Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Шинжлэх ухааны техникийн ололт, судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх арга зүйн асуудал
( Тойм өгүүлэл )

Ж.Дашдаваа (Эрдэм шинжилгээний ажилтан)

 

Эрүүлийг хамгаалахын практикт шинжлэх ухааны ололт амжилтыг нэвтрүүлэх асуудлаар ЗСБН Казах улсын анхдугаар бага хурал өнгөрсөн онд болсон билээ. Шинжлэх ухааны ололтыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх нь эрдэм шинжилгээ-зохион байгуулалт, практик арга хэмжээний нэгдмэл систем учраас энэ ажилд олон арга барилыг зохистой хослох явдал чухал гэдгийг уг хурлаас заасан юм. Шинжлэх ухаан, техникийн ололт судалгааны үр дүнг нэвтрүүлэх цар хүрээг өргөтгөх, үр ашгийг дээшлүүлэх талаар эрдэмтэд дорхи саналыг дэвшүүлсэн байна.

Нэгдүгээрт: уг ажлыг практикт нэвтэрсэн үр ашгийг тодорхойлох гол үзүүлэлт нь шинжлэх ухаан, практикт оруулсан нэмэр болно. Тухайлбал микробын антагонист чанарыг судалсны дүнд антибиотикийг нээн, түүнийг практикт өргөн нэвтрүүлснээр анагаах ухааны эмчилгээний практикт шинэ эрин эхэлж халдварт өвчний эмчилгээний асуудлыг үндсээр нь өөрчилсөн нь олон сая хүний амь насыг аварсан юм. Үр дүн нь ингэж харагдах ёстой.

Хоёрдугаарт: олон жилийн судалгаа, эсвэл хэд хэдэн байгууллагын ажлын үр дүнг нэгтгэн шинжлэх ухааны үндэслэлтэй нэвтрүүлж буй ажлын цар хүрээг ихэсгэхийн дээр бүх нийтийг хамрах нөхцөлийг буй болгох юм. Жишээ нь: Анагаах ухаан, мал эмнэлэг, хөрс ургамал судлалд хийж байгаа микроэлементийн судалгааны дүнг нэгтгэн газрын хөрс, ус ургамал дахь микроэлементийн бүтцийг харуулсан анагаах ухаан газар зүйн карт зохиож, эндемик районуудад өгөх хүнсний зүйл, малын тэжээл дэх микроэлементийг зохицуулах нэгдмэл аргыг боловсруулж чадвал ийм судалгаа нь практикт их ач холбогдолтойн дээр улсын чанартай судалгаа болно.

Гуравдугаарт: Практикт нэвтэрч байгаа ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд, шинжлэх ухаан техникийн ололт боловсон хүчний мэдлэг мэргэжил, практикийн байгууллагын материаллаг бааз, техникийн хангамж их нөлөөтэй. Нарийн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан зохих багаж төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийн байгууллагад анагаах ухааны ололт түргэн сайн нэвтэрдэг байхад хэсгийн болон жижиг эмнэлэгт тухай  бүр  нэвтэрч чаддаггүй байна.

Дөрөвдүгээрт: судалгааны ажлын үр дүн нь практикт авч хэрэглэж болохуйц байх ёстой. Анагаах үр нөлөөгөөр ойролцоо хоёр арга байлаа гэхэд хэрэглэхзд арай хялбар дөхөм нь өргөн нэвтрэх жишээтэй. Үүний зэрэгцээ, өндөр үнэтэй, ховор багаж төхөөрөмжийг эмнэлгийн байгууллагууд хамтран ашиглах төв байгуулах замаар шинжлэх ухааны  ололтыг практикт нэвтрүүлж болно.

Тавдугаарт: судалгааны үр дүнг тухай бүр мэдээлэх, уг мэдээллийг цаг алдалгүй ашиглаж байгаа байдлаас нэвтрэлтийн цар хүрээ ихээхэн шалтгаална. Заавар, зөвлөмж, санал, дүгнэлтийн хэллэг нь товч ойлгомжтой байхаас гадна мэдээлэх бүх хэлбэрийг ашиглавал зохино. Онош, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинэ буюу дэвшилт арга, санааг эрдэм шинжилгээний хурал, практикийн хурал, зөвлөлгөөн, эмч нарын сонсгол семинар дээр зохиогчид өөрсдөө өргөн танилцуулж байх, үзэсгэлэнд тогтмол тавих зэрэг нь уг зүйлийг нэвтрүүлэх, боловсронгуй болгоход acap их ач холбогдолтой хялбар дөхөм арга хэлбэр юм. Нэвтрүүлэх зүйлийг олшруулан тараах арга хэмжээ, нэгэн адил чухал ач холбогдолтой байна.

Зургадугаарт: Судалгааны үр дүнг нэвтрүүлэхэд зохих хэмжээний эрчим хэрэгтэй. Нэвтрүүлэх-эрчим хугацаа хоёрыг ухаалаг хослох нь чухал. Тухайн судалгааны ажлыг нэвтрүүлэхдээ маш идэвхтэй ажиллаа ч гэсэн тэр нь богино хугацаанд үргэлжлээд зогссон бол өргөн нэвтэрч чадахгүй. Нэвтрүүлэх ажлыг эрчимтэй, удаан үргэлжлүүлж байж сая үр дүнд хүрнэ. Жишээ нь: аргачилсан захидлыг нэг удаа тараагаад туршлагыг нэвтрүүллээ гэж найдаж болохгүй. Иймд нэвтрүүлэх эрчим хүчийг дараа дараагийн шат бүхэнд байнга нэмэгдүүлж баймааж зохих үр дүнд хүрнэ. Жишээ нь, судалгааны явцад гарсан (завсрын) үр дүнг урьдчилсан тайлангийн хэлбэрэзр холбогдох практикийн   байгууллагад өгнө. Сэдэвт ажил дууссаны дараа гарсан үр дүн, зөвлөмжийг практикийн байгууллагын аль нэг зөвлөлийн хурал дээр хэлэлцүүлэн хамгаалж тэр байгууллагын ажлын төлөвлөгөөнд оруулан практикт нэвтрүүлж эхэлнэ. Цаашид эрдэм шинжилгээний хурал, практикийн хурал зөвлөлгөөнд тавьж хэлэлцүүлээд хэвлэлд нийтлүүлнэ. Энэ явцад хуримталсан материалд (хүмүүс, байгууллагын санал, шүүмж гэх мэт) анализ, баяжуулалт, дүгнэлт хийгээд холбогдох яам, газруудад шилжүүлнэ. Үүний дараа зарим материалыг нэг сэдэвт зохиолд оруулан хэлэлцүүлэх, заримыг зохиогчийн эрх хамгаалах, холбогдох дүрэм стандарт боловсруулахад ашиглана. Нэвтрүүлэх ажлын энэ бүх үе шат нь зохих цаг хугацаа, зорилт тасралтгүй үйл ажиллагаа шаардана.

Долдугаарт: Судалгаанаас гарсан үр дүнд байж болох гологдол, дутагдал, дутуу боловсруулсан зүйлийг илрүүлэхийн тулд урьдчилж практик дээр нарийвчлан шалгах, ёстой. Гарч байгаа зөвлөмжийг ийнхүү тал бүрээс нь няхуур хянан боловсруулж, практикт туршсаны дараа өргөн цар хүрээтэй нэвтрүүлж байх шаардлагатай. Урьдчилсан нарийн шалгалт, эмнэл зүйн удаан туршилт хийдгийн нэг тод жишээ нь гэвэл эмийн зүйлийг эмнэлгийн практикт нэвтрүүлж ирсэн туршлага болно.

Судалгааны үр дүнг нэвтрүүлэхэд баримтлах дээрх үндсэн арга барилууд хоорондоо нягт уялдаа холбоотой, харилцан бие биеэс шалтгаалдаг бөгөөд нэвтрүүлэлтийн цар хүрээ нь тэдгээр арга барилыг чадварлаг хослуулан хэрэглэснээс ихээхэн шалтгаална. Судалгааны ажлын үp дүнг эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх зарим тодорхой арга, хэлбэр, туршлагын талаар авч үзвэл:

ЗСБН Казак Улсын Эрүүлийг хамгаалах Яамны Анагаах ухааны эрдмийн зөвлөлөөс нийтлүүлсэн өгүүлэлд (Я.А.Благодаряый, М.А.Тусупбаев), Эрдмийн зэрэг горилсон бүтээл бол шинэ зүйл оруулсан байдлаараа  бусад   бүтээлээс давуутай    байдгийг заагаад түүнийг судлан нэвтрүүлж байхын чухлыг дурдсан байна. Гэхдээ онош, эмчилгээ, эдийн засгийн хувьд илүү үр нөлөө бүхий, улсын хэмжээнд нэвтрэх зүйлд голлон анхаарах хэрэгтэй гэжээ. 1977 оноос нэвтрүүлэх зөвлөлөөс боловсруулсан загварын дагуу холбогдох практикийн байгууллагаас «Шинжлэх ухааны ололтыг практикт нэвтрүүлсэн тухай акт» гаргаж ирүүлэх болсон нь тухайн зөвлөмжийг нэвтрүүлж байгаа байдал, түүний үр нөлөө, дутагдалтай тал, боловсронгуй болгох талаар санал, мэдээлэл авах боломжийг бүрдүүлж өгчээ. Эмнэл зүй, туршилтын мэс заслын казахын хүрээлэнгийн профессор Г.К.Ткаченко, мөн бусад эрдэмтэд бичихдээ мэс заслын практикт шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх үр нөлөө бүхий арга бол аль (нэг эмнэлгийн тодорхой нөхцөлд гардан хийж үзүүлэх арга юм. Иймээс зүрх судас, уушигны эмгэг судлалын мэргэжилтэн, мэс засалч, онош зүйн эрдэм шинжилгээний ажилтан нараас бүрдсэн бригадыг орон нутагт явуулан ажиллуулах хэрэгтэй юм гэжээ. Судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх өөр нэг арга бол аж ахуйн гэрээт ажил юм гэж А.П.Филин нар бичжээ. Карагандагийн Анагаах ухааны дээд сургуульд ийм ажлыг 1975 оноос буюу эрдэм шинжилгээний сектор байгуулсан үеэс эхлэн эрчимтэй хийж эхэлсэн байна. Энэ секторын аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажил бол нэг талаас судалгаа хариуцсан эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх (багаж, тоног төхөөрөмжөөр хангуулах), нөгөө талаас практикт нэвтрүүлж байгаа ажлын чанар, үр нөлөөг сайжруулахад чухал ач холбогдолтой байдаг байна. Профөссор А.Б.Бженова, А.К.Машкеев нарын бичсэнээс үзэхэд, судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэхдээ боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх, ажлын илүү үр нөлөө бүхий шинэ арга барилд тодорхой чиглэлтэйгээр сургах явдалд онцгой анхаардаг байна. Эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан, багш нараас практикийн байгууллагын эмч, ажилтнуудтай биечлэн уулзаж хувийн холбоо тогтоох нь уг ажилд ашигтай болно гэжээ. Практикт нэвтрүүлж буй ажил нэг бүрт түүнийг ямар арга хэлбэрээр, хэрхэн нэвтрүүлэх тухай зохиогчийн болон үндсэн байгууллагын товч тодорхойлолт гаргуулж байх нь уг зүйлийн ач холбогдол, нэвтрүүлэх цар хүрээг тодорхойлох нэг үзүүлэлт гэдгийг энд дурдах нь зүйтэй. Нэвтрүүлэх төлөвлөлөөг өөрсдийн ажиглалт судалгааны үр дүн бусад эх үүсвэрээс авах зүйл, оновчтой санал болон тэргүүн туршлага гэсэн гурван үндсэн хэсэгт хувааж зохиох нь ашигтай гэж Т.3.Сенсембеков нар бичсэн байна. Манай нөхцөлд энэ нь нэгэн адил чухал бөгөөд ялангуяа бусад эх үүсвэрээс авч нэвтрүүлэх зүйлийн талаар онцгой анхаарах нь зүйтэй юм. МАХН-ын Төв Хорооны V бүгд хурал дээр нөхөр Ю.Цэдэнбал зөвлөлтийн туршлага бол сурч мэдэх, өсөж дэвжихийн ширгэшгүй ундарга мөн гэж заасан билээ. ЗХУ, социалист бусад орны туршлагыг тогтмол хэвлэл, бусад ном зохиолоос эрэл хайх, холбогдох материалыг перфокарт зэрэгт буулган авч фондлох, түүндээ тодорхой чиглэлээр тогтмол судалгаа хийж байхын зэрэгцээ ЗХУ-ын холбогдох эрдэм шинжилгээ, сургалтын байгууллага буюу яам газруудын нэвтрүүлэх төлөвлөгөө, нэвтрүүлж байгаа ажлын жагсаалт, агуулгыг зохих шугамаар захиалах арга хэмжээг нэгдсэн журмаар тогтмол зохиох нь манай эрүүлийг хамгаалахын практикт авч нэвтрүүлж болох зүйлийг эрж хайх, сонгон авах ажлыг ихээхэн хөнгөвчлөх онцгой ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 662
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК