Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2008, 4(23)
Гүржавын Туваан (1908-1992) мэндэлсний 100 жилийн ойд
( Редакцийн зурвас )
 

 

Гүржавын Туваан 1908 онд Хуучин Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт төржээ.

Эцэг Гүржав нь хүү Туваанаа 7 настай байхад нутгийн бичигтэнд гэрээр шавь оруулж монгол хуучин үсэгтэй   болгосон бөгөөд амьдралын мөр хөөж 1920-иод онд Их Хүрээнээ орж ирсэн залуу хүү Туваан өөрийн оролдлого, санаачлагаар сайн бичигтэнд шавь орон монгол үсэгт чамбайрч, 1924 оноос Улаанбаатар хотын захиргаа, Хоршоодын холбоо, Аж ахуйн яаманд тал бичээчийн ажил хийж байх ялдамдаа 1926 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлд элссэнээр нийгмийн идэвхитэй амьдралд татагдан оржээ. Ингээд 1927-1930 онд ЗХУ-ын Эрхүү хотноо Рабфакийн бэлтгэл Монгол курст суралцаж төгсөөд Рабфакийн нэгдүгээр ангид суралцаж байгаад биеийн эрүүл мэнд муудсан учир 1931 онд нутагтаа буцаж ирсэн байна.

Нутагтаа очиж биеэ тэнхрүүлсний дараа Г.Туваан Улаанбаатар хотноо буцан ирж, 1933- 1935 онд Мал эмнэлгийн сургуулийн хичээл анги, Газар тариалангийн яаманд хэлтсийн байцаагч хийж байгаад МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр бусад найман залуугийн хамт Эрүүлийг хамгаалах яамны мэдэлд шилжин иржээ. Шинэ залуучуудыг ЭХЯ тэр үед Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эмч, мэргэжилтнүүдэд нэг нэгээр нь дагалдуулахаар өгөхөд Г.Туваан Ариун цэвэр, бактер шинжилгээний институтийн анхны захирал агсан А.Л.Берлинг дагалдан суралцах завшаан таарч, 1935-1937 онд Хүн эмнэлгийн техникумд суралцан онцсайн дүнтэй төгсч, МАХН-ын Төв Хорооноос өгсөн даалгаврыг сайн биелүүлэв хэмээн бугуйн цаг, эгшигт хайрцгаар шагнуулж, Ховд аймгийн Булган суманд хүний бага эмчийн салбар байгуулах даалгавар аван хөдөөг зорьжээ. Г.Туваан Ховд аймгийн Булган суманд анхны Хүний бага эмчийн салбар байгуулан 2 жил ажиллаад аймгийн төвд ажиллаж байсан орос эмч А.М.Распутины орчуулагч бага эмчээр шилжин 1940 оны зун хүртэл ажиллаад ЗХУ-д сургуульд явахаар шилэгдэж, 1940- 1943 онд, Дэлхийн II дайны гал ид дүрэлзэж байсан үед Дорно дахиныг судлах дээд сургуулийн монгол секцэд суралцан төгсчээ.

Г.Туваан Москвад дээд сургууль төгсч ирээд МАХН-ын Төв Хороо, Засгийн Газрын шийдвэрээр 1943 онд Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайдаар томилогдсоноос хойш 1966 он хүртэл 20 гаруй жил БНМАУ -ын эрүүлийг хамгаалах салбарыг удирдаж, ард түмний дунд Туваан сайд нэрээр мөнхөрсөн юм. Г.Туваан сайд ажиллахын хажуугаар суралцахын үлгэрийг өөрийн биеэр харуулж, 1950-1952 онд Монгол улсын их сургуулийн хүн эмнэлгийн ангийг, 1960 онд Марксизмын оройн дээд сургуулийг тус тус төгсчээ. Туваан сайдын эрүүл мэндийн салбарыг удирдаж асан энэ үе бол Монголын эрүүлийг мэндийн салбарын хөгжлийн “социалист эрүүлийг хамгаалах шат”-ны ид үе, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж бага эмчийн үйлчилгээнээс их эмчийн үйлчилгээнд шилжиж, эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тогтолцоо бий болон хөгжсөн үе байлаа. Г.Туваан сайдын идэвхитэй хөөцөлдлөгөөр Монгол улсын эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа бэхжиж, БНМАУ 1962 онд ДЭМБ-д гишүүнээр элсчээ.

Г.Туваан 1966-1969 онд БНМАУ-аас БНПАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, 1969-1972 онд Эрүүлийг Хамгаалах Яамны гадаад харилцааны тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1972 оны 5 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гарсан байна.

Г.Туваан БНМАУ-ын Ардын Их Хурлыг сонгох II, III, IY сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар, МАХН-ын XI, XII, XIII, XIY их хурлуудад төлөөлөгчөөр сонгогдон оролцож байжээ.

Түүний БНМАУ-ын эрүүл хамгаалах салбарыг хөгжүүлэхэд оруулсан гавъяа зүтгэлийг төр, засаг өндөр үнэлж, “Алтан гадас” одонгоор 2 удаа, мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Сүхбаатарын одон”, медалиудаар шиагнаж, 1976 онд “Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан” цол хүртээжээ.

Г.Туваан сайдын Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан жинтэй хувь нэмэр, түүний ажилсаг, шаргуу, шудрага зан төрхийг манай ард түмэн, эрүүл мэндийн салбарынхан үүрд дурсан хүндэтгэж, үйл хэргийг нь өртөөлөн үргэлжлүүлж байна. 

 

 

 

Монгол улсын Эрүүл мэндийн яам,
Халдварт өвчин судлалын үндэсний төв,
Монголын анагаах ухааны академи,
Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо,
“Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл”-ийн зөвлөл

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 694
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК