Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 1(139)
Чулуужих өвчний үед шүлсний булчирхайд гарах морфолог өөрчлөлтүүд
( )

 Д.Уранчимэг1, Б.Оюунбат2, Ж.Амгалан3,

 1,2ЭМШУИС, НАСС, 3ЗШУА, ХХТХ

 

 

Үндэслэл: Хүний биед шүлсний булчирхай нь хэл болон эрүүн дор, чихний ойролцоо байрладаг бөгөөд эдгээр булчирхайд чулуу үүсэх шалтгаан зүй, түүний химийн бүтэц, найрлага, эд эсэд үзүүлж буй өөрчлөлт нь эрдэмтдийн анхаарлыг татсаар байгаа билээ. Эрдэмтэн. Клементев А.В.(1960); Афанасьев В.В (1999) нарын судалгаагаар шүлсний булчирхайн нийт өвчлөлийн 20,5-78%(чулуужих өвчин), нүүр амны өвчнүүдийн 2,9-7% чулуужих өвчин эзэлдгийг тогтоожээ. Maccaferri (1934), Киячко Э.Я (1956) нар шүлсний булчирхайн чулуужих өвчин (ШБЧӨ) нь хүүхэд, өндөр настай хүмүүст илүү тохиолддогийг тэмдэглэсэн байна. ШБЧӨ нь нийт өвчлөлийн 1,2% эзэлдгийг судлаач Afshin Temoortash, Ana. CWoiistein, Burkar DML нар судлан т гтоосон ба үүний 90% нь эрүүн доорх шүлсний булирхайд тохиолддог гэж Lustmann J, Regeve, Melated Y(1990) нар тэмдэглэжээ. Эрдэмтэн Seifert G(1996)-ын судалгаагаар шүлсний булчирхайн чулуужих өвчний 30% нь үрэвсэлтэй, 3% нь хавдартай хавсардаг байна. Эрдэмтэн Мisa Sumi, Masahiro Izumi, Koichi Yoneths, Takashi Nakamura (1999) нар MRI болон СТ- ийн шинжилгээний аргуудаар чулуужих өвчин нь шүлсний булчирхайн үрэвсэлтэй хавсран явагддаг болохыг тогтоожээ. Эрдэмтэн С.Э.Аджиев шүлсний булчирхайн чулуужих өвчний үед булчирхайн эд хатингаршиж, холбогч эдийн хэмжээ олширдог гэжээ. Бидний хийсэн судалгаагаар УКТЭ-ийн Эрүү нүүрний мэс засал ЭНМЗ)-ын тасаг болон амбулаторт эмчлүүлэгчдийн 3,8% нь шүлсний булчирхайн чулуужих өвчтэй байна. Манай оронд шүлсний булчирхайн эд эсийн судалгаа хийгдэж байгаагүй учир бид шүлсний булчирхайн чулуужих өвчний үед булчирхайд гарах морфолог өөрчлөлтийг судлах зорилго тавьсан юм. Судалгааны материал ба арга зүй: УКТЭ-ийн ЭНМЗ-н клиник болон Токиогийн Анагаахын ба Шүдний Их Сургуулийн дэргэдэх клиникт ШБЧӨ-тэй хүмүүсийн шүлсний булчирхайнаас дээж авч Токиогийн Анагаахын ба Шүдний Их Сургуулийн “Oral pathology” тэнхмийн лабораторид 50 ширхэг бичил бэлдцүүдийг бэлтгэж 10х 40 томруулалттай (on the Zeiss LSMS PASCAL confocаl laser scanning microscope) цахим дуран байгаар харж шүлсний булчирхайн эд, эсийн өөрчлөлтүүдийг тодорхойлов.

 

Хэлцэмж: Чулуужих өвчний үед цуллаг эдийн үрэвсэл үүсдэг нь эрдэмтэн Misa Sumi Masahiro Irumi (1999) нарын шүлсний булчирхайн чулуужих өвчин нь үрэвсэлтэй хавсарч явагддагийг MRI, компьютерийн томограммын шинжилгээний аргаар илрүүлсэн дүгнэлттэй дүйцэж байна. Шүлсний булчирхайн чулуужих өвчний үед их хэмжээний кальцийн бөөгнөрөл үүсдэг нь эрдэмтэн Lustmann J, Regev E (1990) нарын шүлсний булчирхайн чулуунд кальцийн давсууд агуулагддаг гэсэн дүгнэлттэй адил байна.Мөн судлаач Koichi Yonetsu , Takashi Nakamura (1999), С.Э Аджиев (1965) нар ШБЧӨ-ий үед цулцангийн эсүүдийн тоо цөөрч, өөхөн эдийн нэвчдэс үүсч, цуллаг эд хатингаршдаг, холбогч эд олширдог гэсэнтэй бидний судалгааны үр дүн тохирч байна.

Дүгнэлт: Эрүүн доорх шүлсний булчирхайн чулуужих өвчний үед их хэмжээний кальцийн бөөгнөрөл үүсэхээс гадна шүлсний булчирхайн цулцангийн эсүүдийн тоо цөөрч өөхөн эдийн нэвчдэс үүсэн цуллаг эд үрэвсэж хатингаршин фиброзон эдээр солигддог байна. 

 

Ном зүй

1. Балоде В.А.Актуальные вопросы нормальной и паталогической морфологий Рига, 1965.
2. Grases F, Santiago C, Simoneta B M, Sialolithiasis: mechanism of calculi formation an etiologic factors. Clinica Chimica Acta 334:131, 2003.
3. LustmannJ, Regev E, Melated Y. Sialolithiasis.Int Joral Maxillofi cial Surg 19: 135,1990
4. Misa Sumi, Masahiro Izumi, Koichi Yonetsu, Takashi Nakamura AJNR Am J Neuroradiol 20: 1737-1743 Oct 1999.
5. M.Engin Ulus, MD, Berna Dirim Vidinli, MD, Nezahat
Erdogan. Otolaryngology-Head and Neck Surgery (2006) 134, 533-534 6.
Teymoortash A, Wollstein AC. Bacteria and pathogenesis of human salivary calculus. Acta Otolaryngol 122: 210, 2002
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1490
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК