Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Алтайн хойлгийн махны аминхүчлийн судалгааны урьдчилсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г. Зориг (Эрдэм шинжилгээний ажилтан), С. Ямаахай (дэд эрдэмтэн)

 
Абстракт

В настоящей работе изложены предварительные данные изучения аминокислотного состава мяса улара Алтайского нагорья. Методом хроматографии на бумаге изучены состав и количественное содержание аминокислот мяса алтайского улара. При анализе гидролизато белков в значительном количестве обнаружены аргинин, валин, гистидин, лейцин, изолейцин, лизин, метионин, треонин, фенилаланин, аланин, аспарагиновая кислота, глицин, глютаминовая кислота, серин, тирозин, цистин. В белках мяса улара содержатся 9 незаменимых аминокислот, что составляет 61.18% их общего содержания. Установлено   также, что количество   некоторых   незаменимых аминокислот (треонина, гистидина, фенилаланиина и др.) значительно (3-4%) выше, чем в мясе домашних куринных. Полученные данные свидетельствуют о том, что в мясе алтайского улара содержатся наиболее полноценные белки.

 

Хойлог нь Түвдийн уулархаг орноос эхлээд ЗХУ болон манай орны өргөн уудам нутаг, Төв Азийн Кавказ, Гималай, Алтай зэрэг газар амьдардаг. Тэднийг оршин амьдардаг газар нутгийн нь нэрээр Кавказын, Гималайн, Түвдийн, Каспийн ба Алтайн хойлог гэж нэрлэдэг юм. Хойлог олон газар байдаг боловч тоо толгойн хувьд цөөрчээ. ЗХУ-д хийсэн хойлогийн тооллогоос үзэхэд Каспийн, Түвдийн ба Алтайн хойлог тэр орчиндоо 500-900-гаас хэтрэхгүй байна (Л.В.Жирнов нар 1978) Иймд олон улсын конвенци ба ЗХУ, манай улсын хуулиар хойлогийг агнаж устгахыг бүрмөсөн хоригложээ. Монгол, казах, туркмен, киргиз зэрэг үндэстэн хойлогийн махыг эмчилгээний чанартайг мэдээд ардын эмнэлэгт эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Бас энэ талаар ардын эмнэлгийн ном сударт дурьдаж бичсэн байдаг боловч орчин үеийн шинжлэх ухааны түвшинд хүртэл нарийвчлан судалсан материал бараг байхгүй юм. Харин хойлогийн махны уургийн аминхүчлийн хэмжээ нь тахианыхтай ойролцоо болон гистидин, треонин зэрэг бие махбодид үл орлогдох цөөн тооны аминхүчил хойлогийн маханд илүү хэмжээтэй байгааг бичсэн (Ж.Жамсран, Д.Уртнасан, А.Болд, 1972) нэг материал байдаг. Уураг бол булчин-махны гол бүрэлдэхүүн хэсэг юм. Max ба махан бүтээгдэхүүн уурагт бодис ихтэй тул хүмүүс хоол хүнсэндээ хэрэглэх дуртай ажээ. Махны уураг нь аминхүчлээс тогтсон пептидийн хэлхээнээс бүрдэнэ гэж Р.Грау (1964) тэмдэглэжээ. Иймээс аливаа амьтны бие махбодийн уургийг задлахад доод молекулт, энгийн хэд хэдэн нэгдэл буюу аминхүчлийн холимог үүсдэг. Гэвч аминхүчил нь бие биенээсээ өөрийн бүтэц зохион байгуулалтын R-бүлэг ба хажуугийн гинжин холбоосоороо ялгагдана   (Б.И.Збарский нар 1973, А.Ленинджер, 1974). Махны шим, тэжээллэг чанар нь түүний аминхүчлийн найрлага, хэмжээнээс ихээхэн хамаардаг. Алтайн хойлогийн махны уургийн аминхүчлийн найрлагыг судлах нь түүний махны шимт чанарыг тодорхойлох, уурагт бодисын солилцоонд гүйцэтгэх ач холбогдолыг нь тогтооход чухал үүрэгтэй болно.

Шинжилгээний материал, арга зүй: Хойлогийн махны уургийн аминхүчлийн найрлагыг (нарийвчлан судлах зорилгоор тусгай зөвшөөрлөөр Говь-Алтайн нуруунаас намрын дунд, өвлийн тэргүүн сард агнасан хойлогийн хөлдүу махыг судалгааны дээж материал болгон ашиглав. Уургийн аминхүчлийг тодорхойлохын тулд махны уургийг урьдчилан гидролизд оруулахдаа A.Н.Крылова, Ю.Н.Лясковская (1965), Л.П.Алексеенко (1969) нарын аргыг голлож хэрэглэжээ. Түүнчлэн Т.С.Пасхинагийн (1969) бичсэн цаасан хроматографийн аргыг сонгож авав. Бас хүчил ялгагчаар Н-бутанолийг ашиглан, цаасан дээр ялгарсан хүчлийг нингидриний будгаар   тодруулдан хүч­лийн толбуудыг хайчлан авч этилийн спиртэд уусган «спектрофотометрээр 540-нм урт долгионд хэмжлээ.

Шинжилгээний дүн: Хойлогийн махны уургийн аминхүчлийн дундаж үзүүлэлт-Х, стандарт хазайлт-S, үл орлогдох ба нийт аминхүчлийн нийлбэр-Е дүнг 100 г цэвэр уурагтай харьцуулан тооцож, гэрийн тахианы махны аминхүчлийн найрлагатай жишиж 1-р хүснэгтэд үзүүлэв.

Хойлогийн махны уурагт аргинин, валин, гистидин, изолейцин, глютамины хүчил глицин, пролин, серин, тирозин, цистин зэрэг нийт 17 аминхүчил илэрсний 9 нь үл орлогдох аминхүчил байв. Аминхүчлүүд дотроос ганцхан пролин нь нингидринтэй шар өнгийн нэгдэл үүсгэдэг. Хроматографийн цаасан дээр пролины байрласан хэсэгт тод шар өнгийн толбо тодорсон тул хойлогийн маханд пролин байна гэж үзэх бүрэн үндэстэй байна. Бусад 16 аминхүчил тод заагтай ялгарсан учир тооны шинжилгээний аргаар тодорхойлов. Чанарын судалгаагаар үзвэл алтайн хойлогийн мах аминхүчлээр баялаг бөгөөд ялангуяа хүн амьтны биед үл нийлэгжих, валин, гастидин, метеионин, лизин, треонин, аргинин, фенилаланин, лейцин, изолейцин зэргийг агуулж байна. Харин шувууны махны үл орлогдох аминхүчлийн тоонд глицин ордог (В.В.Щеглов, 1974) боловч бид түүнийг энэ бүлэгт оруулсангүй. Хойлогийн махны аминхүчил тоо хэмжээгээр тахианы махнаас харьцангуй өндөр байна. Жишээ нь: Хойлогийн махны үл орлогдох аминхүчлийн хэмжээ (61,18%) тахианы махныхаас (16,18%) давуутай байгаа нь түүний биологийн шимт чанар өндөр болохыг нотоллоо. Нөгөө талаар энэ судалгаа гэрийн тэжээвэр тахиа, байгалийн эрс тэс уур амьсгал уулын сийрэг агаарт зохицсон алтайн хойлог хоёрын бодисын солилцоо уургийн найрлага, шинж чанар эрс ялгаатай гэдгийг давхар нотлов. Хүйтэн цаг уур нь дулааны солилцоог хурдасган хоол тэжээлийн шаардагдах хэмжээг ихэсгэдэг (П.Е.Калмыков, М.И.Логаткин, 1974) Үүнтэй уялдан гаднаас авах уурагт бодисын хэмжээ хүн амьтанд  ихэсдэг байна. Хойлогийн маханд аминхүчил их хэмжээтэй байгааг түүний уурагт бодисын солилцоонд нөлөөлдөг гадаад орчин, хүйтэн уур амьсгал идэш тэжээлийг эрэн хайж, явгалан гүйхдээ зарцуулсан энергийг нөхөх, азотын балансыг тохируулах биологи физиологийн урт удаан хугацааны туршид бий болсон онцгой зохицолтой холбон үзэх нь зүйтэй юм. Хойлогийн маханд фенилаланин, гистидин 4%, треонин, лизин 2% метионин ба валин 1% тус тус тахианы махныхаас илүү хэмжээтэй байна. Ходоод гэдэсний шархны нөхөн төлжилтийг сайжруулах нөлөөтэй «Витамин U»-д оролцдог метионин хойлогийн маханд нилээд (3,41 мг%) хэмжээгээр байгаа нь сонирхолтой. Метионины хэрэгцээ 80-89 хувь нь цистинээр орлогдон хангагддаг. Хойлогийн маханд бас аливаа шархны эдгэрэлтэд нөлөөлдөг-сульфгидрилийн бүлэг агуулсан аминхүчил цистин 4,28 мг% байгаа юм. Тахианд 0,7 мг%. Эдгээр аминхүчлийн зэрэгцээ гэдэс ходоодны шархлааг эмчлэхэд ашигладаг гистидин хойлогийн маханд (7 мг%) тахианы маханд (2,2 мг%) 3 дахин илүү байна. Эдгээр нь хойлогийн махны анагаах чадлыг харуулж байна. Хойлогийн маханд аланин, тирозин, аспарагины хүчил зэрэг нийлэгжих аминхүчил гэрийн тахианы маханд байдгаас 1-2% илүү агуулагдаж байна. Хэдийгээр хүн амьтны биед нийлэгжих боловч эдгээр аминхүчил нь хоол тэжээлээр биед орох зайлшгүй шаардлагатай. Шинжилгээний дүн зэрлэг шувууны шинэхэн махны уургийн үндсэн аминхүчил нь аргинин, гистидин лизин, фенилаланин, аланин, аспарагины ба глютамины хүчил мөн болохыг батлав. Хоол тэжээлээр дамжин цусанд шимэгдэн орсон аминхүчлээс хүний биед уураг нийлэгжин бий болдог, бөгөөд энэ нь эдийн нуклеопротеидыг сэргээн нөхдөг. Тэрчлэн зарим аминхүчил даавар, фермент, гемоглобин үүсгэхэд оролцдог тул уураг ихтэй хойлогийн мах нь хүний бодисын оолилцоонд чухал ач холбогдолтой нөөц болох нь тодорхой. Цаашид хойлогийн махны аминхүчлийн найрлагыг төгс судлах шаардлагын үүднээс түүний уургийн найрлага улиралтай холбоотой эсэх, бас цагаан ба улаан булчингийн аминхүчлийн найрлагыг харьцуулан тогтоох нь зүйтэй юм.

Дүгнэлт

  1. Алтайн хойлогийн мах нь аргинин, валин, гистидин, изолейцин, лейцин, лизин, метионин, треонин, фенилаланин, аланин, аспарагины ба глютамины хүчил, глицин, пролин, серин, тирозин, цистин зэрэг 17 аминхүчил агуулж байгаа ба ер нь аминхүчлээр баялаг болох нь нотлогдов.
  2. Хойлогийн махны уургийн нийт аминхүчлийн 61,18 хувийг үл орлогдох 9 аминхүчил эзэлж байгаа нь энэ мах биологийн шимт чанараар өндөр болохыг харуулав. Эдгээр үл орлогдох аминхүчлүүдийн дотроос фенилаланин, гистидин, треонин, лизин, метионин, валин нь тахианы махныхаас 1-4 хувиар илүү байна.
  3. Тэрчлэн хойлогийн махны аланин, тирозин, аспарагины хүчил, цистин зэрэг нийлэгжих аминхүчил нь тахианы махныхаас 1-3 хувь давуу хэмжээтэй байна.
  4. Цаашид хойлогийн махны уургийн аминхүчлийн найрлагыг уул шувууны тарга хүч, мах-булчингийн ялгааг харгалзан судлах нь зүйтэй.
Ном зүй

1. Жамсран Ж. Уртнасан Д. Болд А. Химийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл, УБ, 1972, 10, 129-131
2. Алексеенко.Л.П, в кн: Современные методы в биохими, М, 1964, 129
3. Грау.Р, Мясо и мясопродукты, М, 1964, 27
4. Збарский.Б.И, Иванов. И.И, Мардашев. С. P, Биологическая химия М, 1972, 32
5. Жирнов.Л.В., Винокуров.A.А., Быков.В.А., Редкие и исчезающие животныё СССР (млекопитающие и птицы), М, 1978, 213-216
6. Калмыков.П.Е., Логаткин.М.Н, Современные представления о роли составных частей пищи, Л, 1974. 34
7. Крылова.A.Н, Лясковская.Ю.Н, Физико-химические методы исследования продуктов животного происхождения, изд. 2-ое., М, 1965, 173-174
8. Ленинджер. А., Биохимия (молекулярные основы структуры и функции клетка), М, 1974, 99
9. Пасхина.Т.С, в кн: Современные методы в биохимии, М, 1964. 162
10. Щеглов.В.В, Белковое и аминокислотное питание животных, Минск, 1974, 30
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1843
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК