Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 2(10)
Нүдэнд хиймэл нулимс хэрэглэх нь
( Лекц )

Д.Уранчимэг

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Нүд хуурайших нь ахимаг насны хүмүүст ихэвчлэн тохиолддог бөгөөд нүд хуурайших, аргах, торох шинж тэмдгээр илэрдэг. Нүд хуурайших нь хэдийгээр биеэ даасан өвчин биш боловч нулимсан авхаргын өөрчлөлттэй холбоотой шинж тэмдгүүдийн цогц юм. Нүдний нулимсан авхарга нь муцин, сероз, липидэн давхарга гэсэн үндсэн 3 давхаргаас тогтдог. Ердийн үед 10-20 секунд тутамд хаталтаас болж нулимсан авхарга задарч байдаг ба нүд анивчих үед дахин шинээр нулимсан авхарга үүсдэг байна. Аливаа эмгэгүүдийн үед нулимс ялгаралт багасах нь эвэрлэг бүрхүүлийг хуурайшуулж нүд хуурайших хам шинжийг үүсгэдэг.

Нүдний нулимс ялгаралт багасах шалтгаанууд

1. Шалтгаан тодорхойгүй – олон өвчтөнүүдэд нүдний болон системийн өвчингүй боловч нулимс ялгаралт багасдаг. Зарим үед антигистамин, жирэмслэлтийн эсрэг эм, артерийн аралт буруулдаг зарим эмнүүд, антидепрессант эмүүд, Паркинсоны өвчинд хэрэглэдэг эмүүд, шээс хөөх үйлчилгээтэй эм, булчин сулруулах эм, хамрын зарим усаалгууд, антихолинэргик эмүүдийг хэрэглэсэн үед нүд хуурайшдаг байна

2. Нүдний нулимсны дутмагшил – төрөлхийн алакрами (нулимс гарахгүй байх), үрэвслээс шалтгаалсан нулимсны булчирхайн эд эсийн атрофи буюу фиброз

  • Кератоконъюнктивит
  • Шёгрений синдром (энэ нь кератоконьюнктивит, ксеростоми, ревматоид артрит хавсран тохиолддог хам шинж)

3. Нулимсны булчирхайн гэмтэл

4. Саркоидоз - нулимсны булчирхайн гранулем

5. Нулимсны булчирхайн хавдар

6. Нулимсны булчирхайн сувгийн бөглөрөл - нүдний салстын трахома, пемфигус, Стивенс-Жонсоны хам шинжийн үед

7. Мэдрэлийн гаралтай өвчнүүд болон мейбомын булчирхайн үйл зүйн алдагдал

8. Дакриоаденит - улаан бурхан, гахайн хавдар болон бусад үрэвслээс шалтгаалсан нулимсны булчирхайн үрэвсэл

9. Нулимсны булчирхай болон шүлсний булчирхайг үрэвсүүлдэг эвэрлэг бүрхүүлийн хавсарсан үрэвсэлт өвчнүүд

10. Микуличийн синдром - сүрьеэ, лейкеми, Ходкинсийн өвчин, амилоидоз зэрэг өвчний үед

11. Бусад системийн өвчнүүд - эвэрлэг бүрхүүл шилжүлэн суулгасны дараа, полимиозит, туяа эмчилгээний араа, ДОХ, В,С гепатит, тэмбүү, сүрьеэ, долдугаар мэдрэлийн саажилт

12. Муцин дутагдлаас нүд хуурайших – амин дэм А-ийн дутагдалаас шалтгаалсан, ксерофтальми, салстыг сорвижуулдаг улайлт, трахома, химийн түлэгдэл, туяаны түлэгдэл, пемфигус

13. Липид дутагдлаас нүд хуурайших- мейбомын булчирхайн төрөлхийн дисплази

14. Зовхины үйл ажиллагааг алдагдуулдаг нүдний зарим өвчин - кератит, симблефарон (зовхи болон нүдний салст хоорондоо наалдах), птеригиум (нүдний далавч хальс), лагофтальм (нүдний зовхи анигдагдахгүй болох), зовхи гадагш эргэх

15. Эвэрлэг бүрхүүлийн эпителиопати зэрэг орно.

Нүдэнд гарах зовиур

  • Нүд өвчингүйгээр аргах
  • Нүд улайх
  • Нулимс гоожих
  • Нүд бүрэлзэх
  • Нүд загаднах
  • Нүдэнд юм торох
  • Нүд гялбах
  • Халах, хөрөх, удаан хугацаагаар юм унших, хүйтэн халуун агааржуулагчтай өрөөнд байхад нүд аргах
  • Уйлах үед нүдний нулимс бага гарах

Нүд хуурайших магадлал өндөртэй өвчтөнүүд

  • Менопауз эхэлсэн буюу гормоны өөрчлөлттэй эмэгтэйчүүд
  • 50 ба түүнээс ээш насны хүмүүст
  • Диуретик (шээс хөөх эм), бетаблок, психотропик эмүүд хэрэглэж байгаа өвчтөнүүд
  • Хэрх өвчтэй хүмүүс
  • Зовхины эмгэгтэй хүмүүст
  • Тамхи татдаг хүмүүс
  • Шороо тоос, нарны хэт ягаан туяа, салхинд байнга гадаа ажилладаг хүмүүс

Эмнэл зүйн шинж тэмдгүүд

Нүдний өнгөн хэсэг дээрх нулимсны давхарга 0,3 мм-ээс багагүй байдаг. Нүд хуурайших үед энэ хэмжээ багасах ба салстын ксероз буюу хуурайшил, Битогийн толбо, эвэрлэг бүрхүүл дээр липид болон муцины бөөгнөрлүүд, хуурайшлын толбууд үүсч эхэлдэг. Хүнд хэлбэрийн үед эвэрлэг бүрхүүлийн олон давхар хучуур эсүүд дээр цэгчилсэн шалбархайнууд үүсдэг ба энэ нь эвэрлэгийн доод хэсэг болон доод зовхинд флюресцеин будагч бодис усаахад илүү тод харагддаг. Нүд хуурайших тусам эвэрлэг бүрхүүл дээр саарал өнгөтэй толбонууд бий болох ба энэ нь салст, олон давхар хучуур эс, уураг болон өөх тосны найрлагатай байдаг. Улмаар эвэрлэг бүрхүүл нимгэрэх, цоорох тохиолдол хүртэл байдаг байна.

Оношлогоо

Нүд хуурайшлыг оношлохдоо орчин үед нүдний нулимс задрах хугацааг тодорхойлох, Ширмерийн сорил, Венгалын ягаанаар будах, нулимсны лизоцим болон глобулины сорил, нулимсны осмос шинж чанарын үнэлгээ, салстын биопси авах, салстын гистологи шинжилгээ зэргийг хийж үнэлдэг.

Нүд хуурайшлын эмчилгээ

Одоогийн байдлаар нүд хуурайшилд хэрэглэж байгаа эмчилгээ нь зарим шинж тэмдгийг бууруулах сайн үр дүнтэй байгаа боловч бас бүрэн гүйцэд төгс эмчилгээ болж чадахгүй байна. Нүд хуурайших нь архаг явцтай, эмчилгээ хийхгүй бол хараа муутгах боломжтой болохыг тайлбарлаж, эмчилгээг эхлэхийн өмнө өвчтөний сэтгэл зүйг сайн бэлдэх нь чухал юм. Үндсэн суурь өвчнийг сайн эмчлэх нь нүд хуурайшлыг эмчлэх нэг алхам болдог.

Нулимсыг нөөшлөх (цуглуулах, хадгалах)

Ялгарч гарсан нулимсыг ууршуулахгүй барих нь эмчилгээний нэг чухал хэсэг юм. Нулимсны ууршилт нь нүдний өнгөн хэсэг ээрх агаарын температур, чийглэг, агаарын хөдөлгөөн, дээд доод зовхины хоорондхи зай, нулимсан давхаргын хэмжээ зэргээс шалтгаалдаг. Ууршилтыг багасгахад:

  • Өрөөний температурыг бууруулах
  • Өрөөг тогтмол чийгшүүлж байх
  • Гадаа ажиллах, явах үедээ хажуугийн хамгаалагчтай нүдний шил зүүж занших нь салхи, шорооноос хамгаалдаг
  • Хүнд хэлбэрийн хуурайшил болон кератоконъюнктивиттэй хавсарсан тохиолдолд хэсэг газрын блефароррафи хийнэ.

Нулимс орлуулагч

Хиймэл нулимс болон лубрикантууд нь нүд хуурайшлын гол эмчилгээ болдог. Эмийн худалдаанаас хэдийгээр маш олон төрлийн хиймэл нулимс олж авч усаах боломжтой боловч түүнд агуулагдаж буй нүдний эвэрлэг бүрхүүлийн олон давхар хучуур эдийн ургалтад нөлөөлөх хоруу чанарыг тодорхойлох нь бас төвөгтэй байдаг.

Хиймэл нулимс (нүдний дусаалга)

Хиймэл нулимс нь ихэвчлэн хөнгөнөөс хүнд хэлбэрийн нүд хуурайшил, кератоконъюнктивитыг эмчлэхэд хэрэглэнэ. Дусаалгыг тогтмол хэрэглэх нь тохиромжтой. Хөнгөн хэлбэрийн үед цөөвтөр харин хүнд хэлбэрийн үед 1 цаг тутам буюу унд зэргийн нүд хуурайшлын үед өдөрт 4-6 удаа нүдэнд дусаана. Хэсэг газрын эмчилгээ болох дусаалга нь богино хугацаанд нүдэнд үйлчилдэг. Хиймэл нулимс нь органик бус электролитууд, презерватив, усанд уусдаг полимер нэгдлүүдийг агуулна. Нүдний шинэ лубрикант тос усаалгад амин эм А, полимер, липид нэмж агуулдаг болсон. Амин эм А-тай нүдний усаалгууд гарсан нь хүнд хэлбэрийн нүд хуурайшлыг эмчлэх үр дүнтэй аргуудын нэг болж байна.

Cellulose derivative гипотоник уусмал нь 0.1-1% метилцелюлиоз буюу этилцелюлиоз, 0.3-1% гипромеллиоз агуулдаг. Целюлиозийн бүлгийн шинэ эмнүүдээс 0.5%-ийн карбоксиметилцелюлиоз агуулсан Refresh Tears олдоц сайтай байдаг. Энэ усаалга нь карбоксиметилцелюлиоз агуулснаараа нүдний өмнөд хэсэгт олон давхар хучуур эс дээр маш сайн наалдаж өгдгөөрөө нүдний өөрийнх нь нулимсан бүрхүүлтэй тун ойролцоо үйлчлэл үзүүлдэг байна.

Polyvinyl alcohol суурьтай уусмалууд нь 1.4%-ийн поливинил алкоголь ба 0.6% повидин агуулна. Энэ 2 полимер нь эвэрлэг бүрхүүлийн бүрэн бүтэн байдлыг хангадаг. Поливинил алкоголь нь нүд хуурайшиж загаднах үед зөөллөх, загатнааг дарахаас гадна нүдний өнгөн хэсгийг чийгшүүлж, нүд бүрэлзүүлдэггүй өвөрмөц үйлчилгээтэй бодис юм.

Мукоадгезивыг удаан барих үйлчилгээтэй дусаалгууд

Энэ дусаалга нь Polycarbophil буюу Dextran- тай ижил зуурамтгай мукоадгезив бодис агуулдаг. Энэ дусаалгуудыг хэрэглэхэд үйлчлэх хугацаа нь удаан байдаг.

Polyvinyl pyrrolidone polymer агуулсан дусаалга нь үйлчлэх контакт хугацаа урт байна.

Тоснууд

Нүд хуурайшилд хэрэглэх хоёр ахь гол лубрикант нь protrolatum, ланолин ба минерал агуулсан тоснууд байдаг. Нүдэнд дусаасаны дараа хайлж нулимсан давхаргын дээд өнгөн хэсэг дээр жигд тархдаг. Тосны гол ач холбогдол нь хйимэл нулимсыг бодвол салстад удаан баригддаг. Тосыг ихэвчлэн унтахаасаа өмнө салстанд 0,5-0,8 мм урттай хавчуулж өгнө. Нүд хуурайшлын хүнд хөнгөнөөс шалтгаалж өдрийн цагаар ч дахин хавчуулж болно. Нүдэнд хэрэглэх гель хэлбэрийн тунгалаг тоснууд нь нүдэнд маш амархан контакт үүсгэдэг. Карбопал 980 (полиакрилийн хүчил) агуулсан гель нь ус их хэмжээгээр агуулдаг тул нүдний өнгөн эдэд маш амархан наалдалт үүсгэдэг. Энэ нь нүд бүрэлзүүлдэггүй бөгөөд нүдэнд зузаан нулимс, тосны давхаргыг бий болгодог.

Карбомер гел нь олдоц сайтай нулимсны задрах хугацааг 10 минут хүртэл уртасгаж өгдөг.

Нүдний хавчуургууд

Нүдний хуурайшлыг багасгадаг презервативгүй, усанд уусдаг полимер хавчуургууд байдаг. Цилиндр хэлбэртэй 5мг гидроксипропилметилцелюлиоз (HPMC) 1 мм, 3 мм хавчуургыг доод зовхинд хавчуулна. Үүний дараа ойролцоогоор 6-8 цагийн дараа шимэгдэж эхлэх ба нүдний гадарга дээр 12-24 цагийн туршид үйлчилдэг. Өвчтөн энэ хавчуурганд амархан дасдаг.

Гель нулимс ба Sodium Hyaluronate (0.1%)

Гел нулимс нь тунгалаг, хагас шингэн синтетик, акриллик хүчлийн өндөр молекулт полимерээс тогтдог. Энэ дусаалга нь салстад дусааснаас хойш хэдэн цагийн дараа удаан шимэгддэг. Sodium Hyaluronate 0.1%-ийн уусмал нь нулимстай ижил үйлчилгээтэй бөгөөд нүд хуурайшилд хэрэглэнэ.

Зөөлөн контакт линз

Гидрофил зөөлөн контакт линз нь нүдний нулимсан бүрхүүлийг хамгаалах боловч халдвар орох, эвэрлэгийн гадаргад тохирохгүй зэрэг олон гаж нөлөө өгдөг.

Нулимсны сүвийг бөглөх

Нулимсны сүвийг механик аргаар бөглөх нь нүдний нулимсыг урсаж алга болохоос сэргийлэх нэг арга юм. Силикон ба уусдаг коллаген имплант гэсэн 2 төрлийн бөглөөсийг ашигладаг. Түр хугацааны нулимсны сүвийн бөглөөс нь 0.2-0.4 мм-ийн коллаген бөглөө байдаг. Үүний гол зорилго нь өөрийн буюу дусаасан нулимсны чийгшилтийг түр хугацаанд нүдний гадарга дээр барих зорилготой юм. Нулимсны сүвийн силикон бөглөөс нь 1.6 мм, 2.0 мм, 2.8 мм хэмжээтэй байна. Өвчтөний нулимсны 4 сүвд бүгдэд нь бөглөөс хийгээд 7 хоногийн дараа үзнэ. Хэрэв илүүдэл нулимстай байвал зөвхөн дээд зовхины нулимсны сүвийн бөглөөсийг авна.

Байнгын буюу удаан хугацааны бөглөөсийг хүнд хэлбэрийн нүд хуурайшлын үед хэрэглэнэ. Залуу насны өвчтөнүүдэд удаан хугацааны бөглөөс тохиромжгүй байдаг. Учир нь хөгшин хүмүүсээс илүү залуучуудад нулимс ялгаралт нь хэлбэлздэг. Мөн нулимсны сүвийн удаан хугацааны бөглөлтийг хэсэг газрын мэдээ алдуулалт хийсний дараа цахилгаан түлэгчээр хийж болно. Гэхдээ дахин суваг үүсч байгаа эсэхийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Сүүлийн үед шинээр Аргон лазераар каналикулипласти хийж байгаа бөгөөд амархан буцаж хэвэндээ орох хандлагатай байдаг.

Муколитикууд

5%-ийн ацетилцистеины уусмалыг өдөрт 4 удаа дусаана. Энэ нь нүдэнд илүүдэл салст үүссэн үед хэрэгтэй байдаг. Энэ эмийг хэрэглэснээр салстыг жигд тарааж нулимсан давхаргатай нягт барьцалдуулж өгдөг.

Хэсэг газрын ретиноид

Энэ эм нь нүд хуурайшилттай өвчтөнүүдэд нүдний эврэвчийн олон давхар хучуур эсийн өөрчлөлтийг хамгаалах үүрэгтэй.

Системийн эмчилгээ

Кортикостероидууд болон стериод бус үрэвслийн эсрэг эмнүүд нь нүд хуурайшилтай өвчтөнүүдийн нүдний булчирхайн сул хэлбэрийн үрэвслийг дардаг.

Бромгексин уух

Бромгексиныг өдөрт 32 мг-аар уух нь эмнэл зүйн хувьд нүдний нулимс ялгаралтыг сайжруулдаг талаар бичигдсэн байдаг. Хэвийн нулимсны булчирхайн үйл ажиллагааг дэмжих зорилгоор үүнийг хэрэглэж болох талтай.

Бусад эмчилгээ

Блефарит (зовхины ирмэгийн үрэвсэл)

Архаг нүдний халдварт үрэвслээр өвдөх эрсдэлтэй нүд хуурайшсан өвчтөнүүдэд нулимсны найрлага дахь лизоцимийн хэмжээ багассанаас салстын хэвийн ариутгах чадвар нь багасдаг. Ийм хүмүүст нулимсны дутмагшилаас нүдний зовхины ирмэг үрэвсэх магадлал өндөр байдаг. Блефариттай өвчтөнүүдэд зовхины ариун цэвэр сахих, шаардлагатай бол антибиотик эмчилгээ хийнэ.

Халдвар

Нүдний болрын хагалгаа зэрэг мэс заслын эмчилгээний дараа нүд хуурайшил ихэсдэг. Нүд хуурайшилттай өвчтөнүүдэд нүдний эвэрлэг бүрхүүл нөхөн суулгах хагалгаа хийх нь нилээд төвөгтэй байдаг бөгөөд хагалгааны дараа зөөлөн контакт линз зүүлгэх хэрэгтэй.

Ном зүй

1. Ashok Garg. Dry eye and its management. Advances in Ophthalmology. P 543-551
2. Bartlett JD. Vlinical ocular Pharmacology.2001
3. Duane TD, Clinical Ophthalmology 1999.
4. Ophthalmic drug facts 2000. p 96-103
5. The preocular tear film and dry eye syndromes. Intern Ophth clinics. Little Brown vol 13, 1973
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан Ж.Баасанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7201
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК