Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Улаанбаатар хотын гадаад орчны агаар дахь нарийн болон том ширхэглэгт тоосонцорын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

А. Энхжаргал1, Б. Сувд2, Б. Бурмаа3, Ш. Энхцэцэг4

 1ЭМШУИС-ийн докторант, ЭПОС эрүүл мэндийн менежементийн компани, 21ЭМШУИС-ийн докторант, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, 3Эрүүл мэндийн яам, 4Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага

 
Абстракт

 

Air pollution is an increasingly serious problem in Mongolia, especially in the capital city of Ulaanbaatar, Darhan and several other urban areas.
Goal:
The goal of this study is to determine the relationships between air pollutants (PM10, PM2.5, NO2 and SO2) and meteorological parameters (average temperature, humidity, and wind speed) and respiratory and cardiovascular morbidity and mortality of all secondary level and tertiary level hospitals of Ulaanbaatar and 8 primary level hospitals. This is a cross sectional study using secondary air quality and hospital morbidity and mortality data.

Material and Methods:
Sampling unit is a total number morbidity of respiratory and cardiovascular diseases at the selected study hospitals, number of mortality of the selected II and III level hospitals.  Data were collected during 1 year and 5 days or 370 days from 1 June 2008 to 5 of June 2009. Hospital morbidity and mortality admission data were obtained from each hospitals statistic department. Daily data of FGPs were collected manually by data collectors in accordance with scheduled date. Emergency data was also been obtained from the City emergency center.
Results:
The daily concentrations of PM10, PM2.5, SO2 and NO2 had exceeded the MNAAQS mainly in the winter months from November to February. The correlation mainly between respiratory and cardiovascular disease case admissions with meteorological parameters is because the cold winter conditions in Ulaanbaatar result in the accumulation of pollutants in the atmosphere. Thus, population exposure to air pollution is increase significantly during winter months. Based on resent study result, during winter 1 out of 2 diseases admission case of respiratory system disease caused due to average temperature, relative humidity, NO2, and PM10 and cardiovascular disease also caused due to relative humidity, NO2, and PM10 level. So thus, not only fuel based pollutants but also vehicle related pollutants and meteorological conditions also causing onset of cardiovascular and respiratory system disease. Children under 15 years old are more likely get admitted to the hospital due to respiratory system disease cases whereas cardiovascular disease admission more registered among older age group of people. In addition, residents of ger area are more visited to the FGPs than the residents of apartment area.
Conclusions:
1. The correlation mainly between respiratory and cardiovascular disease case admissions with meteorological parameters is because the cold winter conditions in Ulaanbaatar result in the accumulation of pollutants in the atmosphere.
2. Population exposure to air pollution is increase significantly during winter months. 
During winter 1 out of 2 diseases of respiratory system disease caused due to average temperature, relative humidity, NO2, and PM10 and cardiovascular disease also caused due to relative humidity, NO2, and PM10 level. 

 

Үндэслэл
ДЭМБ-ын тодорхойлж байгаагаар “Орчны эрүүл мэндийг өнөөгийн болон хойч үеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болох орчны хүчин зүйлийг тодорхойлох, үнэлэх, хянах, тандах болон урьдчилан сэргийлэх онол, практикийн цогц үйл ажиллагаа орно” гэсэн байдаг (ЭМЯ, 2006). Өдгөө дэлхийд жилд 55 сая хүн нас барж байгаагийн 5 хувь буюу 3 сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг бөгөөд үүнд ойролцоогоор 1.4-6 сая америк доллар зарцуулдаг ажээ (WHO 2000). Түүнчлэн бага насны хүүхдийн нас баралтын хамгийн түгээмэл шалтгаан нь амьсгалын дээд замын цочмог халдвар бөгөөд жил бүр амьсгалын замын өвчний улмаас эндэж буй таваас доош насны 5 сая хүүхдийн 3 сая (75.0%) нь уушгины үрэвслийн улмаас нас барж байна (Stansfield et al., 1993). Үүний тод жишээ нь 1993 онд таваас доош настай 3 сая хүүхэд амьсгалын замын цочмог халдварт өвчний (улаанууд, сахуу, татран) улмаас, 1.1 сая хүүхэд эдгээр өвчинтэй дам холбоотой бусад өвчнөөр тус тус энджээ (WHO, 1995). Агаарын бохирдол нь хүрээлэн буй орчинг доройтолд оруулах, дэд бүтцэд бодит хохирол учруулахын зэрэгцээ агаар бохирдуулагчид болох SO2 болон тоосонцор (PM) зэрэг нь хүний амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Олон тооны хэвлэлийн тойм, судалгааны дүнгээс харахад төв суурин газрын агаарын бохирдуулагчид нь нас баралт, амьсгалын замын халдварт өвчин, багтраа болон эмнэлэгт хэвтэлтийн тоог нэмэгдүүлэхэд шууд хамааралтай болохыг тогтоосон байна. Өнөө үед дэлхий хэмжээнд маш олон тооны судалгаа гадаад орчны агаар дахь PM10, PM2.5-ын улмаас үүссэн нас баралтын хувь, багтрааны хүндрэлийн зэрэг, давтамж, эмнэлэгт хэвтэлтийн тооны харилцан хамаарлыг тогтоох чиглэлээр хийгдсэн бөгөөд хийгдсээр ч байна. Улаанбаатар хотын гадаад орчны агаарын бохирдлын үндсэн эх үүсвэрүүд нь их хэмжээгээр халаалтын зориулалтаар нүүрс ашигладаг цахилгаан станцууд, гэр хорооллын айл өрхүүд болон хар тугалга бүхий бензин ашигладаг хуучин автомашины тоо жилээс жилд нэмэгдэж байгаа явдал юм. Түүнчлэн газар зүй, цаг уурын өвөрмөц онцлогтой холбоотой агаарын бохирдол өвлийн улиралд ихээр нэмэгддэг. Улаанбаатар хотын цахилгаан станц, их бага оврын уурын зууханд жилдээ 4.0 сая тонн, айл өрхүүд 400 гаруй мянган тонн нүүрс, 300.0 гаруй шоометр мод тус тус хэрэглэж байгаагаас гадна 70 гаруй мянган автомашины хаягдал утаа, тортог, үнсээр агаар, хөрсийг бохирдуулсаар байна (МУЗГ, 2004). Сүүлийн 5 жилийн байдлаар амьсгалын тогтолцооны өвчлөл хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийн шалтгаанд тэргүүлж, буурах хандлага ажиглагдахгүй байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын эрхтний өвчлөл жилээс жилд нэмэгдэж, Нийслэл хотод амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 23.4-24.4 хувийг эзэлж байна. Ялангуяа хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл 1-р байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байна (ЭМЯ, 2009). Монгол улсын хэмжээнд агаарын бохирдол, түүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөллийг судалсан судалгааны ажил эрчимтэй хөгжсөөр байна. Тухайлбал судлаач Б.Бурмаа (1998, 2001) Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь насанд хүрэгчдийн болон хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, тухайлбал хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл,  уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон бол судлаач Н.Сайжаа (1992, 2004) Улаанбаатар хотын агаарын бохирдлын дээр дурьдсан үзүүлэлтүүд насанд хүрэгчдийн амьсгалын замын өвчлөлд сөргөөр нөлөөлж байгааг тогтоожээ. 1993-1995 онд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Улаанбаатар хотын хүүхдүүд агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдээс амьсгалын эрхтний өвчнөөр 7-8 дахин илүү өвчилж, эмнэлэгт хандаж байжээ (Б.Бурмаа, 2001). Харин сүүлийн жилүүдэд хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж буй агаарын бохирдлын талаар хийгдсэн харьцуулсан судлагаа хомс байна. Улаанбаатар хотод ийнхүү амьсгалын замын өвчлөл өндөр байгаа нь хотын агаар дахь тоосны хэмжээ, хүхэрлэг хийн агууламжтай шууд хамааралтай байхад хөдөөгийн хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл нь бохирдуулагчийн нөлөөтэй бус харин цаг уурын хүчин зүйлтэй илүү хамааралтай байгааг илрүүлжээ. Тухайлбал Улаанбаатар хотын 0-16 насны хүүхдүүд багтраагаар өвчлөхөд нөлөөлж буй олон хүчин зүйлийн дотор тоосны үзүүлэх нөлөө 56.5 хувь байна (Б.Бурмаа, 2001). Дэлхий хэмжээнд олон судлаачид агаарын бохирдлын зүрх судасны системийн өвчлөлд үзүүлэх нөлөөллийн талаар хэдийнээ судлан тогтоосон байна (Жамал болон бусад, 2004; ДЭМБ, 2002; Спенглер, 2004; Сунер болон бусад, 1996; Kейл болон бусад, 2005).  Түүнчлэн агаарын чанарын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлийн талаар өөр олон судалгаанууд одоо хийгдэж байна. Гэхдээ Монгол улсын хувьд агаарын бохирдлын сөрөг нөлөөллийг ихэвчлэн амьсгалын замын өвчлөлд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлан тогтоох чиглэлээр ажилласаар ирсэн (Б.Бурмаа, Ш.Энхцэцэг, 1996; Ж.Спикет нар,  2002; Н.Сайжаа, 2004; Ц.Цэрэгмаа нар, 2003). Иймээс зүрх судасны системийн өвчлөлд нөлөөлөх агаарын бохирдлын нөлөөллийг тогтоох нь энэхүү судалгааг хийх  нэгэн үндэслэл болсон юм. Өнөөгийн байдлаар агаарын бохирдлыг хүний болон хүүхдийн эрүүл мэндтэй холбон судалсан судалгааны ажлууд мөн агаарын бохирдлыг буруулахад чиглэсэн хууль, эрх зүйн акт, дүрэм, заавар нэлээд бий. Гэхдээ агаарын үндсэн бохирдуулагчид болох том болон нарийн ширхэглэгт тоосонцорын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлан тогтоосон судалгаа манай улсын хувьд цөөн байгаа бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд эдгээр гадаад орчны агаарын үндсэн бохирдуулагчдын суурь хэмжээг тогтоон, түүний үүслийг тодорхойлсон судалгаа эхлэл төдий байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл, шинэлэг тал болж байгаа юм.
Зорилго
Улаанбаатар хотын гадаад орчны агаар дахь нарийн (PM2.5) болон том (PM10) ширхэглэгт тоосонцрын эрүүл мэндэд үзүүлэх болон гадаад орчны агаарын зарим үндсэн бохирдуулагчид болон цаг уурын зарим хүчин зүйлийн хамаарлыг тодорхойлоход уг ажлын зорилго оршино.
Зорилт:
1.  УБ хотын хүн амын агаарын бохирдлын улмаас үүсэх өвчлөлийн (амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл) тархалтыг тодорхойлох;
2.  УБ хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг (амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл) судлан тогтоох;
3.   УБ хотын хүн амын агаарын бохирдлын улмаас үүсэх өвчлөлийн (амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл) улирлын хамаарлыг тодорхойлоход оршиж байгаа юм.
Судалгааны ажлын таамаглал
- Амьсгалын замын болон цусны эргэлтйн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хэвтэх байдал гадаад орчны агаар дахь PM10 болон PM2.5-ийн агууламжтай статистикийн магадлал бүхий хамааралтай байна
-  Амьсгалын замын болон цусны эргэлтйн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт хэвтэх байдал ид галлагааны улиралд илүү ихээр тохиолдож байна.
Материал, аргазүй
Судалгаа нь нэгэн агшны судалгааны аргаар хийгдсэн. 
Хамрах хүрээ, нэгж, түүвэрлэлт, хугацаа
Судалгааны хамрах хүрээ нь Улаанбаатар хотын оршин суугчид  болно. Энэхүү судалгааны эрүүл мэндийн үзүүлэлтийг 2008-2009 оны хооронд Улаанбаатар хотын 6 дүүргийн эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг, ЭНЭШТ, 8 өрхийн эмнэлэг болон Яаралтай тусламжийн төвийн дуудлага, эмнэлэгт хэвтэлт болон үзлэгийн тоон мэдээлэл дээр үндэслэн тооцооллоо.  Бид эрүүл мэндийн үзүүлэлтэд эдгээр эрүүл мэндийн байгууллагуудад бүртгэгдсэн нийт Амьсгалын замын өвчлөл болон Зүрх судасны өвчлөлд хамруулсан юм. Гадаад орчны агаарын бохирдлын болон цаг уурын үзүүлэлтийг мөн дээрх хугацаанд УБ хотын 8 цэгт хэмжсэн дүн (PM2.5 болон PM10) болон Байгаль Орчны Шинжилгэний Төв Лаборатори (NO2, SO2), Ус Цаг Уурын Хүрээлэнгийн ажиглалтын цэгүүдэд хийсэн дүн мэдээг ашигласан болно.
Статистик боловсруулалт
Судалгааны тоон мэдээллийг боловсруулахадаа SPSS-16, EView программуудыг ашиглан холбогдох параметрийн болон параметрийн бус тестүүдээр тооцооллыг хийлээ. Тухайлбал: тоон үзүүлэлтийн тархалтын жигд, жигд бус эсэхийг Колмогоров-Смирновын тестээр тодорхойлсон. Энэхүү судалгааны тоон үзүүлэлтүүд гол төлөв жигд бус тархалттай байсан тул шаардагдах параметрийн бус тестүүд (Kruskal Wallis, Mann-Whitney U)-ийг ашигласан бөгөөд голч хэмжээ болон дундаж хэмжээг үр дүнг тайлагнахад хэрэглэлээ. Мөн олон хүчин зүйлийн шугаман регрессийн аргыг ашиглан гадаад орчны агаар дахь бохируудагч хүчин зүйлч болон цаг уурын зарим үзүүлэлтийн амьсгалын замын  өвчлөл болон зүрх судасны өвчлөлд хэрхэн нөлөөлж буйг тогтоож, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн математик загварчлалыг гаргасан болно. 
Хэлцэмж
Амьсгалын замын өвчлөлийн 24.9% нь хамгийн их болон бага температурын улмаас намрын улиралд үүсч байсан бол өвлийн улиралд энэ өвчлөлийн 13.3% нь салхины хурд, азотын давхар исэл болон харьцангуй чийгийн улмаас үүссэн байна. Тэгвэл зүрх судасны өвчлөлийн хувьд намар 8.7%, өвөл 8.3% нь хамгийн их, бага температурын улмаас үүсчээ (А.Энхжаргал, 2006). Мөн Монгол улсын томоохон хотуудад 2004 онд хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд амьсгалын замын өвчлөл, бохирдолтоос хамааралтай болох нь тогтоогдож байна. Тухайлбал, Амьсгалын замын өвчлөлд нүүрстөрөгчийн дутуу исэл (r=0.538 p=0.011), хүхэрлэг ангидрид (r=0.44, p=0.019), азотын исэл (r=0.34 p=0.013) тус тус шууд дунд зэргийн хамааралтай байна (НЭМХ, 2003). Эдгээр судалгааны судалгааны үр дүнтэй бидний судалгааны дүнтэй ойролцоо байсан ч дээр дурьдсан судалгаануудад PM2.5 болон PM10-ын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоогоогүй тул тооцсонцорын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг харьцуулах боломж байсангүй. Бидний судалгааны дүнгээр агаарын бохирдлын SO2, PM2.5, PM10-ын хэмжээ зүрх судас, амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлж байна. Харин ийм төрлийн судалгааны дүнг гадаадын бусад судлаачдын хийсэн өвчлөлийн өдөр тутмын хандлагад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэлт шууд нөлөөлж байгааг тогтоосон судалгаануудаас харагдаж байна (Schwartz, 1994; Pope & Koenig 1999; Dockery & Schwartz, 1995; Goldberg, 1996; Goldberg et al., 2004). Тухайлбал: 2000 оны Николас нарын судалгаагаар амьсгалын замын өвчлөл болох уушгины хатгалгаа, бронхит үүсгэн улмаар зүрх судасны системийн өвчлөл үүсгэдэг болохыг тогтоосон байна.    
Судлаач А.Энхжаргалын (2006) судалгааны дүнгээс харахад агаарын бохирдлын хэмжээ болон цаг уурын хүчин зүйлсийн  харилцан хамаарал хүн амын өвчлөлд хүчтэй нөлөөлж байна. Тухайбал: харьцангуй чийг болон зүрх судасны тогтолцооны өвчлөл (r=-0.105, p=0.045) шууд дунд зэргийн хамааралтай байна.  Хүхрийн давхар исэл (r=0.393, p=0.0001), харьцангуй чийг (r=0.232, p=0.0001), агаарын даралт (r=0.223, p=0.0001) болон азотын давхар исэл (r=0.188, p=0.0001) нь амьсгалын замын өвчлөлтэй шууд хамааралтай, харин дундаж температур салхины хурд амьсгалын замын өвчлөлтэй урвуу хамааралтай байсан нь бидний судалгааны дүнтэй ижил байна. Вонг нарын (2002) судалгааны дүнгээс харахад зүрх судасны тогтолцооны өвчлөлд сэрүүний улирлын үед агаарын бохирдол илүүтэй нөлөөлж байгаа төдийгүй PM10, хүхрийн давхар исэл, азотын давхар ислийн агууламж шууд нөлөөлж байгааг тогтоосон бол  манай судалгааны дүнгээс харахад хүхрийн давхар исэл, PM10, PM2.5-тай зүрх судасны өвчлөлтэй дунд зэргийн шууд хамааралтай, амьсгалын замын  өвчлөлтэй хүхэрлэг хий , PM10, PM2.5-тай шууд дунд зэргийн хамааралтай болох нь тогтоогдсон нь дээрх судалгаатай адил байлаа. Бидний судалгааны дүнгээс харахад амьсгалын замын өвчлөлд хавсарсан нөлөөллийн хувь өвлийн улиралд дундаж температур, харьцангуй чийглэг, азотын исэл болон РМ10 52.9%-иар, зүрх судасны өвчлөлд нөлөөлөх хавсарсан нөлөөллийн хувь өвөл дундаж температур, харьцангуй чийглэг, азотын исэл, РМ10 37.2%-иар, намар РМ10 дангаараа 5.4%-иар,  зуны улиралд салхины хурд, дундаж температур 17.4%-иар, харин намар хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10 бүгдээрээ хавсран 25.4%-иар нөлөөлж байгаа нь тогтоогдлоо. Түүнчлэн  Улаанбаатар хотод ийнхүү амьсгалын замын өвчлөл өндөр байгаа нь хотын агаар дахь тоосны хэмжээ, хүхэрлэг хийн агууламжтай шууд хамааралтай байхад хөдөөгийн хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл нь бохирдуулагчийн нөлөөтэй бус харин цаг уурын хүчин зүйлтэй илүү хамааралтай байгааг илрүүлжээ. Тухайлбал Улаанбаатар хотын 0-16 насны хүүхдүүд багтраагаар өвчлөхөд нөлөөлж буй олон хүчин зүйлийн дотор тоосны үзүүлэх нөлөө 56.5 хувь байна гэсэн судлаач Б.Бурмаа нарын судалгааны (2001) дүнтэй бидний судалгаа дүйж байна.
Дүгнэлт:
Улаанбаатар хотын иргэдийн амьсгал, зүрх судасны системийн өвчлөлд PM2.5, PM10, NO2, SO2 болон зарим цаг уурын хүчин зүйлүүд шууд нөлөөлж байна
Улаанбаатар хотын иргэд өвлийн улиралд агаарын бохирдлын нөлөөлөлд илүү өртөж байна
Өвлийн улиралд үүсэж буй амьсгалын замын 2 өвчлөл тутмын 1 нь гадаад орчны харьцангүй чийглэг, агаар дахь NO2, PM10 агууламж их байгаатай холбоотой байна.
Зөвлөмж
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон талын хамтын оролцоог хангасан нэгдсэн, цогцтой бодлого боловсруулж, хэрэгжүүлэх;
Улаанбаатар хотын агаарын бохирдол ялангуяа амьсгалагддаг тоосонцрын хэмжээг МУ-ын агаарын чанарын стандарт хэмжээнд хүргэх үйл ажиллагаануудыг дэмжих;
Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна.

 

Ном зүй

1. ЭМЯ, 2006, “Орчны эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөр, УБ 2006, х.3
2. ЭМЯ, 2009. Эрүүл мэндийн үзүүлэлт, Улаанбаатар хот, Монгол улс х. 9
3. Б. Бурмаа, Ш.Энхцэцэг, 1999, Монгол улсын хүүхдийн өвчлөл эндэгдлийг хүрээлэн буй орчны бохирдол, экологийн хүчин зүйлтэй холбон судалсан байдал, Монголын Анагаах ухаан, Лекц, 1999 (1) х.19-22
4. Б. Бурмаа, Ш.Энхцэцэг, Э. Эрдэнэчимэг, Б. Ичинхорлоо, 2001, Агаарын бохирдлоор ялгаатай хот, суурингийн хүүхдийн зүрх судасны үйл ажиллагааны байдал, үнэлгээ, Монголын ангаан ухаан, 2001(3), х.116
5. А. Энхжаргал, 2006, “Монгол улсын 2 хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ”., Малайзын үндэсний их сургууль, Магистрын дипломын ажил, Куала Лумпур, Малайз улс, х 96.
6. МУЗГ, 2004, Үндэсний тайлан, Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийн байдал, х 43-45, Улаанбаатар хот, Монгол улс, х 23.
7. Цэрэгмаа Ц, Улаанбаатар хотын настны амьсгалын замын өвчлөл, нөлөөлөх хүчин зүйлс, 2004, Монголын Анагаах Ухаан, №4, (128): х.34-36
8. Enkhtsteteg Sh (2000), Hygienic assessment of influence of atmosphere air to indicators of immune factors of children who are living in living ecological condition of in Mongolia, PhD thesis, Irkutsk, Russia, р 87.
9. Jamal, HH, Pillay M.S, Zaliha H, et al. (2004). A study of Health Impact and Risk Assessment of Urban Air Pollution in the Klang Valley, Malaysia, A Research Project Report, UKM, р 59-67.
10. Pope CA III, Burnett RT, Thun MJ, Calle EE, Krewski D, ItoK, Thurston GD (2002). Lung cancer, cardiopulmonary mortality, and long-term exposure to fine particulate air pollution. J Am Med Assoc 2002;287(9):1132-1141.
11. Spickett, J, Baker, A. Burma.B. Enkhtsetseg.Sh. et al. (2002). “Preliminary Health Risk Assessment of Environmental Pollution in Ulaanbaatar City, Mongolia.” World Health Organization, Ministry of Health, and Public Health Institute, Ulaanbaatar. р48-56
12. Sunyer, J. Castellsague, J. Saez, M. et al. (1996). Air pollution and mortality in Barcelona. J Epidemiol Community Health. 50 Suppl 1: р76-80.
13. WHO (2002). Health impact assessment of air pollution in the eight major Italian cities. World Health Organization Regional Office for Europe, Martuzzi, M. Galassi, C. 2002. (online) http://www.euro.who.int/document/E75492.pdf. (12 March 2005)
14. WHO, World Health Organization Fact Sheets. 2000. Air pollution. (online) http://www.who.int/inf-fs/en/fact187.html (18 March 2005 )
15. WHO. 1995. World health report. Geneva
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2507
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК