Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Нярайн нүдний угийн онцлог
( Судалгааны өгүүлэл )

М. Шамсия

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв

 

Анх 1851 онд Гельмгольц офтальмоскопийг бүтээснээр нүдний угийг шинжилж эхэлжээ. Анхны ийм шинжилгээг 1861 онд Jaeger хийжээ. Тэрээр нярайн рефракцийг тодорхойлох явцдаа санамсаргүй тохиолдлоор торлогийн цус харвалтыг илрүүлсэн байдаг. Энэ мөчөөс эхлэн эрдэмтэд нярайн нүдний угийг судалж эхэлжээ.1884 онд Копенгагенд болсон олон улсын конгрессд J.Bjerrum төрөөд 2 цагаас 5 хоногтой нийт 63 нярайн нүдний угийг шинжилсэн шинжилгээнийхээ үр дүнг мэдээлсэн ба үүнд ХМД нь саарал эсвэл цайвар саарал , захын хэсэг нь улаан биш харин цайвар саарал , судас нь гүн бараан өнгөтэй гэсэн ба эдгээрийн 3%-д нь торлогийн цус харвалт илэрчээ.

1946 онд М.В.Дроздова нийт 638 эрүүл нярайн нүдний угийг дурандаж насанд хүрэгчдийн нүдний угаас ялгаатай онцлог шижүүдийг бичсэн байна. Үүнд :

  1. Нярайн ХМД нь ерөнхийдөө саарал өнгөтэй ба цайвар сааралаас хөхөлбөр туяатай.
  2. ХМД-ийн хил нь тод, зөвхөн 6%-д нь хил нь бүдэг.
  3. Зарим тохиолдолд (11.5%) ХМД-ийн эргэн тойронд хагас цагираг хэлбэртэй, голдуу нарийхан тах хэлбрийн, хар хүрэн заримдаа үнсэн хар өнгийн нөсөөт хүрээ байдаг.
  4. Нярайн 25% нь физиологийн экскавацтай, торлогийн вен бага зэрэг өргөссөн байна гэжээ.

A.A.Khodadoust (1968) төрөөд нэг хоногтой 3000 нярайн угийг шинжилж нярайн нүдний угийн онцлогийг бичжээ. Тэрээр нярайн ХМД нь дугуй эсвэл зууван, хил нь тод, хэмжээ нь гиперметропик хүүхдэд арай том, миопитай хүүхдэд арай жижиг, өнгө нь цайвар сааралаас харааны мэдрэлийн атрофи гэж андуурагдмаар бүх хэсгэээрээ цайвар байж болно. Ханасан саарал өнгө дутуу нярайн шинж байдаг. Физиологийн экскавац голдуу байдаггүй, нүдний угийн ерөнхий фон нь цайвар шараас улбар улаан өнгөтэй байна. Дутуу нярайд торлог болон судаслаг бүрхүүлийн пигмент сул хөгжсөн байдагтай холбоотой угийн өнгө нь цайвар байдаг. Мөн хөгжиж гүйцээгүй торлогийн захын хэсэг цайвар саарал, судасгүй байна. Торлогийн судсууд нь ХМД-с гарч дээд доод сегмент руу ташуулдаж гарсан, тахирлалтгүй, 2 салааалсан, гол судаснаас гарсан судас нь 900- аас бага өнцгөөр салаалсан, вен нь артериас бага зэрэг өргөн (2.5 дахин) байна. Иймд нярайн угийг харахдаа судасны хэмжээ, өнгө, тахирлал, лугшилт байгаа эсэхийг үзэх хэрэгтэй. Ерөнхийдөө 4-6 сартай хүүхдийн нүдний уг насанд хүрэгчдийнхтэй адил болж ирдэг.

Нярайн шар толбо мөн өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ нь төв болон өнгөний харааг хариуцдаг, ХМД-ийн чамархай талд байрлах, дөнгөж ялгагдах төдий улаан хүрэн өнгийн, 0,5 мм хэмжээтэй, судасгүй зон байдаг. Шар толбоны рефлекс гэж байдаггүй бөгөөд 4 сараас эхлэн хөгжиж эхэлдэг.

Нярайд элбэг тохиолддог эмгэгийн нэг нь торлогийн цус харвалт байдаг ба гүйцэд төрсөн нярайн 25%-д нь тохиолддог. Цус харвалтын хэмжээ, байрлал, шимэгдэх хугацаагаар нь 4 зэрэгт хуваана.

1-р зэрэг: ганц нэг торлогийн цус харвалттай, 2-3 хоногийн дараа шимэгдэнэ.

2-р зэрэг: олон тооны цус харвалттай, судасны дагуу, ХМД-ийн ойролцоо, торлогийн захаар байрлалтай, 4-5 хоногийн дараа шимэгдэнэ.

3-р зэрэг: ХМД болон шар толбоны их хэмжээний цус харвалттай, угийн байдал ерөнхийдөө торлогийн төвийн вений тромбозыг санагдуулам байдаг. 14-16 хоногийн дараа шимэгдэнэ.

4-р зэрэг: угийг нилэнхүйд нь хамарсан, ялангуяа шар толбоны орчим 2.5-3Д/Д түүнээс дээш хэмжээтэй цус харвалттай, 1-2 сарын дараа шимэгдэх цус харвалт. Ихэнх тохиолдолд нярайн цус харвалт 8-10 хоногийн дараа ямарч ул мөр үлдээхгүй шимэгддэг.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Д.Энхболд


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1290
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК