Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Факоэмульсификаци болон жижиг зүслэгт болрын мэс заслын аргыг санамсаргүй түүвэрлэлтийн эмнэлзүйн аргаар харьцуулан судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Б.Батчимэг, Ш. Энхтүвшин

Болор мэлмий эмнэлэг

 

Манай дэлхий 6.213.9 хүн амтай бөгөөд үүнээс 36.9 сая хүн сохор байна. Эдгээр хүмүүсийн 20.6 сая (32%) нь Зүүн ба Өмнөд Азийн бүсэд, 9.3 сая (25%) нь Номхон далайн баруун бүсэд байна. 2004 оны 10 сарын 14- нд буюу Дэлхийн хараа хамгаалах өдрөөр Vision 2020 төслийг баталсан ба “2020 он гэхэд зайлсхийж болох сохорлыг дэлхий дахинд устгах” уриатайгаар ажлаа эхэлжээ. Дэлхийд нийт 40 сая сохор хүн байгаагийн 80% нь сэргийлж, эмчилж болох сохрол бөгөөд үүний 50% нь катарактаас үүдэлтэйг судлан тогтоожээ. Үүнээс үүдэн дэлхий даяар катарактын мэс заслын тоог нэмэгдүүлэх, түүнийг чанаржуулах тал дээр маш олон талын ажил идэвхитэй өрнөж байна.

Катарактын мэс заслын нэг төрөл болох Phacoemulsification арга нь 3 мм зүслэгээр хэт авиан багажыг ашиглан болрыг нүдэн дотор нь авах мэс заслын арга бөгөөд энэ нь арга нь уламжлалт ECCE аргын оронд сүүлийн 15- 20 жилийн туршид дэлхийд түгээмэл хийгдэх болсон. Manual Sics техник нь болрыг 6.5 мм склерийн тунель зүслэгээр нүднээс авах ECCE ийн нэг төрөлийн мэс заслын арга бөгөөд хөгжилтэй орнуудад Tunnel буюу sutureless ECCE нэрээр маш цөөн хувиар, харин хөгжиж буй буюу хөгжил буурай орнуудад Manual Sics нэрээр түгээмэл хийгдэж байна. Мөн орчин үед Phacoemulsification мэс заслын өртөг өндөр хэвээр байна.

Судалгааны зорилго

Катарактын мэс заслын үр дүн, аюулгүй байдал, мэс заслын дараахи астигматизмыг Phaoemulsification ба Manual SICS аргын хувьд харьцуулан судлах.

Судалгаанд оролцогсод

1:1 байдлаар санамсаргүй тохиолдлоор харьцуулан 193 хүний 226 нүдэн дээр хийв.

Судалгааны арга

1 эмчийн хийсэн 226 нүдийг санамсаргүй тохиолдлын аргаар товлон авав. Нийт судалгаанд хамрагдсан нүдийг 6 сар хүртэлх хугацаагаар хянаж, мэс заслын үеийн болон мэс заслын дараахи хүндрэл, мэс заслын дараахи UCVA ба BCVA, астигматизмыг мэс заслын дараахи 1, 4, 24 дах долоо хоногт тэмдэглэн үзсэн.

Судалгааны гол үр дүнг тооцсон тухайд

Мэс заслын дараахи 24 хүртэлхи долоо хоногт өвчтөний хэдэн хувьд нь шилээр засарсан болон засраагүй хараа нь 0.3 аас их буюу тэнцүү байгааг, астигматизм, мэс заслын үеийн ба мэс заслын дараахи хүндрэлийг үнэлэв.

Үр дүн:

Энэ нийтлэл нь 6 долоо хоногийн хугацаанд гарсан эмнэлзүйн үр дүнг мэдээлнэ. 226 өвчтөний 217 (96.1%) 1 долоо хоногийн дараа үзүүлсэн, 178 (78.6%) 4 долоо хоногийн дараа үзүүлсэн, 106 (46.9%) 6 сар хүртэлхи хугацаанд үзүүлсэн байна. Мэс заслын дараахи 1 дэх долоо хоногт Phaco группын 107 нүдний 94 (88%), Manual Sics группын 110 нүдний 75 (64.5%) нь 0.3 ба түүнээс дээш харсан байлаа. Мэс заслын дараахи 4 долоо хоногт Phaco группын 96 нүдний 83 (86.4%), Manual Sics группын 82 нүдний 59 (72%) нь 0.3 ба түүнээс дээш харсан байна. Мэс заслын дараахи 24 дэх долоо хоногт фако группын 58 нүдний 49 (84.5%), Manual Sics группын 48 нүдний 32 (67%) нь 0.3 ба түүнээс дээш харж байлаа. Мэс заслын дараахи 24 дэх долоо хоногт Phaco группын 58 нүдний 53 (91.3%), Manual Sics группын 4 нүдний 36 (75%) нь шилээр засарсан хамгийн сайн хараа 0.3 ба түүнээс дээш байлаа.

Мэс заслын өмнөх астигматизмыг үнэлэхэд фако группын 113 нүдний 40 (35.3%) 0.5 хүртэлхи астигматизмтай, 38 (33.6%) 0.75-1.50 хүртэлхи астигматизмтай, 25 (22.1%) 1.75-3.50 хүртэл астигматизмтай, 10 (8.9%) 3.50 ба түүнээс дээш астигматизмтай, Manual Sics группын 113 нүдний 33 (30%) 0.5 хүртэл, 45 (40%) 0.75-1.50 хүртэл, 32 (29%) 1.75-3.50 хүртэл, 3 (2.6%) 3.50 ба түүнээс дээш астигматизмтай байлаа.

Мэс заслын дараа Phaco группын 96 нүдний 35 (36.4%) 0.5 хүртэлхи астигматизмтай, 36 (37.5%) 0.75-1.50 хүртэлхи астигматизмтай, 20 (20.8%) 1.75-3.50 хүртэл астигматизмтай, 5 (5.2%) 3.75 аас дээш астигматизмтай, Manuаl Sics группын 4 (6.1%) 0.5 хүртэлхи астигматизмтай, 28 (43%) 0.75-1.50 хүртэлхи астигматизмтай, 28 (43%) 1.75-3.50 хүртэлхи астигматизмтай, 5 (7.4%) 3.50 ба түүнээс дээш астигматизмтай байлаа.

Phaco группын хувьд мэс заслын явцад 1 PCR болсон ба Manual Sics группын хувьд 4 PCR, 1 иридодиалез болсон байна. Мэс заслын дараахи эвэрлэгийн хаван Phaco группд 4 нүдэнд, Маnual Sics группын хувьд 6 нүдэнд байсан байна. Мэс заслын дараахи ирит Phaco группын хувьд 1, Маnual Sics группын хувьд 2 нүдэнд байсан байна.

Дүгнэлт

Дээрхи 2 мэс заслын техник нь хоёулаа катаракттай өвчтөнд хараа сэргээх үр дүн сайтай, аюулгүй арга болох бөгөөд 24 долоо хоног хүртэлх хугацаанд 0.3 ба түүнээс дээш харсан хувь нь Рhacoemulsification группын хувьд илүү байлаа.

Судалгааны хэрэглэгдхүүн ба аргазүй

Эмнэлзүйн судалгааг Болор Мэлмий Эмнэлэгт 2006 оны 4 сараас 2008 оны 4 сарын хооронд мэс заслын эмчилгээ хийгдсэн өвчтөнүүдийн дунд хийлээ. Уг өвчтөнүүдийн дийлэнхид хөгшрөлтийн катаракт байсан ба их биш тохиолдлоор төрөлхийн ба гэмтлийн катаракт байлаа. Өвчтөнүүдийн хувьд хот ба хөдөөний оршин суугчид байлаа. Насны хувьд 12-91 хүртэл насны хүмүүс хамрагдсан. Өвчтөнүүд хагалгааны өртөг гэсэн шалгуураар мэс заслыг сонгон хийлгэсэн бөгөөд эмчийн зүгээс хэт өндөр нас, хэт хатуу болрын цайлт гэсэн шалгуураар заалт гарган мэс заслыг сонгон хийсэн. Phacoemulsification группын хувьд арын камерт Силикон болон Акрилик нугалдаг болор тавигдсан ба Manual Sics группын хувьд арын камерт 5.5 - 7.0 мм PMMA болор тавигдсан байна.

Үр дүн

Phacoemulsification группын хувьд мэс засалд орсон дундаж нас нь 56.4 (12-88), Manual Sics группын хувьд 68.6 (21-91) байлаа [хүснэгт 1]. Нийт 226 өвчтөний 217 (96.1%) нь мэс заслын дараахи 1 долоо хоногийн хяналтанд, 178 (78.6%) нь 4 дэх долоо хоногийн хяналтанд, 106 (46.9%) нь 24 дэх долоо хоногийн хяналтанд үзүүлсэн байна. Хяналтанд гүйцэд ирж чадаагүй өвчтөний тухайд мэс заслын дараахи үр дүнгээс илэрхий өөрчлөлт байсангүй.

Phacoemulsification группын 113 нүдний 94 (88%), Manual Sics группын 113 нүдний 59 (71.9%) нь 1 дэх долоо хоног дахь шилгүй хараа нь 0.3≤ байлаа. 4 дэх долоо хоногт Phaco группын 96 нүдний 83 (86.4%), Manual Sics группын 82 нүдний 59 (71.9%) нь шилгүй хараа нь 0.3≤ байлаа. 24 дэх долоо хоногт Phaco группын 58 нүдний 49 (85%), Manual Sics группын 48 нүдний 32 (67%) нь шилгүй хараа нь 0.3≤ байлаа. Мэс заслын дараахи 24 дэх долоо хоногт хамгийн сайн шилтэй харах хараа Phaco группын хувьд 58 нүдний 53 (91.3%), Manual Sics группын 48 нүдний 36 (75%) нь 0.3 ≤ байлаа. Мэс заслын дараахи хараа 0.1 ≥ байсан нь Phaco Группын хувьд 3 (5.1%), Manual Sics группын хувьд 5 (10.4%) байлаа [Хүснэгт 2].

Phaco группын хувьд PCR 1 тохиолдсон ба мэс заслын дараахи шилгүй хараа нь 0.45 шилээр засрах хараа нь 1.0 байсан. Manual Sics группын хувьд PCR 4 тохиолдсон ба үүний 2 нь гэмтлийн катаракт байсан ба 1 тохиолдолд хараа нэмж сэргээгүй бөгөөд 1 тохиолдолд шилгүй хараа нь 0.3 болж сэргэсэн байна. Бусад 2 тохиолдлын хувьд 1 өвчтөнд шилээр харах хараа нь 0.5 болон сэргэсэн, 1 өвчтөн хөдөөний харьяат тул мэс заслын дараахи өдөр хянагдсан ба шилгүй хараа 0.25 болон сэргэсэн байна. Manual SICS группд 1 иридодиализ тохиолдсон ба шилтэй хараа 0.35 болон сэргэсэн байна.

Эвэрлэгийн хаван мэс заслын дараахи 1 дэх өдөр Phaco группд 4, Manual Sics группд 6 байлаа. Мэс заслын дараахи 4 дэх долоо хоногт 2 группд эвэрлэгийн хаван байхгүй байлаа. Мэс заслын өмнөх ба дараахи астигматизмыг харьцуулан харахад Phaco группын хувьд 1.148 ба 1.023, Manual Sics группын хувьд 1.03 ба 1.396 байлаа [Хүснэгт 3]. Phacoemulsification группын хувьд 0.5 ба түүнээс доош астигматизмын тохиолдолдол хамгийн их байлаа. Manual SICS группын хувьд мэс заслын дараа астигматизм нэмэгдсэн байна.

Хэлцэмж

Энэ судалгаанд хамрагдагсад нь хот ба хөдөөний харъяат байсан ба нийт 6 сар ба түүнээс дээш хугацаанд хяналтанд бүрэн хамрагдаж чадаагүй болно. 2 группын хувьд 24 дэх долоо хоногт Phacoemulsification группд 91.3%, Manuаl Sics группд 75% нь шилээр харах хамгийн сайн хараа нь 0.3≤ байлаа. Phacoemulsification группын хувьд 0.1≥ харсан тохиолдол 3 байсан бөгөөд шалтгаан нь 2 тохиолдолд хүнд хэлбэрийн ARMD, 1 тохиолдолд Маcular hole байв. Manual Sics группын хувьд 0.1≥ харсан тохиолдол 5 байсны 3 тохиолдолд ARMD, 2 тохиолдолд глаукомын хүнд хэлбэр байв. Мэс заслын явцад РСR Phacoemulsification группын хувьд 1 (0.8%) Мanual Sics группын хувьд 4 (3.5%) тохиолдсон байна. Англид хийгдсэн судалгаагаар РСR Phacoemulsification мэс засалд 3% байжээ. Судалгаанаас харахад дээрхи 2 мэс заслын техникийн хувьд мэс заслын дараахи астигматизм нь ялгаатай байлаа. Phacoemulsification техникийн хувьд мэс заслаас өмнөх астигматизм 1.148 бол мэс заслын дараахи астигматизм нь 1.023 байлаа. Manual Sics техникийн хувьд мэс заслаас өмнөх астигматизм 1.03 ба мэс заслын дараахи астигматизм 1.396 байлаа. Үүнээс харахад Manual Sics группд мэс заслын дараахи астигматизм үүссэн байна. Энэ судалгаанаас харахад Manual Sics техникийг Phacoemulsification техниктэй харьцуулахад катаракттай өвчтөнд хараа сэргээх аюулгүй бөгөөд үр дүнтэй арга болох нь харагдлаа. Рhacoemulsification техникийн хувьд шилгүй харах хараа нь 6 дах сарын хувьд өвчтөнүүдийн ихэнхи хувьд сайн байлаа. Хэдийгээр Рhacoemulsification маш үр дүнтэй хагалгааны техник боловч Phaco машины өртөг өндөр,мэс засал нь харьцангуй үнэтэй, Phacoemulsification техникт суралцахад илүү нарийн урт хугацааны сургалт шаардлагатай байдаг байна.

Ном зүй

1. Cataract surgery, Technique, Complications & Managments. Howard Fine, Howard Gimbel, Richard Lindstrom, Thomas Neuhann, Robert Osher.
2. Phacoemilsification principles ant technique, Lucio Buratto, Lilianna Werner, Maurizio Zanini.
3. Prospective randomized comparison of phacoemulsification cataract surgery with 3.2 mm vs a 5.5 mm sutureless incision. Olson RJ, Crandall AS. AM J ophthalmology (1998); 125;612-20
4. Neilsen PJ. Prospective evaluation of surgically induced astigmatism and astigmatic Keratotomy effect of various small sealing incision. J Cataract Refract Surgery.
5. Gogate PM, Deshpande M, Is Manual Small incision cataract surgery affordable in the developing countries? Br. J Ophthalmology (2003); 87;843-6
6. Balent LC, Narendurum K,Patel S et al.High volume sutureless intraocular lens surgery in rural eye camp in India. Ophthlmic Surg Lasers (2001); 32;446-55
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 336
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК