Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2002, 1(118)
HBsAg ба AFP-ын хамаарлыг монгол хүнд судалсан үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц.Түвшинжаргал, Б. Баярт, С.Цогтсайхан

Анагаах ухааны их сургууль

 

Дэлхийн хүн амын 2 тэрбум гаруй нь гепатит В вирус (ГВВ)-ийн халдвар авсны 350 сая нь тухайн вирусийг биедээ тээж, улмаар элэгний архаг өвчнүүд нэн ялангуяа элэгний анхдагч өмөн (ЭАӨ)-өөр өвчлөх эрсдэлд өртсөөр байна [4, 6,7].

Манай улсын хүн амын 77.7 % нь ГВВ вирусийн халдвартай, тэдний 13-21.6 % нь уг вирусийг биедээ тээж байгаа төдийгүй монголчуудын дунд ЭАӨ- өөр өвчлөх явдал сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж, элэгний хавдраар өвчлөгсдийн 73%-д нь HBsAg илэрдэгииг манай судлаачид тогтоосон байна [1,2,3,6].

Мөн түүнчлэн монголд гарч буй ЭАӨ-ийн тохиолдлын 96.6% нь вирусийн шалтгаантай бөгөөд зөвхөн 3.4% нь вирусийн бус шалтгаантай хэмээн тэмдэглэжээ [6].

Гадаадын зарим судлаачдын тэмдэглэснээр HbsAg тээгч хүмүүс ЭАӨ-өөр өвчлөх магадлал тээгч бус хүмүүсээс 214 дахин их байдаг ба ГВВ-аар өвчлөгсөд 20-30 жилийн дараа ЭАӨ-гөөр өвчилдөг ажээ [ 3].

Эдгээрээс үзвэл ГВВ-ийн халдвар түүнээс шалтгаалсан хүндрэлт өвчнүүд болон ЭАӨ-ийн өвчлөл ойрын ирээдүйд буурахгүй төлөвтэй байна.

Судалгааны зорилго: Монгол хүний ийлдэсдэх ГВВ-ийн HbsAg ба хавдрын маркер Alpha-fetoprotein (AFP)-ныi хоорондын хамаарлыг орон нутгийн түвшинд судлах.

Судалгааны арга ба шинжлэгдхүүн: Фермент холбоот урвал (ФХУ)-аар 2000-2001 онд Хөвсгөл аймгийн Рашаант, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Галт, Жаргалант сумуудад, Өвөрхангай аймгийн Хархорин сум, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, Хэнтий, Булган, Баянхонгор аймгийн төвд-нийт 389 хүнийг (20-69 насны эрэгтэй 140, эмэгтэй 258) урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ГВВ маркерыг илрүүлэх шинжилгээг хийж, AFP-ын хэмжээг тодорхойлон үзлээ.

Бид судалгаандаа АНУ-ын San Diego хотын EUCARDIO лабораторит үйлдвэрлэсэн HbsAg ба AFP EIA Kit оношлууруудыг ашиглан хийж гүйцэтгэв.

Судалгааны үр дүн: Үзлэгт хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн 85 нь буюу 60.8 %-д нь эерэг, 55 буюу 39.3 %-д нь сөрөг гарсан байна. Харин эмэгтэйчүүдийн 141 хүнд (54.7%) нь HbsAg эерэг, 116 хүнд (45,3%) нь HbsAg сөрөг тодорхойлогдсон байна.

Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан 398 хүнд HbsAg-ийг тодорхойлоход 226 буюу 56,78%-д нь эерэг, 172 буюу 43,22 %-д нь сөрөг илэрсэн байна. Энэ нь HbsAg-ийн халдвар тээгчид 60-77% байна гэсэн манай орны бусад судлаачдын дүгнэлттэй ойролцоо гарсан байна [2,6]. Судалгаанаас харахад HbsAg эерэг тохиолдол 30-иас дээш насныханд өндөр илэрч байгаа нь халдвар тээгчдийн нас залуужсаныгхаруулж байна.

HbsAg ба AFP-ны хоорондын хамаарлыг судлахын тулд HbsAg тодорхойлуулсан 398 хүнээс тохиолдлын сонголтоор 189 хүнд нь AFP-ны хэмжээг ОХУ-аар тодорхойлж уг аргын лавлагаа хэмжээний дээд хязгаар болох 15 ng/ml-ээс их бага байгаагаар нь ялган гарсан үр дүнг 1, 2 хүснэгтүүдэд харуулав.

Эрүүл хүний ийлдэсдэх AFP-ны дундаж хэмжээтэй харьцуулан үзэхэд HbsAg эерэг 112 хүмүүсийн 106 буюу 94,6%-д нь хэвийн хэмжээнээс их гарсан ба 5.4%-д нь бага гарчээ. HbsAg сөрөг хүмүүсийн 29 буюу 37.7%-д нь их, 62.3 %-д бага гарсан байна.

HbsAg эерэг хүмүүст AFP-ны хэмжээ хэвийн хэмжээнээс өндөр байх магадлалыг HbsAg сөрөг хүмүүстэй харьцуулбал 10 дахин их байгаа нь бидний илрүүлсэн ГВВ тээгч хүмүүст AFP-ны хэмжээ өндөр байх бололцоотой гэдгийг нотолж байна (OR [Odds Ratio] =10.7 CL[Confidence Limits] 4.16-27.4).

Бид HbsAg эерэг олон AFP-ны хэмжээ 90 ng/ml-ээс дээш гарсан хүмүүст хэт авиан шинжилгээ хийж үзэхэд 9 тохиолдолд ЭАӨ илэрсэн билээ.

Ийнхүү ОХУ нь хямд төсөр, орон нутагт хэрэглэх боломжтой бөгөөд гарч буй үр дүн нь гадаадын болон бусад судлаачдын судалгааны дүнтэй дүйж байгаа нь харагдаж байна.

Босоо тэнхлэгт AFP-ны хэмжээ ng/ml-ээр; хэвтээ тэнхлэгт HbsAg-ийн илрэлт; 1 .HbsAg эерэг (n=112); 2. HbsAg сөрөг (n=77);

Зургаас харахад HbsAg эерэг хүмүүст AFP-ны хэмжээ нь сөрөг хүмүүсийнхээс 2 дахин их байгаа нь харагдаж байна.

АНУ-ын Аляскийн уугуул хүн амын дунд В вируст гепатит, ЭАӨ өргөн тархалттайд үндэслээд HbsAg эерэг 1394 хүн бүрт жилд хоёр удаа AFP тодорхойлох шинжилгээ хийж, AFP нь хэвийн хэмжээнээс ихэссэн тохиолдолд элгийг хэт авиагаар харж, хавдар 6 мм-ээс ихгүй диаметртэй тохиолдолд элэг тайрах хөтөлбөр хэрэгжүүлснээр 5 жилийн дотор цочмог В вируст гепатитийн гаралтыг 15,4 дахин, ЭАӨ-гөөр өвчлөгсөд эхний жилдээ нас барах тохиолдлыг2 дахин тус тус бууруулж чадсан байна [8].

Иймд манай оронд аймаг болон сумын нөхцөлд өртөг багатай ФХУ-аар HbsAg тээгчдийг илрүүлж тэдгээрийг AFP тодорхойлох замаар ЭАӨ-гөөс сэргийлэх нь үр дүнтэй арга болох нь харагдаж байгаа бөгөөд үүнийг нэвтрүүлэх нь ЭӨА-ийн өвчлөлийг бууруулах, эрт илрүүлэхэд сайхан боломж нээгдэж байна [4,5,9].

Дүгнэлт:
Урьдчилан сэргийлэх үзлэгт 398 хүнийг хамруулахад 56,78% нь HbsAg эерэг байсан ба эдэнд AFP-ны хэмжээ өндөр байх магадлалыг HbsAg сөрөг хүмүүстэй харьцуулбал 10 дахин их байгаа нь бидний илрүүлсэн ГВВ тээгчид ЭАӨ-гөөр өвчлөх бололцоотой гэдгийг нотолж байна (OR=10.7).
HbsAg эерэг хүмүүсийг орон нутгийн нөхцөлд AFP-ыг илрүүлэх шинжилгээнд хамруулж ЭАӨ-гөөс урьдчилан сэргийлэх нь чухал байгааг харуулж байна.

Ном зүй

1.Нямдаваа, Н. (1984); Актуальные вопросы первичного рака печени в Монгольской Народной Республике. Автореферат дисс. На соискание уч.ст.Канд. Мед. Наук. Улаанбаатар; с.32-36;
2.Нямдаваа Н., (1999): Монгол улс дахь хорт хавдрын өвчлөл. Хавдар судлал 1:10-14;
3.Нямдаваа Н., Хүрэлбаатар Н (1999): Элэгний анхдагч өмөн В вируст гепатитийн өвчлөл хоорондын хамаарал. Хавдар судлал, 1:29-32;
4.Нямдаваа П., (1996):БНМАУ-д В вируст гепатитийг устгах бодлого, Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд номонд, х. 255-256;
5.Нямдаваа П., (1999): Ийлдсэнд илрэх хавдрын маркерууд, тэдгээрийн эмнэлзүй, тарвалзүйн холбогдол, Монголын анагаах ухаан №2.х. 17-20
6.Оюунбилэг Ж. (1998): Монголд ялгасан гепаднавирусийн омгуудын геномын болон эсрэгтөрөгчийн шинж чанар. Биологийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, х10-25
7.Lok, ASF., Lai CL, (1989): Alpha-fetoprotein monitoring in Chinese patients with chronic hepatitis B virus infection; role in early detection of hepatocellular carcinoma. Hepatology 9:110-5.
8.McMahon, B.J., Rhodes, E.R., Heyward, W., et al. (1987): A comprehensive programme to reduce the incIdence of hepatitis B virus infection and it s sequelae in Alaskan natives, Lancet, ii: 1134-6;
9.Sarasin, F.P., Giostra, E.(1996): Cost-effectiveness of screening for detection of small hepatocellular carcinoma in western patients with Child- Pugh class A cirrhosis, American J.Med, 101(4): 422-34[
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 748
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК