Томуугийн Үндэсний Төв
Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбооны дэд ерөнхийлөгч, ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхмийн орлогч эрхлэгч АУ-ны доктор О.Баатархүү, ЭМШУИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхмийн ахлах багш, АУ-ны доктор Н.Хоролсүрэн, Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн эрхлэгч, биологийн ухааны доктор Сайнчимэг нар Япон улсад зохиогдсон Ази Номхон Далайн Орнуудын Элэг Судлалын Холбооны 7-р бага хуралд Монгол улсыг төлөөлөн амжилттай оролцоод ирлээ.
Тус хуралд Ази номхон далайн 20 гаруй орнуудын 400 орчим эмч, эрдэмтэн, судлаач төлөөлөгчид оролцжээ. Энэ хуралд оролцсон ЭМШУИС-ийн багш, АУ-ны доктор О.Баатархүү Монгол улс дахь хепатитын С вирүсийн халдварын талаар зочин профессороор уригдан лекц уншиж, мөн ханан илтгэлийн хуралдааныг даргаллаа.
АУ-ны доктор О.Баатархүү Монголын анагаах ухааны салбарыг бүсийн түвшинд үнэлсэн нэр хүндтэй шагналын эзэн боллоо. Тэрээр Ази номхон далайн орнуудын Элэг судлалын холбооны энэхүү нэр хүндтэй шагналыг “Монгол улсын хүн амын дундах С хепатитын генотипийн судалгаа” сэдэвт илтгэлээрээ хүртэж, Монгол эрдэмтний бүтээлийг өндрөөр үнэлүүллээ.