Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухаан, 2012, 8(4)(22)
Биеийн хэлбэрийн эмгэгийг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Б. Жаргал, З. Хишигсүрэн, Д. Оюунсүрэн

 

Анагаах ухааны сургууль, ЭМШУИС

 
Абстракт

The somatoform disorders are a group of disorders in which a patient experiences physical symptoms that are inconsistent with or cannot be fully explained by any underlying general medical or neurologic condition.

Many patients who are referred to physicians and surgeons have chronic physical complaints which cannot be understood or explained in terms of underlying organic pathology. These disorders, somatic symptoms become the focus of patients and their families. Also, somatoform disorder is often associated temporarily with psychosocial stress and can persist even after the acute stressor has resolved, resulting in the belief by the patients and their families that the correct medical diagnosis has not yet been found. Thus, patients may continue seek repeated medical treatment after being informed that no acute physical illness has been found and that the symptoms cannot be fully explained by general medical condition. Somatoform disorders are not registered very common in our country, but in recent time cases were observed more often in clinical and nonclinical practice. After social changes in Mongolia, contemporary lifestyle and traditional values for Mongolian’s people were discouraging, distressing and often leaves people socially withdrawn and generally perplexed by the problem of how to adjust for these new insecure circumstances. At the latest year, number of Mongolians is increasing to go to diagnose and laboratory test with high payment as their subjective physical symptoms.

Үндэслэл:

Биеийн хэлбэрийн эмгэг нь дэлхийн олон оронд янз бүрээр тодорхойлогддог ба одоог хүртэл түүний эрсдэлт хүчин зүйлс, тархалт, ангилал, эмнэлзүйн хэлбэрүүд нь маргаантай, харьцангуй бага судлагдсан хэвээр байна.

1990 оноос эхэлсэн нийгмийн өөрчлөлтийн улмаас хүмүүсийн амьдралын хэв маяг, үнэт зүйлс нь алдагдаж, шинэ нөхцөл байдалд хэрхэн дасан зохицож амьдрах асуудал тэднийг ихээр түгшээх болсон. Үүнтэй уялдан стресстэй холбоотой үүсдэг сэтгэцийн эмгэгүүд ч ихсэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд  манай оронд уг эмгэгийн илрүүлэлт, оношлогооны асуудал хомс байгаа юм.

БХЭ-тэй өвчтөн нь сэтгэлийн шалтгаант биемахбодын зовиураасаа болж эмнэлгээс эмнэлэг дамжин үзүүлж, шинжилгээ оношлогоонд олон удаа давтан хамрагдаж, шаардлагагүй эм тариа ихээр хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд манай орны зарим иргэд гадны улс оронд очиж өндөр төлбөртэй үзлэг оношлогоонд хамрагдах нь элбэгшиж байгаагийн цаана ямар нэг органик өвчин илрэхгүй БХЭ-тэй хүмүүс цөөнгүй буй билээ.

 

Биеийн хэлбэрийн эмгэгийг судалж ирсэн түүхээс:

Биеийн хэлбэрийн эмгэгийг эртний Египетийн үеэс түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэж ирсэн. "Соматоформ'' гэдэг нь Грекийн ''сома'' буюу ''бие'' гэдэг үгнээс гаралтай. Эртний Грект тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгааг истери (Грекээр ''умай'') -тэй холбон тайлбарлаж, эдгээр шинжүүд нь хүүхэд байхдаа сексийн хүсэл тачаалаа хангаагүйн улмаас хүний биеийн чухал хэсгүүд рүү шилжсэнтэй холбоотой гэж үздэг онол юм (Veith, 1965).

Дундад зууны үед уг эмгэгийг муу ёрын сүнс, ад зэтгэрийн хорлолтой холбон тайлбарладаг байв. 17-р зууны үед Thomas Sydenham биед илэрч байгаа шинжүүдийн эмгэг жам нь сэтгэлзүйн нөлөөлөл болох урьд өмнөх таагүй дурсамжуудтай холбоотой гэсэн санааг гаргажээ.  Харин 1859 онд Паул Брикет ''Биеийн олон тооны зовиураар илэрдэг сэтгэцийн өвчин'' гэсэн анхны шинжлэх ухаанч тайлбарыг дэвшүүлсэн.

19-р зууны үед З. Фрейд болон түүний хамтран зүтгэгчид зарим хүмүүс боогдсон хүсэл, ой санамжаа биеийн шинжүүд рүү шилжүүлж байгаа нь  биеийн энергийн шилжилтийн үр дүнд үүссэн конверсив шинж гэж тодорхойлсон. Эдгээр шинжүүд нь ихэвчлэн боогдсон хүсэл болох сэтгэлийн түгшүүр, зовинол, ой санамжийг бэлэгддэг хэмээжээ.

Биеийн өвчний шинжээр илэрдэг бүлэг өвчнүүдийг “Биеийн өвчний шинжээр илэрч байгаа сэтгэцийн эмгэг” (David., A.Tomb, 1995), “Биеийн хэлбэрийн эмгэгүүд” (Каплан Г. И., Седок Б.Дж, 1994, Майкл Гельдер., Дэннис Гэт., Ричард Мейо,1999), “Өвчирхөх хамшинж” (Райнер., Тёлле, 1999), “Тайлбарлаж болмооргүй биеийн зовиур шаналгаа” (Ustin T.B., Privett M., Costa e Silva J.A, 1998) гэх мэтийн олон янзын нэршлээр нэрлэж иржээ.

Монголд биеийн хэлбэрийн эмгэгийг бие даан нэрлэж, оношилж байгаагүй бөгөөд уг эмгэгт багтсан өвчнүүдийг ихэвчлэн мэдрэл сэтгэхүйн эмзэгшилт невроз, истери, өвчирхөх байдал зонхилсон неврозын хамшинж, өвчирхөх ба хэт мэдрэмтгий байдал, истерийн өөрчлөлт зонхилсон эмгэг төрх төст байдал гэх мэтээр нэрлэж байв.

Сэтгэцийн өвчний олон улсын 10 ангилалын “Сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт “Биеийн хэлбэрийн эмгэг”-ийг F45 кодоор тэмдэглэдэг.

 

БХЭ үүсэхэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс:

Биеийн хэлбэрийн эмгэгийн удмын түүхийг судлан үзэхэд уг эмгэгээр гэр бүлийн хэн нэгэн гишүүн нь өвдсөн байдаг (Phillips, 2001).

Танин мэдэхүйн онолоор ийм эмгэгтэй хүмүүс бусад хүмүүсийг бодвол хэт мэдрэмтгий, бүх л анхаарлаа биемахбодын шинжид хандуулдаг. (Barsky, 1992; Rief, 1998). Жишээ нь: Хоолны шингэц муутай нэгэн өвчтөний үгээр: Цээж маш хүчтэй өвдөж, яг л зүрхний дайралтанд өртөх гэж байгаа юм шиг санагддаг гэнэ. Түүний энэ мэдрэмж нь шууд  физиологийн үйл ажиллагаанд нөлөөлж, ингэснээр зүрхний цохилт түргэсэж, цусны даралт нэмэгдэх ба урьдах өвдөлтийг улам ихэсгэдэг.

Хүнд стресст өртсөн хүмүүст буюу сэтгэлзүйн гэмтлийн дараах стрессийн эмгэгийн дараа биеийн хэлбэрийн эмгэг илэрч болно. Ийм эмгэгтэй ихэнхи хүмүүс хүүхэд байхдаа биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. (Katon 2001, Pribor 1993). Мөн олзлогсодын байранд амьдрагчид болон цагаачдад уг эмгэгийн эрсдэл их байна. Бутаны орогногчдыг хамруулсан судалгаагаар тэдний хагасаас илүү нь эрүү шүүлтэнд өртөж, Непал руу оргохоос өмнө тэдэнд байнга өвдөх эмгэг илэрч байжээ ( Omeren, 2001).

Мөн угсаатны хувьд ялгаатай Латин Америкийн болон Азийн соёл иргэншилтэй хүмүүс биеийн хэлбэрийн эмгэгээр өвдөх эрдсэл өндөртэй байдаг онцлогтой гэж үзжээ. (Canino, Rubio-Stipec and Bravo, 1988; Escobar, 1987, Jun-Mian, 1987; Shrout, 1992, Westermeyer, 1989)  Энэ нь нэг талаас ийм хүмүүс сөрөг сэтгэл хөдлөлөө хүлээж авахаасаа илүү биемахбодын зовиуртаа анхаарлаа хандуулдаг. Нөгөө талаас тэд дистресст өртөх нь элбэг ба стресс тайлах аргыг муу эзэмшсэнтэй холбоотой байж болох юм.

БХЭ-ийн ангилал:

БХЭ-ийг оношлоход дэлхийн ихэнхи улс оронд хүлээн зөвшөөрөгддөг 2 ангилал байдаг.

                                                                                                                              Хүснэгт 1.

ДЭМБ-ын баримталдаг ӨОУ Х , Америкийн сэтгэцийн эмгэгийн холбооны баримталдаг DSM-IV ангилалын харьцуулсан байдал                     

 ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                     Нэршил.                                                Код (ӨОУ-Х).                          Код  (DSM-IV)

1. Соматизаци хэмээх эмгэг.                                       F 45.0                                        300.81

2. Биеийн хэлбэрийн үл ялгагдах эмгэг.                   F 45.1                                        300.81

3. Өвчирхөх эмгэг.                                                         F45.2                                         300.70

       4. Биеийн хэлбэрийн вегетатив үйлийн хямрал                     F 45.3

5. Биеийн хэлбэрийн байнга өвдөх эмгэг                 F 45.4                                        307.80 

6. Бусад биеийн хэлбэрийн эмгэг                             F 45.8

7. Тодорхойлогдоогүй биеийн хэлбэрийн эмгэг.    F 45.9                                         300.70

8. Конверсив эмгэг буюу хувирах эмгэг.                                                                    300.11

9. Биеийн хэлбэр гажих эмгэг.  .                                                                                  300.70

 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

             1994 оноос өмнө манай улсад сэтгэцийн эмгэгийг ангилахдаа Зөвлөлтийн сэтгэцийн эмч нарын дэвшүүлсэн ангилалыг мөрддөг байв. Сэтгэцийн эмгэгийн оношлогоондоо хэдийгээр ӨОУ Х ангилалыг баримталдаг хэдий ч БХЭ-ийн эмнэлзүйн хэлбэрүүдийг хооронд нь тодорхой салгадаггүй учраас эмчилгээ болон оношлогоонд бэрхшээл тулгарч байна.

БХЭ-ийн тархалт:

БХЭ-тэй өвчтөнүүд сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хандахаас илүүтэйгээр өрхийн эмнэлэгт үзүүлдэг. Мөн анхан шатны тусламжийн түвшинд БХЭ-ийн оношлогоо  сэтгэцийн бусад эмгэгтэй харьцуулахад их хомс байна. Уг эмгэг нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. (Feder, 2001)

Ustun (1995)-ы судалгаагаар барууны орнуудад анхан шатны тусламжинд хамрагдаж байгаа өвчтөнүүдийн 14-36% нь сэтгэцийн эмгэгтэйгээс 5.4% архаг ядаргаа, 2.7% соматизаци, 0.8% өвчирхөх эмгэг гэж оношлогдсон. Сүүлийн үеийн судалгаагаар хүн амын дунд зонхилон тохиолдох 6 өвчний дотор БХЭ ихэнхи хувийг эзэлж байгаа ба Маргот (2003)-ынхаар нийт хүн амын дунд 16.1-21.9%-ийг уг эмгэг эзэлж байна.

Мөн БХЭ нь сэтгэл түгших болон сэтгэл гутрах эмгэгтэй хавсран тохиолддог.

Манай оронд Б. Аюушжав (2006) нарын ДЭМБ-ын зонхилон тохиолдох эмгэгийн санал асуулгыг ашиглаж хийсэн судалгааны дүнгээс үзвэл 1048 хүний 335 нь буюу 31.9% БХЭ-тэй байв.

Дүгнэлт:

Эмнэлгийн анхан болон бусад шатны тусламжийн хүрээнд биеийн хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж дутагдалтай байна. Энэ нь БХЭ-ийг оношлох болон эмчлэх мэдлэг, ур чадвар ерөнхий мэргэжлийн эмч нарт хангалттай биш байгаатай холбоотой. Иймээс манай оронд энэ талын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх нь хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгож, мөн эдийн засгийн хувьд үргүй зардлыг бууруулах, сэтгэлзүйн тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүртэх ач холбогдолтой. 

Ном зүй

1. С. Бямбасүрэн. Сэтгэцийн эмгэг судлал. 2007, 626-631.
2. Susan Nolen-Hoeksema. Abnormal psychology. -3rd ed. 2004; 259-280
3. Lauren B. Alloy, John Riskind, Margaret J. Abnormal psychology. - 9rd ed. 2005. 197-208.
4. Michael, G. Dennis, G. Richard, M (1991). Oxford textbook of Psychiatry. 206, 412-436.
5. Ustun B, Sartorius N. Mental illness in general health care. Chichester: John Wiley, 1995.
6. Lee S. A Chinese perspective of somatoform disorders. J.Psychosom. Res 1997;43:115-119. [PubMed]
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1604
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК