Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2001, 2(115)
”Алтан гагнуур - 2001”
( Редакцийн зурвас )
 

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэхэд нэгэн жил ард хоцорч, “АУИС-ийн холбоо”- ноос зохион байгуулдаг “Алтан гагнуур” уламжлалт уулзалт болох болчихжээ.

Энэ удаагийн уулзалтаараа бид цагаан нөмрөгт баатруудынхаа зургаан үе: МУИС-ийн анагаах ухааны факультетийг 1951, 1961 онд төгсөгчид, АУДС-ийг 1971,1981 онд төгсөгчид, АУИС-ийг 1991, 2001 онд төгсөгчдийг уулзуулахаар төлөвлөсөн юм.

Монголын анагаах ухаан Монгол улсын эрүүл мэндийн салбарын бүхэл бүтэн нэгэн жарныг төлөөлсөн энэ эмч, эрдэмтэд өнгөрсөн түүх, өнөөгийн үйл явдал, угтан ирэх ирээдүйг холбох хэлхээ билээ.

Энэ жилийн “Алтан гагнуур-2001” уулзалт маань шинэ зуун, шинэ мянганы анхны уулзалт, мөн Монгол улсад Эрүүл мэндийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ойтой давхцаж байгаагаараа нэн онцлог бөгөөд Монголын анагаах ухааны нэгэн зууны төлөөлөл болж яригдах, харагдах хувь зохиолтой болж байна.

“Алтан гагнуур-2001” уулзалтын хүрээнд манай 1971 оны АУИС-ийн эмчилгээний факультетийн төгсөгч, хүний их эмч, яруу найрагч Тоомойн Очирхүү, Санжаажавын Оюун хоёр хамтран “Оюутан цагийн алтанхан дурсамж” нэртэй уран бүтээлийн цэнгүүн зохион байгуулж байгаа нь энэ удаагийн уулзалтын нэгэн шинэлэг үйл явдал болж байна.

Сэтгүүлийн маань энэ дугаар ч гэсэн уламжлал ёсоор энэ удаагийн “Алтан гагнуур-2001 ” уулзалтад оролцож буй зургаан үеийнхний бүтээлээр бүрдэж байна. Энэ цоморлогт орсон манай анагаах ухааны бүтээлүүд өнөөгийн дүр төрхийг бүрэн төлөөлж, молекул биологийн шинжилгээнээс өвчний эмгэг жам, эмнэлзүй, орчны эрүүл мэнд, эрүүл мэндийн тусламжийн зохион байгуулалтын судалгааг хүртэл хамарсан байгаа нь уншигчдын сэтгэлд бүрнээ нийцнэ гэдэг итгэл төрүүлж байна.

Цагаан нөмрөгт баатрууд маань үе үеийн цагийн хэлхээ үл тасалдан үргэлжлэх болтугай.

Академич П.НЯМДАВАА /1971 оны төгсөгч/

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 406
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК