Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Хүүхдийн өвчин судлал дахь эмнэлзүйн биохимийн зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д.Энэбиш 

ЭХЭМХЭШУНТ

 

Монгол улс нь хүүхэд-залуучуудын орон бөгөөд, хүн амзүйн онцлог нь манай орны эрүүлийг хамгаалахын гол чиглэлийг тодорхойлдог учраас БНМАУ-ын Эрүулийг хамгаалахын гол чиглэл нь эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах асуудал. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд лабораторийн шинжилгээний алба, түүний хүчин чадал, цаашдын хөгжил шийлвэрлэх ач холбогдолтой. Хүүхцийн өвчин судлал нь жинхэнэ өсөлт, хөгжилтийн үйл явц дахь хүний эрүүл мэнд, эмгэг өвчнүүдийг авч судалдаг биологийн анагаах ухааны онцгой салбар билээ. Өсч торниж буй хүүхдийн бодисын солилцооны онцлог нь нийлэгжих үйл явц давамгайлдагаар илрэх бөгөөд энэ нь удамшлын тогтолцооны өвөрмөц үйл ажиллагааг тодорхойлж, өсөлтийн явцад мэдрэл, дотоод шүүрлийн тогтолцооны зохицуулах нөлөө улам нэмэгдэж буйн гэрч юм. Өсөлт, хөгжилтийн биохими гэдэг нь зөвхөн хүүхдийн өвчин судлалын хүрээнд төдийгүй ерөөсөө биологийн шинжлэх ухааны хамгийн нарийн асуудлуудыг судалдаг томоохон салбар шинжлэх ухаан юм. Тэжээл, хоололтын дутагдал, халдварт өвчнүүд, мөн бодисын солилцооны төрөлхийн эмгэгүүд зэрэг гадаад хүчин зүйлсийн нөлөөгөөр өсч буй хүүхдийн бодисын солилцооны нарийн явц удаашран саатах буюу алдагдана. Ялангуяа «эгзэгтэй үе» гэж нэрлэгдэх бодисын солилцооны урвалуудын эрчимт байдал өөрчлөгдөх, түүнд чанарын өөрчлөлт гарах үед бага насны хүүхдийн бодисын солилцоо амархан алдагдана.

Өсч дэвшиж буй бие махбодын нэг гол онцлог нь өвчин эмгэгээс, байнгын өлсөлтөөс болоод өсөлтийн хөдлөл зүй алдагдсан үед ч тогтоогдсон «өсөлтийн хөтөлбөр»-төө захирагдан өсөлтийн ба бодисын солилцооны хурдацаа тогтворжуулан зохицуулах түүний чадвар юм. Насанд хүрэгчдийн биемахбодын гомеостазаас ялгаатай, өсч төлжиж буй бие цогцсын «дотоод орчныхоо» тогтвортой байдлыг хангах энэ онцгой шинж чанарыг анагаах ухаанд гомеорезис хэмээн нэрлэдэг. Гомеорезис нь генийн зохицуулагатай үйл явц бөгөөд орчин үед нэлээд бага судлагдсан ажээ. Насанд хүрэгчдийн олон архаг өвчнүүд нь тэдний хүүхэд наснаас эхэлж сууриа тавьж ирсэн нь мэдээж билээ. Зүрх судасны өвчинд өртөмтгий байдал нь нярай үед ч байж л байдаг ажээ. Шээсний хүчлийн ба хурган чихний хүчлийн давсны эмгэгшлүүд, бөөр чулуужих, таргалалт, чихрийн шижингээр өвчлөмтгий чанар зэрэг нь бүр бага насны хүүхдүүдэд илэрдэг нь тогтоогджээ.

Иймд хүүхдэд эрүүл эмгэг байдлыг тогтооход биохимийн шинжилгээний асуудалд ихээхэн анхаарал хандуулах шаардлага онол-практикийн чухал ач холбогдолтой юм. Одоо хүртэл манай орны хүүхдийн өвчин судлалын практикт голдуу л статик биохимид хамаарах хэвийн ба эмгэгийн үеийн бодисын солилцооны саланги, тусгай үзүүлэлтийг тодорхойлж, үнэлж дүгнэдэг шинжилгээнүүд хөгжиж, хийсээр ирлээ.

Цаашид бодисын солилцооны үйл ажиллагааны (функциональ) биохимийг хөгжүүлэх явдал зайлшгүй зорилт болон дэвшигдэж байна. Энэ нь өсч, хөгжиж буй амьд бие-махбод дахь бодисын ба илчлэгийн солилцооны үйл явцыг судлах, том молекулт нэгдлүүдийн бүтэц, үйл ажиллагааг шинжлэх аргуудыг боловсронгуй болгох салбар юм.

Бодисын солилцооны насны онцлогууд нь өсч буй хүүхдийн хооллолтыг тодорхойлох учир энэ нь нэлээд чухал, нарийн зорилт юм. Одоо үед эрүүл, эмгэг үеийн ферментийн шинж чанар, бодисын өвөрмөц чанар, ферментийн урвалын кинетикийн шинжилгээ нэлээд хоцрогджээ. Уургийн солилцооны олон төрлийн шинжилгээгээр өсөлтийн генийн зохицуулгын шинэ зүй жамыг, мөн хүний өвчинд өртөмтгий чанарын хувирал өөрчлөлтийг нээн илрүүлэх боломжтой билээ. Хүүхдийн үдамшилзүйн салбарт хромосомд өвөрмөц ДНК-зондын аргыг хромосомын нийлмэл гажгийг илрүүлэх, гажигтай хромосомын алдааны цэгийг тодорхойлох, үлэмж ба бичил хуваагдал, хүйс дамжин удамшдаг өвчнүүдийн үед хэвлий дэх ургын хүйс тодорхойлох зэрэг зорилгуудаар хэрэглэж байгаа нь перинаталь үед нь хүүхдийн төрөлхийн эмгэгүүдийг оношлох, урьдчилан сэргийлэх шинэхэн боломжийг нээгээд зогсохгүй, гэр бүлд эмнэлэг-удамшилзүйн зөвлөгөө өгөх гол үндэслэлийг бүрдүүлж байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Ингэж хүний удамшлын өвчнүүдийг оношлох шинэхэн аргууд амжилттай хөгжсөнөөр тэдгээрийг генийн инженерчлэлийн аргаар эмчлэхэд шилжих боломжийг ч улам ойртуулах юм.

Бодисын солилцооны өвчнүүдийг илрүүлэх зорилгоор хүүхдийн шээсэнд 70 гаруй органик хучил илрүүлэн оношилдог төвийг Москвад байгуулж хийн хроматографи, масс-спектрометрийн төрөл бүрийн аргуудаар шинжилж, үр дүнд нь цахим-тоолуураар боловсруулалт хийж байна. Оюун сэтгэхүйн хөгжил нь удааширсан, унаж татдаг, бодисын солилцооны хүчилшилтэй хүүхдүүдийн шээсэнд ороганик хүчлүүд шинжилснээр тирозиноз, фенилкетонури, лейкоциноз, тэдгээрийн хавсармал эмгэгүүдийг илрүүлж оношлох, урьд нь мэдэгдээгүй байсан бодисын солилцооны эмгэгүүдийг илрүүлэх сайхан боломж нээгдээд байна. Энэ бүхнээс суралцах шаардлагатай.

Эсийн бүрхүүл-сарьс (мембраны)-ны бүтэц эвдрах эмгэгийг илрүүлэн оношлохын тулд түүний (фосфо липидийн) найрлагын зэрэгцээ ферментүүдийн нь идэвхийг шинжлэх, мөн хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд, чөлөөт радикалууд, биологийн идэвхт тоосонцор, бодисууд, хэт исэлдэлтийн бүтээгдэхүүнүүдээс хамгаалах үзуүлэлтүүдийг шинжлэх хэрэгтэй. Үүний тулд хий-шингэний, ион-солилцлын, шингэний хроматографийн шинжилгээний аргууд, флуорометр, спектрометр, спектроскопийн зэрэг өндөр мэдрэмжтэй багажийн шинжилгээний аргуудыг хэрэглэж байна.

Тослогийн исэлдэлтийн чөлөөт радикалуудыг судлахад биохемилюмикенсценцийн аргыг өргөн ашигладаг. Үрэвсэл, харшлын үеийн тослогийн гаралтай шинэхэн медиаторууд болох гидрокси-эйкозатетраены хүчил, лейкотриен, цусны ялтасны (тромбоцит) идэвхжлийн хүчин зүйл, липоксинууд зэргийг илрүүлэн шинжилдэг аргууд ЗХУ-ын хүүхдийн өвчин судлалын практикт нэвтрэн хөгжиж байна.

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүүхдийн цусны цагаан эс нь өвөрмөц харшил үүсгэгчийн болон цусны ялтасны идэвхжлийн хүчин зүйлийн нөлөөгөөр лейкотриеныг ялгаруулах нь ихэсдэгийн илрүүлсэн байна. Лейкотриены ялгаралтыг саатуулдаг фосфорын хүчлийн уламжлал болох димефосфан нь мембраныг тогтворжуулагч үйлчилгээтэй болох үзэл баримтлалыг ч анх удаа дэвшүүлэн тавьж байна. Мөн хүүхдэд хэвийн ба эмгэгийн үеийн простагландины иж бүрэн судалгааг ч явуулж байна. Цагирагт нуклеотидууд, фосфоинозит, кальцийн ионууд зэрэг даавруудын үйлчилгээний хоёрдргч дамжуулагч бодисуудыг эсийн түвшинд судлах ажилд нилээд анхаарал хандуулж байна. Дархлааны хариу урвалын медиаторууд болох нейропептидүүдийг ч судалж эхэлж байна. ЗХУ-д хүүхдийн биохимийн шинжилгээний гурван шаттай үйлчилгээг боловсруулан мөрдөж байна. Энэ нь шинжилгээний түвшинээрээ өөр өөр шатчилсан лабораториуд юм. 1 дүгээр шатны лаборатори үзлэгийн газарт (поликлиник) байх бөгөөд энд скрининг-сорилууд, шээсэнд уураг, кетоны биес, РН зэргийг чанарын ба тооны хагас шинжилгээ хийдэг. Эдгээрийн үндсэн дээр уушги, бөөрний үрэвсэлт өвчнүүдийн үеийн биохимийн үзүүлэлтүүдийн хазайлт, өөрчлөлтүүдийг илрүүлэх, чихэр шижин өвчнийг эрт оношлох боломж олгоно. 1 шатны лабораторид цаасанд шингээсэн (индикаторын) заагуур, шахмллаар бэлтгэгдсэн урвалж бодисууд, билирубин-хэмжүүр (төрөх газар) зэргийг голдуу хэрэглэдэг. Энгийн шинжилгээнүүд хийнэ. 2-р шатны лабораториуд нь дүүрэг дундын, хотын хүүхдийн томоохон үзлэгийн газар, эмнэлгүүдэд ажиллах ба баталгаат, сонгомол, стандарт шинжилгээнүүдээс хамгийн хялбар аргаар хийж үрэвсэлт өвчнүүдийн явцыг үнэлэх, ялангуяа элэг, бөөр ходоод, гэдэс, яс, цус бүлэгнүүлэх, тогтолцооны эмгэгүүдийг илрүүлэх, яаралтай тусламж шаардах өвчинүүдийг оношлох шинжилгээнүүдийг хийдэг байна.

Хүүхдийн өвчин судлалд энгийн, хурдан аргуудыг боловсруулж, шинжилгээ хийх явдал маш чухал юм. Ийм лабораториуд нь электролит-шинжлүүр хүчил-суурийн тэнцвэр шинжлэх багажаар (микроаструп) тоноглогдсон байдаг ажээ. 3 дугаар шатны (дээд) лабораториуд нь төвлөрсөн томоохон төвүүд, улсын чанартай змнэлгүүдэд байх ба нилээд нарийн аргууд хэрэглэж, өндөр түвшинд шинжилгээ хийнэ. Боловсон хүчин, тоног төхөөрөмж, урвалж бодисуудыг хамгийн зүй зохистой ашигладаг байх ёстой. Энд спектрофотометр, электролитийн шинжлүүр, спектрофлюриметр, био-химийн авто-анализатор, хемилюминометр, цагт 249 сорил хийдэг 4 сувагтай (СССР—ГДР) дискретийн автоанализатор болон бусад өндөр мэдрэмжийн багажууд хэрэглэдэг. Хүн амыг диспансерчлахад юуны өмнө архаг өвчтэй хүмүүс, мөн өртөмхий бүлгийг илрүүлэх хэрэгтэй. Энэ нь лабораторид 40—45% нэмэлт ачаалал үзүүлнэ. Лабораторийн шинжилгээний дүнг санах байгууламжтай цахим тоолуурт оруулж, үнэлгээ гаргадаг байна. Хүүхдийн өвчин судлалын лабораторийн албаны зохион байгуулалтын энэ зарчим нь хүүхдийг төрөлжүүлэн шинжлэх, төрөлхийн ба олдмол өвчин, эмгэгүүдийг цагт нь илрүүлж оношлох, эмчилгээний үр дүнг хянах, аливаа өвчнөөс хүүхдийг урьдчилан сэргийлэх, эмнэлгийн орны ашиглалтыг сайжруулах зэрэг боломжийг олгодгоороо авууштай хэлбэр юм гэж үзэж байна.

Орчин үед манай оронд эмнэлгийн байгууллагууд олширч, улсын томоохон төвүүд, нарийн мэргэжлийн-төв эмнэлгүүд бий болохын хирээр эмнэлзүйн биохимийн болон бусад төрөл бүрийн шинжилгээний лабораториудыг тодорхой шатлалтайгаар байгуулж, зохион байгуулалт, аргазүйн хувьд боловсронгуй болгох шаардлага амьдралаас урган гарч байна. Зөвхөн хүүхэд л өвчилдөг, хүүх­дийн тодорхой насанд л тусдаг өвчин байдаг нь хүүхдийн насны анатоми, физиологи, биохими, морфологийн онцлогтой холбоотой. Энэ нь хүүхдийн бие бүтэц, өсөлт, хөгжилт, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа, дотоод орчны тогтвортой зохицуулга, биологийн шингэнүүдийн хэвийн найрлага, хэмжээг нарийвчлан судалж, тогтоохын чухлыг сануулж байна. Манай орны хувьд эмнэлгийн лабораторийн алба нэлээд хоцрогдсон төдийгүй, ялангуяа хүүхдийн өвчин судлалын салбарт энэ талын мэргэжилтэн алга гэхэд хилсдэхгүй. Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар 2005 он хүртэлх хугацаанд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд: эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагуудын материаллаг баазыг бэхжүүлэх, нарийн мэргэжлийн боловсон хүчний хангамжийг сайжруулахад онцгой анхаарч, эмнэлгийн үйлчилгээний үе шат бүрд хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх мэргэжлийн тусламжийн чанарыг дээшлүүлж, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгоно гэж заажээ. Шинжлэх ухаанаар нотлогдсон анагаах ухааныг өөрийн оронд зүй зохистой хөгжүүлэхэд лабораторийн шинжилгээний алба тэргүүлэх үүрэгтэй болох нь амьдралаар нэгэнт батлагдаад байна. Үүний тулд юуны өмнө мэргэжилтнээ зөв, чанартай бэлтгэхээс л эхлэх ёстой болов уу. Лабораторид шинэ аргууд, техник, технологи, багаж аппарат, нарийн тоног төхөөрөмж, цахим-тооцоолуур нэвтрэхийн хэрээр лабораторийн ажилтнуудын дунд зөвхөх эмч нар төдийгүй инженер, математик-хөтөлбөрч, химич-задлан шинжлэгчид зайлшгүй байх шаардлагатай болох нь дамжиггүй. Хүүхдийн мэргэжил эзэмших, дээшлүүлэх дамжааны эмч нарт лабораторийн шинжилгээ, эмгэг биохимийн үндсийг тусад нь зааж, хүүхдийн насны онцлогийг нарийн тусгаж, мэргэжилд нь ойртуулах талаар анхаарах болжээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1107
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК