Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
ШТЭ-ийн Нүдний эмгэг судлалын тасгийн хөгжиж ирсэн түүхэн замнал, үйл явдлын товчоон
( Түүх )

ШТЭ-ийн Нүдний тасгийн эрхлэгч, Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Ж.Баттуяа

ШТЭ-ийн Нүдний тасaг

 

Түүхийг сөхөн үзэхэд 1960 оны эхээр 3–р эмнэлгийн хуучин байранд Hүдний тасаг, амбулаторийн кабинет байгуулагдаж, ЗХУ-аас ирсэн эмч нар болон Р.Нямаа, Э.Санжаа багш, Ц.Ичинхорлоо, Э.Довдон эмч нар ажиллаж байжээ. УКТЭ-ийн байр ашиглалтанд ороход нүдний тасаг нь шилжин байрлаж, 3-р эмнэлгийн нүдний кабинетэд Д.Пэлжээсүрэн, Н.Долгоржав эмч нар үргэлжлэн ажиллаж байлаа.

1976 оноос З.Өлзиймаа эмч нүдний кабинетэд, 1982 оноос М.Алтанхүү эмч болон Д.Пэлжээсүрэн эмч нар хамтран ажиллаж нүдний зонхилон тохиолдох эмгэгийг оношлох, хяналтанд авах, урьдчилан сэргийлэх, Эрхүү хотын нүдний бичил мэс заслын МНТК-тэй хамтран миопийн давшилт, нейрофтальмологийн чиглэлээр судалгаа шинжилгээ явуулж байлаа. 1987 онд М.Алтанхүү эмч хүүхдийн нүдний тусламжийг өргөжүүлэн хөгжүүлж ЭНЭШТ-д нүдний тасгаа нээв.

1991 оны 7 сарын 7-нд УБ хотын АДХГЗ-ны захирамжаар 30 ортой нүдний тасгийг одоогийн эмнэлгийн шинэ байранд нээв. Тасгийн зөвлөх эмчээр МУ-н гавьяат эмч, доктор профессор Э.Санжаа, тасгийн эрхлэгчээр З.Өлзиймаа, эмч Д.Уранчимэг, Н.Отгонцэрэн, сувилагч, Д.Загиржав, Р.Саранчимэг, С.Эрдэнэцэцэг, Б.Энхцэцэг, С.Цэрэндулам нарын хүмүүс ажиллаж байжээ. 1991 онд JICA төслийн хүрээнд Inami-н биомикроскоп, офтальмоскоптой болсон нь одоо хүртэл хэрэглэсээр байна. Монгол улсын хүний гавьяат эмч, доктор профессор Э.Санжаа нь тасгийн хэвтэгсдийн мэс заслыг хийн, зааж эмч нарт сургалт, хичээлээ явуулсаар 2004 он хүртэл зөвлөх эмчээр ажиллажээ.

Hүдний бичил мэс заслыг 1992 оноос Өлзиймаа эмч болон тасгийн эмч нар бие даан хагалгаа хийж, 1994 онд З.Өлзиймаа эмч анхны хиймэл болор суулгах мэс заслыг хийв.

Ажил хөдөлмөрийн гараагаа эндээс эхэлсэн ЭНЭШТ-ийн Нүдний тасгийн эрхлэгч, Анагаах ухааны доктор М.Алтанхүү, ЭМШУИС-ийн Нүд судлалын тэнхмийн эрхлэгч, Анагаах ухааны доктор Д.Уранчимэг, Налайх дүүргийн Нүдний эмч, Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч Н.Отгонцэрэн нарыг нэрлэхэд бахдууштай.

1990-2000 онд зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед тоног төхөөрөмж муутай, эмнэлгийн ажилчдын хийж чадах зүйл өвчтний тав тухыг хангах цэвэр цэмцгэр таатай орчинг бүрдүүлж эмнэлгийн хэмжээнд хамгийн цэмцгэр тохилог тасагт тооцогдож ажил үйлчилгээгээр 1997, 2000, 2001, 2003 оны шилдэг хамт олноор шалгарсан. Тэр үеийн хамтран ажиллаж байсан эмч М.Наргарах, Д.Батжаргал багш, сувилагч Ц.Наранцэцэг, Б.Ариунжаргал, Г.Баярцэцэг, Д.Мандхай, Ө.Тунгалаг, Х.Хулганаа, Б.Хүүхнээ, Т.Баяраа, Т.Ариунтөгс болон бусад эмч ажиллагсадын сэтгэл итгэл нийлсэн хөдөлмөр хичээл зүтгэлийг бахархаад дуусашгүй. 1999 oнд байгууллагын шилдэг эмчээр З.Өлзиймаа шалгарав.

1992, 1994, 1996, 1998, 2001 oны ORBIS-н сургалтанд тус тасгийн эмч сувилагч нар оролцсоноор тэдний мэдлэг мэргэжлийн ур чадвар эрс дээшилсэн нь Ж.Баасанхүү эмчийн санаачлага, дэмжлэгтэй салшгүй холбоотой. МУ-н гавьяат эмч доктор проф Ж.Баасанхүү нь 2004 оноос эхлэн тасгийн зөвлөх эмчээр одоо хүртэл ажиллаж байна.

2000 оноос АНУ-н Health for Humanity байгууллагатай хамтран ажилласан нь техник технологийн болон хүний нөөцийн хөгжилд үсрэнгүй түлхэц болсон юм. ‘Mongolia eye project’ төсөл 4 жилийн хугацаатай HH-эмч Kong Oh санаачилгаар амжилттай хэрэгжүүлж факоэмульсификацийн машин, микроскопи, бусад тоног төхөөрөмжийг хүлээн авч, болрын мэс заслын техник дэлхийн түвшинд хүрсэн юм. Health for Humanity байгууллагын тэргүүн May Khadem эмч жил бүр нүдний эмч нарын багаа явуулж хамтран ажиллаж мэргэжлийн болон ёс суртхууны манлайллаар хөгжин дэвшсээр байлаа. Энэ хамтын ажиллагаа нь эмч нарын англи хэлний мэдлэг дээшлэх, багаар хамтран ажиллах, удирдлага хамт олны манлайлал хөгжихөд их нөлөө үзүүлсэн юм.

2004 онд Нүдний тасгийг эмнэлгийн даргын тушаалаар Клиникийн профессор З.Өлзиймаагийн нэрэмжит болов.

2005 онд их эмч П.Энхмаа Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг залуу эмч” өргөмжлөл хүртэв.

2005 оноос тус тасгийн одоогийн бүтэц зохион байгуулалт бий болж 25 ортой 7 эмчтэй 9 сувилагчтай, тасгийн эрхлэгчээр МУ-н тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Ж.Баттуяа, МУ-н тэргүүлэх зэргийн эмч П.Энхмаа, Т.Анар, ахлах зэргийн эмч Д.Батцэцэг, Н.Баярхүү, их эмч Ц.Мөнхтуяа, Ц.Мөнхзаяа нар ажиллацгааж байна. Нүдний янз бүрийн эмгэг, хараагүйдлийг эмчлэх үйлст бидний шадар туслагч баруун гар болсон ажилсаг сувилагч нараа бахдан дурьдвал МУ-н тэргүүлэх зэргийн сувилагч Д.Эрдэнэцэцэг, сувилагч Я.Цээванжид, О.Доржханд, Ч.Батцэцэг, Б.Мөнхлхагва, Л.Ариунаа, Э.Уранбэр, Ц.Буянжаргал, Ч.Сарангэрэл, үйлчлэгч Д.Нарантуяа нар юм.

2010 оноос манай тасгийн эмч нарын нүдний нарийсан мэргэжих чиглэлээр эхлэл нь тавигдаж болрын мэс заслыг факоэмульсификацийн аргаар хийх нь сүүлийн 3 жилд улсад тэргүүлэх хэмжээнд, глаукомын орчин үеийн эмчилгээ, орбит окулопластик, торлог шилэнцрээр мэргэжин ажиллацгааж байна.

2011 онд ахлах сувилагч Д.Эрдэнэцэцэг Улсын аварга сувилагч болов.

Өнөөдөр бид жилдээ амбулаториор 15000 орчим хүн үзэж, 1100 орчим хүн хэвтэн эмчлүүлсний 85%-д мэс засал хийж байна. 2011 онд нүдний тасаг байгуулагдсаны 20 жил тохиож буй бөгөөд бидний хөгжиж ирсэн түүх, ололт амжилт, хөгжил дэвшил бүхэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхэнд чамлалтгүй. Хүн ардынхаа тунгалаг мэлмийг хамгаалах ариун үйлст хамтран зүтгэж буй тасгийнхаа зөвлөх багш нар, эрдэмтэн багш нар, эмч сувилагч үйлчлэгч нар болон нийт мэргэжил нэгт нөхөддөө ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1493
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК