Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 3(112)
Зүрх судасны өвчин монголын эрүүл мэндийн тулгамдсан асуудал
( Судалгааны өгүүлэл )

Ц.Мухар

Анагаах Ухааны Хүрээлэн

 
Абстракт

Cardiovascular diseases /CVD/ are the principal cause of death in many developed countries /44.7%/ and are increasing in importance in developing coun­tries /28.3%/.

In Mongolia CVD are responsible for 33.4% of all deaths in 1998. On the results of the survey among the adults /20 nd more years/ in urban and rural area in Mongolia, CVD 17-5-21.4 %.

This report recognizes the role of behavioral, life­style, economic, and environmental factors in the cau­sation of CVD, and presents prevention strategies for reducing their impact.

P. 4, Tables 2, References 4.

Үндэслэл. Анагаах ухааны хөгжил дэвшлийн үр дүнд энэ зууны тэргүүн хагаст хүн төрөлхтөний цаг бус үхлийн 60 гаруй хувийг эзэлж байсан хурц ба архаг халдварт өвчнийг тогтоон барьж чадсан юм. Анагаахын шинжлэх ухааны салбарт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, эмчилгээний шинэ арга антибиотик эм нээгдсэн явдал ийм үр дүнд хүргэжээ.

XX зууны төгсгөл XXI зууны гараанд хүн төрөлхтөний нас баралтын нэг дэх шалтгаан бол халдварт бус өвчин, түүний дотроос зүрх судасны өвчин /ЗСӨ/ болоод байна.

Одоо дэлхийн хүн амын нас баралтын шалтгааны 58,8%, үүнээс хөгжингүй оронд 87.4 %, хөгжиж буй оронд 53.8% нь халдварт бус өвчин бөгөөд зүрх судасны өвчин 30,9% хөгжингүй оронд 44.7 %, хөгжиж буй улсад 28.3 % эзлээд байна. /World health, 1999, Geneve/. Харамсалтай нь зүрх судасны өвчнийг бууруулах талаар шинжлэх ухаан мөхөсдөж байна. Энэ өвчнийг ихэсгэж байгаа үндсэн хүчин зүйл бол хүний нийгэм, аж төрөх ёсонд байгаа эрүүл мэндийн "халгаат хүчин зүйлс" юм. Хүмүүсийн суунга амьдрал, стресс, хорт хэвшил, хоол хүнсний орц хэрэглээ ийм байдалд хүргэжээ.

ЗСӨ-ийг эм, мэс заслаар эмчлэх шинэ шинэ арга гарч байгаа боловч нэгэнт бий болсон өвчнийг тогтоон барих, түр  зуур сэргээхээс хэтэрч  чадахгүй байна.

Хөгжингүй оронд ЗСӨ-нд эрүүлийг хамгаалахын зардлын 10%-ийг зарж байгаа бөгөөд энэ нь үндэсний нийт бүтээгдэхүүний 0.5-1 %-ийг эзэлж, нийгэм, эдийн засгийн томоохон асуудал болоод байна.

Зүрх судасны өвчлөл

Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэнгээс 1997-1998 онд хот, хөдөөгийн насанд хүрсэн 6000 гаруй хүн амд зүрх судасны өвчлөлийн тархвар судлал, халгаат хүчин зүйлийн хамаарлыг ДЭМБ-аас боловсруулсан аргачлалаар судалсан юм. Энэ судалгаанд АУИС-ийн багш дэд доктор, дэд профессор Д.Сэржээ, АУҮХ- ийн эмч, ЭША О.Оюунбилэг, Б.Содгэрэл нар гардан оролцож, боловсруулалт хийж байсан.

Зүрх судасны өвчний анхдагч, хоёрдогч сэргийлэлтийн асуудал олон улсын жишгээр монгол оронд төрийн байгууллага төдийгүй, төрийн бус байгууллага, олон нийтийн дунд хүчтэй яригдах болсон орчин үед зүрх судасны өвчлөл, халгаат хүчин зүйлийн тархварын мэдээлэл нь нэн хэрэгцээтэй болсныг харгалзан энэхүү судалгааны дүнгээс нийтэлж байна. Бидний судалгаагаар цусны даралт ихсэх /ЦДИ/, зүрхний цус тасалдах / ишеми/ өвчин /ЗИӨ/ 1000-д харьцуулбал хотын хүн амын дунд 151.7 ба 62.6, хөдөөд 121.9 ба 53.9 байна. /хүснэгт -1/. Энэ хоёр өвчин хот, хөдөөгөөр төдийгүй, хүйсээр ялгарах онцлог ажиглагдаж байна.

ЗИЗСӨ-нд насны хамааралтай болох нь ойлгомжтой. Жишээлбэл: ЦДИ өвчин 40-49 насны бүлгээс эхлэн ихэсч 1000 ийм насны хүмүүсийн дунд эрэгтэйчүүлд 211.1, эмэгтэйд 141.1 байсан бол 50-59 насанд 393.2 ба 218.3: 60-аас дээш насанд 356.8 ба 378.2 болж өсч байна.

ЗСӨ-ийг үүсгэх үндсэн хүчин зүйл болох халгаат хүчин зүйлийн тархвар монгол хүмүүсийн дотор харьцангуй өндөр байгааг 2-р хүснэгтээр харууллаа. Архи, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол /дасгал хийхгүй байх/ түвшин өндөр байгаагийн зэрэгцээ давсны хэрэглээ /1000 - 489.0-614.8/, ЗСӨ-ний удамшлын асуумж /1000 насанд хүрэгчдийн 144.5-199.8/ анхаарал татаж байна.

Дүгнэлт

Монгол улсын хүн амын дунд зүрх судасны өвчин түргэн өсч, нас баралтын үндсэн шалтгаан болж, энэ өвчин залуужих хандлага байна. Энэ байдалд дүгнэлт хийж хүн амын дунд эрдэм шинжилгээний өргөжүүлсэн судалгаа явуулж, ДЭМБ-ын зөвлөмжөөр олон нийтэд суурилсан сэргийлэлт /Community based prevention/-ийн хөтөлбөрийг боловсруулж зүрх судасны өвчинтэй тэмцэх төвтэй болгож хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна.

Ном зүй

1.Ц. Мухар, Б. Содгэрэл, Б. Эрдэнэчимэг
Насанд хүрэгчдийн дунд ишеми өвчний тархалт, халгаат хүчин зүйлсийн хамаарал АУҮХ, зүрх судасны эмгэг судлалын тулгамдсан асуудлууд, 1998
2.Б. Оргил, Д. Сэржээ, О. Оюунбилэг Хотын хүн амын дунд цусны даралт ихдэх өвчний тархалтын байдал , халгаат хүчин зүйлсийн хамаарал мөн-тэнд
3.The world Health report, 1999, Making a Difference WHO, Geneva, 1999
4.Epidemiolody and prevention of cardiovascular diseases in elderly people Report WHO Study Group WHO, Geneva, 1995
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : А.Өлзийхутаг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4335
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК