Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 2(08)
Анхдагч глауком өвчний үед хийгдэх нэвт бус, гүн склерэктоми мэс заслын арга
( Лекц )

А.Буяндэлгэр

“Сайт” эмнэлэг

 

ДЭМБ-ын 2010 оны мэдээгээр дэлхийд нүдний даралт ихсэх өвчтэй хүн 70 саяд хүрсэн байна. Глауком өвчин нь сохролд хүргэх зэргээрээ 2-р байрт ордог. Олон улсын эрүүл мэндийн статистикийн дунджаар Монгол Улсад жил тутам глауком өвчнөөр өвчлөгсдийн тоо 1250-аар нэмэгдэж байна. Ийм учраас глауком өвчний эмчилгээний асуудал нь орчин үеийн нүдний салбарын шийдвэрлэх чухал асуудлын нэг болоод байна. Эрдэм шинжилгээний олон судалгааны үр дүнд глауком өвчний үе шат бүрд нүдэнд гарах өөрчлөлтүүдийг тогтоосон байдаг. Ингэснээр энэ өвчний үед хийгдэх эмчилгээний олон аргыг бий болгосон ба үүнд эмийн эмчилгээ, лазерын эмчилгээ, мэс заслын эмчилгээ ордог. Глауком өвчний үед хийгдэх мэс заслын эмчилгээний зорилго нь нүдний даралтыг толерант даралт хүртэл бууруулж харааны үйл ажиллагааг тогтвортой байлгахад чиглэгдэнэ. Дээрхи шаардлагаар хийгдэж буй шүүрүүлдэг мэс заслын аргуудын нэг нь нэвт бус буюу нүдний өмнөд хоргод нэвтрэхгүй хийгддэг арга юм. Мэс заслын нэр нь нэвт бус гүн склерэктоми (НБГС). Энэхүү мэс заслын уламжлалт шүүрүүлдэг мэс заслын арга болох трабекулотоми мэс заслаас ялгарах үндсэн зарчим нь мэс заслын явцад өмнөд хорго руу шууд нэврэхгүй трабекулын дотор хана болон десцеметийн бүрхүүлийг бүтэн орхидогт оршино. Түүнээс гадна шингэний урсгал явагдах увео-склерын замыг идэвхжүүлэх нөхцлийг бий болгоно.

Өмнөд камерт нэвтрэхгүй байснаар мэс заслын дараах халдвар, болор цайх, нүдний даралт хэт багасах, судаслаг бүрхэвч ховхрох, экспульс геморраги зэрэг хүндрэл эрс буурч өмнөд хоргын шингэний химийн бүтэц хэвийн хадгалагдаж, нүдний шингэний урсгал хэвийн байдлаа хадгалж чадна.

Мэс заслын дараа холбогч эд эрт үүссэнээр шарх эрт сорвижиж улмаар мэс засал үр дүнгүй болж дахин нүдний даралт ихэсдэг болох нь олон судалгаагаар батлагдсан байдаг. Мэс засал хийгдсэн хэсэг газрын сорвижилт үсэхээс сэргийлж олон төрлийн коллаген болон түүний сополимер суулгацыг хэрэглэж байна. Энэхүү суулгац нь удаан хугацаанд шимэгдэж улмаар шингэний шүүрэлтийг удаан хугацаанд идэвхитэй барьж чаддаг. 80-аад оны дунд үеэс сорвижилтын эсрэг цитостатик бэлдмэл хэрэглэж эхэлсэн. Үүний нэг нь хавдрын эсрэг антиметаболит эм болох митомицин С юм. Хэрэглэх явцад митомицин С нь нүдний өмнөд хоргод орсноос дараахь хүндрэлүүд гарч болно. Үүнд: кератопатия, увеит, эндофтальмит г. м. Харин нэвт бус гүн склерэктоми мэс заслын явцад өмнөд хоргод нэвтрэхгүй учир дээрхи хүндрэл гарахгүй байх давуу талтай. Мэс заслын явцад склерийн сөхдөс үүсгэсний дараа митомицин – С –ны 0,04% уусмал бүхий микротупферийг сөхдөсний дор 3 минут тавина. Тупфер нь орчин тойрны эдэд нэвчихээс, мөн эдийг гэмтээхээс хамгаална. Микротупфераа авсны дараа натрийн хлорын изотоник уусмалаар угааж мэс заслыг цааш үргэлжлүүлнэ. 0,04%-ийн митомицин – С-ны уусмалыг хүүхдийн, неоваскулярт, нөсөөт, эрт мэс засал хийгдсэн глауком өвчний үед хийгдэх НБГС мэс засалд хэрэглэнэ.

НБГС мэс заслыг ихэвчлэн анхдагч нээлттэй өнцөгт глаукомын үед хийдэг боловч хаалттай өнцөгт глауком өвчний үед мөн хийж болно. Энэ хэлбэрийн глаукомын үед НБГС мэс засал хийсэн тохиолдолд өмнөд таславч гүехэн учраас солонгын суурийн хуниасаар шингэний урсгал хаагдах магадлалтай тул 2 үе шаттай эмчилгээ хийнэ. Солонгын хориг үүсгэхгүйн тулд мэс засал хийгдэх солонгын хэсэгт YAG лазерийн иридэктоми, Argon лазерын иридопласти хийнэ. 2-4 долоо хоногийн дараа мэс засал хийнэ.

НБГС мэс заслын дараа мэс засал хийгдсэн хэсэгт 1 сарын дараа YAG лазерын гониопунктур хийдэг.

2006-2010 онд нийт 76 хүний 87 нүдэнд НБГС мэс засал хийснээс нүдний даралт бууруулах үйлчилгээ нь эхний шатны глаукомын үед 96%, ид үед 94%, хүндэрсэн үед 89% байв.

Мэс засалын дараахь хүндрэл: гифема –0,8%, судаслаг бүрхүүлийн ховхролт – 0,2%.

НБГС мэс заслыг байнга хяналтанд явж чадахгүй өвчтөнд хийхэд тохиромжгүй.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 609
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК