Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 1(11)
Эвэрлэгийн шарх ба Үрэвсэлд хэрэглэх Касикол 20® /матрикс эмчилгээний арга/
( Лекц )

У.Тунгалагтуяа

“Фарма Трайл” ХХК

 

Товч хураангуй

Касикол 20® нь матрикс эмчилгээнд суурилсан, RGTA®-ээс гаргаж авсан нүдний шинэ эм юм. RGTA® нь гепаран сульфатыг дуурайлган зохион бүтээсэн био задрамхай нанобиополимерууд бөгөөд гэмтлийн дараах эсийн гаднах суурь бичил орчныг анхны бүтцэд нь буцааж сэргээхэд хэрэглэгддэг. Хүнд эвэрлэгийн үрэвсэл ба өвдөлттэй эвэрлэгийн шархтай (өвдөлтийн хэмжээ 50-аас дээш үнэлгээтэй) 10 өвчтөний 11 нүдэнд туршилтын судалгаа хийгдсэн. Дунджаар 8-аас дээш жил үргэлжилсэн үр дүнгүй эмчилгээ хийгдсэн байв. Касикол 20®-ыг долоо хоногт 1 удаа, сараас дээш хугацаагаар хэрэглэсэн. Өвдөлтийн хэмжээний дундаж нь 72.73 +/- 7.86-аас 32 +/- 15.49 хүртэл багассан ба эмчилгээ дууссаны дараа Оксфордын оноогоор хэмжигдсэн кератитийн хүндрэлийн дундаж нь 3.37 +/- 1.06 болж ихэссэн бол эргээд эмчилгээ дууссаны дараа 1.57 +/- 0.97 болтол буурсан. Судалгаанд хамруулсан 5 шархны 4 нь судалгааны хугацаанд эдгэрсэн, 2 нь дараа нь дахисан. Касикол 20® нь Европт хүлээн зөвшөөрөгдсөн ба өвдөлт болон эвэрлэгийн гадаргуйн эмчилгээний асуудлыг шийдэх боломж олгоно.

Удиртгал

RGTA® нь гепаран сульфаттай адил гликозаминогликануудыг эргэн үүсгэхээр зохион бүтээгдсэн, матриксын ферментын задралд тэсвэр бүхий том биополимерууд юм. Матриксын уураг болон өсөлтийн факторыг хориглодог гепаран сульфат нь гэмтэл үүссэний дараа устдаг. RGTA® нь хориглогч уургуудыг задрахаас хамгаалдаг ба энэ нь эсийн гаднах үндсэн бичил орчныг анхны зөв зохион байгуулалтанд нь буцаан оруулах боломж олгодог. Сэргээх эдүүдэд шаардлагатай эхний эндогенийн дохионууд нь өсөлтийн факторуудаар дамжуулагдан эргэн сэргэсэн матрикс дээр буцаж гарч ирдэг. Эдгээр нь дохионы эсүүдийн нүүдэллэх ба өсөж үржих, мөн эсийн гомеостазыг тэнцвэртэй болохыг нөхцөлдүүлдэг гэж үздэг. RGTA – матрикс эмчилгээг нөхөн төлжих анагаах ухаанд эс ба генийн эмчилгээнд ашиглах боломжтой. Туршилтаар молтогчин туулайн дээр шүлтээр үүсгэгдсэн эвэрлэгийн хүнд шарханд RGTA-ийн нүдний уусмалыг дангаар нь дусаахад ердөө л 1 долоо хоногийн дараагаар эвэрлэгийн хэвийн гистологи эргэн сэргэж, эдгэрэлт хурдан явагдаж сайжирч байгаа нь мэдэгдсэн.

Судалгааны арга, материал

Судалгаанд хамрагдсан бүх өвчтөн нь бидний тайлбарыг ойлгох чадвартай ба ирж хяналтанд орох боломжтой насанд хүрэгчид байв. Тэдний өвдөлтийн зэргийг 0 (өвчингүй) -оос 100 (тэвчихийн аргагүй байнгын өвдөлт) хувь хүртэл хэмжихэд өвдөлтийн хэмжээ нь наад зах нь 50 гэж үнэлэгдсэн ба ердийн эмчилгээнд (нулимс орлуулагч, үрэвслийн эсрэг дусаалга г.м.) тэсвэртэй эвэрлэгийн шарх эсвэл хүнд архаг кератиттай байсан. Халдварлагдсан ба цоорох эрсдэлтэй, эвэрлэгийн гүн шархтай өвчтөнүүдийг судалгаанаас хасав. Жирэмсэн эмэгтэй, үрэвслийн эсрэг эм дусааж байгаа өвчтөнүүд, мөн судалгаа эхлэхээс өмнө дор хаяж 1 долоо хоног эмчилгээг зогсоогоогүй, мөн үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, психотрофик системийн эм ба антибиотик хэрэглэж байгаа хүмүүсийг /8-аас илүү хоногт эмчилгээгээ өөрчлөөгүй бол/ судалгаанаас хассан. Контакт линз зүүдэг бол судалгаа эхлэхээс өмнө дор хаяж 1 долоо хоног зүүхгүй.

Бүх өвчтөнд судалгааны зорилго, зорилтын талаар болон хяналтын үзлэгийн хуваарийг танилцуулан, өөрийн хүсэлтээр судалгаанд хамрагдаж буйг зөвшөөрсөн гарын үсгийг нь зуруулсан. Өвчтөнүүдээс зовиурыг (өвдөх, хорсох, загатнах), VAS өвдөлтийн зэрэг дээрх өвдөлтийн үнэлгээгээр асууна. Нүдний бүрэн үзлэг хийгсэн. Үүнд: харааны чадал, зовхины үзлэг, салст, эвэрлэг, өмнөд хорго, солонгон бүрхүүл, болор, нүдний уг болон нүдний дотоод даралт. Эвэрлэгийн завсарт гэрлийн үзлэгээр эвэрлэгийн бүдэгшил, шинэ судсууд, эндотелийн дистрофи байгаа эсэхийг харна. Эвэрлэгийн үрэвсэл ба шарх байрласан нэвчдэсийг илрүүлэхийн тулд флюоресцеины будаг хэрэглэнэ. Өнгөц цэгчилсэн кератитыг 0-5 хүртэлх Оксфордын шатлалаар үнэлэв. Эвэрлэгийн шархлааг шархны гүнийн (эпителийн, Боумены мембран ба стромын өмнөд хэсэг) үнэлгээгээр хэмжинэ. Судалгааны протокол нь тэг өдөрт (D0) Касикол 20®- ын 1 дуслыг дусааснаар эхэлж, дараа нь 3 дахь өдөрт (D3) хянагдсан. Хэрэв сайжирсан байвал 7, 14, 21 дэх өдөр (D7, D14, D21) дусааж, эм дусаах болгоны өмнө үзлэг хяналт хийж протоколыг үргэлжлүүлсэн. Хэрэв 3 дахь өдөр сайжраагүй байвал 2 дахь дуслыг дусааж, 7 дахь өдөр (D7) хянав. Хэрэв сайжрахгүй бол эмчилгээг зогсоосон. Өвчтөнүүдийг 28 хоногийн (D28) дараа сард 1 удаа, 2 сарын турш хянав. Хяналтанд ирэх бүрт үзлэгийн протокол хөтөлсөн.

Үр дүн

Энэ туршилт судалгаанд 10 өвчтөний 11 нүд хамрагдсан. 6 нүд нь өвдөлттэй, архаг өнгөц цэгчилсэн кератиттай, 5 нүд нь бүх төрлийн ердийн эмчилгээнд тэсвэртэй, өвдөлттэй эвэрлэгийн шарх байв. Нэг өвчтөний хоёр нүдийг харьцуулахад тухайн эмчилгээ хийгдсэн нүд нь сайжирч, эмчилгээ хийгдээгүй, ердийн эмчилгээтэй нүд нь улам муудсан байсан. Удаан хугацаагаар үргэлжилсэн 4 тохиолдолд эхний эмгэгүүд нь лимбийн дутагдалд хүрсэн. Тухайлбал, 1 нь 13 жил, 3 нь 11 жилийн турш. Эндотелийн декомпенсацтай 3 тохиолдол нь 6.2 ба 0.5 жил, ихтиозтой 25 жил, суулгац ховхорсон тохиолдол нь 2 жил, идэмхий бодист түлэгдснээс үүссэн дархлааны кератит нь 5 жил, гэмтлийн дараах архаг шарх нь 1.5 жил үргэлжилсэн байна. Зарим өвчтөнүүд нь эвэрлэг шилжүүлэн суулгахад хүрсэн байна. Эдгээр бүх эмгэг дунджаар 8.5 жил үргэлжилжээ.

Дундаж нас 67.8 (35-83 нас), 6 эмэгтэй, 4 эрэгтэй байсан. Дундаж харааны чадал 20/100 (гэрэл мэдрэхээс 20/40 хүртэл) ба сүүлийн хяналтанд 10/100 байсан нь онц ялгаагүй байв.

Касикол 20® нь дусаахад болон хяналтын хугацаанд өвчтөнд ямар нэгэн зовиур өгөөгүй. Хэсэг газрын болон ерөнхий харшлын урвал ба гаж нөлөө илрээгүй. Нүдний үзлэгээр эхний эмгэг байдлаас дордоогүй ба нүдний даралт ихсээгүй, нүдний дотор үрэвсэл явагдаагүй.

Өвдөлтийг VAS-ын өвдөлтийн зэргээр үнэлсэн. Судалгаанд оролцохоор ирэхэд VAS-ын дундаж нь 72.73 +/- 7.86 байсан. 7 дахь өдөр (D7) хяналтанд ирэхэд VAS-ын дундаж нь 49.09 +/- 14.46 болж, эхний дусаалтаас хойш өвдөлт илэрхий буурсан байна. Зураг 1 нь эмчилгээ эхэлснээс хойш курс дусаалга хүртэлх сайжирсан байдлыг харуулж байна. Харин протоколын эцэст хяналтанд ирэхэд өвдөлт огцом ихэссэн байна. Гэхдээ өвдөлт нь эмчилгээ дууссанаас хойш 2 сарын дараа өмнөх байдлаас ихсээгүй ба статистикийн хувьд тооцож үзвэл, өвчтөний анх судалгаанд оролцсон өдөр болон эмчилгээ дууссанаас хойш 2 сарын дараах сүүлийн үзлэг хоёрын хоорондох VAS-ийн ялгаа маш их байсан (VAS-ийн дундаж 55.71=22.28; p=0.02).

6 өвчтөн өнгөц цэгчилсэн кератиттай байсан. Кератитын хүндрэлийг Оксфордын (1-5 хүртэлх) оноогоор үнэлсэн. Судалгаанд оролцохоор ирэхэд Оксфордын дундаж оноо 3.37 +/- 1.06 байсан. Эхний дусаалгаас хойш 1 долоо хоногийн дараа 2.62 +/- 1.30 болж, 1 сарын дараа 1.57 +/- 0.97 болтол буурсан. Эмчилгээ дууссанаас хойш 1 сарын дараа Оксфордын дундаж оноо 1.62 +/- 1.18 болсон. Улмаар кератит нь эргээд хүндэрч байгааг зураг 2-оор харуулж байна. Эмчилгээ дууссанаас хойш 2 сарын дараа Оксфордын дундаж оноо 2 +/- 1.58 болсон нь эхний дундажтай харьцуулахад ялгаа нь их биш, статистикийн хувьд ач холбогдол бага /p=0.093/ байв.

Архаг эвэрлэгийн шарханд эмчилгээний хариу үйлдэл тогтворгүй байв. 4 өвчтөний шарх аажмаар эдгэрч сайжирсан ба өвдөлт буурсан. 2 өвчтөн эмчилгээ дууссаны дараа эргэж өвдсөн. Ердөө 1 долоо хоногийн дараа эхний өвчтөн, дараагийн өвчтөн нь 2 сарын дараа дахин өвдсөн. 2 өвчтөнд сүүлчийн дусаалгыг хийснээс хойш 2 сарын дараа эргэж өвдөөгүй. Дээрх бүх тохиолдлуудад хараа сайжраагүй. Энэ нь эвэрлэг дээр үлдсэн бүдэгшлээс хамааралтай байсан.

Эвэрлэгийн шархны сүүлчийн тохиолдолд илэрхий өвдөлт багассан хэдий ч Касикол 20® нь шархны эдгэрэлтэд үр нөлөөгүй байсан. Энэ тохиолдолд шарх нь зах ирмэгээр, лимб орчмоор байрлалтай байсан.

Хэлэлцүүлэг

Зарим судлаачид эвэрлэгийн эмчилгээг дэмжих, сайжруулах шинэ молекулуудыг хайх, бий болгох оролдлогыг хийсэн. In vitro ба амьтан дээр хийгдсэн судалгаанаас коллагеназын ингибитор, фибронектин, гепарин, EGF, IGF, NGF зэрэг тодорхой молекулууд нь эвэрлэгийг эмчлэхэд үр нөлөөтэй болох нь тогтоогдсон, харин хүний бие дээр туршиж үзээгүй байна.

Уг судалгаагаар Касикол 20® энэхүү бүтээгдэхүүн нь хэрэглэх тунгаар ерөнхий болон хэсгийн үйлчилгээ үзүүлэх нь маш сайн болох нь ажиглагдсан. Үүнийг хэрэглэх явцад болон хяналтын хугацаанд зовиур болоод системийн нөлөө илрээгүй. Эмчилгээний явцад болон хяналтын хугацаанд анхны эмгэг байдлаас дордоогүй ба хэсэг газрын болон ерөнхий харшлын урвал өгөөгүй. Үүнээс гадна энэ нүдний уусмал нь нүдний дотоод даралт болон үрэвслийг ихэсгээгүй.

Цаашилбал, бид судалгаанд оролцсон өвчтөнүүдэд Касикол 20® нь хэрхэн мэдэгдэхүйцээр, богино хугацаанд өвдөлт намдаах үр нөлөө үзүүлж байгааг эхний дусаалтаас эхлээд, курс эмчилгээний дараа өвдөлт буурсан байдал болоод протокол дууссаны дараах байдлыг ажигласан. Өвдөлтийн зэргийг үнэлэх VAS системийг ашигласан ба энэ нь анальгетик эмүүдийн клиникийн судалгаанд өргөн хэрэглэгддэг байна.

Мөн өвдөлтөнд үзүүлэх нөлөө нь артеритийн шархтай өвчтөнүүдэд RGTA технологийг ашигласан арьсны боолт хийхэд үзүүлсэн үр дүнг судалсан клиникийн туршилт судалгаанд тэмдэглэгдсэн байдаг. Эвэрлэгийн мэдрэхүйн мэдрэлийн төгсгөлд орших эсийн гаднах матриксыг сайжруулах замаар өвчтөнүүдэд илрэх өвдөлтийн хэмжээг багасгах боломжтой. Гэхдээ тухайн өвдөлтийн субъектив шинжийг санаж байх шаардлагатай ба хяналтын бүлэггүй энэ судалгаанд плацебогийн үр нөлөө байхгүйд дүгнэлт хийх боломжгүй.

Кератиттай өвчтнүүдийн бүлэгт Oxford-ын оноо анх хэрэглэж үр дүнг гарсан. Эмчилгээний төгсгөлд шинж тэмдгүүд дахиж илэрснээс үзэхэд удаан хугацааны эмчилгээ хийх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл, архаг эвэрлэгийн шархтай бүлэг өвчтөнүүдэд хийсэн эмчилгээний үр дүнг ажиглахад судалгаанд оролцсон хүний тоо цөөн байснаас үл хамааран судалгааны үр дүн итгэл найдвар төрөхөөр байна. Эвэрлэгийн шархтай 5 хүний 4 нь эмчилгээний явцад эдгэрсэн. Энэ нь бүх ердийн эмчилгээнд тэсвэртэй шархны хувьд маш чухал үзүүлэлт юм. Захын лимбийн байрлалтай шарх нь эмчлэгдэхгүй байсан нь илүү хүчтэй дархлааны механизмтай холбоотой учир эмчлэхэд илүү төвөгтэй байсан. Үүнээс гадна 4 шарх эдгэрсний 2 нь эмчилгээ дууссаны дараа эргэж өвчилснөөс үзэхэд эмчилгээг илүү удаан хугацаагаар хийх шаардлагатай байгааг харуулж байна.

Дүгнэж хэлэхэд, хэдийгээр энэхүү анхны клиникийн туршилтын хүрээ бага, хяналтын бүлэггүй боловч энэхүү матрикс эмчилгээний шинэ төлөөлөгч нь маш сайн тэсвэртэй бүтээгдэхүүн бөгөөд эвэрлэгийн эмчилгээний шинэ чиг хандлага болж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 732
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК