17%. осложнения течения родов-60,0%, а неясные причины-23%.

Нярайн нас баралтыг бууруулах чухал арга хэмжээний нэг нь перинаталь үеийн нас баралтын шалтгааныг судлан, түүнийг багасгах асуудал юм. Иймээс Улаанбаатар хотын амаржих газруудад перинаталь үедээ эндэж байгаа ураг, нярайн шалтгааныг судлах зорилт тавьж ажиллав. Хэвлэлийн материалаас үзэхэд Европын орнуудад перинаталь нас баралт 1000 амьд төрөлтөд 19-43 байна. Бидний судалгаагаар Улаанбаатар хотын амаржих газруудын перинаталь нас баралт 1000 амьд төрөлтөд 29 байна. Амьгүй төрөлт 1000 төрөлтөд 13 байна. Улаанбаатар хотын хэмжээгээр сүүлийн таван жилд (1974-1978) перинаталь нас баралтын дундаж нь 35% байгаа бөгөөд амьгүй төрөлт 13% байна. Перинаталь нас баралтын дотор 14,8 хувь нь антинаталь, 29,7% нь интернаталь, 55,5 хувь нь постнаталь үед байна. (Б. Лувсан-Ёндон 1979). Перинаталь үедээ эндсэн ураг, нярайн эхчүүдийн 37% нь анхан төрөгч, давтан төрөгч эхчүүдийн 43,2%-ийг таваас дээших төрөлт эзэлж байна. Перинаталь үедээ эндсэн нийт ураг ба нярайн 41,7 % нь бага жинтэй (2400 гр-аас доош), 13,3 хувь нь 3600 гр-аас дээш жинтэй төржээ. Перинаталь үед ураг, нярай нь эндсэн бүх эхчүүдийн 34,6 хувь нь эхчүүдэд зөвлөлгөө өгөх газар огт үзүүлээгүй байв. Дутуу төрсөн эхчүүдийн ураг ба нярайн 17 хувь нь перинаталь үедээ энджээ. (Ж.Балган 1977) Хугацаа илүү тээгдэж төрсөн нярайн 31% нь бүтэлттэй, 6% нь тархины гэмтэлтэй төрж, төрсний дараахи үедээ, хугацаандаа төрсөн нярайгаас 2 дахин илүү өвчилсөн (Д.Баттогтох 1977) тухай бичсэн байна. Эдгээрээс үзэхэд перинаталь нас баралтад төрөлтийн, дараалал ургийн жин, илүү тээлт, жирэмсэн эхийг хяналтад хамруулсан байдал, нөлөөлөх хүчин зүйлс болж байна.

Нэгдүгээр хүснэгтээс үзэхэд перинаталь нас баралтын шууд шалтгааны зонхилох хувийг ураг нярайн бүтэлт, төрөх үеийн гэмтэл эзэлж байна.

Эдгээр байдлаас үзэхэд жирэмсний хугацаанд перинаталь үеийн нас баралтад нөлөөлж байгаа үндсэн шалтгааны дотор жирэмсний хожуу хордлого, ихэс хүйн эмгэг, төрөх хүчний сулрал, түргэн төрөлт дээгүүр байранд оржээ. Перинаталь үеийн нас баралтыг дотор нь үе үе тус бүрээр ангилан үзэхэд: постнаталь үедээ эндсэн бүх нярайн 60,9% нь төрсний дараа хоног болоогүй эндсэн бөгөөд тэдгээрийн 51,3% нь төрснөөс хойш 12 цагийн дотор эндсэн байв. Эндэгдэлийн гол шалтгаан нь уушигны ателектаз, аспираци 53,1%, төрөхийн гэмтэл 21,1 байна. Энэ үедээ эндсэн нярайн 53% нь бага жинтэй нярай байгааг анхаарах нь зүйтэй юм. Бидний судалгаагаар перинаталь үеийн нас баралтын дотор амьгүй төрөлт 44,5% эзэлж байгаа бөгөөд амьгүй төрсөн ургийн 33,3% нь антинаталь, 66,7% нь интернаталь үедээ нас барсан байна. Хэвлэлийн материалаас үзэхэд перинаталь үеийн нас баралтын дотор амьгүй төрөлт 57,8%, амьгүй төрөлтийн 35,8% нь антинаталь үедээ тохиолдсон байна. (Кулябко Б.В 1964), (Волкова Л.Т 1964).

Судалгааны энэ материалд үндэслэн доорхи дүгнэлт хийж болох байна. Үүнд:

  1. Улаанбаатар хотын амаржих газруудад 1978 онд перинаталь нас баралт 1000 амьд төрөлтөд 29 байна. Перинаталь нас баралтын дотор антинаталь үеийнх 14,8%, интернаталь 29,7 %, постнаталь 55,5%-ийг тус тус эзэлж байна,
  2. Перинаталь үедээ ураг, нярай нь эндсэн эхчүүдийн 37,0% нь анхан төрөгч, давтан төрөгч эхчүүдийн 43,2% нь таваас дээших төрөлт байна.
  3. Эхчүүдэд зөвлөлгөө өгөх газар жирэмсэн эхчүүдийг эрт илрүүлэн түүний хугацаанд зохих ёсоор хянах асуудал хангалтгүй байна.
  4. Перинаталь үеийн нас баралтын дотор бага жинтэй төрсөн нярайэ эндэгдэл (41,7%) их байна.
  5. Перинаталь үеийн нас баралтын шууд шалтгааны дотор бүтэлт, төрөх үеийн гэмтэл (71,2%) зонхилж байна.
  6. Эхийн талаас перинаталь нас баралтад нөлөөлж байгаа үндсэн шалтгаанд жирэмсний хожуу хордлого (41,6), ихэс ба хүйн эмгэг (31,9), төрөх хүчний сулрал, түргэн төрөлт (46,8%), ус эрт гаралт (24,2%) зонхилох байр эзэлж байна.
  7. Перинаталь үеийн нас баралтын 33,4% нь шалтгаан нь тодорхой бус, анти ба интернаталь үедээ эндсэн ургийн 72,3% нь тодорхой бус шалтгаантай байна.
  8. Интернаталь үедээ эндсэн нярайн 75,5% нь эх дотроо бүтэж эндсэн байна.
  9. Улаанбаатар хотын амаржих газруудын перинаталь үеийн нас баралтын шалтгааны байдал ийм байгаа тул жирэмсэн эхэд үзүүлэх эмнэлгийн бүхий л тусламжийн чанар, хүрэлцээг сайжруулах, зохион байгуулалт, арга барилын арга хэмжээг тууштай авах шаардлага урган гарч байна.
Ном зүй

1.Ж.Балган. И.В.Дудо. В кн: Актуальные вопросы педиатрии, акушерства
и гинекологии. Тезисы докладов. Улан-Батор 1977, стр. 97.
2.Б.В.Кулябко. В кн: Труды XI Всесоюзного съезда акушеров-гинекологов. М. 1965. стр. 150
3.О.Г. Фролова, Т.П.Бакатова, М.Ф.Янкова. Акушерство и гинекология 1976. № 11. с 35
4.Prodhom Журнал ВОЗ. Женева 1973. стр. 108
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1329
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК