Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Улаабаатар хотод 1988 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлт, вакцинжуулалтад хийсэн дүн шинжилгээ
( Судалгааны өгүүлэл )

Т.Тогооч, Т.Гомбосүрэн, Б.Ганбаатар, С.Наряд

Улаанбаатар хотын АЦХС-ын станц, АУДэСу, ЭАХНСУ-ын инс.

 

Улаанбурханы амьд вакциныг анх 1963 онд эмнэлгийн практикт хэрэглэх болсноор уг өвчнийг бууруулах боломж бурдэж эхэлсэн юм. Гэвч өргөн вакцинжуулалтын үед улаанбурханы өвчлөл дэлхийн олон оронд гарсаар байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд жил бүр дунджаар 60 сая тохиолдол бүртгэгдэж 3 сая хүүхэд эндэж байна (1, 2).

Манай оронд 1973 оноос ЗХУ-ын Ленинград 16 (Л—16) омгийн улаанбурханы амьд вакциныг хэрэглэж эхэлсэн.

Улаанбаатар хотод 1973 оны III улиралд 8 сартайгаас 15 насны 20 шахам мянган хүүхдийг вакцинд хамруулж 1974, 1975 онуудад улаанбурханы нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Гэтэл 1976 оноос өвчин дахин бүртгэгдэх болж вакцин тариулсан хүүхэд өвчилж эхэлсэн нь анхаарал татсан асуудал болов.

Улаанбаатар хотод 1988 онд гарсан улаанбурхан өвчний дэгдэлт, вакцинжуулалтанд халдвар судлалын дүн шинжилгээ хийж энэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээг боловсронгуй болгох зорилтыг тавив.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга:

Улаанбаатар хотод 1988 онд гарсан улаанбурханы 1719 тохиолдолтой холбоотой үндсэн хэрэглэгдэхүүн халдварт өвчний судалгаа, яаралтай мэдээлэх хуудас, хот, райодын Ариун цэвэр халдвар судлалын станцын халдварт өвчний сүүлийн 25 жилийн (1963—1988 онд) тайлан, сар, улирлын мэдээ, ЭАХНСУИ-ээс улаанбурхан өвчний дархлал тогтцын түвшинг тогтоох зорилгоор 1988 онд Улаанбаатар хотын төвийн дөрвөн районы 8—16 насны 80 хүүхдэд хийсэн дархлал шинжилгээний дүнг ашиглав.

Улаанбурханы эсрэг биеийн таньцыг Оросын холбооны БНУ-ын ЭХЯ-ны харьяа Ленинград хот дахь Л.Пастерийн нэрэмжит Халдвар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнд бэлтгэсэн цус шууд биш наалдуулах урвалын оношлуураар тодорхойлов. Улаанбурханы эсрэг дархлалын түвшинг 1:10-аас дээш үзүүлэлтээр тооцов.

Халдвар судлалын эргэмж (ретроспектив) аргаар өвчний дэгдэлтийн шалтгаанд дүн шинжилгээ хийж, зэрэгцүүлсэн үзүүлэлтийн дундаж алдаа, стандартчилал, харьцуулан жиших аргуудаар статистикийн боловсруулалт хийв.

Судалгааны дүн: Сүүлийн 25 жилд Улаанбаатар хотод бүртгэгдсэн улаанбурханы дэгдэлтийн ерөнхий төлвийг тогтоох зорилгоор хотын Ариун цэвэр халдвар судлалын станцын халдварт өвчний жил бүрийн тайлангийн хэрэглэгдэхүүнд дүн шинжилгээ хийж, 25 жилийн өвчлөлийн хөдлөл зүйг өргөн вакцинжуулалтын өмнөх, дараах үеийн евчлөлийн түвшинг харьцуулан гаргахад өргөн вакцинжуулалтын өмнөх үед (1963—1973 онуудад) өвчлөл жил тутам өндөр, он дараалсан дэгдэлт хэлбэрээр гарч, 10000 хүн амд жилд дунджаар 73,3 хүн өвчилж байв. Харин өргөн вакцинжуулалтын дараах жилүүдэд (1974—1988 онуудад)   жилд дунджаар 24,9 хүн өвчилж өмнөх үеэсээ өвчлөл 2,4 дахин (t=26,8) буурсан байгаа нь өргөн вакцинжуулалтын арга хэмжээ үр дүнтэй болсоныг харуулж байна (Зураг 1).

Өргөн вакцинжуулалт эхэлснээс хойших үед улаанбурхан өвчин 3 жил өнжөөд 4 дэх жилдээ (1976, 1980, 1984, 1988 онуудад) дэгдэлт байдлаар үечлэн гарах болсонд нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг харуулж байна. Энэ үед, (1973—1988 онуудад) вакцинжуу­лалтанд хүүхдийг бүрэн хамруулах явдал хангалтгүй, тухайлбал: 1978—1978 онуудад вакцинжуулбал зохих 32500 гаруй хүүхэд вакцинжуулалтаас хоцорсноос 1976, 1980 онд, 1979—1988 онуудад 12000 гаруй хүүхэд вакцинжуулалтаас хоцорсноос 1984, 1988 онуудад уг өвчний дэгдэлт гарах нэг нөхцөл болсон байна.

Өргөн вакцинжуулалтын үеийн өвчний дэгдэлтийг тодруулах зорилгоор 1988 онд гарсан улаанбурхан өвчнийг улиралчлал өвчлөгсдийн насны бүлэг, дэвсгэр нутгийн тархалт, дархлалын байдлаар нь авч үзэв.  (Хүснэгт 1).

1986 оны эхний саруудад өвчин цөөн тохиолдлоор гарч VI сараас буурч, XI XII сард бараг гарахгүй байснаа 1987 оны I сараас нэмэгдэх хандлагатай болж сар тутам алаг цоог байдлаар үргэлжилсээр XII сард уг өвчний дэгдэлт эхэлжээ.

Энэ нь Октябрийн районы хүүхдийн нэгдсэн эмнэлгийн III тасагт хэвтээд нэг хонож байсан Дорноговь аймгийн Зүүнбаян хотын харьяат 9 настай Ч.Ариунбат 1987 оны XI сарын 18-нд улаанбурханаар өвдөж, дараагийн тохиолдлууд мөн 26, 30-нд болсон XII сарын 1-нээс 8-ны хугацаанд нийт 21 тохиолдол уг өвчний нууц үеийн хугацаанд нэг тасаг, өрөөнд эмнэлгийн дотоод халдвар болон гарч улмаар тус районы нутаг дэвсгэрт тархаж XII сард энэ районд нийт 51 хүүхэд өвчилжээ.

1988 онд улаанбурханы дэгдэлт Октябрийн районоос эхлэж цаашид бүх районыг хамарсан болно. (Хүснэгт 2).

1988 онд улаанбурхан өвчний 1719 тохиолдол буюу 10000 хүн ам тутмаас 32,5 хүн өвчилсөн нь өмнөх оныхоос 28,9 промиллээр ихсэж, улсын хэмжээгээр энэ онд гарсан өвчлөлийн 56,4 хувийг эзэлсэн байна (Зураг 2).

Европын ихэнх орнуудад улаанбурхан өвчний гаралт өвөл, хаврын улиралд ажиглагдаж VIII, IX сард хамгийн бага байдаг нь манайд нэ­гэн адил ажиглагдаж байна (1,5). Мөн хэвлэлээс үзэхэд улиралчлалын шалтгаанд дараах хүчин зүйл гол нөлөө үзүүлдэг ажээ. Үүнд:

—    Хүйтэн сэрүүний улжралд амьсгалын дээд замын халдвар, томуу, томуу төст өвчин ихсэж бага насны хүүхдийн; бие махбодын эсэргүүцэл харьцангуй буурдаг.

—    Улаанбурхан өвчний, үүсгэгч вирус нь хүйтэнд ялангуяа хуурай хүйтэн агаарт тэсвэртэй учир манай хотын цаг уурын нөхцөл өвчлөл ихсэхэд түлхэц болох талтаи байна.

0—3 насны хүүхдийн өвчлөл нийт өвчлөгсөдийн дотор зонхилох байрыг эзэлж байгаа ба үүний дотор 0—12 сартай хүүхдийн өвчлөл илүүтэй байна. Үүнийг өргөн вакцинжуулалтын өмнөх ба дараах үед хамгийн өндөр дэгдэлт гарч байсан онуудын өвчлөгсөдийн насны байдалтай жишиж үзлээ.

(Хүснэтт 4, хүснэгт 5)

Харьцуулж буй хоёр үеийн насны бүлэглэл нь албан ёсны тайланд насны өөр өөр бүлэглэлтэй байсан учир 3, 4-р хүснэгтийн насны бүлэглэлийн дунджийг 0—3, 4—19, 20-оос дээш гэж адилтгаж авлаа.

3—4 дүгээр хүснэгтээс үзэхэд: хоёр үеийн алинд ч 0—3 насны хүүхдийн өвчлөл зонхилж байгаа боловч өргөн вакцинжуулалтын өмнөх үеийн хамгийн өндөр өвчлөлтэй онуудад (1965, 1972 он) 0—3, 20-оос дээш насны хүмүүсийн өвчлөл их байсан бол өргөн вакцинжуулалтын дараах үеийн онуудад (1976, 1988 он) 4—19 насны хүмүүсийн өвчлөл эрс ихэсчээ. Эдгээр өөрчлөлтийн ялгааг шууд стандартчилах аргаар   магадалсан юм (Хүснэгт 6).

Улаанбурхан өвчний өвчлөлийн үзүүлэлтийг стандартчилсан хүснэгтээс үзэхэд вакцинжуулалтын дараах үеийн өвчлөл (124,4) нь вакцинжуулалтын өмнөх үеийнхээс (152,9) 1,2 дахин буурсан байна. Ийм учраас 0—12, 1—3 насанд өвчлөл, 1,5—1,6 дахин буурчээ. Харин 4—19, ялангуяа 4—11 насанд өвчлөл 1,5 дахин ихэджээ. Энэ нь бага насандаа өвчлөөгүй үлдсэн, мөн вакциныг ямар нэгэн шалтгаанаар тариулаагүй хүүхэд цэцэрлэгийн болон бага сургуулийн насандаа өвчилдөгтэй холбоотой байна. Вакцинжуулахын өмнөх үед 0—3 насны хүүхэд илүүтэй өвчилж дархлаатай болж, өвчлөөгүй үлдсэн хүүхдүүд нь амьдралын идэвхтэй үедээ орж насанд хүрэхдээ уг өвчинд өртөгддөгөөс хамаарч вакцинжуулалтын өмнөх үед 20 ба түүнээс дээш насны хүмүүсийн өвчлөл вакцинжуулалтын дараахи үеийнхээс 1,3 дахин их байжээ. Нөгөө талаар вакцины дараахи дархлаа нь тариулснаас хойш барагцаалбал 4—5 жилийн дараа сулардгаас 4—11 насны хүүхэд улаанбурхан өвчнөөр цөөнгүй өвчилж дархлаатай болдог нь вакцинжуулалтын дараахи үед 20 ба түүнээс дээщ насны хүмүүсийн өвчлөл буурахад нөлөөлж байна.

Өвчлөлийг хүүхдийн байгууллагаар судлан үээхэд: Улаанбаатар хотын ерөнхий боловсролын нийт 93 дунд сургуулийн 86 сургуульд 567 тохиолдол (92,4 %-д) нийт 131 цэцэрлэгийн 85 цэцэрлэгт 148 тохиолдол (64,8 %-д), нийт 43 яслийн 34 яслид 169 тохиолдол 79,0%-д тус тус бүртгэгдсэн бөгөөд яслид хамрагдаж байгаа 1000 хүүхэд дутмаас 31,3 хүүхэд өвчилсөн нь гэрээр байгаа яслийн насны 1000 хүүхэд дутмын өвчлөлөөс (11,6) 2,6 дахин их байна.

(t=14,2). Энэ нь яслид хүүхэд авахдаа улаанбурханы болон бусад өвчнөөс сэргийлэх вакцин хийлгэсэн эсэхийг магадлан тогтоох, яслид явж байгаа хүүхдийг вакцинжуулалтанд цаг хугацаанд нь бүрэн хамруулах, түүнд тавих хот, райодын АЦХС-ын станц, эх нялхсын байгууллагуудын хяналт сул байгаатай, нөгөө талаар дархлаагүй хүүхдийн нягтрал хүүхдийн байгууллагад ихэсдэгтэй холбоотой.

Улаанбурхан өвчин бүртгэгдсэн ерөнхий боловсролын 86 сургуулийн 60 сургуульд (70% нь), 85 цэцэрлэгийн 26 цэцэрлэгт (30,4% нь) яслиудын 18-д (53,0%) хоёроос дээш тохиолдлоор голомтлон гарчээ. Энэ нь хүүхдийн нягтрал, хөл хөдөлгөөн ихтэй, хүүхдийн байгууллагуүдын өрөө тасалгааны агааржилт хангалтгүй нөхцөлд амьсгалын замын халдварт өвчин давтан ба голомтлон гардагийг харуулж байна.

Ийм ч байдаг гэдгийг хэвлэлд бичдэг (1, 2, 3).

1988 онд улаанбурханаар өвчилсөн 1719 хүний 967 нь (56,2%) нь вакцин хийлгэсэн. 568 нь (33,0%) вакцин хийлгээгүй, 184 нь (10,7%) вакцин хийлгэх нас хүрээгүй хүүхэд байна. Вакцин хийлгэсэн боловч улаанбурханаар өвчилсөн нь вакцины хадгалалт, тээвэрлэлт, тарих техно­логийн алдаа гаргаснаас шалтгаалдагийг хэвлэлд цөөнгүй бичиж байна (1,5). Цаашид өөрийн орны нөхцөлд вакцин хийлгэсэн хүүхэд илүүтэй өвчилж байгаа болон вакцины хамралт хангалтгүй байгаа шалтгааныг нарийвчлан судлах шаардлагатай байна.

Вакцин тариулсан хүүхэд өвчилж байгаагийн нэг талын шалтгааныг тодруулах зорилгоор вакцин тариулсан 8—16 насны 80 хүүхдийн дархлалын түвшинг судлан үзсэн (Хүснэгт 7).

8—16 насны хүүхдийн 77,3 хувь нь дархлалтай, 12—15 насны хүүхдийн дархлал нэлээд бага (50—60,0%). Энэ нь 1988 онд улаанбурханы дэтдэлтэнд 10-аас дээш насны хүүхдийн өвчлөл их байсныг нотолж байна.

ДҮГНЭЛТ

1. Улаанбурхан өвчнөөс сэргийлэх вакцины үр дүнд өвчлөл буурч байгаа болоовч Улаанбаатар хотод уг өвчин нь вакцинжуулалтын жилүүдэд 3 жил өнжөөд дэгдэлт болж буй зүй тогтлын дагуу 1988 онд дэгдэлт гарчээ. Октябрийн районы хүүхдийн эмнэлэгт 1987 оны 11-р сард дотоод халдвар болж гарсан Улаанбурхан нь Улаанбаатар хотод 1988 онд энэ өвчний дэгдэлт гарах эх үүсвэр болжээ.

2. Улаанбурханы дэгдэлтэнд вакцин тариулаагүй болон тариулсан ч дархлал султай хүүхдүүд өртөгдөж байгаа ба хүүхдийн байгууллагад уг өвчин голомтлон дэлгэрч байна.

3. Улаанбурхан нь өвөл, хаврын улиралд илүү тохиолддог зүй тогтлыг хэвээр хадгалж байна.

Ном зүй

1. Корь Под, ред проф, В.Ф.Попова М. 1985 г. С—5—6, 61—66
2. К.Г.Васильев, П.И.Яровой Очерки частной эпидемиологии Кишинев 1974 г. С—100—112
3. Л.П Казанцев, В.С.Майковский Справочник по инфекционным болезиям М. 1985 г. С—102—105.
4. Эпидеомиология Под ред И.И.Елкина. М. 1979 г. С—288—289
5. Постоянная комиссия по сотрудничеству в области здравоохранения опыт борьбы с некоторыми инфекционными болезнями в странах членах СЭВ М 1987 г с 23—30.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1372
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК