Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Сул хараатай хүмүүст зориулагдсан тусламжийн хэрэгслийн ач холбогдол
( Лекц )

Т.Гэрэл1, Т.Булган2

1 “CITY OPTIC” хараазүйн төв, 2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

 

Сохор биш боловч хараа нь ямар нэг эмчилгээ (болрын мэс засал гэх мэт) болон хол, ойрын харааны ердийн шил зэргээр засрахгүй хүмүүсийг сул хараатай хүмүүс гэнэ. Сул хараа гэдэг нь харааны байдал тогтвортойгоор байнга сул байж хүний өдөр тутмын олон үйл ажиллагаа, үйлдэлүүдийг гүйцэтгэхэд хүндрэлтэй болгохыг хэлнэ. Сул хараатай хүнд дараах 3 шинж байна (Liz Simon, South Africa). Үүнд:

  • Эмчилгээ болон хугарлын гажгийг засах ямар нэг арга үр дүнгүй буюу харааны үйл ажиллагаа сул
  • Харааны чадал гэрэл мэдрэх төдийгөөс <6/18 (0.3 logMAR) хүртэл буюу харааны талбай тусгалын цэгээс аль аль тийш 10 градусаас бага
  • Тухайн сул хараатай хүн төлөвлөсөн болон шаардлагатай зүйлийг харах чадвартай.

Сул хараатай хүмүүс харах боломжтой ба үүнийг ч тэд маш их хүсдэг. Хэрэв тухайн хүнд тохирох сул харааны хэрэгсэлийг өгч, яаж хэрэглэхийг сургах юм бол тэд заавал цагаан таяг хэрэглэж, Брайл сурах шаардлагагүй болно (гэвч сул хараатай зарим хүмүүст энэ нь нэмэлт тусламж маягаар хэрэг болж болох юм). Ийм хүмүүсийн олонхи нь сохор гэж тооцогддоггүй боловч зарим улс орнууд энэ ангилалд оруулсан байдаг.

Сул хараатай өвчтөнүүдийн хувьд арай дээр амьдрах найдвар байдаг. Үүнд сул харааны хэрэгсэлийг хэрэглэх, нөхөн сэргээх буюу нийгмийн амьдралд эргэн дасгах арга хэмжээг авах явдал юм. Сул харааны хэрэгсэл (тухайлбал томруулагч шил) харж болох хамгийн дээд хэмжээгээр харахад нь өвчтөнд тусалдаг хэрэгсэл. Харааны түвшин, нүдний эмгэгийн хэлбэрээс хамаарч тусгайлан хийсэн хэд хэдэн төрлийн сул харааны хэрэгсэл байдаг. Нөхөн сэргээх гэдэг нь энэ сул хараагаа ашиглан яаж орчиндоо дасаж амьдрахыг заадаг.

Сул хараатай настай хүмүүсийн хувьд илүү хүнд байдаг учир нь тэд эдийн засаг болон бие махбодын хувьд бусдаас хараат байдалд ордог тул эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй нийгмээс тусгаарлагдсан байдалд ордог.

Сул хараатай хүмүүсийн тоо дор хаяж 2021 он хүртэл нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд учир нь сул харааны гол шалтгаан нь насжилттай холбоотой эмгэгүүд байдаг. Түүнчлэн сул харааны гол шалтгаан болдог насжилттай холбоотой шар толбоны дегенерац өөрчлөлтийг эмчлэх арга одоогоор байхгүй байна. Мөн глауком, чихрийн шижин зэрэг өвчний эмчилгээний менежемент сайжирч, эдгээр өвчний шалтгаантай сул хараатай өвчтөний тоо буурах хандлагатай байгаа боловч сул хараатай нийт өвчтөний тоо дундаж насжилттай холбоотойгоор нэмэгдсээр байна.

Англид 1 сая гаруй сул хараатай өвчтөн байна гэсэн судалгаа хийгдсэн ба энэ судалгаагаар 75 ба түүнээс дээш настай хүмүүсийн 20% нь 6/12-аас доош харааны чадалтай байна (Bruce.I London. 1991).

Сул харааны шалтгааныг судалсан Leat.S.J нарын судалгаагаар насжилттай холбоотой шар толбоны дегенерац өөрчлөлт нь гол шалтгаан (59.7%), дараа нь чихрийн шижингийн шалтгаант ретинопати (10.9%) ба глауком (3.6%) орсон байна. Yong-Hoon Ji нарын судалгаагаар харааны мэдрэлийн атрофи 24.6% буюу гол шалтгаан, дараа нь торлогын дегенерац 18.7%, чихрийн шижингийн ретинопати 16.2% насжилттай холбоотой шар толбоны дегенерац өөрчлөлт 14.4% тус тус байсан байна.

Сул харааны тусламжийн хэрэгсэлийн хэрэглээг судалсан Shuttleworth.G.N нарын судалгаагаар гар томруулагч шил хамгийн их хэрэглэгддэг буюу 27%, суурьтай томруулагч 21%, өндөр хүчтэй нүдний шилнүүд 8.6%-д хэрэглэдэг гэжээ. Yong-Hoon Ji нарын судалгаагаар ойрын хараанд хамгийн их хэрэглэгддэг хэрэгсэл нь гар томруулагч шил ба дараа нь өндөр хүчтэй нүдний шилнүүд, суурьтай томруулагч, телемикроскоп, гэрэлтүүлэгтэй гар томруулагч шил зэрэг орсон байна. Харин холын зайнд хэрэглэгддэг хэрэгсэлд Галилейн телескоп хамгийн сайн нь, дараа нь Кеплерийн телескоп, өндөр хүчтэй контакт линзнууд болон призм шилнүүд оржээ.

Монгол улсад 1000 хүүхдэд 0.2, 5000 хүүхдэд дунджаар 200 хүүхэд сохор ба сул хараатай байна гэжээ (Булган.Т УБ. 2000).

Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны 2008 оны судалгаагаар нийт улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй хүний тоо 9246 ба үүнээс 2100 хүн Улаанбаатар хотод амьдардаг байна. Дээрхи харааны бэрхшээлтэй нийт хүний 60-70% сул хараатай хүмүүс байдаг.

Нэгэнт сул харааг эмчлэх арга нээгдээгүй байгаа болохоор нөхөн сэргээх, нийгмийн амьдралд дасгахад чиглэсэн “сул харааны үйлчилгээ”-г нэвтрүүлэх хэрэгтэй. Энэ үйлчилгээний чухал хэсэг нь тохирсон сул харааны хэрэгсэлээр хангах явдал. Учир нь сул хараатай хүмүүсийн гол хүсдэг зүйл нь унших байдаг ба эдгээр хэрэгсэлийн тусламжтай тэд унших чадвартай болно. Бусад орнуудад энэ чиглэлээр хийгдсэн олон судалгаа шинжилгээний ажил байдаг боловч манай оронд ийм судалгаа хийгдэж байгаагүй ба сул харааны хэрэгсэлийн ач холбогдол, үүнийг хэрэглэснээр сул хараатай өвчтөний унших чадвар, өдөр тутмын амьдралд хэр нөлөөлж байгааг судлах шаардлагатай байна.

Tom H Margrain-ний Англи улсад хийсэн судалгаа Yong Hoon Ji нарын Солонгос улсад хийсэн судалгааны үр дүнгээс доорх хүснэгтүүдэд үзүүлэв (Хүснэгт 1-6).

Tom H Margrain 168 хүний судалгааг 6 сар гаруй хугацаанд хийжээ. Шинээр ирсэн хүмүүсийн дөнгөж 23% нь стандарт N8 хэмжээний текстыг унших чадвартай ба 40% нь (N14) хэмжээний том текстийг уншиж чадахгүй байсан. Нийт өвчтөний 77% нь сонин (N8) уншиж чадахгүй, дундаж харааны чадал нь 6/36 байсан. Шаардлагатай сул харааны хэрэгсэлээр хангасаны дараа шинэ өвчтөнүүдийн 88% нь N8 хэмжээний болон жижиг текстыг унших чадвартай болсон. Tom H Margrain нарын судалгаагаар тохиромжтой сул харааны хэрэгсэлээр хангасаны дараа бараг 10 хүний 9 нь стандарт N8 хэмжээний болон түүнээс жижиг текстыг унших чадвартай болсон.

Yong Hoon Ji нарын судалгаагаар ойрын хараанд зориулсан сул харааны хэрэгсэлийг холд зориулсанаас 5 дахин их хэрэглэдэг гэж гарсан. Энэ нь настай хүмүүс голдуу гэртээ байж гадуур гардаггүйтэй холбоотой ба холын хараанд зориулагдсан телескопуудыг хэрэглэж, эдгээр хэрэгсэлийг хэрэглэх үед үүсдэг нарийн харах талбайгаар харж дадахад сургалт нилээд шаардлагатай байдаг. Мөн өвчтөнүүдийн сул харааны хэрэгсэлд сэтгэл ханамжийн байдлыг үнэлэхэд 70,3%-д хүрсэн байна. Гэвч нилээд хүмүүс тус хэрэгсэлийг удаан хугацаагаар хэрэглэх явцдаа татгалзсаныг бас дурьдсан байна. Тэд сул харааны хэрэгсэлүүдийн сайн, муу аль аль талыг судалсан ба нүдний шил нь өргөн харах талбайтай тул хамгийн эвтэйхэн байхыг тэмдэглэжээ. Гэвч шил нь тодорхой зайнаас уншихад тохируулсан, тодорхой харааны төвтэй байдаг тул эксцентрик хараатай хүмүүст тохиромжгүй байдаг.

Гар томруулагч шил нь хамгийн энгийн, хэрэглэхэд дөхөм боловч нүдний шилтэй харьцуулахад харах талбай багатай. Мөн гар нь чичирдэг хүмүүс хэрэглэхэд хэцүү.

Суурьтай томруулагч шил нь мөн хэрэглэхэд хялбар, өөрөөсөө гэрэлтүүлэгтэй боловч ихэнхи өвчтөн харах талбайгаа томосгохын тулд тонгойж томруулагч шилрүүгээ ойртдог тул амархан ядардаг.

Телескоп нь алсын зүйлийг харахад зориулагдсан ганц хэрэгсэл. Маш нарийн талбайгаар хардаг тул харах зүйл дээрээ хурдан төвлөрч харахад хэцүү байдаг.

CCTV буюу том дэлгэцийн систем нь 64 дахин хүртэл томруулдаг, жирийн унших зайнаас унших боломжтой боловч тээвэрлэхэд төвөгтэй том, өндөр үнэтэй байдаг.

Yong Hoon Ji нарын судалгаагаар сул харааны тусламжийн хэрэгсэл нь сул хараатай өвчтөний өдөр тутмын амьдралд ихээхэн ач холбогдолтой гэдэг нь тогтоогдсон боловч эмч, өвчтөн, олон нийтийн байнгын хичээл зүтгэл, хамтын ажиллагааг шаарддаг.

Эцэст нь хэлэхэд эмч өвчтөнд тохиромжтой сул харааны хэрэгсэлийн жор бичиж, хэрхэн хэрэглэхийг заах төдийгүй байнгын тасралтгүй сургалтанд хамруулах нь хамгийн чухал гэдгийг санаарай.

Ном зүй

1. Yong-Hoon Ji, M.D., Hyun-Jin Park, M.S., et al Clinical effect of low vision aids Korean J.Ophthalmol.Vol.13:52-56, (1999)
2. Tom H Margrain Helping blind and partially sighted people to read: the effectiveness of low vision aids Br J Ophthalmol (2000), 84:919-921
3. William J.Benjamin: (1998). Borish’s clinical refraction
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Ж.Баасанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1145
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК