Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Урьдчилан сэргийлэх чиглэл социалист эрүүлийг хамгаалахын үндсэн зарчим мөн
( Товч мэдээлэл )

Г.Жамба (Эрүүлийг хамгаалах Яамны нэгдүгээр орлогч сайд)

Эрүүлийг хамгаалах Яам

 

Манай орны социалист бүтээн байгуулалтын явцад төр улсын зүгээс төлөвлөгөөтэй хөгжүүлэх, шинжлэх ухааны ололтоор тухай бүр баяжуулж, хүн амд үнэ төлбөргүй бөгөөд хүртээлтэйгээр эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг, урьдчилан сэргийлэх чиглэл бүхий ардын эрүүлийг хамгаалах систем үүсэн тогтсон юм. Жараад жилийн өмнө хүний эрүүл мэндийг хамгаалах нэг ч байгууллага, анагаах ухааны боловсролтой ганц ч хүнгүй байсан Монгол оронд ленинч зарчимд тулгуурласан социалист эрүүлийг хамгаалах систем үүсч хөгжсөн нь манай нийгмийн давуутайг нотлож байна. БНМАУ-ын ардын эрүүлийг хамгаалах салбар үүсэн хөгжсөн анхны цагаас эхлэн марксист-ленинист философи, шинжлэх ухаан техник, зохион байгуулалтын хамгийн тэргүүний хөгжил, дэвшилт арга барилаар зэвсэглэсэн зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын үлгэр жишээ, баялаг туршлагаас байнга сурч, тэдэнтэй хамтран ажиллаж байсан билээ. Дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Лениний шавь, хамтран зүтгэгч, зөвлөлтийн эрүүлийг хамгаалахын анхны комиссар Н.А.Семашко «эрүүлийг хамгаалах ажлын үндэс нь урьдчилан сэргийлэлт гэж онцлон тэмдэглэсэн байдаг». Социалист эрүүлийг хамгаалахын онолч 3.П.Соловьев урьдчилан сэргийлэх чиглэлийн бүх бүтээлч бололцоог эмнэлгийн байгууллага бүхний үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн чухлыг зааж, сэргийлэх ба эмчлэх анагаах ухааны нэгдэл, эмчлэх сэргийлэх зорилгын нягтралын тухай түүний дэвшүүлсэн санаа нь ариун цэвэр, эмчилгээний байгууллага бүрд тэдгээрийн ноён нуруу,   ажлын  хөдлөшгүй  зарчим  байх  ёстойг  бичсэн бий. Урьдчилан сэргийлэх чиглэл манай эрүүлийг хамгаалахын онцлог шинж чанар, түүний амин сүнс, МАХН-аас эрүүлийг хамгаалах талаар баримталж ирсэн бодлогын үндсэн чиг шугам болсоор байна. 1921 оны гуравдугаар сард хуралдсан намын анхдугаар их хурал МАХН-ын анхны программдаа ардын эрүүлийг хамгаалахын урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүний зорилт болгон тусгаж, 1925  онд  намын  IV  их  хурал МАХН-ын  хоёрдах программд хот, суурин газрыг тохижуулах, халдварт өвчинтэй тэмцэх, ариун цэврийн хууль тогтоомжийг боловсруулан мөрдөх тухай заалт оруулсан нь нам, засгаас урьдчилан сэргийлэх чиглэл бүхий эрүүлийг хамгаалах системийг үүсгэн хөгжүүлэх, зохион байгуулах ажлын урт хугацааны бодлогын чиг шугам, түүнийг хэрэгжүүлэх дэс дараалалтай арга хэмжээний үндэслэл болов. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх гэдэг ойлголт бол аливаа өвчнөөс сэргийлэх, түүгээр барахгүй өвчний шалтгааныг арилтахад чиглэсэн нийгэм-эдийн засгийн болон анагаах ухааны цогцолбор арга хэмжээ гэж өргөн утгаар ойлгох үзэл санааг намын эдгээр баримт бичигт тод тодорхой заасан байна. МАХН-ын XV их хурлаар баталсан намын шинэ программд хүн ардын эрүүлийг хамгаалах, эрүүлжүүлэхэд тавих анхаарал халамжийг хүчтэй болгож, хөдөлмөрчдийн хөдөлмөр, аж байдлын нөхцөлийг улам эрүүлжүүлэх арга хэмжээ авч биелүүлэх явдлыг эрүүлийг хамгаалах салбарын үндсэн зорилт болгон дэвшүүлэв. Хөдөлмөрчдийн хөдөлмөр, аж байдлын нөхцөлийг эрүүлжүүлэх арга хэмжээ нь хүнийг хүрээлэн байгаа орчныг тохижуулан сайжруулах, түүнийг хөдөлмөрлөх, тухтай амрах, эрүүл мэндээ бэхжүүлэн, урт наслаж, идэвхтэй амьдрахын эх сурвалж болгож хувиргах, хөдөлмөрчдийн аж байдал, соёлын хэмжээг цуцалтгүй дээшлүүлэх талаар намаас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа зорилттой уялдаж байгаа юм. Социалист эрүүлийг хамгаалах нийт ажил, түүний гол зарчим болох урьдчилан сэргийлэх чиглэлийг амьдралд хэрэгжүүлэх онол зохион байгуулалтын асуудал 1977 онд хуралдсан БНМАУ-ын Ардын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаар баталсан БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах хуульд тусгалаа олсон юм. Энэхүү хуульд тус улсын эрүүлийг хамгаалах ажлын зохион байгуулалтын үндэс нь хүн амын эрүүл мэндийг нийгэм-эдийн засаг, эмнэлэг-ариун цэврийн цогцолбор арга хэмжээгээр ханган бэхжүүлэх явдал гэж заажээ. Тэдгээрийн дотор элдэв өвчин эмгэгээс сэргийлэн хамгаалах, эрүүлжүүлэх ажил зохиох, үйлдвэрлэл, амьдрал ахуйд ариун цэвэр, эрүүл ахуйн зохих нөхцөлийг бүрдүүлж өгөх: үйлдвэрлэлийн осол гэмтэл, мэргэжлээс шалтгаалах өвчинтэй тэмцэх, эрүүл мэндэд хор хүргэх хүчин зүйлийг арилгах, хүрээлэн байгаа орчин, тухайлбал ус, агаар, газрын хөрсийг бохирдлоос хамгаалах, эрүүлжүүлэх арга хэмжээ авч байх, хөдөлмөрчин олны дунд ариун цэвэр-эрүүл ахуйн гэгээрлийн ажлыг байнга зохиох зэргийг чухалчлан заасан байна. Эдгээр арга хэмжээний биелэлт нь нийт хүн амын хөдөлмөр, ахуйн нөхцөл ихээхэн сайжирч, өвчлөл ялангуяа халдварт өвчний гаралт тууштай буурч зарим нь устсанаар хүний дундаж наслалт уртсаж, бие бялдар, оюун санааных нь хүч чадлыг өв тэгш хөгжилд хүргэснээр илрэн гарах ёстой. Нам, засгаас дэвшүүлэн тавьсан зорилт, хуульчилсан актуудыг биелүүлэхэд манай ард түмний эрүүл мэндийг хамгаалах ажил нам төрийн соёл хүмүүжлийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болж, социалист байгууллын давуу чанарыг хүний сайн сайхны төлөө зориулахыг эрхэм дээд зорилт болгодог явдал, эрүүлийг хамгаалах салбар ардын аж ахуйн бүрэлдэхүүн хэсэг болсон бодит нөхцөл онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэх ч юм. Тус улсад хүн амын эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх явдал төрийн байгууллагын үүрэг төдийгүй, бүх нийтийн хэрэг, иргэн бүрийн үүрэг болсон билээ. Эрүүлийг хамгаалах байгууллага нийгмийн эрх ашгийн үүднээс үзлэг үйлчилгээний чанар, соёлч боловсон байдлыг бүхий л аргаар сайжруулж, эмч нарын хариуцлага, эмнэлгийн боловсон хүчний мэргэжлийн хэмжээг эрс дээшлүүлэх арга хэмжээ авч байх хариуцлагатай үүрэг хүлээж байгаа юм. Нөгөө талаар эмнэлгийн ажилтан бүхэн хаа ч ажиллаж байлаа гэсэн хүн амын ариун цэвэр, эрүүл энх байдлыг хангах, халдвар эсэргүүцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх мэдлэг чадвартай, урьдчилан сэргийлэх зарчмын биелэлтэнд хяналт тавьдаг, сурталчлан дэлгэрүүлэгч байх ёстой билээ. Энэ нь эмнэлэг-урьдчилан сэргийлэх байгууллагын ажиллагааны нэгдэл, ажлын арга, хэлбэр, зорилт, зохион байгуулалтаас урган гарч байгаа шаардлага юм. Үүний нэгэн адил урьдчилан сэргийлэх ажил бол бүх эмчлэн сэргийлэх байгууллагын мэргэжлийн чигээс үл хамаарах үүрэг байх ёстой. Эрүүлийг хамгаалах байгууллагын урьдчилан сэргийлэх, чиглэлийг улс ардын аж ахуйн салбаруудад хэрэгжүүлэх ариун цэвэр, эрүүл ахуйн болон халдвараас хамгаалах дүрэм, хэм, хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг улсын ариун цэврийн хяналтын байгууллага гүйцэтгэдэг. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 410 дугаар тогтоолоор баталсан улсын ариун цэврийн хяналтын дүрэм, БНМАУ-ын эрүүлийг хамгаалах хуулийн заалтын дагуу улсын ариун цэвэр, халдвар судлалын байцаан шалгах газар нь эмнэлэг-ариун цэврийн хяналтыг хэрэгжүүлдэг. Ариун цэвэр-урьдчилан сэргийлэх байгууллагын салбар 1929 онд бактер судлалын лаборатори, бактер шинжилгээний газар нэртэйгээр байгуулагдсан юм. 1933 онд БНМАУ-ын Засгийн газраас «Ариун цэврийн байгууллагын тухай дүрэм» батлан гаргаснаар, ариун цэврийн системт хяналтыг улс даяар хэрэгжүүлэх ажлын эх үүсвэр, хууль зүйн үндэс болжээ. «Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь орчин үеийн, анагаах ухааны хамгийн чухал зорилт, түүний гол чиглэл болж байна. Хөдөлмөрчдийн эрүүл энх, урт удаан наслахын уг сурвалж нь болсон аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариун цэвэр-эрүүл ахуйн шаардлагыг ажил хөдөлмөр, амьдралд ямагт биелүүлэхийн төлөө тууштай тэмцэх нь нам, улс, олон нийтийн бүх байгууллага, эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтан, ажилчид, манай орны нийт хөдөлмөрчдийн ариун үүрэг мөн» гэж МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1958 оны «Ариун цэвэр-урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах арга хэмжээний тухай» тогтоолд заажээ. 1960 он хүртэлх хугацаанд аймаг, хотын урьдчилан сэргийлэх, ажлын хяналтын үндсэн байгууллага болох ариун цэвэр, халдвар судлалын станцууд байгуулагдсан юм. 1980 оны эхний хагас жилийн байдлаар ариун цэвэр-урьдчилан сэргийлэх ажлыг удирдан гүйцэтгэх мэргэжлийн төрөлжсөн төв байгууллага аймаг, хотын ариун цэвэр, халдвар судлалын станц, түүний салбар гоц аюулт халдварт өвчнийг эсэргүүцэн судлах ба химийн ариун-цэврийн станц, тасгууд, ариун цэвэр гэгээрлийн кабинет, нийт 60 гаруй байгууллагад олон зуун дээд ба тусгай мэргэжлийн боловсон хүчин ажиллаж байгаа нь эрүүлийг хамгаалах ажлын урьдчилан сэргийлэх зарчмын хэрэгжилтийг хангахад туслах систем, материаллаг бааз, боловсон хүчний талаар өргөжин өсч байгааг харуулж байна. Эрүүлийг хамгаалах нийт байгууллага, түүний дотор эмчлэн сэргийлэх, эх нялхас, эрүүлжүүлэн сэргийлэх салбаруудын өмнө тавигдаж байгаа тулгамдсан асуудлын нэг болж байгаа нөөц бололцоо, хүч, хөрөнгийг бүрэн ашиглаж аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, бүх нийтийг эрүүлжүүлэх ажилд албан, үйлдвэр, хоршоолол; олон нийтийн байгууллага, тэдгээрийн ажилтан, ажилчад, нийт хөдөлмөрчдийг «хувь хүний эрүүл мэнд улс нийгмийн хэрэг» гэдэг уриан дор дайчлан оролцуулах ажил юм. Өнөө үед эмнэлэг-ариун цэврийн байгууллагын эмч, ажилтан бүхний ажлын арга барилд В.И.Лениний сургаж байсанчлан, санатария-этю все. Это профилактика всех болезней гэдэг үндэслэлийг хатуу баримталж, үзлэгийн өрөө, өвчтөн эмчлэх газраас аль болохоор гадагш гарч, хөдөлмөрийн хамт олон, хүүхэд багачуудыг асрах, cypгax газар, айл өрхөөр орж өвчнөөс сэргийлэх чиглэлийн эмнэлэг-ариун цэвэр-гэгээрлийн ажил өрнүүлэх хэрэгтэй байна. ЭХЯ ариун цэврийн төрөлжсөн дүрэм, заавар 60 гаруй, норм, стандарт арав гаруйг, үйлдвэрлэлийн орчинд гарч болох 500 гаруй хорт «бодисын зөвшөөрөх дээд хэмжээний (ЗДХ) нормыг тус тус батлан мөрдүүлж байна. Уг хуулийн урьдчилан сэргийлэх чиглэлийн заалтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор ЭХЯ-наас бусад яам, тусгай газруудтай хамтран нийт аймаг, хотын гуравны нэг үзлэг, шалгалт хийв. Бүх нийтийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд Эрүүлийг хамгаалах хуулиас гадна БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах тухай заалтууд, ус, ой, агнуур, газар эдэлбэрийн хуулиудын байгаль орчныг бохирдлоос хамгаалах заалтууд, хот, суурин, хүн амын ариун цэвэр-эрүүл ахуйн талаар орон нутгийин АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас гаргасан заавал биелүүдэх шийдвэр зэрэг хууль тогтоомжийн биелэлтийг аж ахуйн тодорхой нэг салбар дээр шалган үзэж, илэрсэн дутагдал, зөрчлийг даруй засуулах, тэргүүний арга ажиллагааг дэмжин нийтийн хүртээл болгох ажил зохиож байна. Ийм ажлыг эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллага бүхэн газар нутгийн харьяаллаар нам, захиргаа, олон нийтийн байгууллагатай хамтран олон нийтийн ариун цэврийн хяналтын зөвлөл, комиссын идэвхтнүүдийн хүчийг ашиглан, чиглэл, төлөвлөгөөтэй зохиодог болох хэрэгтэй байна. Урьдчилан сэргийлэх үзлэг шалталтын гол утга учир нь зөрчил дутагдал илрүүлэн хурал зөвлөлгөөнөөр хэлэлцэхэд биш, харин түүний мөрөөр зохиох ажил юм. Эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийг ч гэсэн хүн амын ажил, мэргэжил, нас хүйсний тодорхой бүлэгт эонхилон тохиолдож байгаа өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж байгаа хүчин зүйлийг ул мөртэй илрүүлэн, тэдгээрийг бүрэн арилгахад чиглүүлэх хэрэгтэй. Энэ асуудлыг диспансерийн бүртгэлд өвчлөлийн: хэдэн тохиолдлыг бүртгэн авч, алдаг оног эмчилснээр хязгаарлаж ер болохгүй. Урьдчилан сэргийлэх ажлын байдлыг илтгэн харуулах чухал үзүүлэлтийн нэг нь халдварт өвчний бууралт юм. Хүн амын дунд гарсан халдварт өвчний тоо энэ таван жилд өмнөх таван жилийн дунджаас 36,6 хувиар буурч, сахуу (1974 оноос) полиомиэлит (1976 оноос) зэрэг өвчин гарахгүй болсон байна. Энэ нь нэгдүгээрт манай нам, засгаас хүн амын аж байдлыг дээшлүүлэх, амьдрал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх ажилд асар их хүч, хөрөнгө зарцуулж, анхаарал тавьж байгаагийнх, хоёрдугаарт, эрүүлийг хамгаалах байгууллагын олон мянган сувилагч, их бага эмч нарын уйгагүй хөдөлмөрийн үр дүн юм. Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг эдийн засгийн хувьд тооцоолох явдал чухал асуудлын нэг юм. Ийм тооцоог И.Д.Богатырев, М.П.Ройтман, И.Г.Минакова (1969) нарын аргаар улаанбурхан, сахуу, хөхүүлдэг ханиад өвчний эсрэг сэргийлэх тарилгын үр дүн дээр хийж үзэхэд зарцуулсан хөрөнгийн төгрөг тутамд 10-37 төгрөгийн ашигтай байв. Гэвч зарим халдварт өвчний өвчлөл хүмүүсийн хариуцлага сул байгаагаас болж тууштай буурч чадахгүй байна. Эрүүлийг хамгаалах социалист систем цаашид гүнзгийрэн хөгжих тутам түүний үндсэн чиглэл урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдол шинжлэх ухаан техникийн хувьсгалын хурдацтай хамт өсөж, хөдөлмөрчдийн хөдөлмөр, ахуйн нөхцөлийг эрүүлжүүлэн сайжруулах, аливаа өвчнөөс сэргийлэн хамгаалахад түүний гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэх болно.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 946
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК