Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Өвчний түүхийн тухай
( Судалгааны өгүүлэл )

С.Түндэврэнцэн, дэд эрдэмтэн Д.Тамжидмаа

АУИС

 

Эмнэлгийн эмч, дунд мэргэжилтнүүдийн эмчилгээ үйлчилгээний үйл ажиллагаа, ажлын хариуцлага сахилга бат, мэдлэг, мэргэжлийг илтгэн харуулдаг, эмчийн толинд туссан «дүрс» бол өвчний түүх юм. Өвчний түүх бий болсоор 2000 гаруй жил болж, хэлбэр, хэмжээ, шаардлага, бичлэг зэрэг түүхийн үе шатыг дамжин хөгжиж ирсэн. Өвчний түүх нь: Анагаах ухааэы эрдэм шинжилгээний материал, хуулийн ба эдийн засаг санхүүгийн бичиг баримт болдгоороо бусад бичиг баримтаас ялгаатай юм. Эмч нар оюутан байх үеэсээ өвчний түүхийн тухай ойлголт, түүнийг бичих арга зүй, зарчимтай нарийн сайн танилцан суралцдаг билээ. Гэвч эмч нар зарим нэг тохиолдолд өвчний түүхийн мөн чанарыг ухвар мөчид ойлгож, хөнгөн хийсвэр хайнга хандаж, өдрийн тэмдэглэлээ хэт   товчлон өвчний явц, клиник шинжийг бүрхэгдүүлж алдагдуулах, дутагдал харагддаг. Жишээлбэл: Урьд өдөртэй адил, урьд өдрөөс өөрчлөлтгүй гэх мэт, хайш яйш гаргац муутай таталж бичих, үг хэллэгийн хувьд монгол, орос, латин хэлээр хольж бичиж байна. Ер нь өвчний түүхийн өдрийн тэмдэглэл, эмчилгээний заалтыг гаргацтай, ойлгомжтой, тодорхой   бичих шаардлагатай байна. Өвчтөнд хийх шинжилгээ, эмчилгээг бага эмч, сувилагч нар өвчний түүхийн заалтыг үзэж гардан явуулж байдаг учир монгол хэл дээр гаргацтай, товч тодорхой бичих хэрэгтэй юм.   Харин онош, эмийн  нэр томъёог латин, орос, монгол хэлээр бичсэн цэвэр үзэмжтэй байх хэрэгтэй. Өвчний түүхийг зарим эмч нар засч баллах, үзэмж муутай хөтөлж байна. Зохиолч, зураач нар их хэмжээний цас будаг үрж, сая сайн зохиолч зураач болдгийн адил, эмч хүн ихийг уншиж клиник сэтгэлгээгээ хөгжүүлэн өвчний түүхийг өвчтөний дэр­гэд бичиж гарсан өөрчлөлтүүдийг тодорхой бичиж байж л сайн эмч болох учиртай. Өвчний түүх нь эмчийн клиникийн сэтгэлгээг бүрдүүлэн эмчийн дүгнэн бодох; тунгаах, ургуулан дүрслэх, ажиглан лавшруулах, нотлох, зөгнөн таамаглах, урнаар сэтгэх чадвараар илэрч байгаа ухамсарт үйл ажиллагааны нэг хэлбэр их тархины үйл ажиллагааны үр дүн болдгоороо бусад баримтаас эрс ялгаатай. Эмч хүн энэ чадвартаа тулгуурлан өвчнийг зөв оношлож, өвчтөнийг зөв эмчилж чаддаг учраас клиникийн сэтгэлгээг хөгжүүлэх нь сайн эмч болох гол суурь болдог. ЗХУ-ын нэрт эрдэмтэн М.В.Чернеруцский «Өнө ирээдүйн эмч өвчтөний түүхийг гартаа барьсаар өвчтөний орны дэргэд төлөвшдөг» гэжээ. Оросын нэрт эрдэмтэн М.Я.Мудров «Өвчний түүхийн ач холбогдлын тухай тодорхойлж хэлэхдээ: надад шавь нарын маань бичсэн клиникийн номуудаас гадна өвчний түүх бий. Өвчтөний орны дэргэд ажиглаж өөрийн гараар бичсэн бичгийн тэр чухал эрдэнэс бол миний номын сангаас илүү үнэтэй юм. Өөрийн номуудыг хаанаас ч олно, харин өвчний түүх хаанаас ч олдохгүй, клиникийн ийм ажиглалтаас ямарч бэрхшээлгүйгээр өөрийнхөө эмчилгээг үнэн байдлаар нь харж болно гэжээ. Өвчний түүхийг хуулийн чухал баримт бичгийн хувьд иргэний ба эрүүгийн хэрэгт нотлох баримт болгодог. БНМАУ-ын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 67-дугаар зүйлд «...Хэрэгт нотлох баримт болгон ашигладаг, Эрүүгийн хэргийн нотлох баримт нь гэрч хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжилгээний дүгнэлт, эд мөрийн баримт, мөрдөн байцалт ба шүүхийн магадлагааны протокол түүнчлэн бусад бичиг баримтаар тодорхойлогдоно» гэжээ. Өвчний түүх эмчээс өвчнийг зөв оношлож, эмчилсэнтэй холбогдсон асуудлыг хуулиар шалгах, гэмтэл, хүн амины хэрэг, золгүй тохиолдол, үр хөндөлт, хуурамчаар өвчлөх зэргийг тогтооход үндсэн баримт болдог. Өвчний түүхийн онош, оношийн үндэслэл, өвчний клиникийн явц, эмчилгээ үйлчилгээний явцыг нарийн тусгасан байх шаардлагатай. Онош, клиникийн явц эмчилгээг үндэслэлтэй, цэвэр нямбай үнэн зөв хөтөлсөн өвчний түүх эмчийг «хамгаалах» ч баримт болдог. Шүүх эмнэлгийн экспертизийн ма­териалуудаас үзэхэд өвчний түүхийг бүрэн. хөтөлдөггүй, өвчтөнд үзлэгийг дутуу хийдэг, өвчний эмнэлзүйн явцыг өдрийн тэмдэглэлд тодорхой гаргадаггүй, шинжилгээнүүдийг бүрэн хийдэггүй, хийсэн шинжилгээнийхээ хариуг онош, эмчилгээндээ анхаарч үздэггүй тохиолдол ажиглагдаж байна. Иймээс өвчний түүхийн хөтлөлтийг сайжруулах явц нь манай эмнэлгийн байгууллагууд, эмч нарын чухал хойшлуулшгүй нэгэн ажил бөгөөд өвчний түүхийг боловсронгуй болгох хэрэгтэй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6846
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК