Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Глауком ба амьдралын чанар
( Судалгааны өгүүлэл )

Б.Баяртогтох1, Т.Булган2

1 Магистрант, 2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

 

Амьдралын чанар. Түүхэн урьдчилсан дүгнэлт

Уламжлал ёсоор, анагаахын эмчилгээний үр дүн нь объектив шалгууруудтай хэр зэрэг нийцэж байгаагаас шалтгаалдаг. Эмчилгээний нөлөөний үр дүнг хянах буюу мониторингийн гол тодорхойлогч нь өвчтөний тухай зөв үнэлгээ юм. Энэ нь өвчтөн өөрөө биоанагаахын үзүүлэлтүүд нь сайжрахад сонирхолтой байгаад бус харин өвчнийг анагаах эмчилгээ өвчтөний амьдралын чанарт хэр зэрэг нөлөө үзүүлж буйд оршино. Хэдийгээр эмч нар өвчтөнүүдийн эрүүл байдлыг хангах зам объектив үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн байдаг гэж тодорхойлж байгаа боловч бусад төрлийн үзүүлэлтүүд болох асуумж авах эсвэл харилцан ярилцах зэрэг аргууд найдвартай, хүчин төгөлдөр, шинжилж дүгнэхэд амар, ерөнхий эрүүл мэндийн байдлыг дүгнэж тодорхойлдог аргуудын нэг болохыг хүлээн зөвшөөрдөг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь амьдралын чанарыг тодорхойлохдоо хувь хүний өөрийнх нь амьдарч буй үнэт зүйлтэй, уламжлалт зан заншил, соёлтой харьцан нийгэмд эзэлж буй байр суурь ба энэхүү байр суурь нь хүмүүсийн өөрсдийнх нь зорилго, горьдлого хүлээлт, нийгмийн стандарт зэрэгтэй хэрхэн нийцэж буй асуудал юм гэсэн байдаг.

Амьдралын чанар нь өргөн хүрээний ойлголт бөгөөд цогц байдлаар хувь хүний бие махбодын эрүүл мэнд, сэтгэл санааны байдал, харааат бус байдлын түвшин, нийгмийн харилцаа мөн хүрээлэн буй орчны юмс үзэгдэлтэй харьцаж буй байдал зэргээр тодорхойлогдоно.

”Амьдралын чанар ” буюу амар тайван байх байдал гэсэн ойлголтыг анхандаа хувь хүний үйл занг судалж байсан судлаачид тодорхойлсон бөгөөд тэд нийгэмд чиглэсэн нийгмийн бодлогуудын нөлөөллийг тогтоохыг оролдож байсан байна.

Иймээс амьдралын чанар гэгдэх энэхүү бүхэл бүтэн цогц ойлголтыг нүдний өвчтэй хүмүүст таниулах, тэр тусмаа глаукомтой өвчтөний амьдралын чанарыг тодорхойлох зайлшгүй шаардлага урган гарч байна.

Их Британийн Newcastle Их сургуулийн хэсэг судлаачид нүдний эмгэгтэй, тэр тусмаа глаукомтой өвчтөний амьдралын чанарыг асуумжаар тогтооход амьдралын чанарыг тодорхойлдог хамгийн тохиромжтой асуумжийг судалгааны үр дүнд тогтоосон байна. Глаукомтой өвчтөний амьдралын чанарыг тодорхойлох олон тооны асуумж өмнө боловсруулагдаж байсан бөгөөд Newcastle Их сургуулийн эрдэмтэн судлаачид эдгээрээс 11 асуумжийг сонгон авч глаукомтой өвчтөнд ашиглаж үзсэн байна. Ингэхдээ тэд эдгээр асуумжийг дараах шалгуураар сонгож авсан байна. Үүнд:

  1. Эмнэл зүйн практикт ашиглахад хялбар
  2. Асуумжийн үр дүнг тооцоход математикийн томъёо хамгийн бага хэрэглэгдэх
  3. Олон дахин ашиглагдаж болох мэдээлэл цуглуулах боломжтой байх
  4. Глаукомтой шууд холбогдол бүхий асуумж байх
  5. Энгийн, ойлгомжтой асуултуудтай ба тодорхой, зөвхөн нэг санаа илэрхийлсэн хариултуудтай байх.

Ингээд эдгээр судлаачид нь АНУ-ын Үндэсний Нүдний Институтаас гаргасан харах эрхтний үйл ажиллагааны асуумжийг глаукомтой өвчтөнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой асуумж болохыг судалгааныхаа үр дүнд тогтоосон байна.

Энэхүү 47 асуулт бүхий асуумжийг глаукомтой өвчтөний амьдралын чанарыг тодорхойлоход дэлхий даяар өргөн хэрэглэж байна.

Судалгааны ажлын зорилго

Глауком өвчний улмаас үүдэлтэй харааны алдагдал, харах эрхтэний үйл ажиллагааны алдагдал болон амьдралын чанар хоорондын харилцан холбоо, нөлөөллийг тогтоох.

Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй

Энэхүү судалгаанд 2009-2010 онд Шастины Төв Эмнэлгийн амбулаториор үйлчлүүлж байсан ба нүдний мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байсан глаукомтой 90 өвчтөнийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулсан болно.

Нүдний шинжилгээ

Судалгаанд хамрагдсан өвчтөний харах эрхтний үйл ажиллагааг багажийн шинжилгээгээр тогтоосон болно.

  1. Өвчтөнийг тодорхой заагдсан зайнд байрлуулан баруун, зүүн нүдний харааны чадлыг Снеллены хүснэгтээр тодорхойлсон.
  2. Humprey аппаратыг ашиглан өвчтөн бүрийн баруун, зүүн нүдний харааны талбайн байдлаар глаукомын үе шатыг тодорхойлсон.
  3. 2 нүдний харааны талбайн алдагдалыг бинокуляр Humprey шинжилгээний аргаар тодорхойлсон.

Хоёр нүдний Humphrеy-н шинжилгээгээр харааны талбайн алдагдалгүй эрүүл хүн нийт өгөдсөн 120 цэгийг харах ёстой бөгөөд шинжилгээ алдаагүй хийгдсэн тохиолдолд шинжилгээний хуудасны зүүн доод талд харах ёстой цэгийн тоо, харсан болон хараагүй цэгийн тоо тус тус тэмдэглэгдэн гарч ирдэг. Мөн харах ёстой цэг, харсан цэг хоёрын тооны харьцаа (Esterman Efficiency Score)-ны үнэлгээ гарна. Энэ нь харах ёстой нийт цэгүүдээ 100% байсан гэж үзвэл түүнээс хэдэн хувийг нь харж байна вэ гэдгийг хувиар гаргасан хэмжигдхүүн юм. Нийт харах ёстой байсан 100%-иас харсан хувийг хасахад хараагүй хувь буюу харааны талбайн алдагдлын хэмжээ гарч ирнэ.

Жишээлбэл: Esterman Efficiency Score 5% гарвал 100% - 5% = 95%. Энэ нь 2 нүдний харааны талбайн алдагдал 95%-тай байна гэсэн үг юм.

Нэг нүдний Humprey шинжилгээгээр харааны талбайн байдлыг тодорхойлж глауком өвчний явц, үе шатыг тодорхойлсон болно. Глауком өвчнийг харааны талбайн алдагдлаар нь олон улсын ангилалын дагуу

  1. Эрт үеийн
  2. Хөгжсөн үеийн
  3. Даамжирсан үеийн гэж 3 хуваадаг.

1. Эрт үеийн үзүүлэлт

  • а. MD< -6 dB
  • b. 18-аас цөөн тооны цэг 5%-ийн магадлалын түвшинээс доош ба 10-аас цөөн тооны цэг p<1% түвшинээс доош үзүүлэлттэй байна.
  • c. Төвийн 5 градус дотор 15 dB-ээс бага гэрлийн мэдрэмжтэй цэг байхгүй байх .

2. Хөгжсөн үеийн үзүүлэлт

  • а. MD< -12dB
  • b. 37-аас цөөн тооны цэг 5%-ийн магадлалын түвшинээс доош ба 20-аас цөөн тооны цэг p<1% түвшинээс доош үзүүлэлттэй байна.
  • c. Төвийн 5 градус дотор абсолют алдагдал (0dB) байхгүй.
  • d. Төвийн 5 градус дотор нүдний торлогын зөвхөн дээд эсвэл зөвхөн доод хэсэг нь 15 dB-ээс бага гэрлийн мэдрэмжтэй байна.

3. Даамжирсан үеийн үзүүлэлт

  • а. MD< -12dB
  • b. 37-оос олон тооны цэг 5%-ийн магадлалын түвшинээс доош ба 20-иос олон тооны цэг p<1% түвшинээс доош үзүүлэлттэй байна.
  • c. Төвийн 5 градус дотор абсолют алдагдалтай (0dB) байна.
  • d. Төвийн 5 градус дотор нүдний торлогын дээд доод хэсэг хоёулаа 15 dB-ээс бага гэрлийн мэдрэмжтэй байна.

Асуумж ба оноо

Энэхүү асуумжийг зөвхөн нэг хүн буюу судалгааны ажлыг хийж буй судлаач өвчтөнөөс авсан болно. Асуумжийг явуулахдаа бүх асуултуудыг өөрөө уншиж тайлбарлан хариултуудыг тэмдэглэж авсан. Глаукомтой өвчтөний харах үйл ажиллагаа ихээхэн алдагдсан байдаг тул судлаач өөрөө асуумжийн асуултуудыг уншиж өгсөн.

Асуумж нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэг нь ерөнхий хэсэг ба энэ нь 5 асуулттай, 2 дахь хэсэг нь харах эрхтний үйл ажиллагааны байдалтай холбоотойгоор өвчтөний амьдралын чанарыг тодорхойлох асуултуудтай ба энэ хэсэг нь 47 асуултаас бүрдэнэ.

Энэхүү глауком өвчтэй хүмүүст тусгайлан боловсруулагдсан асуумжийг судалгаанд оролцогчид бөглөөд доод тал нь 51 оноо авах бөгөөд дээд тал нь 322 оноо авах юм.

Судалгаанд оролцогчид бага оноо авах буюу 51 оноонд хэдий ойр байна төдий чинээ амьдралын чанар нь сайн байх юм. Судалгаанд оролцогчид их оноо авах авах буюу 322 оноонд хэдий ойр байна төдий чинээ амьдралын чанар нь муу байхаар тооцоолон боловсруулсан юм.

Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалт

Судалгааны ажлыг ШТЭ-ийн амбулатори болон стационарт эмчлүүлж буй глауком өвчтэй хүмүүст санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийсэн.

Нийт 90 өвчтөн судалгаанд хамрагдсан бөгөөд харааны алдагдлын байдлаар 2 бүлэгт хувааж, мөн 90 хүнийг хяналтын бүлэг болгон оруулсан.

Харааны чадлын дундаж үзүүлэлт болох V=0.8 үзүүлэлтээр өвчтөнүүдийг

  • А бүлэг (V≥0.8)
  • Б бүлэг (V<0.8)

гэж үндсэн хоёр бүлэг болгосон бөгөөд А бүлгийн өвчтөнүүдийг харааны талбайн алдагдлаар нь

  • А1(ДХ<10)
  • А2 (ДХ≥10)

гэж ангилсан болно.

  • А бүлгийн өвчтөнүүд нь V>0.8-58 өвчтөн
  • В бүлгийн өвчтөнүүд нь V<0.8-32 өвчтөн

Бүх өвчтөн амьдралын чанар тодорхойлдог асуумж бөглөсөн бөгөөд харааны чадал, харааны талбайн алдагдлын зэргээ тодорхойлуулсан байна.

Харааны чадлыг Снеллены хүснэгтээр, харааны талбайн алдагдал болон 2 нүдний харааны талбайн дундаж хазайлтыг Humprey-н шинжилгээгээр тогтоосон. Снеллены хүснэгт болон Humprey шинжилгээнүүдийн үр дүнг глауком өвчтэй хүмүүст тусгайлан ашигладаг АНУ-ын Үндэсний Нүдний Институтаас гаргасан 47 асуулт бүхий амьдралын чанарыг тодорхойлдог асуумжтай харьцуулан уялдаа холбоог гаргалаа. Энэ уялдаа холбоог тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан дүгнэсэн.

Судалгааны материалд тоон үзүүлэлтүүдийг гарган интенсив ба экстенсив үзүүлэлт, харьцангуй хэмжигдэхүүний үнэн магадлалыг үнэлэх, арифметикийн цэгнэгдсэн дундаж тодорхойлох статистик аргуудыг ашиглан боловсруулалтыг Microsoft Excel, SPSS13 программаар хийж гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын үр дүн

Судалгааны ажлын хэлцэмж

Бидний судалгаагаар глауком өвчний үе шат, даамжралыг илтгэж байдаг харааны талбайн алдагдал ба амьдралын чанар хоёр нь хоорондоо өндөр корреляцтай байна. Глауком өвчний эрт үеийн шатанд харанхуйд дасан зохицох, унших ба бичих чадвар алдагдах нь хамгийн их ажиглагдаж байгаа нь бусад судлаачдынхтай тохирч байлаа [3].

Нельсон хэсэг судлаачдын хамт судалгаандаа харааны чадал харьцангуй өндөр үзүүлэлттэй өвчтөнийг хамруулсан байна. Ингэснээрээ Нельсон харах эрхтний үйл ажиллагааны асуумжийн оноонд харааны чадал буюу төвийн харааны нөлөөг арилгахыг хүссэн байна [16]. Үүний үр дүн нь маш сөрөг гарсан бөгөөд харах эрхтний үйл ажиллагааны асуумж, харах эрхтний ажиллагаа хоёрын уялдаа холбоо алдагдсан байна.

Хэдийгээр глауком гэдэг онош тавигдах үндсэн нөхцөл нь харааны талбайн алдагдал байдаг ч гэсэн глауком өвчний үед хязгаарын хараанаас гадна төвийн хараа ихээхэн нэрвэгддэг учир харааны чадлын байдлыг харгалзан үзэх шаардлага гарсан. Иймээс өөрийн хамруулсан өвчтөний харааны талбайн алдагдлын байдлаас гадна төвийн харааны алдагдлыг харгалзан судалгаанд хамрагдсан өвчтөнийг гурван бүлэг болгон хуваасан болно.

Харааны чадлын дундаж үзүүлэлт болох V=0.8 үзүүлэлтээр өвчтөнүүдийг

  • А бүлэг (V>0.8)
  • Б бүлэг (V<0.8)

гэж үндсэн хоёр бүлэг болгосон бөгөөд А бүлгийн өвчтөнийг харааны талбайн алдаглаар нь

  • А1(ДХ<10)
  • А2 (ДХ>10)

гэж ангилсан болно.

Энэхүү судалгааны А бүлгийн өвчтөний амьдралын чанарын асуумжийн оноо, хоёр нүдний харааны талбайн алдагдалын дундаж хазайлт хоёрын корреляцын коэффициент -0.257 байгаа нь Glaucoma Quality of Life -15, 16 (r=0.6) ба Visual Functioning-14 (r=0.58) зэрэг асуумжийг ашигласан судалгааныхаас бага байгаа юм.

Харин энэхүү судалгааны Б бүлгийн бүлгийн өвчтөний амьдралын чанарын асуумжийн оноо, хоёр нүдний харааны талбайн алдагдалын дундаж хазайлт хоёрын корреляцын коэффициент -0.463 байгаа нь Ross22, Mills ба Drance 23 нарын судалгааны ажлын үр дүнтэй ойролцоо үзүүлэлт юм. Энэ нь амьдралын чанарын асуумжийн оноо, хоёр нүдний харааны талбайн алдагдалын дундаж хазайлт хоёрын корреляцын коэффициент нь харааны чадал харьцангуй бага өвчтөнүүдэд илүү өндөр байгааг харуулж байна.

Амьдралын чанарыг тодорхойлох асуумж дээр тулгуурлан 6 ангилал бүхий үзүүлэлтүүд гарсан бөгөөд эрүүл хүмүүс болон глаукомын эрт үе мөн глаукомын даамжирсан үед байгаа өвчтөний унших бичих, явган явах, харанхуйд дасан зохицох, гэрийн ажил, гэрээс гадуур хийгдэх үйл зүй зэрэг нь ихээхэн ялгаатай байна. Энэхүү судалгааны үр дүнд глауком өвчинд нэрвэгдлийн эхний хүчин зүйл нь харанхуйд дасан зохицох болон унших, бичих чадвар алдагдаж байгаа нь барууны судлаачдын судалгааны үр дүнтэй нийцэж байна [3;6].

Эдгээр үр дүнд үндэслэн янз бүрийн шатны глаукомтой өвчтөнд өдөр тутмын амьдралд тохиолдох хүндрэлийг урьдчилан анхааруулж тэдгээр хүндрэлээс өөрийгөө хамгаалах арга хэмжээг авахад дөхөмтэй болж байна. Жишээлбэл: харанхуйд дасан зохицох алдагдал нь глаукомын эрт үед тохиолддог бөгөөд өчтөн гэрийнхээ гаднах гэрэлтүүлгийг сайжруулах мөн шөнийн цагаар онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх хэрэгтэй. Энэ нь тухайн өвчтөнийг осол гэтмлээс хамгаалж урьдчилан сэргийлэх болно.

Дүгнэлт

  1. Хоёр нүдний харааны талбайн алдагдал ба амьдралын чанар 2-ын хоорондын корреляц өндөр байна.
  2. Эрт үеийн глаукомтой өвчтөний харанхуйд дасан зохицох, унших ба бичих чадвар нь хамгийн их алдагдсан байна.
Ном зүй

1. Баасанхүү. Ж., Жонсон. Г., “Монгол оронд тохиолдох сохролын шалтгаан болон голлох хүчин зүйл” Нүдний алба байгуулагдсаны 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал. 1998
2. Global data on visual impairment in the year 2002. Serge Resnikoff, Donatella Pascolini, Daniel Etya’ale, Ivo Kocur, Ramachandra
3. Parrish R 2 nd. Gedde SJ, Scott I, et al. Visual function and quality of life among patients with glaucoma. Arch Ophthalmol 1997; 115; 777-84
4. World Health Organization. The world health report 2003: shaping the future. Geneva: WHO; 2003. Available from URL: http:/www.who.int/whr/en/
5. Nelson P. Aspinall P, Papasouliotis O, et al. Quality of life in glaucoma and it’s relationship with visual function. J Glaucoma. 2003; 12: 139-50
6. Ross J.Bron A. Clarke D. Contrast sensitivityand visual disability in chronic simple glaucoma. Br J Ophthalmol.1984; 68; 821-7
7. Mills R, Drance S. Esterman disability rating in severe glaucoma. Ophthalmology, 1986;3; 371-8
8. Очирын Чимидсүрэн “Эпидемиологи” 2008 он
9. Anders Heijl, Vincent Michael Patella “Essential Perimetry”
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Т.Анар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1190
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК