Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Этилийн спиртийн мутаци үүсгэх үйлчилгээг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

И.Пүрэвдорж (Анагаах ухааны дээд сургуулийн багш) В.И.Иванов (Доктор профессор ЗХУ-ын анагаах ухааны генетикийн институтын лабораторийн эрхлэгч) Ю.В.Корогадина (Биологийн ухааны дэд эрдэмтэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан)

 
Абстракт

При изученин цитогенетического действия этилового спирта на клетки эмбриональной печени мышей установлено что 40°-ый этиловый спирт индуцирует хромосомные нарущения. Основным типом хромосомных повреждений были проблемы и одиночные фрагменты. Редко встречаются парные фрагменты. Хроматидные типы хромосомных позреждений дают автором основание полагать, что этиловый спирт обладает слабым мутагенным действием. Данные об увеличении частоты хромосомных нарушений в клетках эмбриональной печени при воздействий этилового спирта позволяют авторам делать вывод о «возможной связи алкогольной эмбриопатии с хромосомными нарушении ями соматических клеток эмбриона (плода).

Этанол (этилийн спирт) нь үйлдвэрлэл болон хүмүүсийн амьдрал ахуйд өргөн хэрэглэгддэг химийн өндөр идэвхт бодис тул түүний мутац үүсгэх (удамшлын бүтцийг гэмтээх) үйлчилгээг судлах нь онол практикийн чухал ач холбогдолтой юм. Архи мутац үүсгэх үйлчилгээтэй эсэхийг ягштал баталсан туршилт шинжлэлийн ажил одоогоор алга. Зарим судлагчид (Д.de Гогок 1971, Н.Obe and J.Herha 1975) архаг архичдын цусны эсийн хромосом эрүүл хүнийхээс илүүтэй гэмтсэн байхыг олж илрүүлсэн нь архи хромосомыг гэмтээж мутац үүсгэх хүчин зүйлийн нэг байж болох тухай санааг дэвшүүлж өгчээ. Зөвлөлтийн судлаач М.Л.Казарновская (1976) Н.Н.Ильинских (1978) этанолын мутац үүсгэх үйлчилгээг хүний ба туршлагын амьтны эсийн өсгөвөр дээр (in vivo) туршиж үзээд архи мутац үүсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Гэтэл Ю.Л.Шапиро, В.А.Сычева, К.Н.Гринберг (1974) нарын судалгаагаар архаг архичдад хромосомын гэмтэл илрээгүй тухай тэмдэглэсэн байна. Аливаа бодисын мутацийн үйлчилгээг сориход цитогенетикийн аргаас гадна „Дарангуйлагч хөнөөлт мутацийн" арга өргөн хэрэглэдэг, энэ аргаар этанолын мутац үүсгэх үйлчилгээг судласан Америкийн судлаачид (F.М.Badr et. al. 1975) лабораторийн хулгана дээр хийсэн судалгаагаараа 40° ба 60°-ын этанол хөнөөлт мутацийн давтамжийг ихэсгэдэг болохыг илрүүлсэн байна. Гагцхүү дээрх судлаачид хөнөөлт мутацийн судалгаа хэвшмэл аргаас гажиж арга зүйн мэдэгдэхүйц алдаа гаргасан явдал тэдний судалгааны үр дүнд эргэлзэх сэтгэл төрүүлж байгаа юм. Хүүхдийн бие бялдар, оюуны хөгжлийн саатал, нярайн үхэл, үхсэн хүүхэд төрөх, эпилепси зэрэг олон эмгэгийн шалтгааны дотор эцэг эхийн архидалт онцгой байр эзэлдэг болохыг клиникийн ажиглалт ба туршил шинжлэлийн материал нотлож байна. (В.Д.Дульнев 1971, Е.М.Экелова-Багалей 1970, М.В.Романова 1976, A.А.Покровский 1976, А.И.Фисеко 1974, В.Л.Шостакович 1970, Г.И.Шурыгин 1978). Архаг архичин эхчүүдээс төрсөн хүүхдүүдийн дунд тохиолддог өвөрмөц гажгийг гадаадын хэвлэлд „Архины эмбриопати" гэж нэрлэжээ (F.Majewski et. al. 1976) Архичин эхчүүдээс төрөх бүх хүүхдийн ойролцоогоор 40%-д „Архины эмбриопати” тохиолддог гэж үзэж байна. (Jones et. al. 1974, Н.Obe and F.Ma­jewski 1978) Архины эмбриопати болон эцэг эхийн архидалтын улмаас үр хүүхдэд тохиолдож болох согогуудын эмгэг жам одоогоор тодорхой бус байна. Этанолын нөлөөгөөр ургийн их биеийг эсийн хромосом гэмтэж энэ нь цаашдаа архины эмбриопати болон эцэг эхийн архидалттай холбоо бүхий эмгэгүүд үүсэхэд хүргэдэг байж болох биш үү? гэсэн асуулт зүй ёсоор гарч болох юм. F.Обе, Ф.Майевский нар (1978) архины эмбриопати өвчтэй 23 хүүхдэд    хийсэн   цитогенетикийн    судалгаагаар хромосомын гэмтэл олж илрүүлээгүй байна. Энэ судалгааныхаа үндсэн дээр тэд архины эмбриопати нь хромосомын гэмтэлтэй холбоогүй юм гэсэн дүгнэлт хийжээ. Бидний үзэж байгаагаар дээрх судалгааны материал нь ийм дүгнэлт хийхэд хараахан хангалттай биш санагдана. Хэдийгээр үр удамд архины нөлөөг судлах асуудал чухлаар тавигдаж судлаачид энэ чиглэлд ихээхэн анхаарал хандуулж байгаа боловч үр хөврөлийн эсийн хромосомд архи хэрхэн нөлөөлөх асуудал олигтой судлагдсангүй. Энэ бүхнээс шалтгаалан бид хулганы хөврөлийн элэгний эсийн хромосомд этанолын үзүүлэх цитогенетикийн нөлөөг судлаж үзэх зорилт тавьсан юм.

Судалгааны арга: Хэрэв судлагдаж байгаа бодисын мутаци үүсгэх үйлчилгээ сул бол ясны чөмөгний эсэд хромосомын гэмтэл болохгүй гэж судлагчид тогтоосон байна. (Н.П.Бочков с со авт 1975). Энэ бэрхшээлээс гарах арга замын нэг нь судалгааны материалыг оновчтой зөв сонгож авах явдал юм. Малашенко A.М. Суркова Н.И. (1974) нар химийн бодисын генетикийн үйлчилгээг сориход лабораторийн (C57BL 6) хулганыг илүү тохиромжтой мэдрэг болохыг тогтоож энэ чиглэлийн судалгаанд C57BL(6) хулганыг хэрэглэхийг зөвлөмж болгосон юм. Үүнээс үндэслэн бид уг судалгааг C57BL/Mib хулгана дээр хийсэн юм. Туршлаганд 2-4 сартай хулганыг сонгож авсан. Нэг эрэгчин хулгана тутамд 2 эмэгчин хулгана байхаар бодож оройн 19 цагт нийлүүлэгт оруулж өглөөний 10 цагт эмэгчин хулганы үтрээний наалдацыг үзэж хээл авсан хугацааг тодорхойлсон. (объекты биологии развития 1975) Хулганы хөврөлийн элэгний эсийн хромосомыг судлахад тохиромжтой хугацааг хээлийн 13-14 дэх хоног гэж судлагчид бичсэний дагуу (P.К.Datta et. al 1970). Бид хээлийн 13 дахь өдөр хээлтэй хулганад 0,5 мл 40°-ын этанолыг тусгай сэтгүүрийн тусламжтайгаар амаар нь өгсний дараа 2, 4, 6, 12 цаг болоод хулганаа алж хөврөлийн элэгний эсээс хромосомын бэлдмэл хийсэн. Шалгуур бүлгийн хээлтэй хулганад мөн хэмжээний (0,5 мл) ус өгч харьцуулан үзэв.

  1. Ингээд 2-3 хээлтэй хулганыг нугаслан алж хөврөлийг умайн хамт салган авав.
  2. Умайг зүсч хөврөлийг салгаад элгийг авч Хенксийн уусмалд найруулсан 0.1%-ын 1-2 мл колхицины бүлээн уусмалтай центрофугийн хуруу шилэнд 2 элэг хийж зүүтэй шприцийн тусламжаар суспензи бэлдэв.
  3. Бэлдсэн суспензи (хөөмөг) дээр колхицины уусмалыг 5-6 мл болтол нэмж 37°-ын термостатад 1 цаг 30 минутын турш тавив. Энэ хугацаанд 25-30 минут болоод хуруу шилнүүдийг зайлж сэгсэрч байлаа.
  4. Хөөмгийг термостатаас авч центрифугт минутад 1000 эргэлтийн хурдтайгаар 5 минутын турш эргүүлэв.
  5. Тундсыг хөндөлгүйгээр шингэнийг асгаж үлдсэн тундас руу 0,55% хлорт калийн бүлээн уусмал 5 мл-ийг хийж термостатад 37°-д 7 минут тавиад дээрх маягаар центрофугт эргүүлж бага даралтат уусмалыг асгаад цаашид бэхжүүлэх ажилд шилжив.
  6. Бэхжүүлэлтийг 3:1 харьцаа бүхий метилийн спирт мөсөн цуугийн хүчлийн холимгоор хийв. Шинэхэн найруулсан бэхжүүлэгчийг хуруу шил рүү 5-6 мл хэмжээгээр хийж хүчтэй сэгсэрч холиод хөргөгчид (4°) 30-45 минутын турш тавив. Бэхжүүлэгчийг шинэчлэн сольж хөргөгчид дахин 45-60 минут байлгасан.
  7. Бэхжүүлэгчийг 3 дахь удаа солихдоо түүнийг тун бага (заримдаа хэдхэн дусал) хийдэг. Ингэхэд цагаавтар хөвмөг шингэн үүссэн.
  8. Тосгүй болтол нь цэвэрлэсэн шилийг мөстэй уснаас авч түүн дээрээ хөвмөгөөс 45° өнцгөөр дусаана. Илүүдэл шингэнийг зөнгөөр нь урсгаад тавиур шилээ дэнгийн дөлөн дээгүүр нааш цааш өнхрүүлж түргэн хатаана. Харин энэ үед шилээ хэт халаахаас болгоомжлох хэрэгтэй.
  9. Бэлдмэлээ азур-эозинээр 4-8 минут будна.

Цаашид метафазын хромосомыг шинжлэх тогтсон хэвшмэл аргыг (Н.П.Бочков, с со авт 1972, В.Н.Орлов с со авт 1976) баримтлан судалгааг явуулсан.

Судалгааны үр дүн: C57BL/MiB хулганы хээлийн 13-14 дэх хоногт 40°-ын 0,5 мл этилийн спиртийг амаар нь 1 удаа өгсний дараа янз бүрийн хугацаанд хөврөлийн элэгний эсийн метафазын хромосомыг шинжилсэн дүнг нэгдүгээр хүснэгтэнд харууллаа.

Хүснэгтээс харахад хяналтын бүлэгт хөврөлийн элэгний эсийн хромосомын бүтцийн гэмтэл тун бага (0,28%), хроматины тасархай 1,43% байв. Өөрөөр хэлбэл шинжилсэн 700 эсэд хромосомын гэмтэлтэй эс нийтдээ 1,72% байлаа. Гэтэл этилийн спирт өгснөөс хойш 2 цаг болоод шинжилсэн материалд хромосомын гэмтэлтэй нийт эс 8,1% болж өсч байна. Ялангуяа хээлтэй хулганад этилийн спирт өгөөд 4 цаг болоод шинжилсэн материалд хромосомын гэмтлийн давтамж дээд цэгтээ хүрч байв. Үүнд хромосомын гэмтэлтэй нийт эс 32,8%(Р<0,01) хүрч түүнээс хромосомын бүтцийн гэмтэлтэй эс 6,2% ахроматины тасархай хэлбэрийн гэмтэлтэй эс 26,6% хүрч байгаа нь ажиглагдлаа. Этилийн спирт өгснөөс хойш 6 цаг болоод шинжилсэн материалд хромосомын гэмтлийн давтамж өмнөхөөс буурч байв. Гэвч хяналтын бүлгийнхтэй харьцуулахад статистикийн магадлалтай зөрүү (Р<0,01)-гээ хадгалсаар байв. 40°-ын этилийн спиртийг туршлагын хулганд хээлтүүлгийн 13-14 дэх хоногт 0,5 мл хэмжээгээр өгсний дараа хөврөлийн элэгний эсийн метафазын хромосомыг шинжилж үзэхэд хромосомын гэмтлийн давтамж нэмэгдэж ялангуяа спирт өгснөөс хойш 4 цаг болоод шинжилсэн материалд хромосомын гэмтлийн давтамж дээд цэгтээ хүрч байна. Хромосомын гэмтлийн дотор тасархай, нэгчилсэн ба хос фрагмент зэрэг хроматидын гэмтлийн хэлбэр зонхилж байгаа нь этилийн спирт мутац үүсгэх сулавтар үйлчилгээтэй байж болохыг харуулж байна. Мутагенийн сул үйлчилгээтэй бодисын нөлөөг мотатидын гэмтлийн хэлбэр голчилж хромосомын гэмтэл ховор үүсдэгийг зарим судалгаанд (Н.И.Суркава, A.М.Малашенко 1974) тэмдэглэсэн байдаг. Этилийн спиртээр үйлчилснээс хойш 6 цаг болоод хромосомын гэмтэлтэй эсийн тоо цөөрч улмаар 12 цаг болоод шинжилсэн материалд гэмтлийн давтамж хяналтын бүлгийн түвшинд хүртэл буурч байгаа нь эсийн хуваагдлын явцад гэмтсэн хромосом бүхий эсүүд нилээд устаж цөөрсөнтэй холбоотой байж болохоос гадна гэмтсэн хромосом репараци (эргэн засагдах) болох явдлыг мөн үгүйсгэж болохгүй нь мэдээж. Этилийн спиртийн нөлөөгөөр хулганы хөврөлийн элэгний эсийн хромосомын ийнхүү гэмтэж байгаа нь архины эмбриопати үүсгэх шалтгаан байж болохыг гэрчилж байна. Хромосомын гэмтлийн улмаас хөгжлийн тодорхой үе шатанд зайлшгүй шаардлагатай уургийн нийлэгжил саатаж архины эмбриопати эмгэг үүсч болох билээ.

Дүгнэлт

  1. 40°-ын этилийн спиртийг туршлагын хулганд хээлийн 13-14 дэх хоногт 0,5 мл хэмжээгээр амаар нь өгөхөд хөврөлийн элэгний эсийн хромосомын гэмтлийн давтамж нэмэгдэж байна.
  2. Хромосомын гэмтлийн дотор хроматидын гэмтлийн хэлбэр зонхилж байгаа нь этилийн спирт мутацыг үүсгэх сулавтар үйлчилгээтэй байж болохыг гэрчилж байна.
  3. Архичин эцэг эхтэй гэр бүлд олонтой тохиолддог архины эмбриопати эмгэгийн шалтгаан нь эсийн хромосом гэмтсэнтэй холбоотой байж болох юм.
Ном зүй

1.Бочков Н.П. Демин Ю.С, Лучник Н.Ю. Классификация и методы учета хромосомных аберраций в соматических клетках. Генетика, Т, 3, № 5 1972, стр. 133
2.Бочков Н.П. Шрам Р. Кулешев Н.П, Мурков В.С, Система оценки химических вешеств на мутагенность для человека. Генетика, Т. 1, №10, 1975, стр. 159-169.
3.Дмитриев Ю.М. Клинико-статистическое изучение некоторых нервно-психических заболаваний у детей, родители которых страдают хроническим алкоголизмом. Вопросы социальн. и клинич. психоневрол. Т. 2, М. 1973, стр. 164-170
4.Дульнев В.Д. Состояния здоровья у потомства больных хроническим алкоголизмом. Проблемы алкоголизма М. 1971 вып. 2
5.Ильинских Н.Н, Ильинских И.Н, Макаров Л.Н, Черноскутов С.А. Влияние этанола и его метаболита ацетальдегида на хромосомный аппарат клеток крыс и человека. Цитология, 1978, №4
6.Казарновская М.Л, Василос А.Ф, Дмитриенко В.Д, Мутагенное действие этилового спирта на культуру клеток человека. В кн. Перв. Всесоюзн. Сьезд судебных медиков. Киев, 1976 стр. 594-595.
7.Малашенко A.M, Суркова Н.И. Мутагенный эффект тио ТЭФ у лабораторных мышей. Генетика Т. 10, №8 1974, стр. 92.
8.Орлов В.Н, Чудыновская Г.А, Крюкова Е.П. Исследование хромосомных наборов млекопитающих. Методическое руководство. М.Наука 1976
9.Обьекты биологии развития, 1975.
10.Романова М.В. О влиянии алкоголизма родителей на психическое и физическое развитие детей. В кн. Актуальн. вопр. социальн. и клинич. наркологии. Душанбе 1976, стр. 185-187.
11.Скосырева A.М. О действии алкоголя на потомство. Акушер. и гинекол. 1977, №1, стр. 8-11.
12.Фисенко А.И. Алкоголизм родителей н психическое здоровье детей. Научн. труды Омского мед. Инс-та вып. 3,0 мск 1979
13.Шапиро Ю.Л, Сычева В.А, Гринберг К.Н. Изучение хромосом в бластных клетках костного мозга и лимфоцитах периферической кровы у больных алкоголизмом и алкогольным психозом. Лаборатори, дело 1974 №11 стр. 656-657.
14.Шостакович В.Л. Влияние семейного алкоголизма на формирование психики ребёнка. В.сб. „Алкоголизм\\\\\\\" Киев, 1970, стр. 41-43
15.Шурыгин Г.И, Опсихогенных патологических формированиях личности у детей и подростков в семьях отцов, страдающих алкоголизмом. Журн. невропатол. и психиатр. 1979 № 1 1556-1569.
16.Экелова-Багаей Е.М. Роль хронического алкоголизма родителей в патологи нервной системы у детей. В сб. „Алкоголизм\\\\\\\" Киев, 1970, стр 24-25.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1681
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК