Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 6(43)
Эмнэлгээс халдварлаагүй уушгины үрэвслийг нянгийн эсрэг эмээр эхлэн эмчлэх
( Лекц )

Е.Андрейчикова

Хакасын Бүгд Найрамдах Улсын Г.Я.Ремишевскаягийн нэрэмжит эмнэлэг, Уушгины эмгэгийн тасаг

 
Абстракт

Эмнэлгээс халдварлаагүй уушгины үрэвсэл (ЭХУҮ) нь хөгжилтэй орнуудын хүн амын өвчлөл болоод нас баралтын шалтгаануудын дотор нэгдүгээр байрыг эзэлдэг ажээ. Эрүүл Мэндийн Зохион байгуулалт, Мэдээлэлзүйн Эрдэм Шинжилгээний Төв Хүрээлэнгийн албан ёсны тоо баримтаас үзэхэд, 2006 онд ОХУ-ын насанд хүрсэн 100,000 хүн ам тутамд ЭХУҮ-ийн 334 тохиолдол бүртгэгджээ. Насанд хүрсэн хүн амын дунд бүртгэгдэж байгаа ЭХУҮ-ийн хамгийн их өвчлөл (4,18 промилл) Сибирийн Холбооны Тойрогт тогтоогдсон байна.

Хөгжилтэй орнуудын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгаануудын дотроос нэгдүгээр байрыг нь ЭХУҮ эзэлдэг. Тухайлбал, Европын улс орнуудын 100,000 хүн ам тутамд ЭХУҮ-ийн 20–30 тохиолдол бүртгэгдэж, онош нь тогтоогдоод, эмнэлэгт хэвтэн эмчүүлсэн өвчтөнүүдийн 2–30% нь нас бардаг ажээ. ОХУ-ын Эрүүл Мэнд Нийгмийн Хөгжлийн Яамны тоо баримтыг үндэслэвэл, 2006 онд ЭХУҮ-ээр нас барсан тохиолдлын тоо тус улсын 100,000 хүн ам тутамд 27,3 байжээ. ЭХУҮ-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн буюу хавсарсан эмгэгтэй, ахимаг насны хүмүүс хамгийн их нас барж байгаа нь тогтоогджээ (хавсарсан эмгэгт: зүрх судасны архаг дутагдал, хорт хавдар, архинд дондолт, чихрийн шижин, бусад өвчин багтана). ОХУ-ын янз бүрийн бүс, мужуудын тоо баримтаас үзэхэд, хөдөлмөрлөх насны, ид чадвартай эрчүүд ЭХУҮ-ээр хамгийн их нас бардаг ажээ.

Үүнтэй холбоотойгоор, ЭХУҮ-ийн оношлогоо, эмчилгээний асуудал нь орчин үеийн анагаах ухааны нэн тулгамдсан асуудлын нэг болсон хэвээр байгаа юм.

Энэ судалгааны зорилго: Хакасын Бүгд Найрамдах Улс (ХБНУ)-ын янз бүрийн бүсэд ЭХУҮ-ээр өвчлөн, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн насанд хүрэгсдийг нянгийн эсрэг эм (НЭЭ)-ээр эхлэн эмчлэх эмчилгээний онцлогийг судлах, уг эмчилгээ нь үндэсний зөвлөмжид хэрхэн зохицож байгааг үнэлэхэд судалгааны зорилго оршино.

Уг судалгааг ХБНУ-ын эмчилгээ-урьдчилан сэргийлэх байгууллагууд (ЭУСБ)-д хийсэн бөгөөд 2008–2009 онд ЭХУҮ-ээр өвчлөөд, тусгайлан зааж өгсөн ЭУСБ-д хэвтэн эмчлүүлсэн 18-аас дээш насны хүмүүсийн өвчний түүхийн материалыг судалж үзсэн юм. Хуанлийн нэг жилийн хугацаанд ЭХУҮ-ээр өвчлөн бүртгэгдэж, эмчлүүлсэн 77 өвчтөний өвчний түүхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, эргэмж судалгаа хийсэн бөгөөд эдгээр өвчтөний онцлогийг Хүснэгт 1-д нэгтгэн үзүүлэв.

Хүснэгт 1. ЭХУҮ оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн онцлог

Өвчний явц

n (%)

Хүйс
n (%)

Нас
(жилээр)

Хүндрэл
n (%)

эрэгтэй

эмэгтэй

 

Хүндрээгүй

67 (87)

45 (67,2)

22 (32,8)

41,9

14 (21)

Хүндэрсэн

10 (13)

7 (70)

3 (30)

37,2

10 (100)

ЭХУҮ-ийн тохиолдол бүрд бүртгэлийн карт хөтөлж, хүн амзүйн үзүүлэлт (нас, хүйс, оршин суудаг газар), урьд өмнө нь нянгийн эсрэг эмчилгээ (НЭЭ) хийлгэж байсан эсэх, өвчтөний цэрэнд хийсэн нян судлалын шинжилгээний дүн, өвчний явц, хүндрэл, төгсгөлийн талаарх мэдээллийг бичиж байв.

Судалгааны дүн ба хэлцэмж: ЭХУҮ-ээр өвчилсөн өвчтөний оношлогоо, эмчилгээ, асрамжтай холбоотой үндсэн шийдвэрийг гаргах бараг бүх тохиолдолд өвчний хүнд, хөнгөний зэргийг юуны өмнө үнэлэх шаардлага гарч байлаа. Өвчний хүнд, хөнгөний зэргийг үнэлсний үндсэн дээр, өвчтөнийг эмчлэх газрыг сонгож, нэг бол, гэрт нь, нэг бол эмнэлгийн ерөнхий тасагт, эсвэл эрчимт эмчилгээний тасаг (ЭЭТ)-т эмчилж байв. Өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлж эмчлэхэд зарцуулах зардал нь, амбулаториор эмчлэх зардлаас даруй 25 дахин их байдгаас гадна эмнэлэгт хэвтүүлж эмчилсэнтэй холбоотойгоор судас бүлэнгээр тагларах хүндрэл үүсэх (тромбоэмболи), эмнэлгээс хоруу чанартай, эмэнд тэсвэртэй нянгийн давхар халдвар (суперинфекц) авах зэрэг эрсдэл нэмэгддэгийг анхаарах нь зүйтэй юм. Нөгөө талаар, ЭХУҮ-ээр өвчилсөн өвчтөний хүнд хөнгөний зэргийг тогтоож, эмчлүүлэх газрыг нь сонгохдоо тусгай онооны үзүүлэлтийг ашиглаж болно. Жишээ нь: CURB-65 хэмээх эрсдлийн факторын үзүүлэлтийг ашигладаг (C – ухаан санаа самуурах, U – цусан дахь шээгийн хэмжээ, R – амьсгалын тоо, B – артерийн цусны даралт, Нас ≥ 65). Өвчтөнийг үзэж, цуглуулсан тоо баримтуудыг нэгтгээд, эрсдлийн факторыг үнэлж үзэхэд: 0–1 оноотой байвал өвчтөнийг амбулаториор эмчилж, эрсдлийн фактор 2 оноотой байвал эмнэлгийн ерөнхий тасагт эмчилнэ. Харин эрсдэлийн фактор ≥ 3 оноотой байвал (≥ 3 оноо) өвчтөнийг ЭЭТ-т эмчлэх ёстой. Үүнээс гадна, CRB-65 хэмээх хялбарчилсан шалгуур үзүүлэлт байдаг бөгөөд түрүүчийхээс ялгаатай нь цусан дахь шээгийн хэмжээг тодорхойлох шаардлагагүй байдаг. Иймээс, анхан шатны эмнэлэгт ажиллаж байгаа эмч нар өвчтөнд лабораторийн шинжилгээ хийлгэлгүйгээр энэ шалгуурыг ашиглах бүрэн боломжтой.

Өвчтөнд ЭХУҮ-ийн онош батлагдсаны зэрэгцээ дараах шинж тэмдгүүдээс аль нэг л илэрч байвал заавал хэвтүүлэн эмчлэх шаардлагатай. Үүнд:

  • амьсгалын тоо: минутад > 30
  • артерийн систолын даралт: ≤ 90 мм, МУБ-ын
  • артерийн диастолын даралт: ≤ 60 мм, МУБ-ын
  • зүрхний агшилтын тоо: ≥ 125/минут
  • биеийн халуун: < 35°С-ийн хэм буюу > 40°С-ийн хэм
  • лейкоцитийн тоо: < 4х109/л буюу > 25х109/л;
  • өвчтөнийг зохих ёсоор асрах буюу эмчилгээг өөрсдөө хийх боломжгүй болсон үед тус тус хэвтүүлэн эмчилнэ.

Түүнчлэн, дараах тохиолдлуудад өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх нь зүйтэй. Үүнд:

  1. Нас: 60-аас дээш
  2. Өөр эмгэг хавсарсан (Уушгины архаг бөглөрөх өвчин, хорт хавдар, чихрийн шижин, цусны эргэлт тогтонгишсон зүрхний дутагдал, архинд донтолт)
  3. Нянгийн эсрэг эхний эмчилгээ үр дүнгүй болсон
  4. Жирэмсэн
  5. Өвчтөн буюу түүний ар гэрийхний хүсэлтээр;

ЭХУҮ-ээр өвчилсөн хүнийг эмнэлэгт хэвтүүлэх үедээ юуны өмнө өвчнийх нь хүнд хөнгөний зэргийг заавал үнэлэх шаардлагатай. Ялангуяа, ЭХУҮ-ийн хүндэрсэн хэлбэр нь үнэхээр хүнд, тавилан муутай эмгэг учраас заавал ЭЭТ-т эмчлэх ёстой [Хүснэгт 2].

Хүснэгт 2. ЭХУҮ-ийн хүндэрсэн явцтай хэлбэрийн шалгуур үзүүлэлт

Эмнэлзүйн болон багажийн оношлогоо

Лабораторийн шинжилгээ

  • Амьсгалын цочмог дутагдал
    • амьсгалын тоо: минутад > 30
    • SO-2 < 90%
  • Даралт буурах
    • систолын даралт: < 90 мм, МУБ-ын
    • диастолын даралт: < 60 мм, МУБ-ын
  • Ухаан санаа балартах
    • Уушгинаас гадна бусад эрхтэнд халдварын голомт үүсэх
    • Шээс гарахгүй болох
    • Уушгины хоёр буюу түүнээс олон дэлбэн гэмтэх
  • Лейкоцитийн тоо цөөрөх: < 4х10 • 9/л
  • Хүчилтөрөгчийн дутагдал үүсэх:
    • РO-2 < 60 мм, МУБ-ын
  • Гемоглобин < 100 г/л
  • Гематокрит < 30%
  • Бөөрний цочмог дутагдал үүсэх (цусан дахь креатинин >• 176,7 мкмоль/л, шээгийн азот > 7,0 мкмоль/л)

 

Дээрх хүснэгтэд жагсаасан бүх шалгуур үзүүлэлт цөм илэрч байвал өвчний тавилан муу бөгөөд өвчтөн нас барах эрсдэл ихээхэн нэмэгддэг. Ийм учраас, эдгээр шалгуур үзүүлэлтийн аль нэг нь л оношлогдож байвал хүнд явцтай өвчин гэж шууд үнэлбэл зохино.

Бидний судалгаагаар, ЭХУҮ-ийн хүндрээгүй хэлбэр 68 өвчтөнд (83,3%) оношлогдсон бол, хүндэрсэн хэлбэр нь 8 өвчтөнд (23%) оношлогдсон юм. Уг өвчний хүндрэл 24 өвчтөнд (31%) илэрснээс амьсгалын дутагдалд орох (46%), уушгины гялтангийн нэвчдэст үрэвсэл үүсэх (33%) зэрэг хүндрэл хамгийн олонтаа тохиолдсон байв. ЭХУҮ-ийн үүсгэсэн шалтгааныг тогтоохын тулд, өвөрмөц нянгуудыг илрүүлдэг бичил амьсудлалын шинжилгээг хийсэн бөгөөд ийм шинжилгээний хариу нь нянгийн эсрэг хэрэглэдэг нийтлэг эмчилгээний тактикийг өөрчлөх боломж олгодог билээ. Өөрөөр хэлбэл, бичил амьсудлалын шинжилгээний дүнгээс шалтгаалан нянгийн эсрэг эмийн үйлчилгээний хүрээг өргөтгөх буюу нарийсгах, эсвэл эмчилгээний дэглэмийг бүрмөсөн өөрчилж болно. Ялангуяа, нутагшмал мөөгөнцөр мэтийн “санаандгүй” үүсгэгчид илрэх, эмэнд тэсвэртэй нянгийн омог өсгөвөрлөгдөх зэрэг тохиолдолд эмчилгээний нөлөөг хүчтэй болгох юм уу, эсвэл эмчилгээг бүрмөсөн өөрчлөх шаардлага гардаг. НЭЭ-г зөв зохистой хийгээгүйгээс үүдэн, эмчилгээ ямар ч үр дүнд хүрэхгүй өнгөрөх буюу өвчтөн нас барах эрсдэл нэмэгдэнэ.

ЭХУҮ-ийн оношлогоо-эмчилгээний талаарх үндэсний зөвлөмжид зааснаар, уг эмгэгийн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн өвчтөний цэрнээс бэлтгэсэн түрхэцийг Грамын аргаар будан, нян илрүүлэх шинжилгээг микроскопоор хийхээс гадна, цэрнээс нян өсгөвөрлөх шинжилгээг заавал хийх ёстой. ЭХУҮ-ийн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн өвчтөний цэрнээс нян өсгөвөрлөн, будаж шинжлэх шинжилгээг эмчилгээ эхлэхээс өмнө хийх шаардлагатай. Шинжилгээнд авсан цэрний сорьц чанарын шаардлагыг хангаж, сорьцыг цуглуулах, хадгалах, зөөвөрлөх, боловсруулах ажиллагааг зохих зааврын дагуу гүйцэтгэх ёстой. ЭХУҮ-ийн хүндэрсэн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийн цэрнээс нян өсгөвөрлөх шинжилгээ хийхээс гадна цуснаас нян өсгөвөрлөх шинжилгээ хийнэ. Цагаан мөгөөрсөн хоолойд нь амьсгалын гуурс тавьсан өвчтөнүүдийн цагаан мөгөөрсөн хоолойгоос нь соруулсан шингэнээс нян өсгөвөрлөж болно.

Цэрний түрхэцийг Грамын аргаар будсанаар, харьцангуй бага тархсан нянгуудыг (тухайлбал, S.aurus болон грам-сөрөг нянгууд) илрүүлэх давуу талтай учраас НЭЭ-г үндэслэлтэй сонгож, өргөн хүрээний үйлчилгээтэй эмүүдээр эхлэн эмчлэх боломжийг олгодог тул эмчилгээний үр дүн эрс сайжирдаг.

Судалгаанаас үзэхэд, эмчилгээ-урьдчилан сэргийлэх байгууллагууд (ЭУСБ)-ад нян судлалын шинжилгээ хийж байгаа үзүүлэлтийн хувь ихээхэн хэлбэлзэлтэй (0–90%) байна. Дундажаар авч үзвэл, ЭХУҮ-ийн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүдийн дөнгөж 1%-д нь эмчилгээ эхлэхээс өмнө шинжилгээ хийж байгаа бөгөөд цэрний түрхэцийг Грамын аргаар будах шинжилгээг ганц нэгхэн тохиолдолд хийж байна. Нийт өвчтөний 57%-д нь өвчний үүсгэгчийг ерөөсөө тогтоогоогүй байгаа нь зарим объектив болоод субъектив шалтгаантай холбоотой байж болох юм (Жишээ нь: антибиотик эмчилгээ хийлгэж байгаа үед цэрний сорьц цуглуулдаг, “ерийн бус” нянгуудыг илрүүлэх шинжилгээг улсын хэмжээнд хийдэггүй зэрэг шалтгаан байж болно. Гэтэл, ЭХУҮ-ийн нийт тохиолдлын 1/3-ийг чухамдаа “ерийн бус” нянгууд үүсгэдэг билээ).

Бид, ЭХУҮ-ийн үүсгэгчдийн талаар нарийвчилсан судалгаа хийсэн бөгөөд өвчин үүсгэгч нянгуудын дотроос пневмококк (Streptococcus pneumoniae) хамгийн их илэрч – 43%-ийг эзэлж байсан бол, цус задлагч савханцар (Haemophilus influenzae) – 12%, алтлаг стафилококк (S.aurus) –12%, грам-сөрөг нянгуудаас Klebsiella pneumonia – 15%, Peudomonas aeruginosa – 6%-ийг тус тус эзэлж байв.

ЭХУҮ-ийн эмчилгээний хувьд, НЭЭ-г зөв зохистой сонгон эмчлэх нь онцгой ач холбогдолтой. Ялангуяа, ЭХУҮ-ийн оношлогоо-эмчилгээний талаарх үндэсний зөвлөмжийг баримтлан НЭЭ-г хэрэглэснээр эмчилгээний үр дүн сайжирч, өвчтөний эмнэлэгт хэвтэх хугацаа богиносдог нь олон судалгаагаар батлагдаж байна.

ЭХУҮ оноштойгоор эмнэлгийн ерөнхий тасагт хэвтсэн өвчтөнүүдийг нянгийн эсрэг эмчилгээний “β-лактам + макролид” гэсэн горимоор эмчлэх нь зүйтэй. Юуны өмнө, цефотаксим, цефтриаксон, ампициллин (тариагаар) зэрэг β-лактамын антибиотикуудыг хэрэглэхээс гадна зарим шаардлагатай өвчтөнд эртапенем хэрэглэнэ. Пенициллинд харшил өгдөг өвчтөнүүдэд “амьсгалын замын” фторхинолоны бэлдмэлийг хэрэглэвэл зохино.

Эргэмж судалгааны үр дүнд үндэслэн нянгийн эсрэг хавсарсан эмчилгээний зөвлөмжийг боловсруулсан бөгөөд хавсарсан эмчилгээний үр дүнг, ганцхан цефалоспориныг дагнан хэрэглэсэн эмчилгээнийхтэй харьцуулбал, өвчтөний нас баралтыг тууштай бууруулдаг давуу талтай нь батлагдсан юм. Хэрэв ЭХУҮ-ээр өвчилсөн хүн агааргүйтэн нян, эмэнд тэсвэртэй пневмококийн омог, энтеробактерийн төрлийн нян (P.aeruginosa-гаас бусад) зэргийн халдвар авах эрсдэлтэй байвал, түүнийг эртапенемээр эмчлэх шаардлагатай. Түүнчлэн, саяхан антибиотикоор эмчлүүлж байсан өвчтөнүүдийг эртапенемээр эмчилбэл зохино. Эмнэлэгт хэвтээд НЭЭ-г анх удаа хийлгэж байгаа дийлэнх өвчтөний эмчилгээг судсаар хийх нь зүйтэй боловч үгдэрч хүндрэх эрсдэл багатай заримынх нь эмийг уулган эмчилж болно. ЭХУҮ-тэй нь холбоогүй өөр шалтгаанаар эмнэлэгт анх хэвтсэн, уг өвчний хүндрээгүй хэлбэрээр өвчилсөн хүнийг орчин үеийн макролидээр дагнан эмчилж болно. Ингэхдээ, эмчилгээний нөлөө сайтай макролид (азитромицин, кларитромицин) буюу гаж нөлөө үзүүлдэггүй макролидийг (джозамицин, спирамицин) дангаар нь буюу хавсран хэрэглэх хэрэгтэй.

ЭХУҮ-ээр өвчилж, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн өвчтөнийг эмчлэхдээ эмнэлгийн халдвар авахаас нь сэргийлж, юуны өмнө S.pneumoniae, Legionella spp. зэрэг нянгийн халдвараас найдвартай хамгаалах антибиотикуудыг хэрэглэвэл зохино. Эмнэлгийн халдвар авч болзошгүй нөхцөлд нянгийн эсрэг эмүүдийг хавсран хэрэглэх нь хамгийн чухал байдаг юм. Тухайлбал, пневмококкийн халдвараас сэргийлж β-лактамыг макролидтэй хавсран хэрэглэх юм уу, эсвэл “амьсгалын замын” фторхинолинтэй хавсран хэрэглэнэ. Хүндэрсэн явцтай ЭХУҮ-ийн үед “амьсгалын замын” фторхинолиныг дангаар нь хэрэглэх заалт байхгүй. Харин пенициллиний харшилтай хүмүүсийг фторхинолин, азтреонам хоёроор хавсран эмчлэх ёстой.

P.aeruginosa нянгийн халдвар авч болзошгүй эрсдэл (уушгиний гуурсан хоолой тэлэх, глюкокортикоидын даавруудаар эмчлүүлдэг, үйлчилгээний өргөн хүрээтэй антибиотикоор сүүлийн нэг сард 7 хоногоос дээш хугацаагаар эмчлүүлсэн гэх мэт) илэрсэн өвчтөнийг цефтазидим, цефепим, хамгаалалттай β-лактамын антибиотик, карбапенем, ципрофлоксазин зэргээр эмчлэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Саяын дурдсан эмүүдийг дангаар нь хэрэглэсэн ч болно, хоёр буюу гуравдугаар үеийн аминогликозидүүдтэй хавсран хэрэглэсэн ч болно. Хэрэв өвчтөний амьсгалын зам бөглөрч байгаа сэжиг илэрвэл β-лактамын антибиотик, карбапенемийн бэлдмэл (меронем, имипенем) зэргээр эмчлэх нь зүйтэй.

ЭХУҮ гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 44%-д нь нянгийн эсрэг эмчилгээг нэг эмээр дагнан хийж байгааг бидний судалгаа тогтоосон юм. Энэ үзүүлэлтийг дотор нь нарийвчлан судалж үзвэл, нэгдүгээр үеийн цефалоспориноор нийт өвчтөний 26%, гуравдугаар үеийн цефалоспориноор 26%, макролидийн бүлгийн эмээр 12%, пенициллиний бүлгийн антибиотикоор 21%, карбапенемаар 9%, аминопенициллинээр 6%-ийг тус тус дагнан эмчилжээ. Карбапенемаар дагнан эмчилсэн өвчтөнүүдийн 6% нь хүнд хэлбэрийн хатгаатай байсан нь тогтоогдов. Харин 44 өвчтөнд (56%) нянгийн эсрэг хавсарсан эмчилгээ хийсэн байсныг Хүснэгт 3-т ялган үзүүллээ.

Хүснэгт 3. Хакасын Бүгд Найрамдах Улсын эмнэлгийн байгууллагуудад хэрэглэж байгаа нянгийн эсрэг хавсарсан эмчилгээний хувилбарууд (n=44)

Нянгийн эсрэг хавсарсан эмчилгээний хувилбарууд

Эмчилсэн өвчтөнийтоо, эзлэх хувь

Гуравдугаар үеийн цефалоспорин + макролид

17 (39%)

Гуравдугаар үеийн цефалоспорин + левофлоксазин

3 (7%)

β-лактам + β-лактам

7 (16%)

β-лактамын антибиотик + метрогил

9 (20%)

Гуравдугаар үеийн цефалоспорин + аминогликозид

2 (4,5%)

Амьсгалын фторхинолон + фторхинолон

2 (4,5%)

Цефазолин + макролид

1 (2,3%)

Дээрх хүснэгтээс харахад, нянгийн эсрэг анхны эмчилгээнд β-лактамын хоёр антибиотикийг хавсран хэрэглэх явдал нэлээд хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна. Энэ бол туйлын буруу эмчилгээний тактик мөн. Учир нь, нэг л чиглэлийн үйлчилгээтэй хоёр эмийг хавсран хэрэглэх шаардлагагүйгээс гадна ингэж хэрэглэснээс болж эм хуримтлагдсаар яваандаа хордлого болох аюултай байдаг юм.

Нянгийн эсрэг анхны эмчилгээнд хэрэглэж байгаа антибиотикуудын дотроос метрогил, цефазолин хоёрыг нэлээд хэрэглэж байгаа нь, ЭХУҮ-ээр өвчилсөн насанд хүрэгсдийг эмчлэх эмчилгээний зөвлөмжтэй нийцэхгүй байна. ЭХУҮ-ээр өвчилсөн хүмүүсийг фторхинолоны бүлгийн эмээр анх эмчлэхдээ зөвхөн “амьсгалын замын” фторхинолоныг сонгон эмчлэх ёстой.

ЭХУҮ-ээр өвчилсөн хүмүүсийг эмчлэхдээ, юуны өмнө, хүндрэлийн шинж тэмдэг байгааг шалгаж, өвчний хүнд хөнгөний зэргийг үнэлэн, нийтлэг хэрэглэдэг антибиотикоор нэн даруй эмчилж эхлэх нь туйлын чухал байдаг. Хакасын Бүгд Найрамдах Улсын эмнэлгийн байгууллагуудад ЭХУҮ-ийн хүндэрсэн хэлбэрийг эмчилж байгаа байдлыг судлан үзэхэд, ийм хүнд өвчтэй өвчтөнүүдийн 40%-ийг нь ганцхан эмээр дагнан эмчилж байсан төдийгүй ЭХУҮ-ийн эмчилгээнд хэрэглэж болохгүй антибиотик – цефазолоныг тэдний тэн хагаст нь хэрэглэж байжээ! Хүнд өвчтөнүүдийн үлдсэн тэн хагаст нь бензилпенициллин, тиенам хоёрын аль нэгийг хэрэглэсэн байв. Нянгийн эсрэг анхны эмчилгээнд карбопенемийн төрлийн эмийг хэрэглэх нь эдийн засгийн хувьд үрэлгэн явдал бөгөөд зөвхөн өвчтөний амьсгалын зам бөглөрсөн буюу P.aeruginosa-аар үүсгэгдсэн халдвар авсан байж болзошгүй сэжиг илэрсэн тохиолдолд л тэдгээр эмийг хэрэглэж болно (эртапенемаас бусад).

ЭХУҮ-ийн хүндрэлтэй гурван өвчтөнийг гуравдугаар үеийн цефалоспорины хоёр эмээр хавсарсан эмчилсэн байсан бөгөөд энэ хоёр эмийн нэг нь хөх идээт үрэвсэл үүсгэдэг нянг устгах үйлчилгээтэй эм (цефазидим, цефаперазон) байжээ. Ийм эмийг, P.aeruginosa-аар үүсгэгдсэн халдвар авсан байж болзошгүй сэжиг илэрсэн өвчтөнд хэрэглэх нь зөв байдаг юм. ЭХУҮ-ийн хүндрэлтэй хоёр өвчтөнд β-лактамын антибиотикийг метрогил, амикацином хоёртой хавсран хэрэглэсэн нь буруу юм (халдвар үүсгэж болзошгүй бүх нянд үйлчилж чадахгүй).

Эх сурвалж: “Медицинская газета” сонин, 2011 оны 7 дугаар сарын 1, №49 (7178), х.8–9 

Орос хэлнээс орчуулсан Анагаах ухааны доктор Р.Туул

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич П.Нямдаваа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1219
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК