Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 3(59)
Перитонитын ангиллын зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д. Жодов 

Анагаах ухааны дээд сургууль

 

Яаралтай мэс засал шаарддаг хэвлийи хөндийн цочмог өвчнүүдийн дотор перитонит дунджаар 16-20%-ийг эзэлдэг болохыг зарим эрдэмтдийн судалгаа харуулж байна (5,6, 10).

Хэвлийн хөндийд хийх мэс заслын тоо олширч арга нь улам нарийн төвөгтэй болсноос мэс заслын дараагаар үүсэх перитонит ихсэж, өвчтөн эндэх явдал буурахгүй байгаа тухай эрдэмтэд тэмдэглэсэн байна (1,7). Перитонитыг цаг алдалгүй оношилж эмчилгээний тактикийг зөв зохистой боловсруулахад доорх ангилал чухал үүрэгтэй.

Перитонитын ангилал дотроос үрэвсэл хэвлийн хөндийгөөр тархан байрлах тухай асуудал нэг мөр болоогүй байна.

В.С.Савельев (5), В.И.Стручков (6) зэрэг судлаачид перитонитыг хэсгийн (местньй), өөр хэсэг руу шилжсэн тархмал (разлитой) гэж үндсэн хоёр ангид хуваадаг. Хэсгийн перитонитыг гэр үүсгэсэн буглаа маягийн хязгаарлагдмал (осумкованньй), болон тархах хандлага бүхий задгай гэж хоёр хуваана.

В. Д.Федоров (10), В. Д. Савчук (7), В. И. Казанский(2), С.Маят (3), Г. Л. Ратнер (4) 3. А. Топчешеили (8) зэрэг олон судлаачид хэвлийн хөндий дэх идээт голомтоос үүссэн хэсгийн перитонит нэвчин (диффузньй) тархаж улмаар түгээмэл (общия) перитонит болон хувирдаг гэж үздэг.

Тархмал, нэвчсэн, тархан нэвчсэн гэх мэтээр өөр хооронд нь салгах нарийн зааггүй нэр томьёог хэрэглэсэн байдаг. Жишээ нь: В.Н.Тонковын хэвлийн урд ханыг 9 хэсэг болгож хувааснаар В.Д.Савчук (7) тэр 9 хэсгийн 2-5 хэсэгт перитонит үүсвэл түүнийг нэвчмэл перитонит гэж нэрлэсэн байдаг. Хэвлийн хөндийд байгаа үрэвслийг ханаар нь мэдэж оношлох бололцоогүй учир үүнийг практикийн ач холбогдол багатай гэж үздэг байна.     

В.Д.Федоров (10) хэвлийн хөндийн олон зайнуудын аль нэгний үрэвслийг хэсгийн перитонит гэж үзээд хөндлөн бүдүүн гэдсээр хоёр хуваагддаг хэвлийн хөндийн дээд, доод хэсгийн аль нэг нь үрэвссэн байвал тархмал, хэвлийн хөндий нийтээр үрэвссэн байвал түгээмэл перитонит гэж нэрлэжээ.

А.А.Шалимов (11) зэрэг судлаачид перитонитыг анхдагч хэсгийн хязгаарлагдмал, түүнээсээ нэвчин тархаж түгээмэл шинжийг олдог, мөн хоёрдогч хязгаарлагдмал байдаг гэж ангилсан байна. В.П.Петров (9) перитонитыг хэвлийн хөндийн зай завсраар гэр үүсгэн хязгаарлагдсан буюу эсвэл хязгаарлагдаагүй (хэсгийн, тархмал, түгээмэл) гэж үндсэн хоёр ангитай ангилал зохиожээ.

Эдгээр ангилал нь перитонитыг хязгаарлагдсан байдлаар хураангуйлан ойлгоход хялбар болгосон бөгөөд  үрэвслийн голомтонд байгаа хэсгийн перитонит аажмаар нэвчин тархсаар түгээмэл болдог, энэхүү өвчний дэс дарааллыг ихэд анхаарсан байна.

Бид перитонитын талаар дээр өгүүлсэн олон тооны ангиллын дагуу өөрсдийн дагаж мөрддөг ангиллын хувилбарыг баяжуулж, эмч нарын өдөр тутмын практикт хэрэглэдэг байдлаар нь танилцуулав.

Перитонитыг хэсгийн ба тархмал гэж ангилдаг бөгөөд хэсгийнхийг нь гадуураа гэр бүхий буглаа хэлбэрийн, эсвэл үрэвслийнхээ голомт тойроод байгаа гэр үүсгээгүй задгай гэж хоёр хуваадаг. Хэсгийн перитонитын үед өвчтөний биеийн байдал хөнгөн, шинж тэмдэг нь үндсэн өвчнөөр илрэх ба мэс засал хийхдээ идээт голомтыг арилгаад ором руу нь гуурс тавина. Хэсгийн перитонит голомтоосоо хальж өөр хэсэг рүү нэвчиж шүүрч орсон бол тархмал перитонит гэнэ. Хязгаарлагдмал байгаа ийм тархмал перитонитыг бид хязгаарлагдсан тархмал перитонит гэж нэрлэв. Энэ үед өвчтөний биеийн байдал хүндэвтэр, хордлогын анхны шинжүуд илэрч эхлэх ба хэвлийн хөндийн голомтот үрэвслийн шинж тархмал байдалтай болно. Эмчилгээ нь голомтыг арилгаж ором руу нь гуурс шургуулах ба үрэвсэл шилжсэн хэсэг рүү нэмэлт зүслэгээр хэвлийн хөндийд, угтуулсан хоёрдохь гуурсыг тавина.

Хязгаарлагдсан тархмал перитонит цаашдаа зогсолтгүй нэвчин тархсаар хэвлийн хөндийн дөрөвний гурваас илүү зайг хамарсан буюу аарцгийн ёроолоос өрцний хүнхрийг хүртэлх зайг хамарсан бол түүнийг түгээмэл тархсан перитонит гэж нэрлэнэ. Энэ үед өвчтөний биеийн байдал маш хүнд байх бөгөөд хордлого ч түгээмэл шинжтэй илэрнэ.

Түгээмэл тархсан перитонитыг эмчлэхдээ голомт хаана байгааг үл харгалзан аюулхайгаас умдаг хүртэл хэвлийн гол шугамаар хагалгаа хийж голомтыг арилган хэвлийн хөндийг асептикийн дэглэмийн дагуу цэвэрлэнэ. Дараа нь хүйсний баруун, зүүн, дээр, доор нэмж зүсээд тэдгээрээр гуурс хийж мэс заслын дараах угаалга, диализ зэрэг эмчилгээ хийнэ.

Иймээс үрэвслийн эзлэх талбай өвчний явцаас үүдэн гарсан бидний баримталж байгаа энэ ангиллаас эмчлэх арга нь өөр байдаг.

Ходоод, гэдэс цоорох, цул эрхтэн хагарч цус алдсанаас үүсэх, сүрьеэ, шалтгаан нь тодорхойгүй цочмог түгээмэл перитонит энэ ангиллын хэлбэрт хамаарахгүй.

Ном зүй

1. А. И.Древина, Н. И. Конолова-Вестн. хир, 1977, 8. 16—21
2. В.И.Казанский -В кн.: Многотомное руководство по хирургии. М, 1960, 648-702
3. В.С.Маят, В. Д. Федоров, Т. М. Никитан-Хирургия, 1970, 10, 155-156
4. Г. Л. Ратнер, Г.И. Демидов, А.Ю. Саножков. Клин хир 1980,4, 21—24,
5. В. С, Савельев, -В кн: Всероссийская конференция хирургов. М, 1970.
6. В. И. Стручков, В. А. Сахаров. В кн; Функциональные методы исследование при хронических заболеваниях и травмах органов грудной и бр полости. М. 1980, 38, 78—80
7. В. Д. Савчук-Гнойный перитонит. М., 1979.
8. 3.И.Тончашвилй, В.Л.Кассиль, Н. М. Янюшин и др Хирургия, 1970, 2 3—6
9. В. П. Петров-Хирургия, 1932. 11, 98.
10. В. Д. Федоров Лечение перитонита. М. 1974.
11. A. А. Шалимов, В. И. Шаношников, М. П. Пинчук-Острый перитонит. М. 1981, 3-14.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 761
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК